2018 оны эхний улиралд дэлхий дахинд болсон ДУУЛИАНТ ҮЙЛ ЯВДЛУУД

2018-04-09 11:56

    “Эх сурвалж” агентлаг дэлхий дахинд өрнөсөн томоохон үйл явдлуудыг улирал тутам тоймлон хүргэж эхэллээ. Зарим бүс нутаг дахь зэвсэгт мөргөлдөөн, дүрвэгсэдийн асуудал, байгалийн гэнэтийн үзэгдлүүд өмнөх оны нэгэн адил үргэлжилж буй хэдий ч таамаглашгүй өөрчлөлтүүд гарч буйг энд онцолж байна. 



 


АЛТАН БӨМБӨРЦӨГИЙГ “ХАРЛУУЛЖ” ХАРВИ ВАЙНШТЕЙНИЙГ ДАМПУУРУУЛСАН ХӨДӨЛГӨӨН 

 


    Телевизийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг нэрлэдэг “Алтан бөмбөрцөг” наадмын 75 дахь шалгаруулалт нэгдүгээр сарын 7-нд Беверли Хилтонд болж өнгөрсөн. Энэ жилийн наадмын зочид хар хувцсаар жигдэрсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Америк төдийгүй  дэлхий дахинд хүчээ авсан бэлгийн  хүчирхийллийн эсрэг #MeToo  /Би ч бас/ болон арьс өнгө, хүйсийн тэрш эрх, цалин, зэвсгийн асуудлыг хөндсөн  #Time is Up хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж ийнхүү хар хувцсаар жигдэрчээ.


    Тус наадмаас “Сисил Б.ДэМилл” шагналыг гардан авсан алдарт сэтгүүлч Офра Винфрэйн индэр дээрээс бэлгийн хүчирхийллийн эсрэг хүчтэй үг хэлж уур амьсгалыг тус хөдөлгөөнд нэгтгэсэн юм.
Грэмми цагаан сарнайгаар нэгдэв.

 

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдэгүүд тодорлоо


    Орчин үеийн хөгжмийн урлагийн дээд шагнал гардуулах Грэмми наадмын 60 дахь удаагийн ёслол энэ жил нэгдүгээр сарын 28-нд Нью Йорк хотын Мэдисон Скүэр Гарденд болж өнгөрлөө. Хүрэлцэн ирсэн зочид мөн хүчирхийллийн #TIMESUP  хөдөлгөөнд нэгдэж цагаан сарнайгаар ижилссэн юм. Тус ёслол өндөрлөсний дараа шударга бус шалгаруулалт, хүйсийн тэгш эрх алдагдсан зэрэг гомдол санал өрнөв.


Харви Вайнштейн дампуурлаа 

 


    Холливудад нөлөө бүхий байр суурьтай байсан продюсер Харви Вайнштейнийг тойрсон бэлгийн дарамт, ажлын байрны зүй бус хандлага илэрснээр түүний дүүтэйгээ эрхэлдэг компани дампуурлаа зарласан юм.

Вайнштейний жолооч байнга

БЭЛГЭВЧ авч явах үүрэгтэй байжээ


Оскарын хөтлөгч хүчирхийллийн эсрэг дугарав

 


    Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 4-нд Лос Анжелос дахь Холливудын Долби театрт болж өнгөрлөө тус наадмыг хөтөлсөн Жимми Киммел мөн #TIMESUP  хөдөлгөөний талаар дурьдлаа. Энэ жил Оскар наадмын гол кино “Усны галбир” /Shape of water/ байв. Тус кино 13 номинацид нэр дэвшиж дөрвөн шагнал авчирсан юм. 

“ОСКАР – 2018” тоон хэлээр


ХОГОНД ДАРАГДАХ АЮУЛ БУЮУ ХЯТАДЫН ШИЙДВЭР

 


    Энэ оны эхээр БНХАУ гадаад улс орнуудаас 24 нэр төрлийн дахин боловсруулах түүхий эд импортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Тус шийдвэр Хятад руу хуванцар хаягдлаа гаргадаг, дотооддоо дахин боловсруулах үйлдвэрлэл багатай улс орнуудад хүндхэн цохилт боллоо.

Ч.Уранцэцэг: Хот удахгүй

ХУВАНЦАРТАА ДАРАГДАНА

 

    Тухайлбал,  Британи маш их хэмжээгээр хуримтлагдсан хуванцар хаягдлаа хадгалах газаргүй болсны улмаас зарим хэсгийг шатаахаас аргагүй болсон нь байгаль хамгаалагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. 


ДАВОСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

 


    Швейцарь улсын Давос хотноо жил бүрийн эхээр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулга уулзалт нэгдүгээр сары 23-нд эхэлж дөрөв хоног үргэлжилсэн. Энэ жилийн чуулга уулзалтад АНУ-ын Дональд Трамп оролцсон нь олон талын хүлээлт үүсгэсэн онцлогтой болж өнгөрсөн. 

Трамп: Америк нэгдүгээрт байх ёстой 


СПОРТЫН ЕРТӨНЦИЙГ ЦОЧРООСОН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

 


    АНУ-ын хөнгөн атлетикийн Олимпийн шигшээ багийн эмч Ларри Нассар 20 гаруй жилийн турш 150 тамирчин, тэр дундаа насанд хүрээгүй тамирчин охидод бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг нэгдүгээр сард илэрч олон нийтийг цочроолоо. Энэ хэрэг спортын  түүхэн дэх хамгийн олон хохирогчтой хэрэг хэмээн бүртгэгдсэн юм. Түүнд шүүхээс 175 жил хүртэл хугацаагаар хорих ял оноогоод байна.

 


СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ “ДУЛААЦУУЛСАН” ӨВЛИЙН ОЛИМП

 


     Өвлийн олимпын 23-р наадам БНСУ-ын Пёнчан хотноо хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд  болж өнгөрлөө. Тус наадам спортын төдийгүй дэлхийн улс төрд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм. 


    Олимпод ОХУ-ын баг тамирчид сэргээш хэрэглэсэн асуудлаас болж улсынхаа нэрийн дор өрсөлдөх боломжгүй болсон бол хоёр Солонгос нэгэн далбаан дор нэгдснээрээ онцлогтой байлаа.

Өвлийн олимпийн нээлт:

Оросууд олны уухайн дор,

Тонгогийн тамирчин бүсгүйчүүдийн

харц булаан алхлаа


    Өвлийн  олимпийн наадмын нээлтэнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы төрсөн дүү Ким Ёо Жон тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол хаалтын ажиллагаанд мөн өндөр алба тушаалтнаар ахлуулсан төлөөлөгчид оролцсон нь хойгийн асуудлыг нааштай уур амьсгалтай болгох таатай боломж хэмээн ажиглагчид дүгнэсэн юм.


АМЕРИКЧУУДЫГ НЭГТГЭСЭН ХАЛДЛАГА 

 


    Флорида мужийн Парклэнд дэх дунд сургуульд 17 хүний амь нас бүрэлгэн 14 хүн шархдуулсан халдлага хоёрдугаар сарын 14-нд гарсан нь Америк орныг төдийгүй дэлхийд жихүүдэс төрүүлэв. Уг халдлагыг тус сургуульд сурч байсан 19 настай Николас Круз гэгч залуу үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Амиа алдагсадын 14 нь сурагчид, гурав нь сургуулийн ажилчид байв.

Жагсагчид: Ерөнхийлөгч Дональд Трамп

болон улс төрчид ИЧЭЭЧ!


    Америк даяар гарч буй зэвсэгт халдлага хэрээс хэтэрснийг чангахан мэдрүүлсэн энэ явдлын дараа америкчууд зэвсгийн хяналтыг чангатгахыг эрх баригчидаасаа удаа дараа шаардсаар буй ч дорвитой шийдвэр гараагүй байна.


ШИ ЖИНЬ ПИН ЗАСГИЙН ЭРХЭНД ДАРХЛАГДАВ

 


    БНХАУ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулснаар Ши Жиньпин төрийн эрхийг хугацаагүй барих боломж бүрдсэн явдал дэлхий дахины анхаарлыг татсан явдал байлаа.

СNN: Хятадын ерөнхийлөгч

Ши Жин Пин ЗАМАА ЗАСЛАА


    Тус улсын Үндсэн хуулийн “Улсын дарга болон дэд даргаар хоёроос дээш удаа сонгогдохгүй” гэсэн заалтыг намын шийдвэрээр хүчингүй болгосноор Ши Жинь Пин бүрэн эрхэт “хаан” боллоо хэмээн барууны хэвлэлээр шуугив. Энэ шийдвэрийн өмнөхөн Хятадын цахим орчинд уг шийдвэртэй холбоотой үгсэд хориг тавьсан явдал олон улсын ажиглагчдын шүүмжлэлд өртсөн юм.


ПУТИН ДАХИН СОНГОГДЛОО

 


    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 18-нд болж Владимир Путин 76 хувь буюу 52,6 сая хүний саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан нь Орос орны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болов. Тэрээр ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдлоо.

Оросын түүхэн дэх хамгийн их сонгогчийн саналыг

ПУТИН авснаар Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө 


 

УДИРДАГЧДАД ХАЛГААТАЙ ЖИЛ ЭХЛЭВ ҮҮ?

 


    Өнгөрсөн гуравдугаар сард Францын ерөнхийлөгч асан Николя Саркози, Украйны улс төрийн идэвхитэн Надежда Викторовна Савченко, БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бак нар тус тусын шалтгаанаар баривчлагдлаа.

Гурван улс төрчийн гурван өөр БАРИВЧИЛГАА


    Францын ерөнхийлөгч асан Николя Саркозиг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэмээн буруутгасан төдийгүй Ливийн тэргүүн асан Муаммар Каддафигаас хууль бус хөрөнгө оруулалт татсан гэж сэжиглэн мэдүүлэг авсан юм. Түүнийг мэдүүлгийн дараа буюу гуравдугаар сарын 21-нд суллалаа. Одоогоор хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд тэрээр энэ бүхнийг няцаасаар байгаа юм.


    Украйны баатар Надягийн хувьд гуравдугаар сарын 22-нд түүнийг алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэсэн гэж үзэн баривчилжээ.Савченкогийн гэм буруутай нь батлагдвал Украины хуулийн дагуу 5-10 жил шоронд хоригдож болзошгүй гэж үзэж байна. 


    БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бак гуравдугаар сарын 23-нд авлига авсан, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй 12 үйлдэлд буруутган баривчиллаа. Тухайлбал төрийн тагнуулын албанаас болон бизнес эрхлэгчдээс 11 тэрбум вон буюу 10,2 сая ам.долларын авилга авсан, нууцаар эзэмшиж байсан гэх компанийн 35 тэрбум орчим воныг шамшигдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгаад байна. Гэм буруутай нь баталвал 45 жил хорих ял оноож болзошгүй ажээ. 


КИМ ЖОН  УН ХЯТАДАД АЙЛЧЛАВ

 


    БНАСАУ-ын засгийн эрхийг долоон жилийн турш атгаж буй Ким Жон Ун гуравдугаар сарын 26-нд өөрийн галт тэргээр Бээжинд хүрэлцэн ирж гурван өдрийн айлчлал хийн БНХАУ-ын тэргүүн Ши Жинь Пинтэй уулзсан нь олон улсад гэнэтийн явдал болов.

Ким Жон Ун: “БНАСАУ-ын санаачилгыг

АНУ болон Өмнөд Солонгос дэмжвэл

ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ болох асуудал шийдэгдэнэ”


    Ким Жон Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын товыг дэлхий нийт хүлээж буй энэ цаг үед болсон тус гэнэтийн айлчлал Трамптай хийх дээд хэмжээний уулзалт Бээжинд болох магадлалыг улам өсгөлөө.


ХҮНИЙ БИЕД ШИНЭ ЭРХТЭН НЭЭВ

 


    Хүний биед байдаг хамгийн том эрхтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох бөгөөд хорт хавдар болон бусад олон өвчний шалтгааныг тогтооход маш чухал үүрэгтэй байх өндөр магадлалтай эрхтнийг нээсэн тухайгаа эрдэмтэд гуравдугаар сарын 27-нд дэлгэлээ. Хоорондоо нягт байрласан, шингэнээр тусгаарлагдсан бүлэг эдийг interstitium гэж нэрлэсэн бөгөөд үүнийг өөрийн гэсэн үүрэгтэй бие даасан эрхтэн гэж үзжээ. Үүнийг хүний биеийн хаа сайгүй, арьсан доор, тухайлбал хоол боловсруулах эрхтэн систем, амьсгалын замын эрхтэн, ялгаруулах эрхтнүүдэд байдгийг тогтоосон байна.

Эрдэмтэд хүний биед ШИНЭ ЭРХТЭН олж нээжээ

 


ФЭЙСБҮҮК НОЦТОЙ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

 


    Трампын сонгуулийн кампанит ажилд ашиглах зорилгоор Фэйсбүүк компани 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглуулсан хэрэг гуравдугаар сарын 19-нөөс эхлэн олны анхааралд орсон. Энэ явдал дэлхийд 2,2 тэрбум хэрэглэгчтэй тус олон нийтийн сүлжээний нэр хүндийг огцом унагав. Ганц долоо хоногийн дотор тус компанийн хувьцааны ханш унаж 60 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд энэ тоо өссөөр байна.

Фэйсбүүкийг НОЦТОЙ ХЭРЭГТ холбогдуулан шалгаж байна

 


СИРИЙН АФРИН ХОТЫГ КУРДЫН БОСОГЧДООС ЧӨЛӨӨЛӨӨ

 


    Сири дэх Курдуудын мэдэлд байсан, Сирийн баруун хойд хэсэгт оршдог Африн мужийг Турк болон Сирийн чөлөөт арми эзэлсэн тухайгаа Турк улсын ерөнхийлөгч Ресеп Таиип Эрдоган гуравдугаар сарын 18-нд мэдэгдэв.

Эрдоган: Террористууд СҮҮЛЭЭ ХАВЧААД зугтсан


    Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш хийсэн хил дамнасан энэхүү цэргийн ажиллагаагаар нийт 3603 алан хядагчийг устгасан хэмээн мэдэгдсэн  юм. 


КЕМЕРОВО ХОТОД ГАРСАН ГАЛ 40 ГАРУЙ ХҮҮХДИЙН АМИНД ХҮРЭВ

 


    ОХУ-ын Кемерово хотын “Зимняя Вишня” худалдааны төвд гарсан гал түймэрт 64 хүн амь үрэгдсэний 40 гаруй нь хүүхэд байсан нь дэлхий дахиныг цочроолоо. Олон хүний амь нас хохироосон гал түймрийн хэрэгтэй холбогдуулан “Зимняя вишня” худалдааны төвийн эзэн болон холбогдох албан тушаалтнуудыг баривчилсан юм. Аймшигт хэргийн дараа Орос орон даяар гуравдугаар сарын 28-ныг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан. Энэ хэргийн дараа Кемерово мужийн захирагч огцрох хүсэлтээ өгсөн бол аймшигт хэргээс сургамж болгон Орос даяар худалдааны төвүүд дэх хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай болон бусад хэсгүүдийн аюулгүй байдлыг шалгах шалгалт явагдаж байна. 

Гал түймрийн улмаас 41 ХҮҮХЭД

АМИА АЛДСАН гэж ар гэрийнхэн нь мэдэгджээ 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.