МҮБХ-ны ТЭРГҮҮНЭЭР УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ СОНГОГДЛОО

2018-03-26 08:44

 

    Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-г удирдах тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгожээ. 



 

    Бөхийн өргөөнд  МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн 02 цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авчээ.

 

    “Их Эе”-ийн хурлын гол хэлэлцэх асуудал нь тэргүүн сонгох сонгууль байв.  

 

    МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэнээр бөхийн холбоо шинэ тэргүүнтэй болох нь тодорхой болсон. Өглөөний 11 цагт эхэлсэн хурлын үйл явц удааширсаар үдшийн 23 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдлаа.  Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ.

 

 

    Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов. “Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрмэнд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болжээ.

 

    Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо. МҮБХ-ны 8 дугаар “Их Эе”-ийн хуралдааныг Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд нийт гишүүдээс сонгогдсон Хяналтын алба, Тооллогын комисс үйл ажиллагаанд оролцжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.