Л.Гантуяа: "Түлүүгийн даваа"-ны гурван жижиг ТҮЦ-ийн махлаг бүсгүй "аягүй" гоё бууз хийдэг юм байна лээ". Ингэж л эхэлсэн юм... 

2018-03-24 16:42
Л.Гантуяа /2018.03.23/

Зам зуур. Алдарт "Түлүүгийн давааны бууз"-ны түүх ингэж эхэлсэн юм.



 

Булган аймгийн төвөөс 45 км-т Түлүүгийн даваа гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээр "Том бууз" нэртэй даруухан хоолны газар байдаг юм. Онц содон зүйлгүй энэ жирийн нэг модон байшинд Л.Гантуяа гэх даруухан бор бүсгүй 20 жилийн туршид гарын буузаа хийсээр суугаа. Өдгөө түүний хийдэг том, том бууз өөрийн гэсэн брэнд нэр үүсгэж Улаанбаатар хотод "Түлүүгийн давааны бууз" нэртэй сүлжээ хоолны газар нээгдсэн юм. Түүний бууз хийх жор маш энгийн хийгээд ямар ч нууц гэж үгүй атал ийнхүү "алдаршсан" нь зөвхөн хэмжээ дамжаа, амтандаа бус өөрийнх нь чин сэтгэлд байдаг байж болох. Бүтэн 20 жилийн туршид өдөр бүр, өглөөнөөс үдэш хүртэл мах татаж, гурил зуурах, элдэх, чимхэх, жигнэх ажлыг халуун галаас халшралгүй хийсэн атлаа "Би хэзээ ч бууз хийхээс уйдаж үзээгүй, хамгийн сайхан ажил" гэж өгүүлэхийн цаана хамгийн сайхан ажил "хамгийн амттай" байдгийн нууц оршдог биз ээ. Зам зуур ороод таван ширхэг бууз авахдаа цадах болов уу гэж эргэлзэж байсан ярилцагч би бээр хоёр бууз идэж бараагүй билээ. Тэр таван буузны шөлийг нь үлдээхэд тавагны талаар татаж байсан ч яагаад буузных ёроол хагараагүй байсныг "муу эзэгтэй" би хувьдаа бас л ойлгоогүй юм.  

 

Түлүүгийн давааны энэ намхан байшинд та заавал саатаарай

 


ESA—  Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?


-   Сайхаан. Үе, үе хүйтэрснийг эс тооцвол өвөлжөө сайхан байлаа. 


ESA— Та Булган нутгийн уугуул уу?


-  Тийм ээ, ээж маань Орхон, аав Сайхан сумынх, би өөрөө Булганы төвд төрсөн.  


ESA—  Түлүүгийн даваан дээр ирээд хэр удаж байна вэ?


-  Түлүүгийн даваан дээр 1998 онд анх ирсэн, одоо 20 жил болж байна.

 
ESA— Таныг анх ирэхэд энэ байшингууд байв уу? Ер нь Түлүүгийн давааны бууз анх яаж бий болсон юм бэ? 


-  Байгаагүй ээ. Жижигхэн гурван ТҮЦ байдаг байлаа. Би нэгийг нь ажиллуулж эхэлсэн юм. Аав, ээж хоёр маань энэ Түлүүгийн даваагаар давж Сайхан, Баян-агт, Хутаг-Өндөр сумд руу байнга явдаг байсан. Тэр ТҮЦ-ийг аав, ээж хоёр маань надад авч өгөөд би энд ирсэн хэрэг л дээ.  Өдөржин ТҮЦ-т суухаар хийх ч ажил олдохгүй, уйдаад байхаар нь нэг удаа бууз хийсэн юм. Энэ хэдэн буузыг хаанахын хэн гэдэг хүн ирж авах юм бол доо гэсэн шүү юм бодоод сууж байсан санагдаж байна. Тэгээд Хөвсгөлийн нэг ачааны тэрэг ирэхээр нь "Бууз байгаа шүү" гээд хэлсэн чинь "Өө, өлсч явна, ашгүй" гээд 2,3 бууз авсан. Тэр үед манай бууз одоогийнхоос том байсан л даа. Нэг цайны аяганд хоёр ширхэг л арай гэж багтдаг байсан. Ямар жолооч байсныг нь одоо санахгүй юм. Ямар ч байсан Хөвсгөлийн жолооч байсан юм даг. Тэр хүн Хөвсгөлийнхөө жолооч нарт анх "Түлүүгийн даваан дээр байдаг гурван жижиг  ТҮЦ-ийн нэг махлаг бүсгүй "аягүй" гоё бууз хийдэг юм байна лээ" гэж тараасан юм билээ. Ингэж л эхэлсэн юм. /инээв/ Тэрнээс хойш л хүмүүс манай буузыг мэддэг, ирж иддэг болсон доо. Сүүлдээ  ТҮЦ-т  хүмүүс багтахгүй болохоор нь 4*4 харьцаатай жижигхэн байшин бариад овоо хэдэн хүн суудаг болсон. Сүүлдээ дахиад багтахгүй болохоор нь ар талд нь залгаж барьсан. Дахиад л багтахаа байгаад гал зуухаа хойш нь өргөтгөөд.  Энэ жил 20*20 хэмжээтэй байшин шинээр барих санаатай байгаа. 


 

20 жил болсон ТҮЦ одоо ч үүргээ гүйцэтгэсээр...Тэр машины номерийг эзэн нь харвал ирж аваарай!

 

ESA—Тэр үед та Булганаас ирэн очин ажилладаг байсан уу?


-  Өө, энэ ТҮЦ-тээ л амьдардаг байсан шүү дээ. Байнга л байж байна.

 
ESA—Тэр үе бас ч элбэг дэлбэг үе байсангүй. Ер нь буузыг ийм том хийх нь одоо ч ховор санагддаг?


-  Хүмүүс цөөхөн буузанд аль болох бага мөнгө төлөөд, цадаад гарвал надад сайхан санагддаг юм аа. Яах вэ, ашиг хараад жижиг хийж болно л доо, ганц хоёр жил болоод л хүмүүс ирж идэхээ болих байх л даа. Одоо манай бууз чинь 105-110 граммтай гардаг. Энгийн 60 граммтай бууз хийж болно л доо, гэхдээ ч яагаад ч юм, чаддаггүй юм аа. Ер нь яагаад манайхаар  хүмүүс байнга орж гарч байдгийн гол учир нь буузны маань чанарт л байдаг байх. 


ESA—Энд танайхаас өөр цайны газар бий юу?


-  Яг энд биш, нэлээн урагшаа нэг байгаа. Тэднийх өвөл ажилладаггүй юм.


ESA—Энд 20 жил болоход өрсөлдөгчтэй болж байв уу?


- Анх гурван өөр айлын ТҮЦ байсан гэсэн дээ. Төв аймгаас, Эрдэнэтээс гээд манайхтай нийлээд гурван өөр айл байсан. Бүгдээрээ л ТҮЦ-тээ бууз, хуушуур хийнэ шүү дээ, мөнгө олохын тулд. Шилтэй ундаагаа зараад л, бууз хийх нь хийгээд л, хуушуур хийх нь хийгээд л тус, тусдаа бужигначихдаг байсан даа. Би арай том бууз хийдэг байсан болохоор үлдсэн юм болов уу гэж боддог. Ер нь хүн чинь нутаг руугаа л гүйдэг юм байна лээ. Төв аймгаас ирсэн айл маань энд олон жил болсон ч гэсэн нүүхээр болоод манайх ТҮЦ-ийг нь худалдаж авсан юм. Эрдэнэтийн айл болохоор охидууд нь оюутан болоод нүүхдээ бас манайд зараад нэг хэсэг гурван ТҮЦ-ээ зэрэг ажиллуулдаг байлаа. Нэгэнд нь ээжийгээ, нөгөөд нь ахыгаа, өөрөө бас нэгэнд нь сууна. Тэгж байгаад л байшин барьсан даа. 


 ESA—Хэмжээнээс гадна амттай, чанартай болоод хүмүүс танай буузанд дуртай байдаг байх. Ер нь амтлагч хийдэг үү?


- Ерөөсөө хийдэггүй. Ямар ч илүү дутуу зүйл хийхгүй зөвхөн давс, сонгино л хийнэ. Хүмүүс кимчи энэ тэр гээд янз бүрийн зүйл нэхэж л байдаг юм. Би төвийн хүмүүст "Нэг удаа ч гэсэн ямар ч амтлагчгүй, ямар ч хачиргүй жинхэнэ "ориг" бууз ид" гэж хэлдэг юм.

 

Таван буузны шөл тавагны тал болдог юм билээ

 


ESA—Танайх махаа хаанаас авдаг вэ, өөрсдөө мал ахуйтай юу?


-  Би энэ хавийнхаа малчдаас авдаг. Малчдынхаа ахуй амьдралд бас нэмэр болох санаатай. Манайхыг түшиж малчдын зээл авдаг, орлого зарлагаа тодорхойлдог айлууд олон бий. Манайхыг байгаа болохоор зээл аваад, буцааж төлөхдөө ерөөсөө айдаггүй гэж ярьдаг юм. Яагаад гэвэл би Булганд 1кг мах 3,500 төгрөг байх юм бол 5,000-аар авна. Хэрвээ 5,000 байвал 6,000-аар авчихдаг. Тийм болохоор манай энэ хавийнхан мах, сүүгээ ченжүүдэд өгөх шаардлага ч гардаггүй. Зундаа оюутныхаа төлбөрийг олоод, зээлээ төлчихдөг. Бие биендээ дэм болоод л амьдардаг. Өөрсдөө малтай болох гэж үзсэн тохиолдол бий. Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг үнэн юм билээ. Тэгээд больсон. 


ESA—Жилдээ ер нь хэдэн хонины мах авдаг вэ?


- Зун бол өдөрт 10-12, өвөлдөө 2-3 л байх. Өвөлдөө бага сага мах нөөцөлнө л дөө. Манай эндхийнхэн сайхан янзлаад авч ирээд өгчихдөг. 


ESA—:Тэгэхээр өдөрт хэдэн бууз хийдэг гэсэн үг вэ?


- Айхтар нарийн тооцоо гаргаж байсангүй. Ер нь 105-110 граммтай буузны мах 75 гр байдаг. Нэг хүн дунджаар 5 буузыг 4000 төгрөгөөр аваад идэхэд цадчихдаг юм. Ширхэгээр биш махаар хэмжинэ дээ. /инээв/  

 

Машин нь эвдэрч хээр, хөдөө мөнгөгүй нэг нь буузаа идчихээд хэлж чадахгүй суух ч тохиолдол гарна 

 


ESA— Бүтэн 20 жил бууз хийсэн гэхээр  сонирхолтой юм аа. Цагаан сарын бууз хийх гэж л хонож өнжөөд бөөн юм болдог. Гэтэл энд өдөр болгон тэрнээс их бууз хийдэг гэхээр... Уйдаж байв уу? 


-  Үгүй шүү дээ, улам л сонирхолтой санагдаад байдаг юм даа. Өглөө босоод л буузаа чимхэнэ, сонирхолтой, улам л дуртай болдог юм билээ. Хэрвээ залхсан бол өдийд яршиг, яршиг гээд хаачихсан байх байсан биз. Буузаа хийгээд л сууж байхад надад гоё байдаг, ер нь өөрөө л хийнэ. Одоо манай дүү нар том болсон болохоор бас оролцоно л доо. Биднийг бага байхад Цагаан сараар олон айлын бууз хийлцээд л нойргүй хонодог байж. Нийлж хийгээд л суудаг байж дээ, одоо бол тийм биш шүү дээ. Манайд 1000 буузны захиалга орж ирвэл хоёр цаг сууж байгаад л хийчихнэ шүү дээ. Бүүр сурчихдаг юм байна лээ. Одоо хүмүүс чинь залхуураад захиалаад л авчихдаг болж. Дээр үеийнх шиг тэгж нойргүй хоноцгоохоо больсон. Уг нь Цагаан сарын бууз хийх чинь сайхан дурсамжтай зүйл байлаа.


ESA— Цагаан сарын бууз бас танайхаас захиалах уу?


- Захиална аа, 50 кг буузны захиалга чинь 1000 бууз болж байгаа юм. Хоёр цагийн дотор л хийнэ.


ESA—Гурил элдээд байхаар гарын алга загатнаад бүр хавдаад эхэлдэг?


- Үгүй, бүүр сурчихсан юм чинь. Зун хааяадаа ээж, аавын ах дүү нарын хүүхдүүд ирэхээрээ 10 гурил элдэж өгөөд л гар нь өвчин орчихно шүү дээ, бид нарынх яах ч үгүй бүүр дасчихсан. Тэгээд л "Алга өвчин орчихлоо, алга улаан болчихлоо яаж элддэг юм бэ" гээд л байдаг юм. Тэгээд хүн ер нь сурчихдаг юм даа, хийж байгаа ажилдаа. Бүтэн 20 жил өдөр бүр нэг ажлаа хийхээр суралгүй ч хаачих билээ. 

 

 

Зуны өдрүүдэд 10-12 хонины мах татна


ESA— Хутга, заазуур сайтай байхгүй бол ч горьгүй эд байх? 


- Манайх чинь заримдаа 70-80 заазууртай болчихно. Би өөрөө цуглуулдаг байхад 100 ч хүрч байсан удаа бий. Хаа ч явсан хутга, заазуур авна. Иргүй болсныг нь эндхийн айлууддаа тараагаад өгчихдөг. Энд ямар ч иргүй болчихлоо гээд гологдоод явсан заазууруудыг айлууд маань ир сайтайг нь гайхаад л байдаг юм.

  

ESA—Давс мартах гэхчлэн жижиг сажиг алдаа алсуур өнгөрнө биз?


- Гарна шүү дээ. /инээв/  Заримдаа дүү нар амталдаг болсон болохоор нөгөөх маань намайг хийсэн гэж бодоод би нөгөөхөө хийсэн гэж бодоод хийхгүй орхих тохиолдол гарна. Нэг өглөө, айхтар эрт хүмүүс орж ирээд. Буузаа гялалзуулаад л, чимхээд л гаргасан чинь ямар ч давс хийгээгүй байсан. Үйлчлүүлэгчид маань "Давсгүй ч гэсэн гоё байна" гээд л идчихээд явсан. Дараагийнхаас нь бид хэд давсаа хийгээд л үлдсэн, ер нь давсгүй бууз ч хийж байсан, түүхий бууз ч хийж байсан.  "Хурдлаач ээ, түргэлээч ээ" гээд л хол замд өлсөж яваа улсууд чинь бас л хэцүү шүү дээ. Сандрахдаа 2-3 минутын өмнө гаргачихна. "Түргэлээч" гээд ширээгээ нүдээд байхаар айгаад гаргаж байгаа юм чинь. Хаа байсан говиос "Замдаа орно гээд зорин зорин ирж байхад" гээд л загнана. Бид хэд хоорондоо зарим нь эндээс битгий гаргаарай, түүхий болчихно шүү гээд л, зарим нь гарга, гаргаарай гээд л хашхираад тэгээд түүхий бууз гаргаж байсан удаа бий. 

 


ESA—Ер нь хэдэн хүн ажилладаг вэ?


- Зундаа 17-18 хүн ажиллана. Өвөлдөө 7-8 байхад болоод байгаа.  


ESA—Эндээ хоолтой, зун оюутнуудад зүгээр юм байна даа?


- Тийм, энд харин цалингаа сайхан цуглуулна шүү дээ, үрэх газар гэж байхгүй.


ESA— Энэ хавийн малчдын хүүхдүүд ажиллах уу?


-  Малчдын хүүхдүүд ажиллана, манайхны дүү нарын хүүхдүүд, ах эгч нарын хүүхдүүд ажиллана. Өдрийн 25.000 төгрөг авна. Тэгээд бас хийхгүй ээ, одооны хүүхдүүд чинь ажил хийж чадахгүй. Бүр аяга угааж чадахгүй уйлаад байдаг хүн ч байдаг юм билээ. Фэйсбүүк байхгүй болохоор бүр тэсэхгүй. Зарим нь зунжингаа ажиллаад цалингаа хураагаад төлбөрөө олчихоод явна. Зарим нь хэдхэн хоноод явна, эргэж ирээд дахиад хэд хоноод гүйчихнэ. За, тэднийд очоод дөрөв хоног ажиллачихвал 100 мянган төгрөгтэй болно гээд ирэх нь ч байна. Хөл өвдлөө, гар өвдлөө гээд ая даахгүй хүүхдүүд олоон. 


ESA— Ер нь 20 жил болоход сонирхолтой түүхүүд гарна биз? 


- Хөгжилтэй юм их болно оо. Эдний бууз "ориг", амттай гээд рашаан усанд амарч байгаа хүмүүс бөөнөөрөө ирнэ. Тэгээд нэг дор 200-300 бууз гаргах шаардлага ч гарна. Дүүгийн хүүхдүүдийг зундаа "зарна", мэдээж цалин өгнө л дөө. Нөгөөдүүл чинь хүүхдүүд болохоор сандралдана, бууз жигнэдэг амбаар зун халуун гэж жигтэйхэн. Заримдаа усгүй тогоонд буузаа тавичихна, буузаа тавьчихаад тагаа мартана. Нөгөө халуун амбаар руу ороод хурдан гарахын түүс болоод мартана шүү дээ. Заримдаа цагаа андуурна. Жаахан хүүхдүүд юм чинь. Нэг сайн загнуулж аваад хоёр өдөр гайгүй. Гурав дахиас нь дахиад л нэг юм болж эхэлнэ дээ. Хажуугаар нь хүмүүс шаагилдаад манай энүүгээр нэг юм болно. Би заримдаа гадаа юу болж байгааг мэдэхгүй өнгөрөх нь энүүхэнд. Манайхны хүүхдүүд 1-р ангиасаа л эхлээд ажиллаад эхэлнэ. Сандарч гүйж яваад жигнүүртэй буузтайгаа өнхөрчих ч тохиолдол гарна. Зарим нь ч бүр "За, унагаасан буузаа аваад ир шороог нь арчаад идье" ч гэх хүн гарна. Хүлээлгэлээ гэж загнах ч хүн гарна, юу эс болох вэ. 


ESA—Машин тэрэг нь эвдрээд байнгын зочинтой болох ч үе гарна биз? 


- Гарна, гарна. Машин тэрэг нь эвдэрчихсэн хүмүүс энд мах татаад л, бууз хийлцээд, шал хүртэл угаагаад л, түлээ түлшинд яваад, дулаан газар хоолтой хонохын тулд янз янзын л юм болно. Голдуу өвөл л машин их эвдэрнэ. Жолооч нар 4-5 хонох ч үе гарна. Зун бол эвдэрсэн ч майхан савандаа хоночихно. Сар шинээ гаргачихаад явах тохиолдол ч гарна. Уржнан байх аа, машин нь эвдэрсэн хүмүүс шинэлээд, дараа нь энэ гуанзандаа гурван боовоор идээ засч өгөөд хөзөрдөж, хөзөрдөж л явсан. 
Өвдсөн хавдсан хүмүүс, осол аваар ч бас зөндөө гарна шүү дээ. Даваанаас аль аль тал руугаа зам эвгүй л дээ, халтиргаа гулгаатай, ингэчихлээ тэгчихлээ гээд л хүмүүс ирнэ. Манайх л ганцхан суурин утастай, цагдаа сэргийлэх, түргэн дуудна. Тэгээд хааяадаа манайд цус энэ тэр нь гоожсон хүмүүс сууж л байдаг юм. Манайхан тоохгүй ээ, сууж байгаа хүмүүс ч айхтар сэжиглэдэггүй. Яана аа туслах юм сан, эмнэлэг аваад явъя гээд л тиймэрхүү явдлууд ч зөндөө гарна.

 

 


ESA— Шөнө орой унтуулахгүй хэцүү юм байна даа?


- Яалт ч үгүй машин тэрэг эвдэрсэн хүмүүс бол нүднэ. Бусад нь энэ 20 жил болоход шөнө онгойдоггүй гэдгийг мэддэг болохоор  нүдэхгүй. Шөнө онгойх ямар ч боломжгүй, яагаад гэвэл хоёр ээлжтэй болъё гэхээр залуучууд чинь хөдөө газар тогтохгүй юм. Сүлжээ байхгүй, нөгөө Фейсбүүкээ ухах гээд тогтохгүй. Хөгшчүүлийг ажилд авахаар өндөр газар даралт ихэснэ, их хэцүү шүү дээ.  


Нэг шөнө ганцаараа унтаж байсан чинь хаалга нүдээд болдоггүй. Ганцаараа болохоор айгаад онгойлгохгүй байсан чинь замган түгжээг холхиулсаар байгаад дөрвөн эрэгтэй хүн ороод ирсэн. Ганцаараа гэдгээ мэдэгдэхгүй гээд цаашаа хараад хэвтээд л байлаа. Лангууныхаа араар унтаж байсан юм. Тэгсэн "Гал түллээ шүү" гэж байна. "Тэг" л гэлээ. Нөгөө хэд чинь пиво уулаа. Би чимээгүй л байлаа. Сүүлдээ дууллаа.

 

"Хүн унтуулаач ээ" гэсэн чинь хоорондоо "Ингэж арай ч болохгүй" гэж яриад чимээгүй боллоо. Өглөө боссон чинь "Өө, энэ хүүхэн чинь ганцаараа хоносон байна шүү дээ, мэдсэн бол чангаадаг байж" гэнэ, тэгэхээр нь би "Ганцаараа байгаагаа юу гэж мэдэгдэх вэ дээ, та нарт" гэхээр "Нээрээ л тийм байх даа" гээд бэлдсэн модыг маань бүгдийг нь түлчихсэн, баахан пивоны лааз, тамхины ишээр дүүргэж хэрэг тарьсан нөхдүүд буузаа идчихээд явж байх жишээтэй.

 

Бас өөрөө ч мэдэлгүй хүн гомдоосон ч юм гарна. Энэ зун нэг том тэрэгний жолооч бууз идчихээд гарахдаа "Би таньд их гомдож явдаг. Танд гомдоод хоёр жил танайд орж ирж бууз идээгүй" гэнэ. Тэгсэн Хөвсгөлийн жолооч гэнэ, манайхаар орж ирж бууз иддэг байж. Нэг шөнө машин нь эвдрээд манай хаалгыг нүдээд бид онгойлгож өгөөгүй юм байна. Манай гадаа гурав хоносон гэнэ. Өдөртөө орж ирээд цай уучихаад гардаг юм байна л даа. Тэгээд намайг анзаарч байж яасан, ийсэн ч гэж асуугаагүй, дуудаад аяга цай ч өгөөгүй гээд гомдсон гэсэн. Би анзаараагүй л байхгүй юу, хэлсэн бол би аяга цай битгий хэл хоол унд, хонох газар гаргаад өгнө шүү дээ гээд хэлж байх жишээтэй. Бас нэг шөнө хаалгаа тайлж өгсөнгүй, монгол хүн юм байгаа биз дээ, энд нэг ч монгол хүн байхгүй байх аа гээд л байна. Ямар ганцаараа байна тэгээд тайлж чадахгүй байна гэлтэй биш. Тэгсэн угаасан хувцсыг чинь шатаачихаад явлаа шүү, ямар зэвүүн айл вэ гээд л гомдоод байсан. 

 

ESA—Түүн шиг эсэргээрээ дараа нь ирээд баярлаж, талархсанаа илэрхийлж байсан тохиолдлууд байна биз?


- Зарим нэг нь машин тэрэг нь айхтар эвдрээд хээр хөдөө чинь мөнгө төгрөггүй, хоолоо идчихээд хэлж чадахгүй дүлэгнээд суух нь ч байна. Янз янзын л юм болно. Би ч өгвөл өгнө биз гэж бодно. Бичүүлээд явдаг ч хүмүүс байдаг, нэг их санаа зовоод байдаггүй. Яана аа, таныг загнах байх гэж айсан л гэж байдаг юм. Мартчихсан, хэзээ хойно ирээд тэгсэн ингэсэн, баярласан гээд өгч л байдаг. Хөвсгөлийнхөн айхтар сүрхий хүмүүс шүү. Нутгийн брэнд гээд загас энэ тэр бариад баярлалаа гээд хүрээд ирнэ. Уг нь тэгэх албагүй шүү дээ.  Нутаг нутгийнхан өөр байдаг юм билээ. Увс, Ховд, Завханыхан их найрсаг яг хөдөө зангаараа баярласандаа ааруул, сүү гээд аль байгаагаа бариад ороод ирнэ. Говийнхон бас их сайхан хүмүүс. Ямар гоё бууз вэ, баярлалаа, энэ мод уу гээд мод их гайхна. Ургаа модоор хашаа барьчихаж байгаа юм уу гээд л гайхна. Айхтар баярлана, нутгийнхаа ааруулнаас өгнө гээд ачаа бараагаа задалж байгаад хүртэл гаргаад ирнэ.

 

ESA— Түлүүгийн давааны буузны газраар дайрдаг хүмүүс хэдэн жилийн дараа эргэж ирээд таныг харах сайхан байдаг байх?  


- Тийм байж магадгүй ээ. Одоогийн том залуучууд ярьдаг юм. Би жоохон, нэгдүгээр ангид орж байхдаа, тэдэн настай байхдаа танайд ирж бууз идэж байсан гээд. Танигдахын аргагүй том залуучууд тэгж л байдаг юм.

 

Аяга сэтэрвэл тэр дор нь "актална" 

 


ESA— Түлүүгийн даваан дээр ирснээс хойш танайх бүл нэмсэн бололтой?


- Тэгсэн. Би Түлүүгийн даваан дээр анх ирэхдээ хоёр хүүтэйгээ байсан. Нэг нь нэгдүгээр анги  гэхээр нөгөөх нь 6 настай байсан юм байна. 2002 онд дахиад нэг хүүтэй болсон, 10 жилийн дараа 42-той хоёр ихэрээ гаргаад 5 хүүтэй болсон доо. Хөвгүүд чинь ёстой мод түлээ, ус цасанд айх юм байхгүй, сайхан. Анх хоёр хүү маань 5-ын битоноор усаа зөөгөөд болоод л байдаг байсан. Одоо тонн-р нь аваад ч хүрэхгүй болж дээ. Томууд нь 30 хүрч байна, эхнэр хүүхэдтэй болоод ажил төрөл хийгээд явж байна. Нэг нь дунд сургуульд. Хоёр ихэр маань Булганд 24 цагийн цэцэрлэгт явна. Долоо хонгийн эхэнд хүргэж өгөөд баасан гарагийн орой очоод авчихна. 

 

ESA— Сайхан юм шүү. Энэ даваа танд ээл буянаа өгсөн бололтой. Та Улаанбаатарт салбартай болсон уу, таныг энд байдаг гэхээр ах, дүү нь хариуцдаг юм болов уу гэж бодож байлаа?


- Тэгэлгүй яах вэ. Ээл буянаа өгсөн. Хүний төрсөн нутаг гэдэг цаанаа л ондоо. Улаанбаатрын салбар минийх биш ээ, хамаатан садан ч биш. Манайх хоёр тогооч бэлдэж өгсөн. Бид гэрээ хийгээд ажиллаж байгаа юм. Хүмүүс чинь их хэцүү шүү дээ, хоолны бизнес их хэл амтай. Тэнд бууз идээд энд ирээд "өөр байна" гэнэ. Янз янзын л юм ярина. Би тоодоггүй л дээ. 


ESA— Та энэ жил шинээр байшин барилга барихдаа Улаанбаатарын салбар шиг тохижилттой болгох уу? 


- Үгүй ээ, би шаргал өнгөнд дуртай. Модоороо байвал илүү сайхан санагддаг. Дулаахан, гэрэл гэгээтэй цаанаа л байгальтайгаа ойр санагддаг. Би өөрөө байгальд их дуртай хүн л дээ. 


ESA— Тийм байна. Хананд өлгөсөн зургуудаас илэрхий байна.

Энэ зуур бидэнтэй зэргэлдээ ширээнд тухалсан залуус явахаар зэхэж байв. Тэдний сэтгэгдлийг хуваалцсан юм. "Та нар өмнө нь ирж байв уу" гэж асуухад нэг нь "Анх удаа ирлээ. Замдаа алдартай буузыг амтлана даа гэж ярьсаар байгаад л ирлээ дээ" хэмээн инээлдэнэ. Буузны амт таалагдсан эсэхийг асуухад "Таалагдлаа. Ёстой том бууз байдаг юм байна. Амттай ч юм" гээд нэг нь нөгөө рүүгээ эрүүгээрээ дохин "Манай энэ найзынх бас зам дагуу хоолны газартай. "Манай бууз том л доо, гэхдээ эднийхийг гүйцэхгүй юм байна. Манай бууз амттай л даа, гэхдээ эдний буузыг арай гүйцэхгүй" юм байна л гээд байна" хэмээн инээлдсээр баярласнаа илэрхийлээд гарч одосны дараа бидний яриа дахин үргэлжилсэн юм.  

 

Алдартай буузыг амтлана даа гэж ярисаар байгаад л ирлээ дээ


ESA— За, хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Та тогооч мэргэжилтэй юу? 


- Би уг нь нягтлангаар анх төгссөн юм. Тооцоолох юмандаа муу болоод чадаагүй л дээ. /инээв/ Дараа нь тогоочийн мэргэжил л эзэмшсэн дээ. Буузаа л хийнэ, бусад хоол хийж бас чаддаггүй юм.


ESA—Та гол зүйлээ маш сайн тооцоолжээ. Нэг зүйлийг хэнээс ч илүү хийж сурах нь хамгийн зөв тооцоолол байх?


- Дуртай. Манайх ер нь бууз хийхдээ их сайн. Манай ээж намайг залуу байхад барилгын контор гэж байсан даа, тийм газарт ажиллаж байсан юм. Тэтгэвэрт гарахаас нь өмнө ээжид маань энэ конторын хоолны газрыг хариуцаж ажиллах санал тавиад тогооч хийсэн юм. Ээж маань бууз л хийж энэ хүмүүст өгье, чи хүүхдийнхээ завсар зайгаар түмпэн дүүрэн мах татаж тавьж байгаарай гээд надад даалгадаг байсан. Би ч хүүхдийнхээ даавууг угааж дуусаад махыг нь заавал татаж өгдөг байлаа. Маргааш нь ээж маань махаа хоёр том уутанд хувааж хийгээд л автобусанд суугаад ажил руугаа явдаг байлаа. Нэг өдөр би нэг л завтай, хүүхэдтэйгээ тоглоод л, гадаа авч гараад л өнжлөө. Ээж өглөө нь "за, миний хүү уутанд махаа хийгээрэй" гээд. Би махыг нь татахаа мартчихаж, ээж уцаарлаад л "тэр олон зуун хүний нүүрийг яаж харна аа, 12:00 цаг гэхэд хооллож амжихгүй, бригадийн дарга намайг юу хийж байсан юм гэнэ дээ" гээд л үглээд л ажил руугаа явсан. Араас нь өдөржингөө ээж маань яаж байгаа бол гээд л санаа зовж суулаа. Тэгсэн ээж маань цуйвангийн гурил зуураад л цуйван хийж өнгөрөөж байсан гэсэн. Тэр өдрөөс л өглөө босоод махаа л татаж тавина шүү гээд л тархиндаа бүр шингээсэн дээ. Тийм болохоор анхнаасаа надад ойр байсан байх. Хэрвээ ээж, аав хоёр маань надад энэ ТҮЦ-ийг авч өгөөгүй бол би яаж, юу хийж амьдрах байсан бол гэж одоо хүртэл боддог юм. Таван сайхан хүүтэй боллоо, тааваараа дуртай ажлаа хийгээд сэтгэл амгалан амьдарч явна. Бурхны оронд очсон аав, ээж хоёртоо "Охин нь сайн яваа шүү, баярлалаа" гэж хэлье! Тэд маань биднийг харж л байгаа. 

ESA— Хүүхдүүдээ төрүүлэх үедээ энд байгаагүй биз дээ?


- Өө, ажлаа хийнэ хийнэ. Төрөхөөсөө 7 хоногийн өмнө л эмнэлэг явна шүү дээ. /инээв/ Би өөрөө ингэж өвдлөө, тэгж өвдлөө гээд байдаггүй хүн. Ихэрүүдээ тээж байхад, манай сум чинь бас алслагдмал өндөр уулууд давж явдаг л даа. Жирэмсэн үедээ машинаа унаад л өндөр модтой уулуудаа даваад л яваад очино.  Эмч нар "та машинаа болиорой, төрөхөд бэлдээрэй" гээд л бараг 4 хоногийн өмнө "баривчлагдаж" очиж байгаа юм чинь. Байгальд, цэвэр агаарт байдаг болохоор эрүүл саруул байдаг юм байлгүй. 

 

ESA: Би хэдэн жилийн өмнө ирж байсан. Тэр үед галуу, туулай гээд зөндөө амьтан байсан санагдана? 

- Байсан, байсан. Туулай бүр 100 хүрчихдэг. Их олон болохоороо хэцүү юм билээ. Байшин барилга хөндийлж ороод болохгүй. Яг одоохондоо цөөхөн байгаа ч ингэхсхийгээд дахиад л замбараагүй олон болчихно. Замын хүмүүс, хүүхдүүдэд өгч байж арай гайгүй болгодог юм. Галуу болохоор хүн амьтан руу дайраад,хоол унд идэж байхад нь орж ирээд төвөг болоод байхаар нь тэжээхээ больсон. /инээв/ 


- Туулай хурдан үрждэг амьтан. Онцгой их үржээд байгаа айл элбэг хангалуун амьдардаг гэж сонссон. Ярицлага өгсөнд баярлалаа. Танд сайн сайхныг ерөөе!  
                                                        
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 8 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (8)

Зочин /27.123.212.135/

2018-03-26 21:13

15 Бууз аваад 12-ииг идэж байлаа... гэхээр таних байхаа найз давааны буузийг идэхгүй өнгөрвөл хайран шүү

Хариулах 0 0
Зочин /103.26.195.98/

2018-03-26 20:18

Амттай сайхан буузыг нь олон ч идсэн дээ. Цаашдын ажил амьдралд нь улам их амжилт хүсье.

Хариулах 0 0
Зочин /202.9.40.119/

2018-03-26 13:54

zunii amraltaaraa yawj bgaad ugluu ert orood buuz jigniilj idsen mah ni chas ulaanaaraa baisan helsen chini ene awgai uurlaad,umnuh udur ni amtalsan mah iim boldog yum geed zugeer idwel id baiwal bai geh shig yum yariad uurlaad bsan,ulaan mahtai buuz ideh ewgui yum bna lee

Хариулах 0 0
Зочин /150.129.143.253/

2018-03-26 11:23

Идмээр санагдчихлаа шүү. Гэхдээ зөвхөн бууз идэх гэж явахад арай л хол юм. За яадгийн явнаа хө.

Хариулах 0 1
Зочин /43.242.243.60/

2018-03-26 00:39

Өнгөрсөн зун орж таван бууз идчээл малийгаал малтийгаад гарсан даа хот ортол юм идээчгүй ????????????

Хариулах 0 1
Зочин /27.123.212.143/

2018-03-25 00:36

2 удаа орсон. Эхний орход маш том байсан 2дох дээр арай жижгэрсэн байна лээ амт бол хэвээрээ сайхан байсан. Амжилт хүсэе????

Хариулах 0 1
Hvv Ganbayr /27.123.212.132/

2018-03-24 23:55

Manai buuz vnheer orgi buuz shvv

Хариулах 0 4
Зочин /66.181.161.107/

2018-03-24 22:16

Yunii umnu yriltslaga awsan tanid bayrlalaa saihan setgeld negel oir bailaa ungursun zun huwsgul ywahdaa butsahdaa buuznaas ni ideed l garsan vneheer saihan buuz hiideg yum bilee bayrlalaa shimten unshlaa .. Umnugowios.,

Хариулах 0 5

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.