Б.Наран-Идэр: Буудлагын төвийн хуучин удирдлагууд СПОРТ БУУ БОЛОН ГАЛТ ЗЭВСЭГ хулгайлж,  техник хэрэгсэл хэмхэлсэн

2018-04-11 10:29
"Энэ байгууллага жилд 300 сая төгрөгийн татаас өгдөг байсан ч 2010 оноос засвар үйлчилгээ хийгээгүй..."

 


    Техник спортын төв буюу бидний хэлж заншсанаар буудлагын төв улсын дээд шүүхийн захирамжаар төрийн мэдэлд очжээ. Улмаар БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Биеийн тамир спортын газрын удирдлагууд Техник спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



 


    ESA— 2012 оны долдугаар сарын 5-нд Төрийн өмчийн хороо Техник спортын төвийн байрыг төрийн өмчид бүртгэж авах тухай 323 тоот тогтоол гаргаснаар Батлан хамгаалах туслах нийгэмлэг /БХТН/ Төрийн бус байгууллага, Төрийн өмчийн хороо хоёрын дунд энэ байрыг булаацалдах маргааны эх үүсвэрийг тавьжээ. Талуудын маргаан хурцаар өрнөж олон нуугдмал асуудал ил болсон. Улмаар 2015 оноос техник спортын төвийн барилга байгууламжийг төрийн өмч мөн биш хэмээн маргалдаж, шүүхээр явсны эцэст 2017 оны аравдугаар сарын 17-нд Улсын дээд шүүхээс Техник спортын төвийг УЛСЫН ӨМЧ МӨН гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч өнөөдөр тус төвийн барилга нурах эрсдэлд хүрч, буудлагын тамирчид бэлтгэл сургуулилт хийх боломжгүй болжээ.

 


    Энэ талаар Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэртэй ярилцлаа.


            


    ESA—  Буудлагын төвийг төрийн өмч мөн биш гэж маргалдахын гол шалтгаан нь юу байв. Дээд шүүхийн шийдвэр гарсан ч өмнөх удирдлагууд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй удсан гэх мэдээлэл байна?


      —  Буудлага спортын төв клуб буюу Техник спортын төвийг 2015 онд Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Улмаар төрийн өмчийн хорооноос барилга байгууламжаа төрд хүлээж авах гэсэн боловч тухайн үед Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ энэ барилгыг манай өмч гэснээр маргаан үүссэн юм. Ингээд 2015 оноос хойш шүүхээр явсан бөгөөд 2017 оны гуравдугаар сард анхан шатны шүүхээс “Төрийн өмч мөн” гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн бүх заалтыг хэвээр үлдээснээр буудлага спортын төв клуб төрийн өмчид шилжсэн юм. Төрийн өмчид шилжсэний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар өмч хөрөнгөө хүлээн авахаар ирсэн боловч БХТН-ийнхэн улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг маргаан гаргасан ч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн юм.


    Энэ байгууллага 1980 онд ашиглалтад орсон бөгөөд БХТН төрийн бус байгууллага ашиглаж байсан ч төрөөс санхүүжилтийг нь гаргадаг байсан. Жилдээ 300 сая гаруй төгрөгийн татаасыг өгдөг байсан ч 2010 оноос засвар үйлчилгээ хийгээгүй өнөөдрийг хүрсэн юм. Эд хөрөнгө нь үрэгдсэн, барилга байгууламж нурах эрсдэлтэй, дээврээс ус дусах зэргээр тамирчид бэлтгэл сургуулилалт хийхэд хүндрэлтэй байдалтай байна. Энэ байдлыг нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, БСШУСЯ-нд мэдэгдсэн юм. Одоо төр энэ байгууламжид ямархуу байдлаар үйл ажиллагаа явуулах уу? гэдгээ шийдэх хэрэгтэй учраас эхний ээлжид бэлтгэл хийх нөхцөл байдлаар хангах ёстой.

 


        ESA— Энэ жил төсвөөс ямар нэгэн татаас байгаа юу. Нөхцөл байдлыг харахад үйл ажиллагаа явуулах боломж нь хүндрэлтэй харагдаж байна?


           ESA—Өмчийн асуудлаар шүүхийн шатанд маргаантай байсан болохоор 2018 оны төсөвт мөнгө төгрөг тусгагдаагүй. Гэхдээ холбогдох төрийн байгууллагууд анхаарал тавих байх гэж найдаж байна. Ер нь манай төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимтай. 2015 оны Засгийн газрын тогтоолоор Яармагийн спорт цогцолбор, Хангалын бэлтгэлийн бааз, Техник спортын төвийг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон. Тухайн үедээ нөгөө хоёр байгууллага төрөөс эхлэлтийн хөрөнгө мөнгө шийдвэрлүүлж үйл ажиллагаагаа явуулсан. Манайх одооноос төрийн мэдэлд очиж байгаа болохоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Ямар ч байсан эхний ээлжид засвар үйлчилгээг хийх хэрэгтэй бөгөөд энэ хөрөнгийг төр шийдэж өгөөсэй гэж хүсч байгаа.

 


         ESA—Хуучин удирдлагуудад хариуцлага хүлээлгэсэн үү?


        — Одоогоор хариуцлага хүлээлгэсэн зүйл алга. Холбогдох асуудлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тавьсан. Дутагдсан эд хөрөнгийг бүртгэхэд тамирчдын хэрэглэж байсан спорт буу болон галт зэвсгийг хуучин удирдлагууд хулгайн замаар авч явсан, техник хэрэгслийг хэмхэлсэн зэргээр хохирол учруулсан.


    ESA— Түүх сөхвөл, социализмын үед ажиллаж байсан Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд БНГАУ 1980 онд Техник спортын төвийг үнэ төлбөргүй барьж өгсөн. 1980 онд энэ барилгыг барьснаас хойш нийгэм солигдох хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл хэмээх байгууллага ажиллаж байсан юм. Харин ардчилал гарсны дараа яг ижил нэртэй Төрийн бус байгууллага эзэмшилдээ авч өнөөг хүртэл ашиглаж байсан юм.


    Буудлагын төвийн сум баригчийг цоо буудсан, эвдэрч хэмхэрсэн буутай, цонхыг хагалж гялгар тор татсан, дээврээс дусаал дусч, хана цуурсан байдалтай байх нь сурвалжлагч миний нүдэнд нурах дөхсөн балгас мэт харагдах байсныг нуух зүйлгүй. Энэ бол төрийн өмчид гамгүй, хайнга хандсан хуучин удирдлагуудын үлдээсэн ТЕХНИК СПОРТЫН ТӨВ юм.

 


    ESA— Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-ын захирлаар Б.Алтанцэцэг ажиллаж байжээ. Тэрээр ажлаа хүлээлгэж өгөхдөө 210 ширхэг спорт загварын галт зэвсгийг хулгайлсан бөгөөд галт зэвсгийг хууль бусаар ашиглавал нийгэмд аюул дагуулах эрсдэлтэйг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц ярьж байлаа. Үүнээс гадна техник спортын төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд багагүй хөрөнгө шаардлагатай гэнэ. Одоогоор тооцоо судалгааг хийж байгаа бөгөөд зөвхөн дээврийн хэсгийг засварлахад 110 сая төгрөг зарцуулах тооцоотой байна.

 

    Цаашид хөрөнгө мөнгийг шийдвэрлэх боломж байгаа эсэхийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбатаас тодрууллаа.


     Тэрээр “Техник спортын төвийн бодит байдалтай танилцлаа. Мэдээж урсгал засвар хийх нь тодорхой бөгөөд БСШУСЯ яам үүнийг хариуцах байх. Хамгийн гол нь энэ барилгыг цаашид хэрхэн ашиглах талаар тодорхой судалгаа хийж, олон улсын жишигт нийцсэн буудлагын спортын төв болоход нь бодлогоор дэмжих болно” гэв.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /122.201.19.174/

2018-04-11 11:09

huuuuuuuuuh 210 shirheg buutai biluu

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.