БОДЛОГЫН НАМЫН ГИШҮҮН:Манай нам тэгээд СОЦИАЛИСТ нь юм уу, ЛИБЕРАЛ нь юм уу?

2018-04-10 12:43


    Монголын хоёр том нам /зарим иргэд болон бусад намын дэмжигч, гишүүдэд энэ тодорхойлолт таалагдахгүй байх өндөр магадлалтай учир тэдгээр уншигчдынхаа үзэл бодлыг хүндэтгээд МАНАН-гийнхан/ хэмээх үгийг ашиглая. Гэхдээ мэдээж хашилтад. Дээрх хоёр намын лидерүүдийн амнаас  “Манай нам бодлогын нам болон төлөвшиж байгаа”, “Бид бодлогын нам болохын тулд нам дотроо маш том шинэчлэл эхлүүллээ”, “Бид улс төрийн бусад хүчнүүдийг манайх шиг бодлогын нам болон шинэчлэгдэхэд уриалжбайна” гэх зэрэг гал цогтой үгс унах болоод удлаа. Одоо ч зарим нэг залуу гишүүн энэ хуучиршгүй сайхан сэдвээс зуурчихаад амжилттай улс төр хийж байна. 



 

    БОДЛОГЫН НАМ болон хөгжих их ажлынхаа хүрээнд “Улс төрийн намуудын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал залхтал зохион байгуулж, өч төчнөөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэр бүртээ манайдаа мундагт тооцогддог улс төр судлаач, онолын багш нарыг урьж авчруулж лекц уншуулдаг. Гэвч бодит байдал дээр улс төрийн намуудын шинэчлэгдэх үйл явцад ахиц гарсангүй. Хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байгаа энэхэн цаг үед дахиад нэг эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүллэг товлоод Төрийн ордны аль нэг танхимд хийхийг ч үгүйсгэхгүй. Худлаа ч гэсэн намын шинэчлэл ярьж, дотроосоо өөрсдийгөө буруутгаж, зөв хөгжил гэж дуугарч байгаа нь сонгогчдын хандлагад “намууд шинэчлэгдэх хэрэгтэй юм байна, тогтолцоогоо өөрчлөх ёстой юм байна” гэдэг ойлголтыг суулгаж, үр дүнд нь сонгогчдын дунд явуулсан MEG судалгааны төвийн сүүлийн хэдэн сарын судалгаагаар намуудын рейтинг түүхэнд байгаагүй доод хэмжээнд бултаараа унасан. Иргэд сонгогчдынхоо итгэлийг алдацгаасан намууд шинэчлэгдэх хэрэгтэй гэж ам уралдан тунхаглаж байгаа ч харамсалтай нь бодит үр дүн харагдахгүй хэвээр...

 

Эсвэл улс төрийн намын шинэчлэлийн асуудлыг ярьж байгаа нь чухамдаа шинэчлэл юм гэж ойлгодоггүй байлтай.

 

    Түүх сөхвөл, Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх асуудлыг ажил хэрэг болгохоор эхлүүлсэн нь одоогоос долоон жил гарны өмнө юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаагаар ахлуулсан ажлын хэсэг анх 2011 онд байгуулагдан энэ төслийн шавыг цутгаж байв. Анхны төслийн багаас хоёр жилийн дараа буюу 2013 онд УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулж улс төрийн намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг тодорхой хугацаанд ажилласан ч харилцан ойлголцолд хүрч чадалгүй тарцгаасан. Үүний дараа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015 оны эхээр захирамж гарган уг хуулийн төслийг шинэчлэх ажилд орсон. Гэвч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж хуулиа батлуулж чадахгүй явсаар чөлөөндөө гарсан. Ингэж явсаар 2018 оны дөрөвдүгээр сартай золгож буй нь энэ. УИХ-ын энэ Хаврын чуулгаанаар хэлэлцэх асуудлын №10 дугаарт Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаажээ. Урт нэртэй хууль гэдэг шиг урт настай хуулийн төсөл энэ чуулганаар нэг юм батлагдана биз ээ. Гэхдээ энэ хууль батлагдлаа ч манай улс төрийн намууд шинэчлэгдэнэ гэдэг юу л бол?

 

Ингэж эргэлзэх шалтгаан нь хуулийн төслийн Ажлын хэсэг болон эрх баригчид, бусад нам дээрхи шинэчлэлийн явцыг хуульд өндөр болзол босго бүхий заалт оруулж тусгаснаар, намын дотоод дүрэм журмыг чангатгаснаар, намын удирдлагын бүтэц, аппаратыг өөрчилснөөр,  нам доторхи фракцыг хориглосноор, нам санхүүждэг арга барилыг чангатгаснаар шийдвэрлэчих юм шиг ярьж, тайлбарлаж байгаа нь дэндүү өрөөсгөл биш гэж үү?

 

    Манай улс төрийн намуудад хэний манайгүй тулгарчихаад байгаа ХЯМРАЛ дээр дурьдсан проблемуудаас илүүтэй Монголын улс төрийн намууд бусдаасаа эрс ялгарах улс төрийн нэгдсэн үзэл баримтлал, үнэт зүйлгүй болчихсоноос үүдэлтэй биш гэж үү?

Нэгдсэн үзэл баримтлал, үнэт зүйлгүйгээс улс төрийн урт хугацааны стратегигүй, номлолгүй болох нь ойлгомжтой.  

 

 

МАН социал-демократ нам мөн гэж үү? 

 

 

    Маш ойрын жишээн дээрээс хариулах гээд оролдъё. Монгол Ардын Нам улс төрийн ямар чиг баримжаатай нам бэ?

 

Өөрсдийнх нь хариулдагаар бол социал-демократ нам. Социал-демократ үзэл баримтлалтайг нь нийгмийн халамжийн бодлогод анхаарал түлхүү хандуулдгаар нь  хэмжиж, тодорхойлох боломжгүй. С.Баяр энэ намын дарга болж, улмаар гүйцэтгэх засаглалыг удирдаж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн үеэс МАН-ыг бүрэн дүүрэн социал-демократ нам гэж тодорхойлоход эргэлзээтэй болсон. С.Баярын эрин үеэс эхэлсэн хэт барууны /хөрөнгөтний/ үзэл баримтлал руу хэлбийсэн МАН-ын бодлого залгамж халаагаа гээгээгүй. Ялангуяа Ж.Эрдэнэбатын танхимын баримталж байсан бодлого, гаргаж байсан шийдвэрүүдээс социал-демократ үзэл баримтлалтай намын үнэр ч сэнгэнээгүй. Иргэн төвтэй бодлого баримтлах учиртай МАН-ын Засгийн газар эсрэгээрээ ард иргэдийн нуруун дээр ачааны хүндийг үүрүүлж долоон төрлийн татварыг нэмсэн. Харин  хувийн хэвшлийн компани, үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого баримталж ирсэн нь огцрох гол шалтгааных нь үндэс болох концессын гэрээнээс илэрхий харагдана.

 

У.Хүрэлсүх сайд социал-демократ үзэлтэй байж болох ч танхимд нь  Д.Цогтбаатар, Ж.Занданшатар, Ж.Бат-Эрдэнэ нарын барууны үзэлтнүүд бий. Тэр бүү хэл, Ардын намд Сү.Батболдоор овоглосон бизнесмэнүүд, шинэ цагийн хөрөнгөтнүүд, уул уурхайн тэрбумтнуудаас бүрдсэн маш нөлөөтэй фракц хүртэл бий. Уг нь энэ фракцийн нөхөд улс төрийн үзэл баримтлалаа дагавал Ардчилсан намд харъяалагдахаар. Энэ мэтээр нэр цохвол гуйвшгүй социал-демократ үзэл баримтлалаа дагаж МАН-д элссэн улс төрч хэр олон бол?

Хуучны үлдэгдэл Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин тэргүүтэй час улаан коммунистууд ч дунд нь цохиж л яваа. Тэр байтугай Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын консерватив гэж дүгнэхүйц үзэл баримтлалтай улс төрчид ч энэ намд цөөнгүй. 

 

    МАН-д үзэл баримтлал, үнэт зүйлээрээ илэрхий ялгарсан  ийм олон улс төрч нэг малгайн дор чихэлдэн оршиж байхад улс төрийн ууган хүчин дотор фракцууд үүсэж, байр суурийн зөрөлдөөнөөс үүдэлтэй тэмцэл даамжрах нь жам ёсных. Ингэж бодлогын зөрчилдөөнөө дарж чадахаа байсан МАН-ын 65-ын бүлэг Засгаа унагаахгүй гээд яах билээ.

 

   Өмнө нь МАН-д фракц огт байгаагүй гэж хэлэхгүй. Н.Багабанди, Н.Энхбаярын үеэс ил болсон том хагарал эцэстээ 100 шахам настай намыг хоёр хуваасан. Гэхдээ энэ бол үзэл бодол, чиг шугам, байр суурийн зөрчилдөөнөөс үүссэн хагарал биш харин эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй фракцын хуваагдал байсныг одоо бид харж байна.  

 

Ардчиллаас ухрагч Ардчилсан нам 

 

 

    Ардын намын мэдэрч байгаа шинэ өвчнийг Ардчилсан нам их эрт туссан. Арга ч үгүй юм. Ардчилсан нам бол ардчиллын төлөөх үзэл баримтлал бүхий МОАХ, МҮАН, МҮДН, МСДН хэмээх намуудын нэгдэл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ардчилсан нам хэмээх ерөнхий том нэрэн дор хэдийнэ нэгдсэн ч өөр, өөр үзэл баримтлал бүхий дээрх намууд фракцийн тогтолцоог Монголын улс төрд суурьшуулснаар оносон нь ч бий, алдсан нь ч бий.

 

    Ардчилсан намын фракц хоорондын бодлого, эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод өрнөж ирсэн гэдэг ч одоогийнх шиг хурцадмал нөхцөл байдал үүсч байгаагүй л болов уу. “Намынхаа Засгийн газрыг тэсгээдэггүй, журмын нөхдөө хайрлалгүй шорон руу илгээдэг, сөрөг хүчинтэйгээ хавсайдаж нам доторхи хүчтэй фракцаа нидэрч ирсэн нь хурцадмал нөхцөл биш хэрэг үү” гэж ам асууж болох ч тэр бүх зөрчилдөөн яаж ч ширүүссэн Ардчилсан намын тулгуур бодлого, ардчиллын амин чанарт харшилж байсангүй. Өөрөөр хэлбэл “Алтангадас” нь ноёлсон ч, “МОАХ” нь шийдвэр гаргах төвшинд олонхи болсон ч, “МҮДН” нь хүчирхэгжсэн ч, “Нэг ардчилал” нь хүч түрж гарч ирсэн ч Ардчилсан нам ардчилсан үзэл баримтлалтай нам шиг харагддаг байсан юм. “Манайх дотоод ардчилалтай нам” гэдэг гал намжаах цайны ганц тайлбар нь чимдэг байв.  Харин одоо бол үгүй.

 Ардчилсан намын өнгө төрхийг яалт ч үгүй тодорхойлдог лидерүүд нь, партизанууд нь Ардчилсан намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийнхөө бодлогыг ардчиллын үнэт зүйлд занархийлсэн хэмээн буруушаахаас гадна намын дарга С.Эрдэнэ хийгээд түүний толгойлдог “Шонхор” фракцийг ардчилсан намд посткоммунист дэглэм тогтоосныг эсэргүүцэх хөдөлгөөн улам хүрээгээ тэлж байна. Ардчилсан намд үүсчихээд байгаа ан цавыг эргүүлэн нийлүүлэхийн тулд С.Эрдэнэ дарга түрүүлж буулт хийхгүй бол Ардчилсан нам хэдэнтээ бутарч, Ардчилсан намаас либерал үзэлтнүүд нь дайжих дүр зураг харагдаж буй. Тэр цагт Шонхорын саварт орсон эл нам ардчилагчидгүй Ардчилсан нам болж хувирна. 

    Хамгийн ихээр шинэчлэл, төлөвшил, бодлогын нам болох тухай зорилт дэвшүүлдэг Монголын улс төрийн голлох хоёр намд нүүрлэчихээд байгаа бодит нөхцөл байдал нь энэ. 

 

Үзэл баримтлал бүү хэл, имиж нь ч тогтоогүй НАМУУД

 

   

Гэсэн ч гуравдагч хүчний хоосон орон зай ханхайсан хэвээр. Цаашдаа ч улс төрийн гуравдагч хүчин гарч иртэл мөдгүй л болов уу? Учир нь улс төрийн гуравдагч хүчин болохын тулд бодлогоороо ялгарч, намынхаа үзэл номлолыг эрс өөр гэдгийг сурталчилан таниулаад явж байх жижиг намууд нь дөрөв тавуулаа элэг бөөрөөрөө нийлчихээд нэг зорилго дэвшүүлж, нэг бодлого ухуулаад МАНАН-гаа урьдын адил ам нийлүүлэн муулсан шиг улс төрийн акц хийж байгаа нь даанч харамсалтай. МАХН бол социал-демократ гэж зарладаг ч уг чанартаа коммунист нам. Харин ИЗНН либерал чиг баримжаатай нам. Бүгд Найрамдах нам бол хөрөнгөтний нам. Ногоон нам бол зүүний радикал нам. Тэс өөр үзэл баримтлалын дагуу харилцан адилгүй хөгжлийн бодлого дэвшүүлж явахаар намууд атал нийлж популизм хийхээс хэтрэхгүй л байна.

 

    Улс төрийн намууд нь тогтсон хатуу үзэл санаа, үнэт зүйлгүй, өөрийн гэсэн номлолгүй байхад хэрхэн шинэчлэл хийгдэх билээ. Нам бол үнэт зүйл, үзэл санаа, баримталдаг зарчим, нэгэн зорилгоор нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх учиртай ч Монголын намууд шинэ гишүүн элсүүлэхдээ дээрхи урьтач нөхцөлд сүртэй ач холбогдол өгдөггүйгээс нам доторхи хагарал бутрал, талцал хуваагдлын үндсийг тавьсаар байна. Хуучин цагт  МАХН-д гишүүнээр элсэх амаргүй даваа байсан гэдэг. Гурван үеийн намтар, Марксизмын онолын шалгалт, намын түүхээр эссэ бичүүлэх зэргээр маш хатуу болзол шалгуураар гишүүд элсүүлдэг байв. Энэ өндөр босгыг давснаар жинхэнэ коммунист болон бэлтгэгддэг байж. Ард иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тэргүүнд тавьсан энэ цаг үед дэндүү хуучинсаг арга ч намынхаа бодлогоос тэс өөр санаа зорилготой нөхдөөр дүүрчихсэн, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ намуудыг өөрчлөх эхний алхам нь магад энэ ч байж мэдэх. 

 

 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.