М.Билэгт: Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхийн тулд эхлээд Үйлдвэрчний эвлэлийн хуулийг өөрчлөх нь зүйтэй

2018-04-13 11:46

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Тус хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Иймд уг хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.

Хэлэлцүүлгийн үеэр М.Билэгт гишүүн “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах горимын санал гаргаж байна. Хөдөлмөрийн хуульд үйлдвэрчний эвлэлийн тухай оруулах гэж байгаа бол Үйлдвэрчний эвлэлийн хуулийг эхлээд өөрчлөх нь зүйтэй. Тэдний хууль БНМАУ-ын үед баталсан анхны хувилбараараа явж байна. МҮЭХ өнөөдөр БНМАУ-ын үед батлагдсан анхны хувилбараараа өнөөдрийг хүрсэн. Энэ хуулийнхаа жагсаал, цуглаан гэх заалтыг хэрэгжүүлдэг. Бусдыг шантаажилж орлого олдог байгууллага болсон. Тиймээс энэ хуулийг хойшлуулж, дахин чамбайруулах шаардлагатай байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг асуултад хариулахдаа "Байнгын хорооны зүгээс 100 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тиймээс МҮЭХ-той холбоотой заалтуудыг ажлын хэсэг байгуулан санал солилцож байгаа учраас байнгын хороо болон ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдэх ёстой" гэв. Санал хураалтаар М.Билэгт гишүүний горимын санал дэмжигдээгүй тул хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.