Д.Буянхишиг: Буцах шаардлага тавьснаас болж ОТОРЧДОД ГҮЖИРДҮҮЛЛЭЭ

2018-03-26 17:14

    Цахим ертөнцөд шуугиан тарьсан пост моринд хайртай монгол түмнийг  “хэрүүлийн талбар”-т аваачиж орхисон юм.



 

    Тодруулбал, Манхан Отор  хаягнаас “...Одоо хаврын тарчиг цагт отор хийж яваа нэгнээ Цагаачид гэж загнаж, хээлтэй мал сүргийн төллөх цагаар хөөх нь Монгол хүн мөн үү?” хэмээгээд дөрвөн зургийн хамтаар постлосон байв.

 


    Бид энд нэр дурдагдсан Баянтүмэн сумын багийн Засаг дарга Д.Буянхишигтэй холбогдож дараах тодруулгыг авсан юм.

 

ESA— Бид пост бичсэн хүн рүү хандсан. Одоогоор хариу ирээгүй байна. Та үнэхээр ийм үйлдэл хийсэн юм уу?

 

    — "Манхан Отор" бол хуурамч хаяг. Танд хариу ирэхгүй л болов уу. Дургүй хүрсэн нэгнээ цахим орчинд үндэслэлгүй  гүтгэж болохгүй биз дээ. Өглөө бид пост бичсэн 3000 адуутай яваа тууварчидтай уулзаад ирлээ. Эхний удаад "Бид бичээүгүй" хэмээн гүрийж байснаа буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн. Улмаар аймгийн хоёр ч телевизэд энэ тухайгаа ярьж залруулга хийсэн. Одоо би  18:00 цагаас орон нутгийн “ТВ6” телевизээр тайлбар өгнө.  
       

    Удахгүй энэ хүмүүс Манхан Отор хаягнаасаа залруулга хийнэ. Тэрийг та бүхэн харна биз дээ. Бидний зүгээс ийм шаардлагыг тавьж, залруулга хийгээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахаа хэлсэн. Эдний оруулсан постоос болж 3000 орчим хүн намайг гутаан доромжилж, эцэг эхийг маань  хүртэл элдвээр хэллээ. Аймшигтай.

 

ESA— Юунаас бол таныг гүтгэсэн байх вэ? Зурагт байгаа эндсэн унага, хоёр машин хэнийх юм бэ?
 

    — Наадуул чинь 3000 адуутай манай нутагт оторлохоор хүч түрэн орж ирэхэд нь би малчдынхаа хамтаар зогсоож, буцах шаардлага тавьсан төдий. Машинаар дайрсан мэтээр харуулсан байна лээ. Ийм зүйл огт болоогүй. Сая биднийг очиж уулзахад үхсэн унага нь байж  л байна. Биднийг өчигдөр очиход тэрний цаад шөнө унагалаад эндсэн байсан. 3000 адуунд 1000 орчим гүү яваа шүү дээ. 1000 битгий хэл, 10 гүүний унаганаас энддэг. 100 гаруй км тууж ирээд, явдалдаа ядраад  эндээ биз. Энэ бол шаардлага тавихаас өмнө болсон зүйл.

 

ESA— Хаанахын тууварчид юм?

 

    — Би энэ хүмүүстэй анх удаа л уулзсан. Түүнээс өмнө танихгүй. Эдний дотор Хэнтийн аймгийн Баянхутаг сумын н.Мэндбаяр, Төв аймгийн Эрдэнэ сумын н.Чулуунбат гэж   хүн байна. Би бүгдийнх нь нэр ус, регистрийг нь бүртгэж авсан. Би  төрийн байгууллагад ажиллаж байгаа хариуцлагатай албаны хүн шүү дээ. Миний аав аймгийн Алдарт уяач хүн бий. Гэтэл миний аавын нэрийг хүртэл буруу биччихсэн байна.  Адъяасүрэн гэдэг хүн чинь манай багийн ахмад настай малчин байгаа юм. Ээж, аав минь эрүүл саруул 70 гарсан буурлууд байна. Энд бол би өөр хүний хүүхэд юм шиг болчихсон байна.

       Ерөөсөө хэдхэн цагийн дотор аав ээж, ах дүүсээрээ маш ихээр доромжлууллаа. Манайхан чинь ийм бүдүүлэг улс уу. Үнэн худлыг нь тодруулаагүй байж хоёр Ланд круйкер машины зураг хараад л итгэчихэж байгаа юм уу. Ингээд ярих юм бол асар их зүйл байна. Ямартаа  ч та бүхэн телевизийн дараа эргэн холбогдоно биз дээ.

 

ESA— Ингэж отор хийж ирдэг хүмүүс олон уу?


    — Отор нүүдлийг чинь намрын цагт өвсний сөл, усны сайныг дагаж таргалуулах гэж хийдэг юм. Өвлийн цагт өнөтэй орохын тулд цас багатай, өвстэй газрыг сонгож оторлодог. Зун, хаврын цагт оторлодоггүй.  Тийм байхад отроор ирсэн болгоныг оруулах албагүй. Отроор ирэхэд нь жиптэй очоод туугаад алчихсан мэт харууллаа. Буцах шаардлага тавих үед машинтай мотоцикльтой, морьтой морьгүй өчнөөн малчин байсан. Тэгэхэд малчны гэрийн гадаа байсан машиныг онцлоод оруулчихсан байх юм. Миний машин биш л дээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.