Нярайн ЗҮРХНИЙ ГАЖГИЙГ ОНОШЛОХ хөдөлгөөнт оксиметр хандивлажээ

2018-03-24 13:33

    Нярайн пульс оксиметр нь нярайн цусан дахь хүчилтөрөгчийн ханалтын төвшин, зүрхний цохилтыг тодорхойлж, ингэснээр нярай хүүхэд зүрхний ямар нэг гажигтай эсэхийг эрт оношлож, эмчлэн, эрүүл саруул өсч бойжих нөхцлийг хангахад нэн шаардлагатай байдаг ажээ. Хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажгуудын үед нярай хүүхдийн амьдралын эхний цагуудад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг пульс оксиметрээр хэмжихэд хүчилтөрөгчийн ханамж буурсан байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлэв. 


 
    Манай улсын төрөх эмнэлэгүүдэд энэ төрлийн аппарат байдаггүйн улмаас нярайн зүрхний гажигтай эсэхийг тэр даруйд нь мэдэж чаддаггүй байна. Хөдөлгөөнт оксиметр аппаратыг ухаалаг утастай холбон хүүхдийн хөл болон гарт зүүснээр нярайн зүрхний гажгийг эрт оношлох боломжтой. Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд “Мод Трейд” компанийн захирал Ч.Содномпил агсны хань, үр хүүхдүүд нярай хүүхдийн зүрхний гажгийг төрсөн даруйд нь оношлох “Нярайн пульс оксиметр” аппаратыг хандивласан юм. 
 
    Зүрхний төрөлхийн гажиг нь нярай хүүхдэд хамгийн элбэг тохиолдох хөгжлийн гажиг аж. 1000 төрөлт тутамд есөн тохиолдол илэрдэг. Зүрхний төрөлхийн гажгийн 25 хувийг хүүхдийн амьдралын эхний жилд зүрхний мэс заслын ба катетерийн эмчилгээ шаардлагатай хүнд гажгууд эзэлдэг байна. 

 

    Зүрхний хөх хэлбэрийн хавсарсан гажиг нь дийлэнхдээ яаралтай эмчилгээ шаардлагатай тул зүрхний гажгийн эрт оношилгоо нь өвчний явцад шууд нөлөөлдөг байна. ДЭМБ-ын шинжээчдийн хийсэн судалгаанаас харвал, долоо хоног хүртэлх нярай хүүхдийн дунд зүрхний төрөлхийн эмгэг нэгт эрэмбэлэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржсанаас 405 нярай хүүхдэд төрөлхийн хөгжлийн гажиг оношлогдсон нь нийт төрөлтийн 0.6 хувийг эзэлжээ. Үүнээс зүрхний төрөлхийн гажиг хамгийн их буюу нийт оношлогдсон тохиолдлын 29.1 хувьтай тэнцсэн байна. Судлаач Ө.Оюунчимэгийн 2005-2007 онд ЭХЭМҮТөвд хийсэн судалгаагаар нийт гаж хөгжилтэй нярай хүүхдийн 28.7 хувь нь зүрхний гажигтай болох нь тогтоогджээ.
 


    Түүнчлэн Т.Болормаа нарын судлаачид 2012-2013 онд нярайн амьдралын эхний 6-48 цагийн дотор зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан хийсэн тандалт судалгаагаар зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрсөн нярайн 2.42 хувьд нь оношилогдсон байна. Эдгээрийн 10 хувийг зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг эзэлжээ. 


 
    Зүрхний төрөлхийн гажгийг нярайн эрт үед оношлох нь эмчилгээний зөв тактик баримтлах, эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэх, учирч болох бусад эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм байна.


 
Уг төхөөрөмжийг хандивлагч С.Отгонням хэлэхдээ: 

 

   

    Аав минь зургаан жилийн өмнө зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон. Миний бага охин төрснөөс 2-3 сарын дараа зүрхэнд нь гажиг байгааг мэдсэн. Эрт оношилж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны ачаар охин минь эрүүл саруул өсөн торниж байна. Зүрх судасны өвчин нь хүнийг гэнэтийн үхэлд хүргэдэг аюултай өвчин. Манай хүн амын дунд тохиолдох түгээмэл өвчнүүдийн нэг нь зүрх судасны өвчин байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олноор төрөх болсон юм билээ. Энэ нь агаар, орчны бохирдлоос шалгаалдаг тухай мэргэжлийн эмч нар хэлж байсан. Тиймээс хүүхдийг төрөнгүүт нь зүрхний гажигтай эсэхийг нь оношлох боломжтой ч орчин үеийн, хүүхдийн хөдөлгөөнд мэдрэг биш аппарат хэрэгсэл байдаггүй гэдгийг эмч, мэргэжилтнүүдээс мэдэж авсан. Төрж буй хүүхэд бүр эрт оношлогддог болоосой, эрүүл саруул өсөн торниж, элэг бүтэн амьдраасай гэж хүссэндээ бурхан болсон аавынхаа араас буян хийх зорилгоор эдгээр аппаратыг хандивлаж байна гэв.

 

    Үндэсний хэмжээнд нярайд зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлэх пульс оксиметрийн тандалтыг хэрэгжүүлж байгаа орнуудаас хамгийн өргөн хэрэглэж байгаа нь АНУ юм. ПОТ-ыг АНУ-ын Хүний эрхийн холбоо, АНУ-ын зүрх судасны холбоо, АНУ-ын Хүүхдийн академи, АНУ-ын Зүрх судасны коллеж, АНУ-ын генетик судлалын коллеж нэгдэн 2001 оноос үндэсний хөтөлбөрт оруулсан байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.