Л.Саруулбат: Баяндаа биш, байхгүйн бэрхийг мэддэг учраас хүн БУСДАД ТУСАЛДАГ юм

2018-04-12 09:06
"Шантрагчид хэзээ ч ялдаггүй. Ялагчид хэзээ ч шантардаггүй..."

      

   Мөрөөдөл зүтгэл хоёр ихэр юм. Зүтгэлээр баталгаажихгүй л бол мөрөөдөл хоосон болчихно. Бас зүтгэсэн бүхэн мөрөөдөлдөө хүрэхгүй.



 

         Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, “Startup Mongolia”, “Монголын легионер тамирчдын холбоо”-ноос Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хамт олонтой хамтран “МӨРӨӨДЛИЙН ГАРАА” илтгэлийн анхны арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Энэ үеэр спортын шилдгүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцлаа.
 

 


Өдөрлөгийн модератороор Г.Хосбаяр, З.Билэгбаатар нар ажиллаласан юм..

 

 

З.Билэгбаатар нь “Стартап Монголиа” ТББ-ыг үүсгэн байгуулагч юм.

 

         АМЖИЛТЫН ТҮҮХ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?
       

  З.Билэгбаатар: Багаасаа л спортоор хичээллэсэн ч яг энэ ширээний ард суугаад өөрийгөө спортлог нэгэн гэж хэлэхэд хэцүү болж таарлаа.  Монголдоо төдийгүй дэлхийд данстай эднээс ялгаатай нь би чинь хамгийн олон удаа Улсын аваргаас сэлгээний тамирчнаар медаль авсан юм байна. /инээв/  Гэхдээ өнөөдөр энд  спортын төлөөлөл болохгүй.


         Манай “Стартап Монголиа” ТББ нь залууст хэрхэн өөрийн хүчирхэг ертөнцийг бий болгох талаар олон жил ярьж ирлээ. Олон ч залуусын гарааны бизнесээ эхлүүлэхэд “уруу татлаа”.  Хосоо бид хоёр багын найзууд л даа.  Хоёулаа мөрөөдөл, амжилтын тухай бас их ярина аа. Үүнээс  үүдээд бизнес, спорт ялгаагүй амжилтыг хэрхэн олж авдаг тухай  ярьж, энэ арга хэмжээг зохион байгуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, “Монголын легионер тамирчдын холбоо”-г үүсгэн байгуулагч Г.Хосбаяр спортынхны амжилтын нууцад  залуустай хамтран  нэвтрэхийг хүссэн нь энэ юм.


        "Бид их шалтаг тоочдог. Жишээлбэл штанг өргөөд буларчихвал “Энэ биш юм байна” гээд орхидог. Уг нь эхлүүлдэг ч дороо буугаад өгчихдөг. Бизнес дээр ч ялгаагүй. Эхлүүлснээ, "Манай аав мөнгөгүй. Ээж хөрөнгө оруулахгүй юм  чинь би чадахгүй нь" гэдэг. Хэрэв амжилтад хүрчихвэл "Би л мундаг" гэх атлаа бүтэлгүйтвэл бусдаас бурууг хайж эхэлдэг" хэмээн З.Билэгбаатар өгүүлсэн юм.

 

Олон улсын хэмжээний мастер. Монголын анхны легионер тамирчин.  Тэрээр  “Монголын легионер тамирчдын холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулагч юм. Өнгөрсөн удаад /2011-2013 онд/ Хонгконгийн дээд лигийн “Пандас” багийн легионер тоглогчоор тоглож байв.


         Г.Хосбаяр: Залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе.  "Энд бяцхан түүх сөхөхөд би чинь өсвөр насандаа улаан рэпчин явлаа. Тэр үед толгойтой бүхэн л бүжиглэдэг байсан. Бас хурган атаман /инээв/. Билэгээ бид хоёрын найзалсан түүх их гоё. Нэг удаа Билэгбаатар “Ээж ээ, 200 төгрөг өгөөч гэж. Харин ээж нь "Чи яах нь  вэ?" гэсэн чинь Хосоо гадаа хүлээж байгаа” гэсэн байдаг юм. Энэчлэн орцны үүдэнд нь  зогсож байгаад татвар авна аа.  Дунд сургуулийн сурагч байхдаа би чинь их дураараа нөхөр байсан юм. Айлын ганц хүү. Ээж минь  намайг юугаар ч дутаалгүй өсгөсөн атал тамхи татаж, алкахол хэрэглэнэ. Багш нартайгаа муудна. Хааяа гэртээ хонохгүй тийм задарсан тархи явсан юм. Харин чөлөөт бөхөөр хичээллэх болсноор бүх зүйл өөрчлөгдсөн. Спорт намайг зөв хүн болгохоос гадна, маш олон сайхан боломжийг гаргаж өгсөн. Магадгүй спортоор хичээллээгүй байсан бол гэж одоо бодохоор хэцүү хариулт гарна л даа. Гудамжинд бусдаас архины мөнгө шаналгасан нэгэн явж байж мэднэ. Иймээс буруу замаар яваа нэгэн байвал арван хүний хоёр нь ч гэсэн оройтоогүй дээрээ өөр сонголтыг хийгээсэй гэж хүсээд “МӨРӨӨДЛИЙН ГАРАА”-ны нэг хэсэгт багтаасан юм.

 

     Олон улсын хэмжээний мастер, Паралимпийн хүрэл медальт. МУ-ын Гавьяат тамирчин тэрээр хүндийг өргөлтийн зургаан удаагийн аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, хошой мөнгөн медальтай. Азийн аваргын 235 кг-ын рекорд эзэмшигч  нэгэн юм.

 

         Э.Содномпэлжээ: Би ч бас айлын ганц хүү. 1999 онд бэртлийн улмаас группэд орчихоод жигтэйхэн эмзэг болсон. Гадагшаа гарч бусадтай харьцахаас айж, гэрээсээ толгойгоо ч цухуйлгахыг хүсэхгүй нэг жил өнгөрсөн.Хөлөө тайруулсан нэгнийг хүмүүс яг “Эвэртэй туулай” үзсэн мэт цочирдон хардаг байлаа. Гэхдээ миний хувь тавилан хөтөлж, 2000 онд Тэрбиш багштайгаа уулзсанаар  спортод хөл тавьсан. Улмаар спорт намайг нийгэмшүүлж, их олон өөрчлөлтийг авчирсан. “Хэрвээ би спортоор яваагүй бол?” гэж өөрөөсөө асууна л даа. Магадгүй сэтгэлээр унаад архинд орсон нэгэн болсон байх мэднэ. Эсхүл аль нэг албан газарт ширээний ард компьютер ширтээд суух байсан биз ээ. Би чинь 2007 онд  математикийн багш болж, мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж байлаа. Тэгвэл спорт энэ амьдралд илүүтэй шунан дурлах хүслийг бадраасан. Өнөөдөр би олон улсын тэмцээнээс гэхэд Азийн аваргаас хоёр хүрэл авлаа. Дэлхийн цомын гурван алт,хошой мөнгө, Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Мөн Азийн амжилтыг шинэчлэн тогтоож, паралимпийн наадмаас хүрэл медаль авлаа. Эндээс спортод үнэнч байвал спорт эргүүлээд хайр хишгээ өгдөгийг төвөггүй харж болох биз ээ. Би үүнийг биеэрээ мэдэрч яваа хүн. Гэхдээ энэ амжилтыг олоход амархан байгаагүй. Олон бэрхшээл тулгарсан. Ганцхан жишээ татахад нэг удаа эгэмээ хугалсан. Тийм гэмтлийн үед гар юу ч даадаггүй юм билээ. Түүний дараа би ахиад бүхнийг тэгээс эхэлж байлаа.

 

Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн цомын мөнгөн медальтай. Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, Монгол улсын 11 удаагийн аварга бүсгүй юм.

 

         М.Нандинцэцэг: Дунд сургуульд байхад манай ангийн охид боксын спортоор хичээллэж эхэлсэн. Харин би заалны буланд жижигхэн биетэй, дожоогүй охин чимээгүй л сууна. Намайг хэн ч тоохгүй. Гэхдээ надад бэлтгэл их таалагдаж байсан учраас хэзээ ч таслаж байсангүй. Сүүлдээ охид гарсаар би ганцаараа үлдсэн. Түүнээс хойш 15 жил өнгөрчээ. Мэдээж энэ хэмжээнд хүрэх зам дардан байгаагүй. Боксын спортын эмэгтэй төрөл гэж олимпод  байсангүй. Тийм болохоор шигшээ баг ч гэж байсангүй. Гэр бүлийн зүгээс байнга эсэргүүцнэ. Ялангуяа ээж “Эмэгтэй хүүхэд байж юун бокс. Дуугүй хичээл л хий” гэж загнана. Шигшээ баггүй учраас ямар ч цалингүй. Дээрээс нь оюутан. Автобусны мөнгө байхгүй. Тэгсэн хэрнээ байнга аав ээжээсээ гуйхаар санаа зовоод заримдаа троллейбусанд тас гүрийдэг байлаа. Тийм болохоор нууцаар секцэндээ явдаг  байлаа. Хувцсаа өөр цүнхэнд хийж хашааны гадаа тавьчихаад,  “номын хүн” гарч ирээд өнөөхөө аваад явна. Харин аав дургүйцэх ч тэмцээн уралдаанд амжилт гаргаад эхлэхэд ойлгодог болсон. Дараа эргэн тойрны хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй болж байгаа юм. Тухайн үед  боксоор хичээллээд нэг тамирчинд гурван жил дарааллан хожигдчихсон. Тэр цагаас эхлээд өөртөө зорилго тавьсан нь өнөөдрийн амжилтад хөтөлсөн. Шигшээ багт орсноор хүн бүр хүлээн зөвшөөрдөг болсон. Амьдрал ч шаал өөр болж эхэлсэн. Одоо 2019 оны дэлхийн аварга,  2020 оны олимпоос медаль авах зорилготой бэлтгэлээ хийж байна.


         Анхандаа хүмүүс “Хэрэв нөхөр чинь согтуу ороод ирвэл нэг цохиод л унагах уу?” гэж асуудаг байлаа. Одоо харин энэ асуулттай цөөн таарах болсон. Магадгүй бокс тоглодог гэхээр эршүүд, далий хамартай  нөхөр байна гэж төсөөлдөг байх. Үгүй л дээ.

 

 Олон улсын хэмжээний мастер, Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, МУ-ын Гавьяат тамирчин билээ.

 

         Д.Отгондалай: Би Дорнод аймагт төрж өссөн хүн. 2005 онд 10 жилээ төгсөөд анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үедээ боксын спортоор хичээллээд хоёр жил болчихоод улсын шигшээ багт орох зорилготой ирж байгаа юм. Ирсэн эхний зургаан сардаа аав ээжээсээ автобус, хоолны мөнгө  байнга нэхээстэй. Ингэж явсаар 2006 оны есдүгээр сараас  Монгол Улсын шигшээ багт багтаж, боксийн гэр бүлд жинхэнэ утгаараа хөл тавьсан. Энэ үед дараагийн зорилго гарч ирж 2008 олимпоос медаль авахаар бэлтгэж эхэлсэн. Үнэндээ 20 настай хүүхдийн хувьд том мөрөөдөл л дөө. Тухайн үедээ Э.Бадар-Ууганы бэлтгэл хангагчаар ажиллаж, энэ спортын амьдралын амтыг илүү ойроос мэдрэх болсон. Тамирчин хүний зам, тэр дундаа боксын спортод дардан зам  байхгүй. Луйвар маш их. 2011, 2013, 2014 онд сайхан амжилт үзүүлэх цаг хугацаа их байлаа. Харамсалтай нь шүүгчдийн буруу шүүлтээс маш олон харамсалтай ялагдал амссан. Гэхдээ шантраагүй. Шүд зуун зүтгэсээр, 2011 онд олимпийн эрхээ  аваад, Риогийн олимпоос хүрэл медаль хүртлээ. Түүнээс өмнө өөрийнхөө чадлаар найман хувийн зээлд хамрагдаж, байранд орчихоод сэтгэл  тэнэгэр бэлтгэлээ хийдэг болчихоод байлаа. Харин Бразилд очоод олимпын тосгон руу орохоор явахдаа хальтхан буу халсан юм. Намайг “Байртай, машинтай болсон уу?” гэнэ. Би ч найман хувийн зээлтэй. Хэрэв "ёндоорчихвол "өрөө  дарчихна даа” гэлээ.  Дараа нь ярьсан маань биелж хүрэл медаль хүртсэн манай мэргэжилтэн Баясгалан “Отгондалайн мөрөөдөл  биеллээ. Байрны лизингээ дарлаа” гээд жиргэчихдэг юм. Энэ тухай сонсоогүй хүн бараг байхгүй болсон байх аа. /инээв/ Дараа нь эх орондоо ирсэн манайхан “Отгондалай  байрныхаа зээлийг дарах зорилго тавьж олимп явсан” гэж авдаг юм. Уг нь би олимпийн аварга болох зорилготой явсан байгаа шүү дээ. Ер нь спорт бол хүнд. Гэхдээ хүн мөрөөдөж л байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн  тулд хөдөлмөрлөх ёстой.  Аль ч салбарт ялгаагүй. Суралцахад ч хөдөлмөр хэрэгтэй юм. Том мөрөөдөж байж том амжилтад хүрнэ.

 

Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга  шалгаруулах тэмжээний хүрэл медальтай. МУ-ын Бодибилдингийн долоон удаагийн аварга тэрээр Зэвсэгт хүчний 084-р ангийн албан хаагч бөгөөд хөгжимчин мэргэжилтэй.


         Л.Саруулбат: Хүнд боломж гэж байна. Бас мөрөөдөл гэж  байна. Хэзээ ч битгий бууж өг. Шантрагчид хэзээ ч ялдаггүй. Ялагчид хэзээ ч шантардаггүй. Хүн хийж чаддагаа бусдаас илүү хийвэл амьдрал тэр чигээрээ сонирхолтой болдог.  Тамирчид бид бусдад найдана гэж байдаггүй. Өөрсдөдөө л итгэдэг.Би энэ амьдралдаа хоёр сонголтыг маш зөв хийсэн. Би баян амьдралыг мөрөөдөөгүй. Рендж ровер унаад, дөрвөн өрөө байранд амьдрахыг мөрөөдөөгүй. Монголынхоо нэрийг дэлхийн дэвжээн дээр гаргаж, Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваадаа сэтгэл хангалуун амьдрах нь БАЯН АМЬДРАЛ гэж боддог. Миний зөв сонголтын нэг миний эхнэр. Хань маань буруу, зөвийн алинд ч миний талд бат зогсдог байлаа.  Минйи хаашаа  ингэтлээ зорьж тэмүүлж байгааг мэдэхгүй хэрнээ л “Миний хань чадна аа” л гэнэ. Одоо бид таван сайхан хүүхдийн аав ээж болсон байна. Анхандаа ээж аав ч “Чи буруу юм хийлээ. Наадах чинь амьдрал биш. Чи мөнгө олох хэрэгтэй “ гэж байнга загнана.  Энэ амьдралд мөнгө чухал биш л дээ. Мөрөөдөл мөнгийг дагуулдаг юм.  Өнөөх зөв сонголт нь бодибилдингийн спорт.

 

 

Урлаг эх орноо хайрлах, спорт эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлдэг.

 

 

         ШАНТРАХ ҮЕД ХУРЦАЛСАН НЭГЭН ХЭН БАЙСАН БЭ?


         Э.Содномпэлжээ: 2013 онд Азийн аваргад явах гэсэн зардал мөнгө хайгаад олдоггүй. Тэгээд нэлээн шантарсан хүн нагац ах дээрээ очлоо. Би ч энэ спортыг орхие доо. Оффесийн ажлаа хийгээд, цалингаа аваад л явж байхаас гэлээ. Тэгсэн ах “Чи олсоор авираад талд нь хүрээд буцлаа. Оргилд гарахад  хэдхэн алхам дутуу байна. Хэрвээ чи энэ спортоо хаявал хэн ч биш болно. Тийм учраас миний дүү бүү шантар. Одоо амжилтад хүрэхэд жоохон л үлдсэн байна” гэж хэлсэн юм.  Бас ээж рүү яриад хүүхдийг спортоо хая гэж битгий хэл. Юм дуулгана гэж хэлсэн. Ээж хар төмөр цуглууллаа. Ажил төрөл хийсэнгүй гэж бас үглэнэ л дээ. Арга ч үгүй биз. Би чинь хүний ганц хүү. Тэтгэврийн ээжийгээ асарч тойлох ёстой. Энэ ярианаас нэг их удалгүй Азийн аваргал явах мөнгө маань ч бүтсэн. Очоод тавдугаар байранд орж, дэлхийн аваргын эрхтэй  ирлээ. Улмаар дэлхий аваргаас Риогийн олимпийн эрх авчихаж байгаа юм. Хэрвээ тэгээд л орхисон бол энд ингээд суухгүй биз ээ. Түүнээс хойш аливаад тууштай яваад зорьсон л бэрхшээл тулгарна. Тэр тусмаа олсноос дээшээ гарах их хэцүү. Хичээгээд нэгэнт гарахын цагт амьдрал өөрөө хөтлөөд л явчихдаг юм билээ.


         М.Нандинцэцэг: 2016 онд олимпийн эрх авах том зорилго тавиад бэлтгэл хийсэн ч чадаагүй. Тэгээд больё л гэж бодож байхад багш зорилгынхоо төлөө тэмцэх хэрэгтэйг сануулсан. Ер нь багшдаа их загнуулна л даа. Аав ээждээ эрхлээд юм гарахгүй байна. Хүн нэг загнуулдаг хүнтэй байх ёстой гээд л эхэлнэ. Өнгөрсөн бүх цаг хугацаанд чиглүүлж ирсэн хүн бол миний багш.


         Д.Отгондалай: Миний зөвлөгч миний баг хамт олон байдаг.  Хүн алдарт хүрэхийн тулд нэлээн урт зам туулна. Харин алдарт хүрээд уруудах бол маш амархан. Тийм болохоор бизнес ч , спортод ч бай амжилтад хүрчихээд хэн байснаа мартаж болохгүй. Ямар амьдрал туулснаа ч мартаж болохгүй.


         Л.Саруулбат: Миний хармаанд 500 төгрөгтэй. Энэ мөнгөөрөө памперс авах, эсхүл автобусанд суух, үгүй бол янзага печень авч идэх гурван л зам байгаа юм. Ийм өдрүүд надад олон байсан. Мэдээж памперсаа аваад харьж байгаа юм. Хүн байхгүй гээд л байвал хэзээ ч байхгүй. Байхгүй ч байна гэж сэтгэл дотроо мөрөөдөөд, зорьж тэмүүлэхэд гайхамшигт боломж гараад л ирдэг. Бодол биелдэг юм.  Миний сонголт  миний спорт. Одоо би долоо хоногтоо сая төгрөгийг бэлтгэлдээ гарах нь сонин биш болсон. Яагаад гэвэл энэ бол өртөг өндөр спорт.


         Анх эхэлж байхад хэцүү зүйл олон байлаа. Миний найзууд ч хамт хэцүүдээд явсан. Тэгээд нэг удаа шантраад Хосоо найздаа “Намайг тоох нэг ч хүн алга. Больё доо” гэж гомдоллосон харин “Боль боль. Энэ спорт чамаар дутахгүй. Чи байхгүй ч хэн нэгэн гарна” гэдэг байгаа. Тэгэхэд би “Яг больж харагдаач” л гэж бодсон. Сая энэ тухай гэнэт саначихлаа. Ер нь хамгийн баян амьдрал бол хүн өөрийгөө олох юм. Хүн хүндээ хүндэтгэлтэй хандаж хайрлаж яваарай. Хүнд тусладаг хүн баяндаа биш. Тэр байхгүйг мэддэг учраас бусдад тусалдаг юм.

 

 

          Амжилт таван жилд ирдэггүй. Найман жилд ч ирдэггүй. Хамгийн багадаа 10 жилийн дараа ирдэг.

 

 

         СПОРТЫН КАРЬЕР ДУУСАХАД ЮУ ХИЙХ ВЭ?


          Д.Отгондалай:  Одоо би тагнуулын чиглэлээр суралцаж байна. Спортын хүн яагаад тагнуулын албанд зүтгэж болохгүй гэж.  Би Монгол улсынхаа жавхаатай генералуудаар бахархдаг. Одоо би хилийн цэрэгт 10 жил ажиллалаа. Хоёр жилийн дараа хошууч болно. Сургуулиа төгсөөд дэд хурандаа болно. Дараа нь хойшоо сургуульд явж суралцаад хурандаа болно. Хурандаа болчихоод мэргэжлээрээ ажиллаад цол нэмнэ гэж боддог.


          Э.Содномпэлжээ:Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны ахмад цолтой. Одоо Хууль сахиулах их сургуулийн эчнээ ангийн хоёрдугаар курст суралцаж байна. Төгсөөд салбартаа ажиллана.

          
          М.Нандинцэцэг: Би МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангийг төгссөн. Удахгүй боксын амьдралдаа цэг тавина. Гэхдээ Олимпийн аварга болж дуусгахаар зорилго тавьсан. Би экстрим төрлийн спортод их дуртай. Бас аялах дуртай. Магадгүй дараагийн  удаад Гангаамаа шиг, Өсөхбаяр шиг яагаад Эверестэд авирч болохгүй гэж. Ийм шинэ мөрөөдөл зорилготой болсон.


          Л.Саруулбат: Хөгжимчний хувьд би удахгүй тэтгэвэртээ гарна. Харин бодибилдингийн спорт бол гайхамшигтай. 70 хүрч дуусдаг. Магадгүй тэр цагт цэцэрлэгийн багш болоод хүүхдүүдэд хөгжим заана.

 

           Ийм нэгэн сонирхолтой уулзалтаас сурвалжлахад ийм байна. Тийм ээ, том мөрөөдөж байж том амжилтад хүрдэгийг ТАМИРЧИД ярьж байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.