Ө.Эрдэнэ-Очир: ХУУЛЬ ЗӨРЧИЖ МҮБХ-ны тэргүүн болсон Б.Бат-Эрдэнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ШАЛГУУЛНА

2018-04-09 09:20

    МҮБХ-ны наймдугаар “Их Эе” хуралдаан өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр дуулиан шуугиан хэл амтай болж өнгөрсөн.



 

    Уг их хурлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүнээр томилсон. Уг томилгоог хууль бус гэж үзэн эсэргүүцэж буй хүмүүс ч цөөнгүй байна. Үндэсний бөхийн ертөнцөд өрнөх болсон талцал хуваагдлыг бодлогын зөрүүтэйгээс үүссэн зөрчил, нутаг ус, ХАЛХ-ОЙРАДЫН тэмцэл, Бөхийн өргөөнөөс эхтэй өмчийн маргаан мэтээр ойлгуулж, “тогоон дотор хэрүүл” болгон тайлбарлахыг бид бишгүй сонссон.Харин аль 2003 оноос энэ асуудал хууль, шүүхийн хүрээнд хэрхэн өрнөсөн талаарх баримттай дүгнэлтэд тулгуурласан хуулийн хэлээр ойлгуулах тайлбарыг авах нь зүйтэй болов уу гэсэн үндсэн дээрээс “Mon Law”хуулийн фирмийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

 

    МҮБХ-ны удирдлагатай холбоотой маргаан одоо ч анхаарлын төвд байна. Энэ асуудлыг бөхдөө хайртай Монголын үзэгчид өөр өөрийнхөөрөө ойлгож, дүгнэсээр ирлээ. Талцаад байгаа хоёр тал ч өөр өөрийнхөө өнцгөөс  тайлбарлаж, асуудалд хандсаар ирлээ. 
    

 

 

    Олон нийт Үндэсний бөхдөө хайртай Монголын ард түмэн үнэн зөв баримттай мэдээлэлгүйн улмаас худал үнэн яриа, хар Пи-Ар д автагдаад байна. Манай Өмгөөллийн Мон Ло фирмийн өмгөөлөгчид энэ асуудлыг анх үүссэн үеэс эхлэн оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж байсан учраас бүх албан ёсны баримт мэдээллүүд бидэнд байгаа юм. 
    

    Миний хувьд Монголын Үндэсний бөхийн холбооны хууль ёсны удирдлага болох Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нарын нэхэмжлэлтэй иргэн болон захиргааны хэрэгт тэдгээрийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас өмнө гарсан шүүхийн шийдвэрүүд болон тус маргааны үед гарсан захирамж, бодит баримт бүхий фактын талаар мэдээлэл өгье. 

 

    Нэн тэргүүнд сөхөгддөг онцлохүндэслэл ньТөрийн бус байгууллагын дотоод асуудалд Төр засаг, хууль шүүхийн байгууллага оролцох ёстой юу гэсэн асуудал. Монгол Улсад мөрдөгдөж буй Төрийн бус байгууллагын тухай хууль гэж бий. Уг хуулинд ямар зохицуулалт байдаг юм бэ?
 

 

    Гэр бүлийн эд хөрөнгийн маргаан иргэний шүүх дээр шийддэг биздээ. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал зөрчил болон эрүүийн журмаар шийдвэрлэгддэг. Р.Нямдорж гуайн дээрх тайлбараар бол “эр эмийн хооронд илжиг бүү жороолоо” “гэр бүлийн дотоод асуудал” төр оролцох ёсгүй гээд суугаад байх уу?Гэр бүлийн гишүүний эрх зөрчигдлөө гэж шүүхэд хандсанаар маргааныг шүүх шийдвэрлэж тус шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлнэ шүү дээ. 

 

    Төрийн бус байгууллага учраас ерөөсөө хууль үйлчилдэггүй гэсэн ойлголт байхгүй шүү дээ.Тухайлсан Төрийн бус байгууллагын тухай хууль гэж байна.Төрийн бус байгууллагын аль нэгэн албан тушаалтан төрийн бус байгууллагын тухай хууль болон дотоод дүрмээ зөрчсөн гэж маргалдаж  энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлэгддэг. тогтолцоотой. Түүнээс биш ТББ гэхээрээ дур зоргоороо авирлаж хууль зөрчиж гишүүдийнхээ эрхийг зөрчиж болдог, гаргасан зөрчлийг нь шүүх хянахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  хэрэгжилтийг нь биелүүлэх  шаардлага тавих эрхгүй юм шигээр ярьж тайлбарлах нь “Монгол Улсын хууль манай  холбоонд үйлчлэхгүй” гэж хэлж байгаагаас өөрцгүй. Монгол улсад хуулиас гадуур хэнбугай ч байхгүй. Бүгд хуулийн дор байж дагаж мөрдөх нь үндсэн хуулийн зарчим шүү дээ. 

 

    Тэгвэл МҮБХ хэмээх ТББ-ын дотоод асуудал ямар шалтгааны улмаас шүүхийн асуудал болж хувирав? МҮБХ-ны удирдлагын төлөөх тэмцэл 2003 оноос эхтэй гэдгийг бөх сонирхогчид гадарладаг ч чухам юунаас үүдэж шүүхийн хаалга татав гэдгийг тэр бүр мэддэггүй. Хуулийн хүрээнд ямар асуудал өрнөснийг тайлбарлаж өгөөч?
 

 

    Шүүх бол хэн нэгний нэхэмжлэл гомдол дээр үндэслэж хуулийн хүрээнд зохих ёсны шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх санаачлагаараа аливаа байгууллагын ажилд хөндлөнгөөс хяналт тавьж шалгаад байдаггүй. Харин МҮБХ-ны хувьд юу болсон гэхээр 2002 оны 12 сарын 23-ны өдөр МҮБХ 4-р Их эеээ хуралдуулсан. Хурлаар хэлэлцэх асуудлын дотор МҮБХ-ны тэргүүныг сонгох асуудал багтсан байсан боловч ”хурлын ирц болон саналын хуудасны тоо хоорондоо зөрсөн”  үндэслэлээр тэргүүнийг сонгож чадалгүй тарсан байдаг. 

 

    Гэтэл Р.Нямдорж  нь 2002 оны 12 сарын 23-ны 4-р Их эеийн сонгуулийг хүчинтэйд тооцуулах буюу өөрийгөө  МҮБХ-ны тэргүүн мөн болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд анх гаргасан байдаг.

 

 

    Р.Нямдорж тэргүүний өөрийнх нь гаргасан нэхэмжлэлийг тухайн үеийн Баянзүрх дүүргийн шүүх 2003 оны 2 сарын 28-ны өдрийн 185 тоот шийдвэрээр “Рэгжээбуугийн Нямдоржийн 2002-12-23-ны өдөр явуулсан Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний сонгуулийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож” гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл Р.Нямдоржийг МҮБХ-ны хууль ёсны тэргүүн биш болохыг Баянзүрх дүүргийн шүүх тогтоосон.  Уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатанд хэвээр үлдэжУлсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2003 оны 7 сарын 1-ний өдөр 403 тоот тогтоолоор “МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус Их Эеийг 2003 оны гуравдугаар улиралд багтааж хуралдуулах ажлыг МҮБХ-ны цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай гэж нэмэлт оруулж тогтоосон. 

 

    Аль 2003 онд л МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдоржийг ажиллах эрх зүйн чадамжгүй болохыг Дээд шүүх тогтоож, шинэ тэргүүнийг яаралтай сонго гэсэн үүрэг өгсөн байна шүү дээ. Гэтэл яагаад шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлээгүй юм бол?     

 

    Дээд шүүхийн шийдвэр нэгэнт ингэж гарсан учир Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Дээд шүүхийн шийдвэрийг иргэн Р.Нямдорж сайн дураараа биелүүлээгүй. Иймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2003.11.18-ны өдрийн 1304 тоот шүүгчийн захирамж бичигдсэн. 

 

 

    Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед 2004 оны 02 сардР.Нямдоржшүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түтгэлзсэн. Асуудлыг 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005 оны 1 сард эхлэн үргэлжлүүлэн явуулсан. 

 

    Р.Нямдорж нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг авдаггүй, Бөхийн өргөөнд хувийн хамгаалалт гаргаж ШШГ байгууллагын ажилтануудыг оруулдаггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан цэцдийн зөвлөлийн гишүүдийг элдэв хэл амаар доромжлох, ШШГБ-ын ажилтануудыг ажлаа мэддэггүй, төрийн байгууллага байж төрийн бус байгууллагын ажилд оролцох гэлээ хэмээн хэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас товлосон цэцдийн зөвлөлийн хурлыг болохгүй тул битгий очоорой гэж цэцдийн зөвлөлийн хурлын гишүүдэд утсаар мэдэгдэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн албан бичиг хүртэл өгөх зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна гэж ШШГБ тодорхойлсон байдаг. 

 

    Энэ үйлдэлүүдтэйн холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна” гэж Р.Нямдоржид захиргааны хариуцлага хүлээлгэхээр шүүхэд, эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад тус бүр 2 удаа хандаж байсан байдаг. 

 

    Үүнээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Р.Нямдоржтой холбогдуулан хэрхэн үйлээ үзсэн нь болох нь тодорхой харагдаж байгаа юм.

 

    Ийм байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага Р.Нямдоржтой муур хулгана болсоор байтал 2010 оны 12 сарын 06-ны өдөр тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гадуур Ээлжит бус 6-р Их Эе гэж хуралдуулан тэргүүнээр сонгогдож улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 

 

    Р.Нямдорж 2010 онд Их эеээс тэргүүнээр сонгогдож хууль ёсны тэргүүн болсон гэсэн үг юм уу?

 

    Үгүй л дээ. 6-р Их эеээ дүрмээ зөрчин Их эе зарласан, өөрийг нь дэмждэггүй бөхчүүдэд мандат олголгүй Их эеийн хуралд оролцуулаагүй гэдэг үндэслэлээр  2011 оны 04 сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1003 тоот шийдвэрээр “МҮБХ-ны 6-р Их эе, түүнээс гарсан 1-9 тоот тогтоол, МҮБХ-ны тэргүүлэгчдийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байдаг. Үүний 04 тоот тогтоол нь Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосон тогтоол байдаг. Тус шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдэж хуулийн хүчин төгөлдөр болсон. 

 

 

    Гэвч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2010.12.06-ны Их эеийн тогтоолууд тэр хэвээр нь өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа юм. Энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй бас нэгэн хэлбэр шүү дээ. 

 

    МҮБХ дахиад тэргүүнгүй болчихлоо. Тэгээд яасан бэ?

 

    Улсын дээд шүүхийн 2003 оны 403 тоот тогтоол биелээгүй л байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай тул гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2014.02.11-ны өдөр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг хуралдуулсан. Хурлаар Тэргүүнийг сонгох асуудлаар Ээлжит бус Их эе зохион байгуулахаар товыг тогтоосон.

 

    Тус Цэцдийн зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан Р. Нямдорж  шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг нь “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн” 2014 оны 06 сарын 24-ны 67 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Р.Нямдорж давж заалдах болон хяналтын шатанд хандсан боловч мөн л гомдлыг хангалгүй орхисон.

 

    Шүүхийн шат шатны шийдвэрүүд МҮБХ-ны тэргүүн гэгдэх Р.Нямдоржийн эсрэг хэдэнтээ гарсан юм байж. Гэтэл шүүхийн шийдвэрийн хэрэгжилт ер нь биелэсэн юм болов уу?

 

    Шүүхээр хүчин төгөлдөр гэдэг нь тогтоогдсон Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлж 2017 оны 05 сарын 28-ны өдөр Ээлжит бус Их эеийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохион байгуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгож, цэцдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр сонгож баталгаажуулжсая шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулсан. 

 

    Энэ тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 сарын 08-ны 686 тоот тогтоол гарч шүүхийн шийдвэрийг дээрх байдлаар биелүүлж дууссан тухай тогтоосон. 

 

    Уучлаарай яриаг чинь таслах нь... Бөхийн холбооны тэргүүнийг шинээр сонгосон процесс дээр жаахан төвлөрч ярилцъя. Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсон гээд байгаа Их Эеийн ирц ямар байсан бэ? Мөн холбооны тэргүүнийг сонгох сонгууль дүрэм журмын дагуу шударга өрнөсөн үү? Холбооны тэргүүний өрсөлдөөнд хэдэн хүн нэр дэвшсэнээс хэдэн хувийн саналаар Л.Чинбат ялалт байгуулсан юм бэ?

 

    2017 оны 5 сарын 21-ний өдрийн ээлжит бус  “Их Эе” хуралд нийт төлөөлөгчдийн 85 хувь буюу 170 төлөөлөгч хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр зохион байгуулагдах чадамжтай болсон. Уг “Их Эе”-ийн хуралдааны үеэр МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгох сонгууль зарлахад танхимаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, бөхийн зүтгэлтэн Л.Чинбат, Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар нарын дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн. Ингээд  Л.Чинбатаас бусад гурван нэр дэвшигч нэрээ татаснаар хуралд оролцсон төлөөлөгчдийн 99 хувийн саналаар Гачуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсон юм.  

 

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт дор болсон “Их Эе”-ээрЛ.Чинбатыг тэргүүнээр сонгосон ч одоог хэр нь түүнд МҮБХ-ны тамга тэмдэг байхгүй байна шүү дээ. Тамга тэмдэггүй холбооны тэргүүний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэдэг эргэлзээтэй.Одоо эсрэгээрээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамга тэмдэг гардаад авчихлаа шүү дээ?

 

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаар зохион байгуулагдсан Их эеэс сонгогдсон шинэ тэргүүн Л.Чинбат Р.Нямдоржоос ажлаа хүлээлцэж авах гэхээр тамга тэмдэгээ өгдөггүй. Сонгогдсон шинэ тэргүүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Л.Чинбат гэж хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч  Монголын шүүх засаглал, Монгол улсын Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү дээ. Хэд хоногийн өмнө нь ч Монголын хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн саад учруулж, хэрхэн дээрэлхэж доромжилдогоо харууллаа шүү дээ.

 

    Эрүүгийн хуулийг санаатайгаар зөрчсөн дээрх үйлдэлд нь үндэслэж ШШГБ-аас цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар хэсэг шалгаж байгаад л хаачихдаг. Хэд хэдэн удаагийн үйлдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх ажиллагааг үл тоосноороо хуулиас гадуур бүрэн дархлагдсан мэт авирладаг болчихлоо.  Монголд хуулиа мөрдөж хэрэгжүүлж байгаа  нь бус бяртай хүчтэй нь эзэрхийлээд сурчихсаны жишээ энэ л дээ.

 

    МҮБХ-ын хууль ёсны тэргүүн Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар нар иргэн Р.Нямдоржоос МҮБХ-ны тамга, гэрчилгээг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд хандаж гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэж байгаа. 

 

    Тус хэргийн явцад шүүх “Р.Нямдоржийг МҮБХ-ны гэрчилгээ, тамга, тэмдэгийг ашиглахгүй байхыг даалгасан”. Гэтэл мөн л захирамж зөрчин тэр тамгаа Б.Бат-Эрдэнэ гишүүнд өгчихлөө шүү дээ.

 

    Ерөөсөө бөхийн холбоо тойрсон энэ бүх асуудал Р.Нямдорж гэж хүнд л байгаа юм шигээр ойлгогдож ирлээ. Энэ хүн л холбооны ажлыг хүлээлгэн өгч Дэд тэргүүн Д.Данзангийнхаа хамтаар үндэсний бөхөөс холдоод өгвөл талцал хуваагдал арилж, шүүхийн маргаан ч эцэслэгдэх юм шиг тайлбарлаж байсан олон хүн бий.  Одоо нэгэнт Р.Нямдорж ажлаа өгчихсөн учраас Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй холбоог шинэчлэгчдийн тэмцэл зогсох уу?

 

    Бид нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. 2003 оноос хойш Р.Нямдорж гэж хүн МҮБХ-ны тэргүүн огт байхаа больсон. Тиймээс энэ бүх хугацаанд энэ хүний гаргасан шийдвэр, томилгоо бүгд хууль бус хүчингүй. 

 

    Улсын дээд шүүхийн 2003 оны 403 тоот тогтоолыг зөрчсөн мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.20-ны 5255 тоот захирамжаар “2018.03.24-ны Их эеийг хуралдуулахгүй байхыг даалгасан. Тус захирамжийг гардуулаж биелүүлэх шаардлага тавихаар очсон шийдвэр гүйцэтгэгчийг оруулалгүй бөхийн өргөөнөөс чирч гаргаж, элдэвээр дайрч доромжлож, бараг л зодохоо алдлаа шүү дээ.  

 

    Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг үл биелүүлж зохион байгуулсан  2018 оны3 сарын 24-ний өдөр хуралдсан “Их Эе” бүхэлдээ түүнээс гаргасан бүх шийдвэр, томилгоо хүчин төгөлдөр бус юм. 

 

    2018 оны 03 сарын 24-ны 8-р Их эе гэгч бол хэрхэн хуулийг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэггүй болохоо олон нийтэд шууд үзүүлсэн тайлан тоглолт шүү дээ. 

 

    Буруу зам, аргаа зөв үр дүнд хүрнэ гэж байхгүй. Тиймээс Б.Бат Эрдэнэ аварга МҮБХ-ний тэргүүн болчихоор асуудалд шийдэгдчихэж байгаа хэрэг биш шүү дээ. Энэ сэлгээ бол солигдож харагддаг зураг шиг л бусдыг хуурч буй  үйлдэл.

 

    Эрх зүйн чадамжгүй болсон холбооны удирдлага хууль зөрчин зохион байгуулсан “Их Эе”-ийн бүх тогтоол шийдвэр хүчин төгөлдөр бус, Мөн хууль ёсны тэргүүн Л.Чинбат гэдэг хүн сонгогдсон, Шүүгчийн захирамжаар явуулахыг хориглосон хурлыг явуулж болохгүй гэдгийг  Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д 2004 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй сонгогдсон, хууль зүйн шинжлэх ухааны доктор, УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалж явсан туршлагатай төрийн түшээ Б.Бат-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хууль бус “Их Эе”-д оролцоод зогсохгүй хурал даргалж, тэгээд ч зогсохгүй өөрийнхөө даргалсан хурлаас өөрийгөө тэргүүнээр сонгуулна гэдэг юу гэсэн үг вэ? Хууль тогтоогч төрийн түшээ нь хуулиа дээдлэхгүй байхаар хэн Монгол Улсад хуулийг сахиж мөрдөж шүүхийн шийдвэрийг биелүүлэх юм бэ?

    МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж гуай ч бас хууль зүйн шинжлэх ухааны доктор төдийгүй МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал байсан хүн шүү дээ. Тэрбээр 3 сарын 24-ний  бямба гаригт болсон “Их Эе” дээр шүүхийн шийдвэр буруу гарсан гэж тайлбарлана лээ?

 

    Улсын Дээд шүүхийн тогтоолын зөв бурууг иргэн Р.Нямдорж мэтийн хүмүүс дэнслээд байх юм бол хууль, шүүх оршин тогтноод яах юм.  Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлаар хандах юм гэсэн. Үнэндээ Монгол Улсын Төрийн Тэргүүн ч шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг бас мэдмээр юм.

 

    МҮБХ-ны энэ асуудал нь хэн нь удирдлага байх вэ гэдэг кейс биш. Энэ нь шийдэгдчихсэн асуудал. Харин Монгол Улсад хууль нь үйлчлэж, шүүхийн шийдвэр нь хэрэгжих үү үгүй юу гэдэг асуудал юм байгаам ш дээ. 

 

    Сүүлийн хэдэн жил МҮБХ-г Монгол Улсын хуулийг дагаж мөрдөж, хуулийн хүрээнд шийдвэр гаргахад хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласны хувьд “Mon Law” хуулийн фирмийн зүгээс хийх дараагийн шаардлага, арга хэмжээ юу байх вэ?

 

    Шүүхээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон 2010 оны 12 сарын 06-ны 6-р Их эеийг ч бас Б.Бат-Эрдэнэ гишүүн даргалаж байсан юм байна лээ. МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн гаргасан хууль бус шийдвэр үйл ажиллагаанд Б.Бат Эрдэнэ аварга оролцож дэмжиж ирсэн нь үүнээс харагддаг. Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл өгч хэлэлцүүлнэ. УИХ-ын гишүүн буюу хууль тогтоогч нь өөрийнхөө батлалцсан хуулиа бүдүүлгээр зөрчиж шүүхийн шийдвэр, захирамжийг уландаа гишлэж байна. Гэтэл УИХ-н гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн нь “хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; “ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх” зэрэг үүрэг хүлээсэн байдаг юм байна. 

 

    Хэрвээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо танай хуулийн фирмийн гаргасан асуудлыг хүлээж авахгүй бол яах вэ?

 

    Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-д Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх болно. Дээд шүүхийн шийдвэрийг бусад шатны шүүх болон бусад бүх этгээдүүд биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тов тодорхой зөрччихөөд байхад УИХ-ын Ёс зүйн хороо ном журмын дагуу шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах бас нэгэн боломж бий. 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 6 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (6)

Зочин /202.9.40.254/

2018-04-18 18:09

чамд бөх ямар хамаа бна овооны наадам гарч үзээгүй [хориотой үг] минь Сүхбат больж үз солиорсон [хориотой үг]

Хариулах 0 0
Зочин /66.181.160.113/

2018-04-09 20:05

oo minii dvv zow ymni toloo bol zvtgeed bai amijilt

Хариулах 0 0
СЭЖГИЙН ялгадсаар хоололдог гичий минь зайл!!! /103.212.117.202/

2018-04-09 20:04

Угаадсаар хоололдог ГӨЛӨГ минь [хориотой үг]!!! Монгол бөхөө Монгол аварга нь яаха мэднэ за!! СЭЖГИЙН ялгадсаар хоололдог гичий минь [хориотой үг]!!!

Хариулах 1 1
Зочин /202.9.40.188/

2018-04-09 19:27

тийм сүрхий байсан юм бол 2003 оноос авах нь яасан юм. аль аль тал нь балайрчихсан юм байна.бүр тараагаад хаячихаач

Хариулах 0 0
Зочин /99.203.119.187/

2018-04-09 14:41

Oдоо хууль шүүхийнхэнд итгэхгүй. энэ эрдэнэ-очир гэж хэн юм бэ? Mөнгөтэй болохоор нь чинбатын төлөө зүтгээд байгаа юмаа даа

Хариулах 0 0
Тиймээ наад БУЗАР новшнууд /103.212.117.202/

2018-04-09 20:05

[хориотой үг]ааа Бузарын [хориотой үг]нууд!! Монгол бөхөд бузар шуналаараа бүү гай бол

Хариулах 0 0
Зочин /122.201.17.22/

2018-04-09 14:01

Ganbaatarr

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.