Ц.Магалжав: МАРГААНТАЙ барилдааныг удаашруулсан бичлэг үзэж шийдвэрлэдэг болохыг ЦЭЦДИЙН ХУРЛААР ярилцана

2018-03-26 17:33

 

    ESA— МҮБХ өнгөрөгч бямба гаригт найм дахь удаагийн “Их Эе” хурлаа зохион байгуулж бүтцийн болон дүрмийг өөрчлөлтийг түлхүү хийсэн. Үүний нэгэн илрэл нь улсын өндөр цолтой бөхчүүд удирдлагын аппарат болон Цэцдийн зөвлөлд олноор сонгогдсон явдал байлаа.  Цэцдийн зөвлөлд шинээр сонгогдсон улсын заан Ц.Магалжавтай холбооны шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.




  

    — Өнгөрөгч бямба гаригт болсон МҮБХ-ны “Их Эе”-ийг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр хурал болсон гэдгийг ямар үндэслэлээр нотлох вэ.  “Их Эе” болохоос хоёр хоногийн өмнө буюу пүрэв гаригт Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон шийдвэрийг ШШГЕГ хүлээн авч, МҮБХ-ны  “Их Эе” хуралд танилцуулахыг шүүхээс шийдвэрлээд байсан шүү дээ?

 

    — Энэ удаагийн “Их Эе” хуралд бөхчүүд бидний гол ач холбогдол өгч оролцсон асуудал нь энэ талцаж хуваагдаад байгаа, нэг нэгийгээ шүүхдээд байгаа асуудлыг эцэс болгоё гэж зорьсон явдал. Иймэрхүү талцлын асуудал өмнөх жилүүдэд ч байсаар л байсан. Жишээлбэл, 2003 оны Дээд шүүхийн тогтоол байна, пүрэв гаригт ШШГЕГ-аас албадан өгсөн бичиг байна. Иймэрхүү маргаан хууль шүүхийн хүрээнд өрнөөд л байдаг. Гэвч хоёр тал нь өөрт ашиггүй шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй хандлагатай. Энэ маргааныг яаж таслан зогсоох вэ гэхээр, бөхчүүд өөрсдөө идэвхитэй оролцож, бөхчүүд нь холбооныхоо бүтэц зохион байгуулалтад оролцсоноор гол нөлөө үзүүлнэ гэж шийдсэн. Энэ удаагийн “Их Эе”-д бөхчүүдийнхээ төлөөллийг олноор нь оролцуулж хэдэн жил шийдэж чадахгүй явсан олон асуудалд зорьмог шийдэл гаргалаа. 

 

    — МҮБХ тойрсон энэхүү талцал хуваагдлыг Бөхийн өргөөг хэн эзэмших вэ гэсэн өмчлөлийн маргаан хэмээн харж дүгнэх хүн ч цөөнгүй бий. Энэ талцлын цаад үндэс нь үнэхээр Бөхийн өргөө юм гэж үү?

 

    — Ийм зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Учир нь Бөхийн өргөөг бүх ард түмний хандив, тухайн үеийн Засгийн газрын дэмжлэгээр босгон байгуулсан нийтийн өмч. Тиймээс эл нийтийн өмчийг хэн нэгэн хувьчлах, эзэмшихийг хориглосон заалтыг МҮБХ-ны дүрэмд тусгайлан тусгасан байдаг. Уг заалтад, “Монгол бөхийн өргөө нь МҮБХ-ны өмч мөн. Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно” гэж тодорхой заасан байдаг. Дүрэмд ийм заалт байгаа учир холбооны тэргүүн Бөхийн өргөөг давуу эрхтэйгээр хувьчилчихвий гэдгээс айх хэрэггүй. Тэгээд ч энэ хоёр талын алинд ч Бөхийн өргөөг эзэмших сонирхол байхгүй болов уу. Одоо бөхчүүд бид холбооныхоо ажилд идэвхитэй оролцоод ирэхээр “нөгөө талд” гарчихаад байгаа бөхчүүд маань бидэнтэй маргалдах шаардлагагүй болох байх. 

 

    — Өмнө нь МҮБХ-ны тэргүүн орон тооны албан тушаалтай, бүтэн цагийн ажилтан байсан. Тэгвэл шинэ тэргүүнийг саяын хурлаар орон тооны бус байлгахаар дүрэмдээ өөрчлөлт оруулж өглөө. Тэгэхээр Төрийн хариуцлагатай албан тушаалтай шинэ тэргүүн холбооныхоо ажилд идэвхитэй оролцож чадах уу. Өмнө нь Р.Нямдорж тэргүүн санхүү, аж ахуй гээд бүх асуудалд оролцдог эрх мэдэлтэй байлаа шүү дээ. Одоо тэгвэл гал тогооны ажлыг хэн хариуцах вэ?
  

    — МҮБХ-ны бүтэц зохион байгуулалтыг бямба гаригт болсон наймдугаар “Их Эе” хурлаар маш их зүйл өөрчилсөн. Өмнө нь МҮБХ-ны тэргүүн бүх үйл ажиллагаагаа зохион байгуулдаг их эрх мэдэлтэй байсан. Энэ тогтолцоог энэ удаагийн хурлаар өөрчилж ТББ-ын дүрэм, хуулийн хүрээнд Тэргүүн болон Дэд тэргүүнийг орон тооны бус байлгахаар тогтож гүйцэтгэх захирлын албан тушаалыг шинээр бий болгож тогтмол үйл ажиллагааг захирал хариуцаж явахаар болсон. Нэг ёсондоо нэг хүнд маш давуу эрх олгосон байсныг өөрчилсөн. Мөн өмнө нь холбооны 11 тэргүүлэгчийн 50-иас дээш хувийн шийдвэрээр төсвөө баталдаг байсныг өөрчилж 15 тэргүүлэгчтэй болгон,  тэдний 11 гишүүний шийдвэрээр төсвийг баталж байхаар тогтсон. 

 

    — МҮБХ-ны Цэцдийн зөвлөл залуу гишүүдээр цус сэлбэсэн нь сайн хэрэг. Тиймээс бөх сонирхогчдын зүгээс ч хүлээлт өндөр байна. Жишээ нь МҮБХ техник технологийн дэвшлийг ашиглах тал дээр хойрго байсан. Маргаантай барилдааныг удаашруулсан бичлэг харж шийдвэр гаргадаггүйгээс эмх замбараагүй байдал түгээмэл ажиглагдах болсон. Шинэ цэцдийн зөвлөл технологийн дэвшлийг шүүлтэд ашиглах уу?

 

    — Энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулах шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсон Цэцдийн зөвлөлийн хурал дээрээ ярилцана. Камерын бичлэг үзэхгүй гэсэн хатуу байр суурь өмнөх Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан шийдвэр. Дүрэм журмыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр бид анхаарч ажиллах болно. Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний 39 нь бөхчүүд учир ард түмний хүсээд байгаа өөрчлөлтийг оруулж өгнө гэж найдаж байна.

 

    — МҮБХ-ны шинэчлэлд зайлшгүй яригддаг нэг зүйл нь настай хөлийн цэц, засуулуудтай холбоотой маргаан. Хараа муутай настайчуудыг засуул, хөлийн цэцээр суулгадагаас маргаан их гардаг, барилдааныг харж чадахгүй байна гэж дүгнэдэг. Энэ багийг шинэчлэх үү?

 

    — МҮБХ-ны удирдлагууд шинээр дөнгөж л бүрэлдэж байна. шинэчлэл дөнгөж л эхэлж байна. Цэцдийн зөвлөлийн 67 гишүүн бүрэн солигдлоо шүү дээ. Одоо таны асуусан энэ мэт асуудлыг дөрөвдүгээр сарын 4-ний хурлаараа хэлэлцэнэ. Ямар ч зүйл цаг үеэ дагаж нь солигдож байх ёстой. Холбооны үйл ажиллагаа хэвийн байсан бол бидний залуу дунд үеийн бөхчүүд холбооны ажилд ингэж оролцохгүй байх байлаа. 
 

   

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.