Бельгийн залуу гэр бүлүүд хэмнэлт гаргахын тулд ГЭР худалдан авч байна 

2018-03-23 12:59
Be Yurt фирмийн үйлдвэрлэж буй гэр

   Бельгийн иргэн Стефан Климовски Be Yurt /гэр гэсэн утгатай үг/ фирм нээж, гэр үйлдвэрлэх болжээ. 




  Энэ фирм богино хугацаанд танигдаж, урьдчилсан захиалгын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул орон тоогоо нэмэгдүүлэхээр болсон гэнэ. 

 

  Стефан Климовски Төв Азид нэг ч удаа ирж байгаагүй, харин гэрийг интернэтээс олж харжээ. Нүүдэлчдийн сууц бизнесмений сонирхлыг ихээхэн татсан тул гэр үйлдвэрлэхээр шийдсэн гэнэ. 


   Хэлбэр дүрс болон дотоод орчин гээд гэрийн бүх зүйл төгс гэж үзсэн Стефан гэрийг өөрөө хийж үзэхээр шийджээ. 

 

  Ингээд найзынхаа хамт зургийг нь гаргаж, анхныхаа гэрийг бүтээсэн нь амжилттай болж, мөн богино хугацаанд зарагдсан байна. 


  Одоо энэ фирм үйл ажиллагаа явуулаад жил хагасын нүүр үзэж байгаа бөгөөд гэрийг Бельгийн цаг уур, Европын худалдан авагчдын таашаалд нийцүүлэн үйлдвэрлэж байгаа гэнэ. Тэдний үйлдвэрлэсэн гэрт бүтэн жилийн турш, цаг агаарын нөхцлөөс үл хамааран тав тухтай амьдрах боломжтой гэж тэд ярьжээ. 


  “Төв Азид салхи ихтэй ч бороо хур бага байдаг. Бид гэрээ борооны ус амархан доош урсах талаас нь бодолцож оройг өндөр хийдэг. Түүнчлэн Европын худалдан авагчид тусгаарлалт сайтай, дээд зэргийн тав тухтай байдлыг хүсдэг тул бид гэрийг бага зэрэг өөрчилсөн. Мөн гэрийн өнгө ч  уламжлалт өнгөнөөс өөр. Учир нь европчууд илүү тод өнгийг эрхэмлэдэг” хэмээн Стефан Климовски ярьжээ. 


  Бельгид үйлдвэрлэж буй энэ гэр давхар шилэн хуванцараар хийгдсэн, дотроо хэд хэдэн өрөө, сантехникийн шугам, цахилгаан эрчим хүч, мөн цэвэр бохир усны шугамтай юм байна. Мөн органик түлш ашиглах зуух суурилуулжээ. 


  “Гэр хэдэн давхаргаас бүтдэг. Гадна давхарга нь ус үл нэвтрүүлэх чадвартай. Хана болон орой хэсэг 10-20 сантиметрийн зузаан бүхий дулаан тусгаарлагч материалаар хийгдсэн. Гэрийн дотор талыг хөвөн материалаар, шалыг царс эсвэл нарсаар хийдэг” хэмээн Стефан ярьсан байна. 


  Европын оршин суугчдад гэр хэмнэлттэй, овор хэмжээ багатай мөн хаана ч байрлуулах боломжтой гэсэн давуу талууд нь ихээхэн таалагдаж байгаа гэнэ. Түүний зэрэгцээ 15-30 мянган еврогийн үнээр худалдаалж байгаа тул залуу гэр бүлүүд өндөр үнэтэй байр худалдан авахаас илүүтэйгээр энэ үйлдвэрийн гэрийг сонирхох болжээ. 


  “Өнөө цагт залуу хүмүүс байр худалдаж авахад их хүндрэлтэй болсон. Ипотекийн зээл авбал 30-40 жилийн турш зээлээ төлөхөөс аргагүй. Зарим хүмүүс мөнгөний асуудлаас болоод хуучин байр худалдан авдаг. Гэвч түүнийгээ засварлахад дахиад л их хугацаа, мөнгө гаргах болдог юм. Тиймээс залуу хосууд тухтай, дулаан гэр худалдаж авах нь ихэссэн” хэмээн Климовски ярьжээ. 


  Түүний өгүүлснээр урьдчилсан захиалга ихэссэн тул гэрийг тогтоосон хугацаанд амжиж гаргахын тулд ажилчдынхаа тоог нэмэх шаардлагатай болсон гэнэ. Найман метрийн диаметртэй гэр бүтээхэд сар гаруй хугацаа шаардагддаг аж. 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.