Б.Март: Сургуульдаа монголоор овоглосон АНХНЫ ОЮУТАН учраас эх орныхоо сайхныг үзүүлэх сэн гэж ХҮССЭН

2018-04-06 15:14

—“Үнэнд дөнгөлүүлсэн найруулагч”  —


           “Эх сурвалж”-ийн “Баримтат кино” эхэлж байна. Нэр нь “Үнэнд дөнгөлүүлсэн найруулагч”. Тодруулбал, “киноны” маань гол дүрийг МУ-ын УГЗ, найруулагч Б.Баатар агсан /багш нь/ “Миний охин үнэнд өөрийгөө дөнгөлүүлчихээд л явж бай даа” гэж хэлснээс үүдэн ийн нэрийдсэн юм. Мэдээж, баримтат кино нь амьдралын таашгүй, тайлагдашгүй агшныг хальсанд буулгах алтан хуультай. Тэр утгаараа бид найруулагч Б.Мартын Холливудад өнгөрүүлсэн агшин, түүний эргэн тойронд төрсөн сэтгэгдлүүдийг цаасанд буулгаж, “баримт”-д үлдээхийг хүслээ.



 

 

 

ОНЦЛОХ ИШЛЭЛ:

/титр урсана/

•    Уран бүтээлч хүний зан байх л даа. Өөрийнхөө хийсэн юмыг харж чаддаггүй.
•    Баримтат кино нь амьд хүний ажил, амьдралыг өгүүлдэг учраас “амьд” байх ёстой.
•    Бид яг тийм таашгүй, тайлагдашгүйг л амжиж хальсанд буулгах гэж хүлээдэг улс.
•    Би фантастик ном зохиол, кинонд маш дургүй. Аль болох үнэнд л ойртохыг хүсдэг.
•    Аливаа юмыг харах өнцөг маань залуугийнх шиг байхаа больдог юм байна. Өмнө нь анзаарч байгаагүй олон зүйлийг нутагтаа очих бүртээ шинээр илрүүлнэ гээч.
•    Гараагаа сайхан эхэлсэн болохоор далавчтай болсон мэт сэтгэл хөөрч байна.

 


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: "Монгол Улсаа, монгол түүх соёлоо сурталчилсандаа баяртай байна"

 

 

     ESAНайруулагч Танд баяр хүргэе. Олон улсын баримтат кино наадмын тухай манай уншигчдад сонирхуулна уу?

 

         — Баярлалаа. Энэ бол дэлхийн 100-гаад орны маш олон уран бүтээлч шилдэг баримтат киногоороо оролцдог том наадам юм байна. Шалгаруулалт бүтэн жилийн турш явдаг бөгөөд сар тус бүр 20 төрлөөр шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл, сардаа 2000-аад, жилдээ 30-аад мянган баримтат кино хүлээж авдаг гэнэ. Эндээс шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулах улаан хивсний ёслол Холливудад “Raleigh studio”-гийн дэргэдэх Чарли Чаплин театрт /гуравдугаар сарын 24-нд/  болсон. Энд миний “Нүүдэлчдийн өрхийн эмч” кино оюутны шилдэг бүтээлээр шалгарч, шагналаа гардаж авлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр шалгарсан шилдэг бүтээлүүдийг үзүүлдэг юм билээ. Нэг дор тэр олон шилдэг бүтээлүүдийг үзэж, уран бүтээлчидтэй нь уулзана гэдэг үнэхээр аз завшаантай хэрэг байлаа.

 


      ESAБусад орны найруулагчид “Нүүдэлчдийн өрхийн эмч”-ийг үзээд ямар дүн тавьж байх юм бэ?


      — Азиас оролцсон анхны монгол найруулагч боллоо. Үүнээс өмнө манайхаас оролцож байгаагүй юм билээ. Кино маань олон хүнд таалагдсан. “Шинэ соёлыг авчирсан бүтээл болсон байна. Яагаад ганцхан оюутны төрөлд оролцсон юм бэ?” гэж олон хүн асуусан шүү. Ямартай ч, анхны удаад ганцхан төрлөөр оролцоод ийнхүү шалгарсандаа туйлын их баяртай байгаа. Шалгаруулалт их нарийн юм билээ. Шилдэг бүтээлүүдийг харахад цаг агаар, дэлхийн дулаарал, пластик хог хаягдал, дайн, цагаачлал гээд дэлхий нийтийн эмзэг, хурцадмал сэдвүүдийг харуулсан байна лээ. Заримыг нь үзээд үнэхээр өв өвдөж, халширмаар санагдсан. Их ч юм ойлгосон. Бид чинь бараг өдөр бүр харж байгаа ч нарийн ширийнийг нь ойлгоогүй зүйл олон байдаг юм билээ. Тэнд хамгийн гэгээлэг нь “Нүүдэлчдийн өрхийн эмч” байсан. Уран бүтээлч хүний зан байх л даа. Би өөрийнхөө хийсэн зүйлийг харж чаддаггүй. Телевизийн олон л нэвтрүүлэг хийсэн. Гарах тоолонд нь “алгасчихдаг” байлаа.  Үзэх бүртээ өөнтөгч нүдээр хараад байдаг юм. Харин энэ удаад киногоо үзүүлэхдээ нүүр бардам суулаа. Кинонд маань гардаг жаахан охинд хагалгаа хийж байгаа болон морио унаад дуудлагад явж байгаа хэсгүүд дээр үзэгчид бүүр “Wow” гээд л нэгэн зэрэг дуу алдацгаасан. Дараа нь бас их олон асуултад хариулах хэрэгтэй болсон шүү. Яг одоо санаж байгаагаас Америкийн “АBC news” радио ярилцлага авсан. Мөн тус кино наадмын сэтгүүлч яриа авч Ерөнхий зохион байгуулагч захирал “Нүүдэлчдийн өрхийн эмч” киног маань онцлон наадмын нээлтдээ дурьдсан.

 

 

 

 

    ESAШагналаа гардаж авах тэр мөчид та юу бодсон бэ. Их олон зүйлийг нэг дор бодож, бас талархаж амждаг шиг санагддаг юм?

 

     —Тэр олон орны төлөөлөгчид, уран бүтээлчдийн өмнө Монгол эх орноо, нүүдэлчин ахуйгаа үзүүлсэндээ сэтгэл маш их догдолсон. Ер нь хайртай дотны бүхэндээ талархах сэтгэл төрдөг юм билээ. Төрсөн нутаг ус, ээж аав, энэ замд хөтөлсөн их багш Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсныг өөрийн эрхгүй санасан. Арга хэмжээнд нөхөр, хүүхэд маань хамт очсон болохоор нөгөө талдаа сэтгэл их өег байлаа. Гэхдээ яг шагналаа гардаад сэтгэгдлээ хуваалцах болоход их сандарсан. Бодож байсан үгс хэдийнэ замхраад алга болчихсон байлаа. /инээв/   Амьхандаа цаас харахгүйгээр хэлэх гээд үгээ цээжилсэн байсан юм. Тэгсэн хөөрсөн хүн чинь сандраад байдаггүй. Гэхдээ бодож байснаа хэлсэн л дээ. “Монгол Улсаа, монгол түүх соёлоо сурталчилсандаа баяртай байна” гэж. Энэ миний хэлэхийг хүссэн үг байгаа юм.  Ер нь их олон орноос ирсэн болохоор зарим нь цаасан дээрх үгээ харж хэлдэг юм билээ.

 


 
    ESA“Нүүдэлчдийн өрхийн эмч” киноныхоо санааг хэзээ олсон бэ. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өрхийн эмчийн чухам юу нь таныг кино хийх хүртэл “уруу” татав?

 

        — Би Лондон хот дахь Хэртфордшир их сургуульд кино телевизийн урлагаар магистрт суралцаж байсан юм. Манай ангиас гуравхан хүүхэд баримтат киноны төрлийг сонгож, бусад нь кино, телевизийн чиглэлээр бүтээл хийх  даалгавар авсан. Миний хувьд сэдвээ олоогүй мөртлөө баримтат кино хийнэ гээд сонгочихсон. Тухайн үедээ утаа, зуд гээд асуудал дагуулсан олон сэдэв толгойд эргэлдээд амар байгаагүй л дээ. Тэгэхэд ангийнхан маань аль хэдийнэ сэдвээ олчихсон байдаг. Багш намайг “Хурдан зохиолоо өг”  гэж сануулаад л байсан. Харин би боломж олдож байхад оюутны ажил төдийхнөөр хийхийг хүсээгүй. Юун төлөө сургуульдаа Монголоор овоглосон анхны оюутан билээ. Улс орныхоо тухай сайхан юм хийж үзүүлэх сэн гэж хүссэн юм. Ингээд сэдвийн эрэлд төөрчихөөд явахдаа дүүгийнхээ яриаг саналаа. Төрсөн дүү маань сумын эмч байсан юм. Тэгээд надад ажлаа их ярина аа. Шөнө орой айлын нохой хуцуулаад явлаа. Унаа тэрэггүй морио унаад гарсан. Эм тариа дутаад гээд л сумын эмчийн зовлон, жаргал юу эсийг хуваалцах вэ. Эндээс санаа аваад, хангай газар, уулс ус гол гатлаад, морь машинаар дуудлагад яваа дайчин эмчийн тухай зохиол бичээд өгчихлөө. Багш үзээд их тоосон. Бүүр “Үнэхээр сайн хийж чадвал “Оскар” авахаар сэдэв байна” гэж хэлсэнд нь бүр урам ороод явчихлаа. Ингээд л сайхан зохиолтой хүн байгаад байдаг, гэтэл “гол дүр”-ийн  эмч маань байдаггүй ээ.


 

    ESA — Дүүгээ сонгохгүй байсан юм уу?

 

         —Үгүй ээ. Харин Төв аймгийн нэг эмчтэй ярьчихсан байтал ажил нь амжихгүй болсон. Ингээд цаг явах тусам зүрхний цохилт түргэсээд сандарч эхэлсэн. Болоогүй, хаанахын ямар эмчээр киногоо хийх эсэх нь эргэлзээтэй ч техник хэрэгслээ аваад Англиас 14 хоногийн хугацаатайгаар Монголдоо ирэлээ дээ. “Хийх ёстой” л гэсэн нэг том даалгавар зүрхэнд яваа юм. Гэхдээ аз ивээсэн л дээ. Бүтэх зүйл цаанаасаа  саадгүй болчихдог санагдсан. Би найз нартаа зохиолоо явуулаад, манай хэд дор бүрнээ л сумын эмчийн эрэлд гараад байсан юм. Тэгсэн намайг очсон өдөр найз маань нутаг орныхондоо гавьяат хүртлээ хайрлуулсан нэгэн эмчийн танилцуулгыг явууллаа. Тэр нь Дундговь аймгийн Өндөршил сумын Д.Эрдэнэчулуун эмч байгаа юм. Намтар нь маш их таалагдсан. Тэгээд зургийг нь харах хүртлээ хөрслөг бор арьстай говийн эмчийг нүдэндээ төсөөлчихөөд явлаа. Харин зургийг нь харсан бумбайсан цагаан эмч байдаг байгаа. Гэхдээ говийн хүний төрх нь яг байсан л даа. Шууд л ажилдаа орсон. Гурав хоногийн дотор багаа бүрдүүлж, Дундговь тийш замдаа гарсан. Юм гэдэг их сонин шүү. Кинонд сонгож авсан хоёр зураглаач маань хоёулаа Дундговийнх. Манай аав бас энэ нутгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн байгаа юм. Аав маань кино багийн жолоочоор ажилласан. Санамсаргүйгээр “Дундговийнхны баг” бүрдчихсэн.  Ингээд зураг авалтаа арав хоногийн турш тасралтгүй явуулсан. Бид тавдугаар сарын сүүлээр очиж байхад агаарын хэм 40 гарчихсан, тоосжилт үнэхээр их байлаа. Ер нь сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтөөс болж говьд асар олон зүйл өөрчлөгдсөнийг тэгэхэд илүүтэй анзаарсан. Гэхдээ онгон дагшин нутагтаа эрх дураараа нүүдэллэх талын малчдаа харахад үнэхээр сайхан санагдсан. Бид өглөө эртлэн босож, айлуудаар эмчтэйгээ явж үзлэх хийхээс  ажил эхэлнэ. Битүүхэндээ зураг авалтын үеэр  шинэ хүн хорвоод мэндлээсэй гэж хүсээд яваа юм. Гэхдээ хяналтад байсан ээжийн төрөх хугацаа арай болоогүй байж таарсан.  Өдөр бүр нар шингэсэн хэдий ч  эмчийн ажил дундрахгүй. Тэгсэн ч эмч ядарч байна гэж тээршаахгүй. Манай хөдөөгийнхөн чинь ямар ч сайхан сэтгэлтэй юм. Энэ далимд киног хамтран бүтээсэн Өндөршилийнхэн, Д.Эрдэнэчулуун эмчдээ болон  санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн найз нөхөд, таньдаг таньдаггүй маш олон хүнд талархлаа илэрхийлье. Аливаа уран бүтээл гэдэг хамтын  бүтээл байдаг юм. Энэ бол их олон хүний сэтгэл зүтгэлээр бүтдэг зүйл. Тэгэхээр бидний хамтын бүтээл Холливуд хүртэл “давхиж”, бүр цулбуур өргөн цоллууллаа. Сайхан байна.

 

 


ХОЁРДУГААР ХЭСЭГ - Бид маргааш юу болохоо мэддэггүй

 

Гэр бүлийн хамтаар...

 

 

ESA —Аав ээж тань их баяртай байгаа байх даа?


       —Энэ өдрүүдэд ээж, аав хоёр маань хамгийн их баяртай бас хамгийн их жаргалтай байгаа. “Уран бүтээлч болно” гээд нэг хүүхэн хэчнээн ч жил явав. Тэр тоолонд хоёр бурхан маань дэмжиж, өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр амжилт гаргахыг минь хүлээсээр л ирсэн. Тэрнийх нь үр дүн гарсан болохоор надаас ч илүү баярлаж байгаа юм. Миний аавыг Ц.Бира, ээжийг маань Б.Майням гэдэг. Хоёулаа Чойрын геологид олон жил ажилласан улс бий. Одоо Шивээговь суманд амьдарцгааж байна.

 


ESAБаримтат кинонд жүжиглэж болох уу?


           —Баримтат кино нь өөрийн онцлогтой. Үүний нэг нь хөндөж байгаа асуудлыг гоёчлох, зохиомжлох, гуйвуулах зүйл байж болохгүй. Баримтат кино нь амьд хүний ажил, амьдралыг өгүүлэх ёстой учраас “амьд” байх учиртай. Өөрөөр хэлбэл нэг л зүйл хуурамч болоход киноны амин сүнс нь алдагддаг. Их нарийн жүжиглэлт, зохиомж, тавилт гэж байхгүй. Тэр байтугай гэрэл ч тавихгүй. Яах аргагүй суугаад ярилцах тохиолдолд гэрэл тавих нь бий. Тэрнээс байгааг бодитоор харуулна гэдэг баримтат кино алтан хууль юм.


          Манай эмчийн хувьд анх удаа баримтат кинонд оролцсон учраас  эхний хэдэн өдөр сандарсан. Мэдээж, ажлаа хийж байхад нь байнга камер дагаад явах амаргүй л дээ. Гэсэн ч уужуу сэтгэлээр хандаж, зорилгыг маань ойлгосон учраас их тэвчээр гаргасан. Сүүлдээ ч дэргэд нь камергүй юм шиг ажиллаж сурсан. Үнэхээр магтмаар. Ажилдаа гаршчихсан хүмүүс чинь ямар ч сайхан байдаг юм бэ. Амтыг нь мэдэртэл ажиллаж байгаа юм. Бас ямар их тайван хүн гээч. Тэгэхэд би энд нь ч нэг , тэнд ч нэг гарч дэвхрээд. Өлөн нүдтэй ч гэж жигтэйхэн /инээв/.  Ёстой л нэр нь тодроогүй баатар гэж санагдсан. Ямар сайндаа би ажлын сиймхийг нь ашиглаад ярилцах гэсэн хүлээж тэсэхгүй хаалгыг нь түгжиж байх вэ. Бараг л хүчээр үдийн цайг нь уулгах хоорондоо ярилцаж амжсан юм.

 


    ESA — Технологийн ямар дэвшлийг “Нүүдэлчдийн эмч”-ээс харж болох вэ?


          —Киногоо хийхээсээ өмнө багш нартайгаа уулзаж их зөвлөгөө авсан л даа. Бид маргааш юу болохоо мэддэггүй. Тэр байтугай одоо ингээд сууж байгаа ч хэдэн хормын дараа юу хүлээж байгааг мэдэхгүй шүү дээ. Бид яг тийм таашгүй, тайлагдашгүйг л амжиж хальсанд буулгах гэж хүлээдэг улс. Тэр ганцхан тохиолдох алтан агшныг алдчихвал тэгээд л дуусаа. Уран сайхны кино шиг ахиад эхэлье гэх аргагүй. Тэгэхээр тэр агшныг барьж авна гэдэг уран бүтээлчдээс маш нарийн мэдрэмжийг шаарддаг юм. Мэдээж, энд сайн техник, аппарат хэрэгсэл хэрэгтэй. Тухайлбал, баримтат кино хэзээ юу болохыг таах аргагүй нөхцөлд ажилладаг учраас фокус нь автоматаар таардаг камер, дуу бичлэгийн аппаратыг ашигладаг. Баримтат киноны дүрс хөдөлгөөнтэй байж болно. Гол нь дууны гологдол байж болохгүй гэж үздэг. Киноны 50 хувийг дуу авч явдаг учраас 100 хувь цэвэр байх ёстой.    

 


  ESA Та Монголд байхдаа аль сургуулийг төгссөн юм бэ?


            —Одоогийн Говьсүмбэр аймаг буюу Чойрын  10 жилийг төгсөөд, МУИС-ийн түүхийн ангид орсон. Энэ сургуулиа төгсөөд Радио телевизийн дээд сургуулийг байгуулагдахад элсэн суралцаж, 1998 онд анхны төгсөгч нь болж байлаа. Сургуулиа төгсөөд Монголын Үндэсний телевизийн Соёл урлагийн редакцид найруулагчаар ажиллаж байгаад Лондон явсан. Энд ирээд арав гаруй жил болж байна.  Лондонд ирээд удалгүй /2009 онд/ Их Британи төдийгүй Еврот анхны Монголын соёлын төвийг байгуулсан. Өнөөдөр төв маань цар хүрээгээ өргөжүүлэн  монгол соёл урлагаа дэлхийн тавцанд гаргах зорилго тавиад ажиллаж байна. Үүний нэг нь “Нүүдэлчдийн өрхий эмч” кино болж байгаа юм.

 

ESA Ингээд ярьсан, та магадгүй эх орны тухай хамгийн сайхан тодорхойлолтыг хэлэх хүн шиг санагдлаа?


          —Манайхан чинь эх орноо магтан дуулсан их олон гоё дуу, шүлэгтэй ард түмэн шүү дээ. Ер нь энэ чиглэлийн уран бүтээлүүд асар их бий. Бид ч хүүхэд байхаасаа тэр эх орны шүлгийг уншиж, дууг нь дуулж өссөн улс. Тэгсэн атлаа эх орон яагаад сэтгэл зүрхэнд уяатайг тэр бүр анзаардаггүй байжээ. Ингээд хүний нутагт олон жил болохоор илүү үнэ цэнийг нь ойлгодог юм байна. Өнөөдөр энд хэн ч намайг Бирагийн Март гэж дуудахгүй. Энэ монгол бүсгүй л гэж ярина. Өөрөөр хэлбэл, ганцхан аав, ээжийн охин биш эх орны хүн болчихож байгаа юм. Ингэж улсаараа овоглуулсан хүн чинь эх орноо заавал нуруундаа үүрч явах болдог юм. Тиймдээ ч эх орныхоо нэрийг гаргах сан гэсэн үүрэг хариуцлага нь маш өндөр болдог санагдсан. Үүний тулд хийсэн ажил маань нөхөртэйгөө хамтран байгуулсан Монголын соёлын төв байна. Бид энд эх орноо тээж ирсэн улс.

 


ГУРАВДУГААР ХЭСЭГ: "Хүний амьдрал өөрөө өөртэйгөө тэрсэлдээд үнэнийг хайсаар  л дуусдаг юм биш үү"

 

 

 

ESA  Таны нөхөр бас найруулагч юм биш биз?


            Миний ханийг Түвшинбатын Адьшаажав гэдэг. Найруулагч биш л дээ. Манай хадам аав Түвшинбат нь “Гоо марал”-ын шагналт, кино зураглаач хүн байлаа. Манай хүн хар багаасаа л аавыгаа дагаж, урлагийн тогоонд чанагдчихсан хүн. Тэр утгаараа урлагийн их нарийн мэдрэмжтэй. Бид аливаа ажлыг эхлүүлэхэд яг нэг хүн болж ажиллаж чаддаг учраас надад их сайхан байдаг. Үнэндээ найруулагч гээд миний нэр яваа ч яс найруулаад байгаа нь манай нөхөр юм биш үү. /инээв/ Ер нь аливаа амжилтыг гаргахад  хань ижлийн тус дэм их чухал шүү дээ.

 

 

ESA  Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

 


          Бид гурван охинтой. Том охин маань Бээжингийн их сургуульд магистрт суралцаж байна. Удаах нь Лондонд сурч байгаа бол отгон охин маань энэ жил дунд сургуулиа төгсөнө.

 

 

    ESA  Хэзээ хамгийн сүүлд Монголдоо ирсэн бэ. Лондонд амьдраад л байх уу?

 


       Би 2015 онд Монголдоо очоод, үндэсний телевиздээ жил хэртэй ажиллаад ирсэн. Түүнээс хойш өнгөрсөн жил Баримтат киногоо хийхээр очсон. Мэдээж, эх орон шиг сайхан юм хаа байх билээ. Миний бага нас Чойрт өнгөрсөн. Тэндхийн нүд алдам тал, газар шороо очих бүрт минь эрч хүч нэмдэг. Нас тогтож байгаа болохоор ч тэр үү. Аливаа юмыг харах өнцөг залуугийнх шигээ байхаа больдог юм байна. Өмнө нь  анзаарч байгаа олон зүйлийг очих бүртээ шинээр илрүүлнэ гээч. Одоохондоо хүүхдийн сургууль соёлоос болоод буцаад ирсэн. Удахгүй сурсан, мэдсэнээ Монголдоо очиж хуваалцана. Залууст багшилна гэж боддог.

 

 

    ESA: Одоо хаана ажилладаг юм бэ?

 


        Монголын соёлын төвийнхөө ажлыг сайн дураараа хийнэ. Хажуугаар Лондонд герман, английн хамтарсан студид найруулагчаар ажилладаг.

 

 

    ESAНайруулагч Б.Март бүхий автортой хэдэн баримтат кино байдаг юм бэ?

 


         Одоогоор хоёр л кинотой. Арван хэдэн жилийн өмнө хийж байсан “Морины тарни” баримтат кино маань одоо ч Үндэсний телевизээр наадам болгоноор гардаг. Кинонд гурван настай, хөхнөөсөө ч гараагүй бяцхан хүү морь унах бэлтгэл хийж байгаа тухай гардаг юм. Зохиолч Б.Батрэгзэдмаа бид хоёрын бүтээл л дээ. Харин хоёр дахь нь “Нүүдэлчдийн өрхийн эмч” болж байгаа юм. Би ер нь голдуу түүхийн цуврал нэвтрүүлэг хийдэг байсан. Сэтгүүлч, УГЗ Ш.Гүрбазар ахтай хамтарч “Цоохор дэлгэц” гэж цуврал нэвтрүүлэг хийсэн. Энэ бүхэн баримтат киногоор ажиллахад түлхэц болсон.  Би фантастик ном зохиол, кинонд маш дургүй. Аль болох үнэнд л ойртохыг хүсдэг. Ер нь хүний амьдрал чинь өөрөө өөртэйгөө тэрсэлдээд үнэнийг хайсаар  л дуусдаг юм биш үү. Талийгч Б.Баатар багш маань “Миний охин үнэнд өөрийгөө дөнгөлүүлчихээд л явж бай даа” гэж хэлж байж билээ.

 

 

ESA Ярилцсанд баярлалаа. Шагнал урам хайрлаж, ташуур өгдөг. Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.


        Баярлалаа. Энэ кино үнэхээр их урам хайрлалаа. Гараагаа сайхан эхэлсэн болохоор далавчтай болсон мэт сэтгэл хөөрч байна. Нүүдэлчдийнхээ ахуй соёлыг дэлхийд таниулах зорилготой хэд хэдэн цувралыг хийнэ ээ.


  To be continued ...  


/Учир нь найруулагч Б.Мартын дараа дараагийн уран бүтээлээр ахин уулзахаар тохирсон юм/

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /73.229.68.158/

2018-04-08 06:52

Saihan yariltslaga unshlaa,bayarlalaa.Nairuulagch B.Mart bolon yariltslaga hiisen setguulchid uran buteeliin ulam undor amjilt husen erooye!

Хариулах 0 0
Зочин /64.119.18.117/

2018-04-07 10:06

Uneheer sonirholtoi,saikhan yriltslaga boljee

Хариулах 0 0
Зочинtsaagii /86.90.223.200/

2018-04-07 02:03

Syrgyylid syrch baixad bidnii ulger iishee baisan nytgiin egchee tsaashdiin ajil amidrald ni ylam ix amjiltiig xusen eruue

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.