Я.Баасандорж: Замын хөдөлгөөний дүрмийг ЭРГЭЖ ХАРАХГҮЙ БОЛ хоёр жил болоод мартдаг

2018-04-13 10:29

 

    Монгол Улсад жил бүр 50 мянган иргэн жолооч болдог гэсэн тооцоолол байдаг. Харин 320 орчим жолооны курс үйл ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Лицензийн төвийн мэргэжилтэн дуулгалаа.



 

    Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван хүн тутмын хоёр нь ЖОЛООЧ  гэсэн үг. Мөн нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт 300-400 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд хөдөлгөөнд үүсдэг бэрхшээлийг бүгд мэднэ. Хөдөлгөөний бухимдал нь жолоочийн соёлтой холбоотой гэх боловч хөдөлгөөний соёл гэж юуг нэрлэх гэдгээ бид мэддэггүй.

 

    “Тэгвэл замын хөдөлгөөний СОЁЛ хаанаас эхлэх вэ?”, “Соёлтой жолооч гэж ямар жолоочийг хэлэх вэ?”. Эдгээр асуултад хариулт авахаар “Номгон санчир” авто сургуулийн Замын хөдөлгөөний багш Я.Баасандоржтой ярилцлаа.

 

 

 

     ESA— Юуны өмнө жолооны курст заадаг хичээлийн хөтөлбөрийн талаар танилцуулаач. Ямар, ямар хичээлийг хэдэн цагаар зааж байна вэ?


   — Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалаар баталсан хөтөлбөрийн дагуу хичээл заадаг. Тухайлбал замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, жолооны дадлагын хичээлийг заадаг. Дүрмийн хичээлд замын хөдөлгөөний тухай хууль, хөдөлгөөний дүрмийг хичээлийг 76 цаг ордог. Мөн авто машины онол, эмнэлгийн анхны тусламж зэргийг заадаг. Харин жолооны хичээл бол суурин жолоо, хотын жолоо гэж хуваагдах бөгөөд суурин жолооны хичээл 32 цагийн хичээл заадаг.


    Ер нь жолооны курс ажиллуулахад хүндрэлтэй байгаа. Бүх хүн нэг өдөр хичээлд суухгүй учраас өдөрт 1,2 хүн сурдаг. Үүнийгээ дагаад тогтсон нэг программ, журмын дагуу хичээл заах боломжгүй болсон. Өнөөдөр арван хүн хичээлд суух гэж ирлээ гэхэд 2-3 нь хэд хоног хичээлдээ суусан, 4-5 нь шинээр эхэлж байгаа үлдсэн нь төгсөх дөхсөн гэх мэт. Мөн суралцаж буй хүмүүсийн ажил мэргэжил, мэдлэг боловсролоос хамаарч жолооны хичээлийг өөр өөрөөр заадаг.  

 

 

    ESA— Хичээлийн хөтөлбөрт жолоочийн соёл, замын хөдөлгөөний соёлын талаар хичээл байдаг уу?


    — Замын хөдөлгөөний дүрэм гэдэг нь соёл юм. Хөдөлгөөнд соёлгүй оролцож байна гэдэг нь дүрмээ биелүүлэхгүй байгааг хэлээд байгаа  юм. Явган хүний гарц дээр ирээд зогсчихдог, уулзвар нь түгжрэлтэй байхад араас нь давхиж очоод нэмээд түгждэг гэх мэт үзэгдэл байна. Уг нь замын хөдөлгөөний дүрэмд уулзварын цаана түгжрэл үүссэн байх юм бол  уулзвар руу орохыг хориглоно гэсэн заалт байдаг. Ер нь замын хөдөлгөөний дүрэмд хэд хэдэн заалт байдаг. Жишээлбэл, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6,1-т “дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно: А /Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, Б /Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд жолоочид анхааруулах зорилгоор” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, ослоос сэргийлэх, орон нутгийн замд гүйцэж түрүүлэхийн тулд сигналыг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд хэрэглэхгүй байх дүрэмтэй. Түүнчлэн зорчигч аюулгүйн бүсээ зүүгээгүй, хүүхдүүд нь машины цонхоор толгой, гараа гарган тоглож байх нь хээв нэг давхихыг харсан биз дээ. Энэ нь  замын хөдөлгөөнд хэрхэн соёлгүй оролцдогийн нотолгоо бөгөөд хөдөлгөөний соёлтой холбоотой энгийн зохицуулалтыг биелүүлдэггүйн жишээ юм. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд дүрмийнхээ дагуу хөдөлгөөнд оролцдог болох юм бол хөдөлгөөний соёл, соёлтой жолооч нь бий болно.

 


    ESA— Эдгээр замын хөдөлгөөний соёлын тухай заалтуудыг онолын хичээлээр заадаг уу?


    — Заадаг. Онолын хичээл дээрээ заагаад, хотын жолоонд гарахдаа хөдөлгөөнд баталгаажуулдаг. Улаан гэрэл аслаа энд зогсох ёстой, зохицуулалтгүй газраар явган зорчигч гарч байна жолооч зам тавьж өгөх ёстой гэх мэтээр нэг бүрчлэн заадаг. Ингээд заалгаж, сурсан дүрмээ 2-3 жил болоод тухайн жолооч мартдаг.

 


     ESA— Дүрмээ яагаад мартана гэж. Өдөр тутамдаа замын хөдөлгөөнд оролцож байж дүрмээ мартаж болно гэж үү?


    — Замын хөдөлгөөний дүрэм заалгасан ч эргэж харахгүй болохоор хоёр жил болоод мартдаг нь үнэн. Ямар дүрмийн мэдлэггүй хүн өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцоход жолоо барих дадлага нь сайжирна. Жолооч нар улаан гэрлээр зогсож, ногооноор явна, аль нэг тийшээ эргэх бол эргэх чигийн байрнаас хөдлөх ёстой гэх мэт ерөнхий ойлголттой байгаа учраас хөдөлгөөнд оролцож байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд давтан сургалт гэдэг зүйлийг хийж өгөх ёстой. Одоо жолоодох эрхээ хасуулсан хүмүүс л давтан шалгалт өгөхөөс биш бусад хүмүүс давтан шалгалт өгдөггүй. Уг нь таван жил эсвэл арван жил жолоо барьсны дараа заавал давтан шалгалт өгч, дүрмийн мэдлэгээ дээшлүүлдэг байх шаардлагатай. Ингэж байж замын хөдөлгөөний дүрмийн биелэлтийг сайжруулах юм.

 

     ESА— Тэгвэл соёлтой жолооч бэлтгэхэд жолооны курсууд ямар үүрэгтэй вэ?

    — Жолооч хүн дүрмээ биелүүлж л байх юм бол энэ нь хөдөлгөөний соёл болно. Хөдөлгөөний соёл гэдэг нь дүрмээр зохицуулагдаж байгаа замын хөдөлгөөний хэм хэмжээ юм. Түүнээс биш ганган хувцас өмсөөд, зангиа зүүчээд улаан гэрлээр нэвтрэх, хурд хэтрүүлэх, буцаж эргэхийг хориглосон газар буцаж эргэх, үргэлжилсэн цагаан шугам давахыг соёл гэхгүй.  Хамгийн гол нь жолооч бүр хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг болбол соёл гэгч нь тогтоно. Дүрмийг биелүүлэхгүй байгаа учраас Монголын жолоочид соёлгүй гэж нэрлэгдээд байгаа юм шүү дээ. Харин жолооны курсууд дүрмийн хичээлийг маш сайн, чанартай заах ёстой.


    Би 30 гаруй жил замын хөдөлгөөний дүрмийн багшаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа БНСУ-д хоёр жил, АНУ-д зургаан жил мэргэжлээрээ ажилласан. Маш энгийн нэг жишээ ярихад миний амьдарч байсан АНУ-ын хотод зам дээгүүр машин явсан яваагүйг үл хамаарч иргэд нь ногоон гэрлээ л хүлээдэг. Гэтэл манайхан гэрэл асахаас өмнө зам дээгүүр гүйдэг, замын голоор сүлжих гэх мэтээр зорчдог. Тэгэхээр замын хөдөлгөөний соёл бол зөвхөн жолоочийн бус явган зорчигчийн соёлтой холбоотой юм. Мөн АНУ-д амьдарч байх хугацаандаа анзаарсан зүйлүүдийн нэг нь хөдөлгөөний соёлын талаар иргэдийнхээ ойлголтыг бага наснаас нь эзэмшүүлдэг. АНУ-д жолооны курс гэж байдаггүй шүү дээ. Бага сургуульд суралцаж байхад нь дүрмийн мэдлэгийг нас насанд нь тохирсноор зааж байгаад ахлах сургууль төгсөхдөө жолооны шалгалт өгөөд жолооч болдог. Тэгэхээр бид гадны орнуудын жолооч бэлтгэх тогтолцоог нутагшуулж, хөдөлгөөний соёлыг яавал биелүүлдэг болох вэ гэдгийг судлах хэрэгтэй.

 


     ESA—  Ярилцсанд баярлалаа.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.