Б.Бямбасүрэн: Иог эрүүл мэндээ хамгаалах, БАЙГАЛЬТАЙГАА ЗОХИЦОЖ АЖ ТӨРӨХ ухааныг заадаг

2018-04-11 10:16

 

 

    "Эх сурвалж" агентлаг  “Эзэнтэй зөвлөгөө” булангийнхаа энэ дугаарын зочноор ИОГ ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ буюу ХОСОЛСОН ИОГИЙН ДЭГ СУРГУУЛИЙН нүүр болон биеийн иогийн багш Б.Оюунгэрэл, Б.Бямбасүрэн нарыг урьж ярилцлаа. 



 

    ESA— Ярилцлагаа танай төвийн нэрнээс эхэлье. Яагаад ийм нэр өгсөн бэ. Бусад төвүүд ихэнх нь гадаад нэртэй, арай л өөр байдаг?

 

 Б.Бямбасүрэн — Иог гэдэг маань бидэнд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, байгальтайгаа хэрхэн зохицож аж төрөх ухааныг заадаг. Иогийн мөн чанар, зорилго нь өөрөө “ЭРҮҮЛ МЭНД” юм. Манай багш нар иогийн жинхэнэ зорилго, мөн чанарыг олон нийтэд түгээхийг зорин санаа нийлж энэ төвөө байгуулсан юм. 

 

    Б.Оюунгэрэл —  Эрүүл мэндийг авчирдаг иогийн хамгийн гол зүйл бол зөв хийх юм. Бид хүмүүст эрүүл мэнд, эрүүл гоо сайхныг түгээх зорилгоор хэрхэн зөв хийх аргыг нэг бүрчлэн, хүн бүрийн онцлогийн дагуу заадаг.


    Хамгийн чухал зүйл бол иог нь амгалан тайван байдлыг мэдрэх, стрессээ хаях, өвчин зовиураасаа салах орон зай, цаг хугацаа юм. Ийм орчинг бүрдүүлсэн. 

 

 

    ESA—  Танайд ямар төрлийн иогууд байдаг вэ? 

 

    Б.Бямбасүрэн— Манайх нүүрний иог, биеийн иог, нүүр болон биеийн хосолсон иог заадаг.


     Нүүрний иог хийснээр хүнийг овортой, хөгшин, царай муутай харагдуулдаг үрчлээ, нугалаас, унжилт, тэгш хэм алдалт зэрэг нь арилахаас гадна арьсыг толийлгож, нүүрний булчинг дээш өргөж чангалдаг. Яг л индүүдээд тэгшилчихсэн юм шиг болгож өгдөг. (өөрчлөгдсөн зургууд) Арьсны батга, сэвхийг мөн эмчилдэг. 


    Биеийн иог нь бодисын солилцоо, биеийн тэнцвэрт байдлыг дотроос нь засаж хүнийг эрүүл болгодог. 


    Хосолсон иог нь харин илүү төгс зохицол болж чадсан. Нүүрний иог хийгээд мөр, хүзүү нь тэгширч хөшингө нь илүү хурдан арилдаг. Нүүр, тархины цусан хангамж нэмэгдэж, мөрний булчин, шөрмөс илүү ажиллагаанд ордог. Үүний дараа үргэлжлүүлээд биеийн иог хийхэд цусны эргэлт нэмэгдэж, халсан байгаа дээрээ биеийн нийт цусны эргэлт сайжирдаг. Үүнийг дагаад бодисын солилцоо эрчимжиж шаардлагатай шим тэжээлийг биед хэрэгтэй, зөв хэсэгт нь аваачна гэхчилэн олон үр дүн бий. 

 

    Хамгийн гол зүйл бол нүүрний иог хийгээд анхаарлаа өөр рүүгээ хандуулсан байгаа үед биеийн иог хийхэд хүн өөрийгөө илүү сайн мэдэрч чаддаг. Анхаарал, мэдрэмжийг дагаад энергийн урсгал жигдэрч биеийг эрүүл болгоход хурдацтай нөлөөлдөг. Дан биеийн иогоор 2 сар хичээллэж байж анхаарлаа дөнгөж төвлөрүүлдэг бол хосолсон иогоор 5-6 дахь удаа дээрээ л анхаарлаа удирдан өөр рүүгээ хандуулж эхэлдэг. 

 

    Бүтэн хоёр цагийн турш хүн зөвхөн өөр дээрээ анхаарлаа хандуулдаг. Хичээллэгчид маань маш гоё залуужиж байгаа. 

 

 

    ESA— Танайх хичээлээ заахдаа ямар зарчим, арга техникийг баримталдаг вэ?

 

    Б.Оюунгэрэл—  Хүн бүрийн булчин, унжилт, үрчлээ, нугалаас өөр өөр байдаг. Биеийн зовиур, нурууны өвдөлт, эрүүл мэндийн асуудлууд тэдгээрийн шалтгаанууд бүгд өөр. Тиймээс яг адил нэг дасгал хийлээ ч онцлогт нь тохируулж өөрчлөлттэйгөөр заадаг. 

    Ямар ч асана дээр бүгд л эхэндээ алдаа гаргадаг, буруу хийдэг. Үүнийг нь тухай бүр хэлж, үзүүлж засаад явдаг. Гэхдээ дарж, шахдаггүй, өөрөөр нь алдааг нь мэдрүүлж биеэ яаж захирахыг ойлгуулахыг хичээдэг. 

 

 

    ESA— Иогоор ямар хүн хичээллэж болдог эсвэл болохгүй хүн гэж байх уу. Танай хичээллэгч нар ямар хүмүүс дийлэнх нь байдаг вэ?

 

    Б.Оюунгэрэл: Иогоор бүх насны бүх хүн хичээллэж болно. Өөртөө эрүүл мэндийг хүсч байгаа л бол иогоор хичээллэх нь хамгийн эрүүл арга юм. 

 

    Манай хичээллэгч нар аливааг судалдаг, нягталдаг хүмүүс байдаг. Манайхыг бас их судалж нягталж байж сонгож ирсэн гэж ярьцгаадаг. Хичээлээ заахдаа өөрсдийг нь судалж заадаг болохоор хөгжих нь ч хурдан, ахиц амжилт нь маш богино хугацаанд гайхалтай байгаад их сэтгэл хангалуун байдаг. Тэд маань бидэнд их тусалж дэмждэг. Янз бүрийн гоё гоё санаа санаачлагаа бидэнд байнга хуваалцдаг. Энэ нь манай хичээллэгчдийн тархины үйл ажиллагаа ямар ихээр сайжирдгийг харуулж байдаг. Үүнд бид маш их баяртай байдаг.

 

    Мөн гэр бүл нь ямар сайхан тайван аз жаргалтай болсноо байнга ярьдаг. Бид өөрсдөө өөрчлөгдөж асуудалд тайван ханддаг, шийдлийг нь гаргаж чаддаг болчихвол биднийг дагаад гэр бүл, ажлынхан, найз нөхөд гээд хүрээлэл маань аяндаа дагаад өөрчлөгддөг. Бид нийгмийн сэтгэл зүйг зөв тийш чиглүүлэхийг зорьж байна. 

 

     ESA— Та хичээллэж байгаа хүмүүстээ гарсан өөрчлөлт, ач тус, үр дүнгийн талаар яриач? 

   Б.Оюунгэрэл— Бид угаасаа л шийдэж чадахааргүй мэт асуудал бэрхшээлүүдээр дүүрэн хүрээлүүлэн оршиж байдаг. Эдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ, хэрхэн хүлээж авах вэ, хэрхэн хандах вэ өөрөөр хэлбэл тэр болгонд уурлах уу, зовж шаналах уу гэдэг нь сонин. Бид ихэнхдээ л сэтгэлээ зовоогоод, эсвэл өөдөөс нь уурлах байдлаар хандаад байдаг. 


    Харин иогоор хичээллэснээр энэ байдал өөрчлөгдөөд эхэлдэг. Тэрхүү асуудал байж л байна. Харин таны цусны эргэлт, бодисын солилцоо, даавын ялгарал, чухал зүйл болох энергийн урсгал өөрчлөгдөн, байх ёстой жамдаа орон сайжирч бидний сэтгэл санаа, тархины үйл ажиллагаанд нөлөөлж эхэлдэг. Ингээд асуудалд юуны түрүүнд цухалдаж хандах биш тайвнаар төвлөрөн, яаж аятайхнаар шийдэх вэ гэдэгт тархи маань ажиллаад эхэлдэг. Ингэж зөв хандлага, зөв шийдэл маань бидэнд эргээд тайван амгалан байдлыг авчирдаг. 

 

    Үүнээс гадна мэдээж булчинлаг болох, илүүдэл жин хасагдах, уян хатан болох, залуужих зэрэг ач тусыг та мэдэрч л байна. 

 

     Б.Бямбасүрэн— Биеийн тэнцвэрт байдал гэдэг өөрөө их чухал асуудал. Одоо ихэнх хүмүүс турахыг л хамгийн чухал гэж боддог. Огт өөхгүй байх, нарийнхан туранхай, цагаан царайтай байхыг илүү эрхэм гэж ташаа боддог. 

    Гэтэл хүний бие махбодь гэдэг өөрөө гайхалтай ухаалаг, өөрийгөө гадны нөлөөгүйгээр нөхөн төлжүүлж, хаа нэгэн хэсэгт эрдэс, шим дутагдахад яг тэндээ аваачаад өгөх гэх мэтчилэн хэнээс ч юунаас ч хараат бусаар өөрөө үүнийгээ хийгээд л явж байдаг. Гэтэл өдөр тутмын буруу зуршил, үйлдэл, бодол сэтгэлээрээ бид энэ ухаалаг үйл ажиллагааг алдуулдаг. Энэ алдагдал нь өвчин зовиур болж илрэхээр үүнийг дотроос нь биш гаднаас нь эмчлэх гэж оролддог. Эргээд гадны нөлөө нь биеийн маань ухаалаг үйл ажиллагааны эсрэг ажиллаад эхэлдэг. Хямрал улам л газар авч, тэрхүү гадны эм тариандаа дийлдэхээ больдог. 

 

    Харин иогоор дотроос нь эмчилдэг гээд байгаагийн учир нь биеийн тэнцвэрт байдлыг зөв хангаж өгдөг. Мэдээж хугацаа, хөдөлмөр хэрэгтэй. 

 

     Биеийн тэнцвэрт байдал гэдэг нь хүний биед олон бактери байдаг. Тус тусын их бага хэмжээтэй, тэр хэмжээндээ байгаад л байвал бид эрүүл байна. Жишээ нь мөөгөнцөр байна. Аль нэг бактери нь ихсээд, нөгөө нь багассанаас үүддэг. Өөхний хувьд мөн адил. Байх ёстой газраа өөх байх хэрэгтэй. Буруу газар үүсч хэмжээ нь ихэсвэл бурууддаг. Гэтэл буруу газар өөх үүсэх, аль нэг бактерийн хэмжээ ихсэх гэдэг нь өөрөө биеийн нөгөө л ухаалаг үйл ажиллагаа юм. Хамгаалах, байхгүй бодисоо хоол тэжээлээрээ авч чадахгүй бол биеийн дотор байгаа хэсгээсээ авч нөхөх зэргээс л үүсдэг. Иогоор энэ бүхнийг тэнцвэртэй байлгаж болдог. 

 

 

    ESA— Иогоор зөв хичээллэхэд үнэхээр гайхалтай үр дүнд хүрч болох юм байна. Би өмнө нь хосолсон иог гэж сонсож байгаагүй юм байна. Танай төвөөс л анх сонслоо? 

 

     Б.Бямбасүрэн— Тийм ээ. Манай төвөөс анх гаргасан. Манай Гэрэлээ багш санаачилсан юм. Нүүрний иог хийгээд ийм үр дүнтэй байгаа, үргэлжлүүлээд биеийн иог хийхэд хүний бие цогцоороо маш сайхан эрүүл болж чадах юм байна гэж олж харсан. 

 

     Маш олон зовиуртай хүмүүсийн зовиурууд нь бага багаар арилаад байгаа. 50 гаран насны нэг эмэгтэй ирсэн юм л даа. Олон жил толгой нь өвдөж, нүд нь бүрэлздэг, хөл нь гуйваад энд тэнд гишгэлж явдаг зэргээсээ болоод алхаж чаддаггүй, байнга кофе ууж арай гэж сэргэдэг байсан гэж зовиураа ярьсан. Энэ эмэгтэй эхлээд нүүрний иогоор хичээллэсэн. Хоёр дахь өдрөөсөө л кофе уухаа багассаар огт кофе уулгүйгээр нүд нь бүрэлзэхгүй, тархи нь сэргэг байж чадаж байгаагаа гайхан ярьсан юм. Үргэжлүүлээд биеийн иогийн хичээлд суусан. Ингээд хэдэн хичээлийн дараа хөл нь чангарч, толгойны өвчин нь багассан гээд олон гайхалтай өөрчлөлтийг ярьж болно. 

 

 

    ESA—  Та хоёр монголын иогийн ертөнцөд шинэ зүйл, шинэ брэнд гаргажээ. Энэ үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ. Хүмүүст иж бүрэн эрүүл мэндийг өгч чадаж байна. Та дээр “ЭРҮҮЛ ГОО САЙХАН” гэж хэлсэн. Орчин цагт хөөрхөн, гоё болох олон арга байна. Харин танай хосолсон иогийн хувьд нүүр царайгаа ч засаад биеэ ч галбиржуулж эрүүл болгох хурдан, эрүүл арга байх нь ээ? 

 

    Б.Оюунгэрэл—  Тэр үнэн шүү. Хүн өөртөө итгэлтэй байх үндэс бол нүүр царайны байдал. Царай зүсээ сайхан болж байгааг мэдрэх тусмаа хүн өөрийгөө өөрөөр харж улам илүү хайрлаж эхэлдэг. Биеийн иог хийгээд галбирлаг сайхан болоод эхлэхээрээ эрч хүч амтагдаад хөнгөрч сайхан мэдрэмж төрнө. Хөөрхөн, гоё болох янз бүрийн арга байгаа гэж таны хэлдэг зөв. Хамгийн гол нь тэр гоё хөөрхөн нь эрүүл мэндэд яаж нөлөөлж, ямар байдлаар эрүүл мэндээ золиослох вэ гэдэг нь сонин. Гоо сайханд золиос хэрэгтэй гэж ярьдаг ч яг үнэндээ эрүүл аргаар эрүүл байж л хүн гоо сайхан харагддаг. Эрүүл хүн цаанаасаа хөнгөн шингэн, гоё сайхан харагддаг.

    Тиймээс ч манай төв “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ГОО САЙХНЫГ ХОСОЛСОН ИОГ ТАНД ӨГНӨ” гэж хэлсэн. 

 

    ESA— Та 2 дээр хүн бүрийн булчин, зовиур өөр өөр учир түүнд нь тохируулж заадаг гэж хэлсэн. Өөр гэдгийг нь олж харж таних хэрэгтэй байх, түүний дараа тохируулах байх тийм үү?

 

    Б.Оюунгэрэл— Тийм ээ. Үрчлээ, унжилт, нугалаас, далийлт хүн бүрт өөр өөрөөр илэрдэг. Хүн бүрийн булчин онцлогтой, ой санамж хүртэл өөр өөр байдаг. Тэр болгоныг хараад ялгааг нь гаргаж ирэх хэрэгтэй болдог. Түүнд нь яг тохируулж дасгал буюу барилтуудаа өөрчилж, онцлогт нь тохируулж зааж өгдөг. 


    Б.Бямбасүрэн— Булчингийн унжилт, нугалаас зэрэг нь маш бага хэмжээгээр байнгын тасралтгүй, урт хугацаанд үргэлжилдэг болохоор бид өдөр бүр толинд хардаг хэрнээ нүүрнийхээ асуудал, өөрчлөлтийг сайн анзаардаггүй. Зөвхөн батга байна уу, үрчлээ нэмэгдэж үү л гэж хардаг. Яг яагаад овортой харагдаад байна, хэдэн жилийн өмнөх зураг дээрх шигээ яагаад харагдахгүй байна, яагаад хөгширсөн харагдаад байна гэдгээ бид огт мэддэггүй. Яг үнэндээ биднийг хөгшин, овортой, өөртөө таалагдахгүйгээр харуулдаг зүйлс бол унжилт, булчингийн суларч өргөссөн байдал юм. Мөн далийлт буюу тэгш хэм алдалт л биднийг толинд харахаас дургүй хүргэм болгодог. Олон хүн толинд харах, зураг авахуулах дургүй болсон гэж ирдэг. Нүүр болон биеийн хосолсон иогоор эдгээр унжилт, далийлт, булчингийн сулрал арилж, толийгоод ирэхээр манай хичээллэгч нар толиноос салахаа байлаа гэцгээдэг. /Инээв/

 

 

    ESA— Өөрсдөө мэдээгүй, хараагүй зүйлсийг олж хараад дээрээс нь тохирсон барилт заана гэдэг маш их ур чадвар юм аа?

 

   Б.Оюунгэрэл—  Хүмүүст өөртөө итгэх итгэл, хийморь өгдөг энэ ажилдаа үнэхээр хайртай. Хүмүүст сайн сайхныг бүрэн бүтэн өгье гэж маш их судалгаа хийж, их зүйл уншиж судлах, харах турших зэргээр хийж үзсэн. Хөдөлмөрлөөд дээр нь чин сэтгэлээ зориулахад бүх юм бүтдэг юм билээ. 

 

    Б.Бямбасүрэн—  Манай хичээллэгч нар өдрөөс өдөрт гоё, залуу болж байгаагаа, гэрийнхэн, ойр тойрныхон нь хүртэл өөрчлөлтийг хэлээд байгаа тухайгаа ирээд л ярьдаг. Ийм сайхан болгох зүйлийг гаргасанд чинь баярлалаа гээд нулимс дуслуулаад л ярьдаг. Энэ бүх гоо сайхан болж өөрчлөгдөж байгаагийн нууц нь хүн бүрийн онцлогийг харж таних, түүнд нь тохируулахад л бас тодорхой хэмжээгээр оршиж байгаа. Бас заах арга их чухал байр суурийг эзэлнэ.  Мөн хичээллэх тав тухтай орчин чухал. Энэ 3 бол тулгын 3 чулуу юм. 

 

 

    ESA— Та хоёр хэзээнээс  иогоор хичээллэж эхэлсэн бэ. Өмнө нь ямар ажил эрхэлдэг байв. Ямар нэгэн бүжиг, спортоор хичээллэдэг байсан уу. Таны бие их булчинлаг юм?

 

    Б.Бямбасүрэн— Баярлалаа. Одоо 5 жил болж байна. Хичээллэхээсээ өмнө хүүхэд байхаасаа л биеийн тамирт ордоггүй, биеийн хөдөлгөөн огт хийдэггүй, их сул дорой биетэй байсан. Байнга ширээний ард нуруугаа бөгтийлгөөд л сууж байдаг хүүхэд байсан. Хичээлдээ явж ирээд л ядраад хэвтээд өгнө, эмнэлгийн үнэнч үйлчлүүлэгч, байнга эм тариа хийлгэнэ. Толгой, хуйхандаа хүртэл тариа хийлгэж байсан их өвддөг хэцүү байсан. 


    Түүнээс хойш их сургууль, ажил гээд байнга л суудлын байдалтай байсан. Ажлын ачаалал их, стресс, санаа зовнил ихтэй, өнөөгийн л завгүй хүмүүсийн нийтлэг төрх. Харин иогоор хичээллээд энэ байдал маань өдөр шөнө шиг л ялгаатай болж эрс өөрчлөгдсөн. 


    Хөдөлгөөн хийдэггүй байсан болохоор миний бүх бие хөшүүн байсан. Бусад хүмүүс нуруу нь сайн, хөл нь муу эсвэл сунгалтгүй бол хүч сайтай ч гэх юм уу ямар нэгэн байдлаар нэг сайн тал байдаг. Харин минийх бүх талаараа сайн зүйл байгаагүй. Хүч ч байхгүй, сунгалт ч байхгүй анх эхэлж байлаа.  

 

 

    Б.Оюунгэрэл—  Миний хувьд одоо 3 дахь жилдээ орж байна. Өмнө нь огт хөдөлгөөнтэй тийм зүйл хийж байгаагүй. Төрөөд удаагүй байхдаа анх хичээллэж, багш болсон. Энэ үед биеийн жин 87 кг байсан, мөн нуруу хэт хотойлттой, өвддөг байсан.

 

 

     Өмнө нь банкинд, удаан цагаар суудаг ажилтай байсан. би хүүхдээ оройтож төрүүлсэн. Бямбаа багшийн бие нь чангарч өөрчлөгдөж байгааг хараад “Яавал залуу, эрч хүчээ хадгалах вэ?” гэж үргэлж боддогийнхоо хариултыг олох шиг санагдсан. Үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай удаан хамт байхыг хүн бүр хүсдэг. Энэ хүслээ биелүүлэх арга нь иог юм байна гэдгийг иогийн багш болоод утга учрыг нь ойлгоод маш сайн мэдэрсэн. 

 


    ESA— Тэгээд яаж энэ бүхнийг өөрчилж, эрүүл болж чадсан бэ?

   Б.Бямбасүрэн—  Ер нь өөрөө хичээллээд хэсэг хугацааны дараа илүү эрчимтэй, гүн түвшинд хичээллэж байгаад багш болсон л доо.  Энэ үед өвдөг, түнх, мөр гээд бүх үеүд их өвддөг байсан. Хамгийн гол нь өөрөө их дуртай, хийж заавал ард нь гарах хүсэл эрмэлзэл өндөр байсан учраас яаж даван туулах вэ гэж их судалсан. Одоо ч судалдаг. Гэхдээ зүгээр нэг гүрийж даван туулах биш эрүүл аргаар, гэмтэл бэртэл авахгүйгээр яаж эвтэйхнээр өвдөлтгүй болох вэ гэдэг дээр их судалж, өөр дээрээ туршиж үзсэн. Хамгийн гол зүйл бол амьсгал, анхаарал 2 юм байна лээ. Амьсгалаа зөв авч гаргаад, анхаарлаа зөв зүйл дээр хандуулж чадвал энэ бол иог. Мэдээж хөдөлмөр, хугацаа хэрэгтэй.

 

     Б.Оюунгэрэл— Иогийн байрлал бүр бидэнд амьдралд яаж хандах уу, байгаль, орчиндоо яаж хандах уу гэдгийг зааж байдаг. Тухайн байрлалыг хийж байхдаа өөр дээрээ анхаарлаа маш сайн хандуулж, төвлөрч чадвал аливаад хандах хандлага, хүлээж авах, хариу үйлдэл үзүүлэх маань зөв зохистой болоод эхэлдэг. Ингэж л хүнд хэцүүг даван туулж, өвчин зовиургүй болж эрүүл болдог гэж ухаарсан. 

 

 

    ESA— Анхаарал гэдэг дээр нэмээд жаахан тодруулж өгөөч?

    Б.Бямбасүрэн—  Би өөрөө бие их муу байсан болохоор хурдан сайжрах аргыг их судалсан хэрэг. Тэгээд иог хийж байхдаа ажлаа, эсвэл өөр зүйл бодох, өөрийгөө анхаарч хийх хоёрт асар их ялгаа байдгийг ойлгосон. Би анх ажлаа л бодож хийдэг байсан. Багшийгаа хэлж байхад зөвхөн ажил, эсвэл өөр зүйл бодож хийдэг. Харин өөрөө багш болохоор хичээж судалж байхдаа иог гэдэг бол өөрийнхөө бие дээр хийж байгаа бясалгал юм байна гэдгийг ухаарсан. 

 

    Б.Оюунгэрэл—  Тухайн асана буюу дасгалыг хийж байхдаа таны аль хэсэгт ямар мэдрэмж төрж байгаа дээрээ анхаарлаа сайн төвлөрүүлэх нь зүйтэй. Үүнд багш арга барил, орчин их чухал үүрэгтэй. 

 

    ESA— Төвөө нээсэн зорилго бас үүнтэй холбоотой юу? 

 

    Б.Бямбасүрэн—  Тийм ээ. Яг үнэн. Стресс, зовиур ихтэй над шиг хүн ингэж өөрчлөгдөж эрүүл, хөнгөн болж болдог юм байна. Тэгвэл над шиг ийм хүмүүс олон байдаг, тэдгээр хүмүүс ч бас өөрчлөгдөж сайхан болох боломжийг зааж өгөх юм бол их буянтай сайхан ажил гэж шийдээд төвөө нээсэн.


    Б.Оюунгэрэл—  Иог гэдэг зүйлийн өөрийнх нь зорилго бол эрүүл мэнд, саруул ухаан, амгалан сэтгэл юм. Яг энэ зорилгоор нь иогийг таниулах, олон нийтэд түгээхийг хүссэн. Хүмүүс иогийг зүгээр нэг биеийн тамирын дасгал, тураах хэрэгсэл гэж ташаа ойлгодог. Эсвэл иогийг зөвхөн гоолиг, туранхай хүмүүс хийдэг гэж боддог. Харин иог бол таны биеийг дотроос нь эрүүл болгож, эрч хүчийг өгдөг, бүх насны, бүх хүн хичээллэж болдог гэдгийг зөвөөр ойлгуулах гэж хичээж байгаа. 

 

 

    ESA—  Сонирхолтой яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Иогоор хичээллэгчдэд юу гэж захих вэ?

 

    Б.Оюунгэрэл— Гоо сайхан, эрүүл байхын тулд олон арван саяар нь зарцуулж, ажлаасаа чөлөө авах огт шаардлагагүй. Биеийн хувьд ч гэсэн бага зэргийн зовиур илэрсэн л бол зөв арга хэмжээ аваад байвал эрүүл байж чадна. 

 

    Б.Бямбасүрэн—  Хүн төрөлхтний түүхийн бүх үед тэвчимгүй их зовлон зүдгүүр байсаар ирсэн. Ямарч үед сэтгэл санаагаа уур, үл мэдэх байдал, атаархал, гомдлоор булингартуулахгүй байх аргыг хүн бүр өөртөө олох хэрэгтэй. Булингаргүй байвал бүх юм сайхан болдог гэж үнэн юм билээ.

 

    ESA—  Та бүхний цаашдын ажилд чин сэтгэлээсээ өндөр амжилт хүсч, олон хүнийг эрүүл энх сайн сайхан болгоорой гэж ерөөе!

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.