Жинхэнэ АВАРГА бие хамгаалагчдаар хүрээлүүлдэггүй

2018-04-11 13:18

 

 

— Улс төрч-бөхчүүддээ ЗОРИУЛАВ —

 

    Хоёр жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн  үйл явдлын гэрэл зураг өнөөдрийн ОНЦЛОХ сэдэв болж байна.



 

    Тэр өдөр АТГ-ын тогтоолын дагуу цагдаагийн байгууллага  “Шинэ төмөр зам” төсөл болон "Сайншандын аж үйлдвэрийн парк”-ын хэрэгжилттэй холбогдуулан тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь  "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" компаниудад санхүүгийн шалгалт, нэгжлэг хийж байв. Тэр өдрийг “чимсэн” гол скандал нь АТГ-ын шалгалт бус харин хуулийн нэрийн өмнөөс албан үүргээ биелүүлэхээр ирсэн Төрийн албан хаагчдын ажилд Х.Баттулгын тойрон хүрээлэл болох олимпийн аварга Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, найруулагч Л.Баатар тэргүүтэй урлаг, спортын алдартнууд Баянгол зочид буудлыг “тусгай хамгаалтад” авсан явдал байв. 

 

 

 

    Энэ явдлыг улс төрчид, хэвлэлүүд, иргэд өөр өөрийнхөөрөө л дүгнэж, тайлбарлаж байв. Одоо Төрийн тэргүүнтэй үзэл бодлын зөрчилдөөний улмаас муудалцчихаад байгаа Улсын баатар Э.Бат-Үүл уг явдлыг "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл" гэж мэдэгдэн гал дээр тос нэмснээр Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд, МОАХ-ын гишүүд  тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлэн ирцгээж байв. 


      Хошин шогийн мэдрэмж нь тултал хөгжсөн хоржоонтой зарим нь уг явдлыг “Бааранд өөрөө эхэлж дальжиганачихаад зодуулсан баагий нар яг ингэж найзуудаа дууддаг” гэж  ёжилж байсныг тодхон санаж байна.


    Харин ард түмэн /одоо цагийн шинэ тодорхойлолтоор “МОНГОЛ ЯЛНАЧУУД”/ АТГ-ыг буруушааж, бараг л урд хөршийн хатгаас, Нүүрсчин намын захиалгаар “Эх оронч хүү Х.Баттулгыг хэлмэгдүүлэх гэж байна” хэмээн уурсаж байлаа.


     Асуудалд бодит үнэлэлт өгдөг, эрүүлээр сэтгэдэг цөөнх болохоор “Х.Баттулга үнэхээр л НО-гүй юм бол зүгээр л шалгуулчихна биз” гэж байр сууриа илэрхийлж байлаа. Ямар ч гэсэн энэ явдлаас бид Х.Баттулгыг олонтой, нөхөдтэй хүн болохыг мэдэж авсан.  


    Хэрэв Фэйсбүүкийн санах ой хоёр жилийн өмнөх дөоөвдүгээр сарын 11-ний өдөр нийтэлж байсан гэрэл зургуудыг эргэн сануулаагүй бол мартамхай хүмүүн төрөлхтөн бид ийм сайхан сэдвийг мартаж орхих байлаа. 

 

    Хоёр жилийн өмнөх энэ зураг тэгтэл ярианы сэдэв болж буй шалтгаан нь тухайн өдөр амьсгаа дээр бачимдаж явсан УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод АТГ-ын даргыг халж, солих тухай эрчимтэй ажил өрнүүлж байгаатай шууд холбоотой. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан иргэн Х.Баттулга байсан бол хоёр жилийн өмнөх өдрийн үйл явдалд бид ач холбогдол өгөх байсан ч юм уу үгүй ч юм уу? 

 

    Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж энэ л дээ. Энэ үйл явдалтай тун төстэй үйл явдал тун саяхан буюу 3 сарын 22-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Энхтайван тэргүүтэй ажилтнууд МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржид шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шаардах бичиг хүргүүлэхээр очиход Улсын гарьд Н.Ганбаатар аавыгаа нүцгэн цээжээрээ баатарлагаар хамгаалсан. 


    Ёстой нөгөө “ахуй бие нь ангид боловч алан идэхийн хүсэл нэг” гэдэг шиг хоёр өөр үйл явдал боловч хачин адилхан эсэргүүцэл биш гэж үү? Хоорондоо огт хамааралгүй уг явдлуудыг хамаатай болгож байгаа зүйл нь төр түмэндээ хүндлэгдэж, хайр хишгийг нь хүртсэн алдар суут бөхчүүд маань хуулийн байгууллагын үйл ажиллагааг уландаа гишгэсэн явдал. Нөгөө талаар хэрэв та ямар нэг бөхийн холбоог толгойлдог бол “ар нь түүз” гэдэг шиг хуулиас хүчтэй хамгаалалттай болдогийг үлгэрлэн харуулсанаараа ижил.

 


    Монгол яалт ч үгүй л бөхийн орон юм. Одоо ер нь “Бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрдэг” хэмээх хэлц үгийг Монгол хэлний үгийн сангаас авч хаях цаг болчихож. Эсрэгээрээ “Монголын хууль бүдүүн бөхөд бүдэрдэг” гэж сольдогсон уу. Ёстой л нөгөө босоо цагаан хийморь нь хууль шүүхээс ч хаацайлз, дэмжиж тэтгэдэг бололтой. МҮБХ-ны  гуравдугаар сарын 24-ний өдөр болсон “Их Эе”-ийн хуралдаан дээр ноён Р.Нямдорж “Шүүхийн байгууллага худалдагдсан. Би энэ асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандана” гэж хээв нэг хэлнэ лээ. “Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх нь бий гэгчээр”  хуулийн нуман тулгуурт орж үзсэн  бөхийн зүтгэлтнүүд амь нэгтээ байхаас яахав. 

 


    Энэ үзэгдлийн эсрэг тусгал гэмээр явдал ойрын өдрүүдэд өрнөсөн нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдахаар дуудагдсан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын улс төрчид зангиагаа зүүж, гутлаа тосолж, хослолоо өмсөөд шалгуулъя гээд Монголдоо хүрээд ирэх нь тэр. С.Баяр нарыг хүрээлэн хамгаалах бөхчүүдгүй учир эсэргүүцэл үзүүлэлгүй хүрч ирэв үү? Эсвэл тэднийг  хүчит бөх биш болохоор Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж хамгаалахгүйг ойлгоод өчигдөр хорих 461-дүгээр анги руу дуулгавартай нь гэгч нь ачигдав уу, хэн мэдэхэв. Одоо Ганц худагийн умгар өрөөнд эрх чөлөөгөө хасуулан суухдаа, “Бөх л болдог байж” гэж харамсч суугаа ч юм бил үү. 


 

     Хууль шүүхийн үйл ажиллагааны хүрээнд өрнөж байгаа эдгээр явдлуудыг ажиглаж, хувьдаа дүгнэлт хиймэр аядахад жинтэй цохилттой эрийн жинтэй үг зурсхийн орж ирэх нь тэр. Тэр нь юу гэхээр мэргэжлийн боксын дунд жингийн “домогт” аварга  Флойд Мейвезерт хандан мөнхийн өрсөлдөгч нь болох Мэнни Пакьяо, “Жинхэнэ аварга бие хамгаалагчдаар хүрээлүүлдэггүй” хэмээн хэлж байсан юм. 


    Боксын ялагдашгүй аварга гэгддэг ч шүдээ хүртэл зэвсэглэсэн бие хамгаалагчдаар цаг тутам хүрээлүүлж явдаг “Money” хочит Флойд Мейвезерт зориулж хэлсэн “Пакмен”-ы үгийг Төрийн тэргүүн тэргүүтэй хүчит бөхчүүддээ мөн зориулъя. 


    Жинхэнэ хүчтэй хамгаалалт шкаф шиг бөхчүүдээр тэгнүүлэх бус хуулийн хамгаалалт билээ л. Биеийн бяраар ганцыг, ухааны бяраар мянгыг ялна гэдэгсэн. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 4 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (4)

Мангар /112.72.11.109/

2018-04-12 14:35

За хуц. С.Баяр бол урвагч. Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй шдэ

Хариулах 1 1
ЗочинЭлбэгдорж /66.181.177.11/

2018-04-12 10:09

Элбэгдорж бүхнийг шорон гяндангаар далайлган сүрдүүлж байсан цаг үед тэнд очсон бол хоригдох л байсан. Зөв хамгаалсан.

Хариулах 1 0
Зочин /103.57.93.106/

2018-04-12 05:50

Хуулийн емне бугд адил эрхтэй уурэгтэйг сануулжээ.

Хариулах 0 2
Зочин /66.181.161.3/

2018-04-11 14:06

aann ugaasaa geree ni huchingui bolchih ged hetsuuded hergee uur gd oyutolgoi hhk yvuulsan bhdaa araas chin iim iim ym bichne gd hoshgiruulaad yvuulaa biz

Хариулах 1 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.