Ники Хейли: ОХУ Сирийн ХҮҮХДҮҮДИЙН ЦУСААР ГАРАА УГААСАН  

2018-04-10 10:55
Дөрөвдүгээр сарын 7-нд химийн дайралт болсон гэдгийг батлахад хүндрэлтэй байна гэв

  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан дээр АНУ-ын байнгын төлөөлөгч Ники Хейди Сирийн энгийн иргэд амиа алдаж байгаад Орос буруутай хэмээн мэдэгдлээ. 



   Сирийн Дорнод Гута бүсийн суурьшмал бүсүүдийн нэг болох Думд химийн дайралт болсон байж болзошгүй гэсэн асуудалдтай холбогдуулан шуурхай хуралдсан энэ хурал дээр Ники Хейли “Оросын гар Сирийн хүүхдүүдийн цусаар будагдсан” хэмээн мэдэгдсэн байна. 


  Түүнчлэн “дэлхий дахин шударга ёсыг харах цаг нь ирсэн. Өнөөдөр бол  Аюулгүйн зөвлөл үүргээ үл хайхарсан эсвэл Сирийн хүмүүсийг хамгаалах чадваргүй гэдгээ харуулсан түүхэн өдөр болж үлдэнэ ” хэмээн тэрбээр мэдэгджээ. 


   Мөн алин байлаа ч АНУ үүнд хариу барина гэж Хейли онцоллоо. 


   Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын долооны өдөр Думд Сирийн цэргүүд химийн зэвсэг ашигласны улмаас олон арван энгийн иргэн тэр дундаа хүүхдүүд амиа алдсан гэсэн мэдээлэл ирсэн даруйд  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зарлан хуралдуулахыг есөн орон шаардсан юм. 


  Ийнхүү шуурхай зарлан хуралдуулсан хурлын үеэр АНУ Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Оросыг энгийн иргэдийг хөнөөж байгаа хэмээн буруутгасан бол Оросын төлөөлөгч Валерий Небензя Думд химийн дайралт болсон ул мөр илрээгүй хэмээн мэдэгдсэн байна. 


  “Дум руу цацраг судлал, хими, биологийн хамгаалалтын Оросын мэргэжилтнүүдийг мэдээлэл цуглуулах үүрэгтэйгээр илгээсэн. Тэд хөрсний дээж аван шинжлэхэд мэдрэл саажуулах болон хлорын агууламжтай бодис илрээгүй. Мөн мэргэжилтнүүд нутгийн оршин суугчид болон эсэргүүцэл үзүүлэхээ зогсоосон дайчдаас нөхцөл байдлын талаар асуусан. Химийн дайралт болсон гэх баримтыг нэг ч оршин суугч батлаагүй” хэмээн НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч мэдэгджээ. 


  АНУ-ын тухайд, химийн зэвсэг хэрэглэсэн гэдэг нь  батлагдвал олон улсын зүгээс нэн даруй хариу арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. 


  Харин Думд чухам ямар үйл явдал болсон, хичнээн хүн амиа алдсан талаар хөндлөнгийн аргаар шалгах ямар ч боломжгүй байгаа гэнэ. 


  Дорнод Гутагийн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг “Эмнэлгийн байгууллагуудын зөвлөл”-ийн төлөөлөгчид Би-Би-Си агентлагт өгсөн мэдээлэлдээ Сирийн эмч нар 70 хүн амиа алдсан гэж мэдээлснийг онцолжээ.

 
  Харин АНУ-д байрлах Сири-Америкийн эмнэлгийн холбооны мэдээлснээр Думд болсон халдлагын улмаас 48 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүст бүгдэд нь химийн хорт бодисын нөлөөллөөс үүдсэн шинж тэмдэг илэрсэн байжээ. 


  Мөн 500 гаруй хүн амиа алдсан хүмүүст илэрсэнтэй ижил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн гэж Дум дахь яаралтай тусламжийн албанаас авсан эх сурвалжтайгаар Сири –Америкийн эмнэлгийн холбоо мэдэгдсэн байна. 


  Энэ явдлын дараа Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа болсон хэрэгт Оросын Ерөнхийлөгч Путиныг буруутгаж, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг “адгуус” хэмээн нэрлэж байв. 

 

Сири: Дайнаас өмнө ба хойно

 


 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.