Т.Гантөмөр: Орчны НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ барилгын зураг төслийн хамт баталдаг болно

2018-04-07 13:08

     Хот суурин газрын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дунджаар 12 м.кв байна. Харин Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6 м.кв. Энэ нь дэлхийн дунджаас 4.6 дахин бага үзүүлэлт. Тиймээс энэ хэмжээг 8 м.кв болгохоор  Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар “Нью Урбанизм” ХХК боловсруулж байна.



   

    Энэхүү мастер төлөвлөгөөнд “Орон сууцны барилгын ажил эхлүүлэх гэж буй барилгын компани зураг төслийнхөө дэргэд тухайн орон сууцны хотхоны ногоон байгууламжийн зургийг хамтад нь батлуулж байх, хэрэв ногоон байгууламжаа баталсан зураг төслийн дагуу хийгээгүй бол Улсын комисс хүлээж авахгүй байх” гэсэн зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа аж. 

 


    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хуулийн этгээд хот төлөвлөлт, барилга байгууламж барихдаа тохижилт, ногоон байгууламжийг барих төлөвлөгөөгөө барилгын зурагтай нь хамт батлуулдаг байх, тухайн барилгыг улсын комисс хүлээж авахдаа тохижилт, ногоон байгууламжийг нь шалгаж, хэрэв төлөвлөсний дагуу хийгээгүй бол хүлээж авахгүй байх зохицуулалтыг шинээр хийх гэж байна. Холбогдох хуулиудад объектыг барихдаа бий болгох ёстой ногоон байгууламж, зам талбайн хэмжээг тусгаж өгсөн ч аж ахуйн нэгжүүд үүнийг биелүүлдэггүй. Одоогийн орон сууцны хотхонууд авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, ногоон байгууламж байхгүй, тоглоомын талбай байхгүй гэх мэтчилэн зөрчил байсаар байгаа. Тиймээс барилгыг зураг төсөл ногоон байгууламжийн төлөвлөлттэй хамт байлгах хатуу шаардлагыг тавьж явах болно” гэв.


    ESA: Одоогоор энэ нь санал төдий боловч ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ гэж “Нью Урбанизм” ХХК-ийн захирал З.Туяа ярьж байна.

 


.
ESA: Барилгыг барьж эхлэхэд нь ногоон байгууламжийг зэрэгцүүлээд хийдэг байх нь ямар ач холбогдолтой вэ?  


-Процессыг сайжруулах шаардлага байгаа нь үнэн. Одоо газрыг эзэмшүүлэхдээ тохижилтыг бодох төлөвлөж байх ёстой. Барилгыг барихдаа зэрэгцээд ногоон байгууламжийг хийж байх юм бол орчин тойрон ая тухтай болно шүү дээ. Наад зах нь хүүхдийн тоглоомын талбай байхгүй, цэцэрлэгжилт үгүй гэж маргах шаардлагагүй болно. Зарим хувийн хэвшлийнхэн санаачилга гаргаж байна. Тухайлбал, Яармагт эхэлсэн Хүннү хорооллын бүтээн барилгын ажилтай зэрэгцээд ногоон байгууламжийг хийж байна. Одоогоор энэ нь санал төдийд яригдаж байгаа гэдгийг хэлмээр байна.

 

ESA: Тохижилт, ногоон байгууламжийг зөвхөн тохижилтын ажилтнууд хийх ёстой гэсэн ойлголт байдаг. Иргэд хотын тохижилтод ямар үүрэгтэй вэ?
 
-Хот суурин газарт хүний гараар үүсч байгаа сөрөг нөлөөллийг яаж, хэрхэн бууруулах вэ гэдгийг шийдвэрлэхийг зорьдог үзэгдлийг ногоон байгууламж, ногоон дэд бүтэц гэж нэрлээд байгаа юм. Гэтэл манайхан ногоон байгууламжийг тохижилт, цэцэрлэгжилт, мод, бут сөөг, хүүхдийн тоглоомын талбай гээд хуваагаад нэг цогцоор шийдэж чадахгүй, хэсэгчилж хийж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудаас хот сууринтай холбоотой хамгийн том хууль нь хот байгуулалтын тухай хууль юм. Газар, байгаль орчны асуудлыг зөвхөн хотын эдийн засгийн хүрээнд шинээр бий болж байгаа орчиндоо хамаатуулж ойлгодог. Тэгтэл барилгажилтад талбай олгохдоо тухайн газрын хэдэн хувь нь ногоон байгууламж байх ёстой юм бэ гэдгийг тусгаж өгдөггүй.


     Өнөөдөр хот тохижилт гэхээр хотын захиргааны хийх ёстой ажил юм шиг боддог ч газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн бүрийн үйл ажиллагаа хэрэгтэй. Нэг хүнийг хүрээлээд орчны бохирдол үүсч байдаг. Тэр бохирдлыг иргэн хэрхэн бууруулж чадаж байна вэ гэдэг нь хувь хүний ойлголт юм. Тэгэхээр хот тохижилтын ажил нь зөвхөн тохижилтын хэдэн ажилчид, хотын удирдлагуудын ажил биш гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс хот байгуулалтын тухай хуулийг хотын эдийн засгийг хөгжүүлэхэд бус иргэн болгоны мөрддөг хууль болгох шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, харилцааны болон хариуцлагын маш том механизм байвал үүнийг зөв зохион байгуулах боломжтой болох юм. Бид ногоон байгууламжийн талаар нэгдсэн зөв ойлголттой байж чадвал хотдоо эрүүл, ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэж ойлгох хэрэгтэй.


ESA: Орон сууцны барилгыг барихдаа ногоон байгууламжийг ямар байдлаар хийх ёстой юм бэ. Барилгын тухай хууль болон Газрын тухай хуульд энэ  талаар тусгасан заалт байдаг уу?


-Орон сууцны хорооллын нийт талбайн 25 хувь нь ногоон байгууламж байх ёстой. Хот байгуулалтын тухай хуульд орон сууцны хорооллын нийт талбайн 30 хувь, Барилгын тухай хуульд олгосон талбайн 70 хувь нь барилгажих ёстой гэсэн заалтууд байдаг. Уг нь хотын барилгажсан бүс дотор нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ нь 15 м.кв байх ёстой гэх мэт дүрэм, журам байдаг. Гэтэл үүнийг хангах боломж алга.


   Олон улсын судалгаанд нэг бут сөөг нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд 2-20 хувь хүртэлх үнийн өсөлтийг өгч байдаг. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө сонгоход хамгийн чухал үнэ цэнийг нь нэмж байдаг зүйл бол ногоон орчин. Нэгдсэн төлөвлөлт бүхий хотхоныг барьж байгуулах үндсэн шалгуур, чухал үзүүлэлт нь ногоон байгууламж байдаг.  Гэтэл өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн татвар байхгүй учраас ногоон байгууламжийн үнэлгээг хэмжиж чадахгүй байна. Нэг мод тарьснаар хүлэмжийн хийг хэрхэн бууруулдаг, ногоон байгууламжийг бий болгосноор бидэнд ямар ашигтай вэ гэдгийн хэмжигдэхүүн байхгүй. Эхлээд иргэдийн оролцоог нэмэхийн тулд оролцоог дэмжсэн хөшүүргийг бий болгох хэрэгтэй байна.


    ESA--- Улаанбаатар хотын нийт эдэлбэр газрыг 35 мянган га-гаар тогтоосон бол үүний 17 мянган га орчимд нь тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой байна. Нийслэлийн ногоон байгууламжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо цогц ногоон байгууламжийн төлөвлөлт хийсний дараа нь баталдаг байх тогтолцоог санал болгож байгаа юм. Одоогоор энэхүү тогтолцоо нь саналын түвшинд яригдаж байгаа гэдгийг дахин онцолж байна.


    Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулах ажил 60 орчим хувьд үргэлжилж буй бөгөөд тун удахгүй энэхүү төлөвлөгөөг Нийслэлийн удирдлагуудад өргөн барих юм. Улмаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нийслэлийн Засаг даргаар мастер төлөвлөгөөг батлуулснаар хэрэгжиж эхлэх аж.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

albakel /93.65.89.201/

2018-06-25 06:15

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.