О.Содбилэг: Үндсэн хуульд Цэцийн шийдвэрийг ч, Дээд шүүхийн шийдвэрийг ч эцсийнх гэж үздэг нь хуулийн гацаа үүсгэж байна

2018-04-13 13:18


    УИХ-ын гишүүн О.Содбилэгээс Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.



 

    ESA— Эдийн Засгийн коридорын хүрээнд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих асуудал яригдаж байна. Энэ төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

    Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийн явцын мэдээлэл надад алга. Ер нь бол эдийн засгийн коридор нээх ажлын хүрээнд яригдаж буй төслийн нэг нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам тавих ажил гэж ойлгосон. Хувийн компани уг ажлыг концессоор барьж байгаа гэж дуулдсан.

 

    ESA— Энэ төсөл эртнээс яригдсан ч удаад байгаа шалтгаан нь юу вэ? 

 

    Засгийн газраас шалтгаалаад удсан зүйл байхгүй байх. Тухайн концесс эзэмшиж байгаа компани нь санхүүгээ босгочихвол ажлаа эхлүүлээд явах бүрэн боломжтой гэж харагдаж байна. 

 

    ESA— Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал ойрын өдрүүдийн гол сэдэв болж байна. Та өрнөж буй үйл явдлыг хэрхэн дүгнэж байна?

 

    Оюутолгойн гэрээн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ингэж ажлын хэсэг байгуулсныг зүйтэй гэж дэмжиж байгаа. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээний хэрэгжилт болохгүй байгаа зүйлүүд дээр миний бие удаа дараалан асуулга тавьж байсан. Ялангуяа Дубайн гэрээг маш буруу гэж өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гишүүн байхдаа бодол саналаа илэрхийлж байсан. Яагаад гэвэл Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд манай Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад ямар үр өгөөжтэй, яаж ажиллаж ирснийг монголчууд сайн мэднэ. Оюутолгойн гэрээг хэрэгжилтийн явцад нь хэд хэдэн алдаа байсныг нь тухайн үеийн Засгийн газар дарагдуулж тухайн гэрээг хийж байсанд шүүмжлэлтэй ханддаг. 

 

    ESA— Тэгвэл Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд төлөх болчихоод байгаа өрийн асуудалд та ямар байр суурьтай байна?
 

    Яг үнэндээ тодорхойгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Жишээлбэл  Үндсэн хуулийн цэц нэг шийдвэр гаргачихлаа. Тэр нь УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт. Гэтэл бас нэг шийдвэр хаана гарсан бэ гэхээр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд болсон хурлаар Эрдэнэтийн 49 хувь нь Монголиан копер корпорашианы эзэмшил мөн гэсэн тогтоол юм. Манай Үндсэн хуульд зааснаар хуулийн хүрээн дэх эцсийн шийдвэр нь Цэцийн гаргасан шийдвэр гэж үздэг. Нөгөө талаар Улсын Дээд шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үздэг. Хуулийн эцсийн шатуудад хоёр ялгаатай шийдвэр гарчихаар энэ асуудал гацаанд орчихоод байгаа юм. Бас нэг асуудал нь Захиргааны хэргийн шүүх дээр Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар шийдвэр гарч уг 49 хувь нь Засгийн газрын мэдлийнх юм гэсэн шийдвэр гаргасан. 

 

    ESA— “Жаст” группийн Стандарт банкнаас авсан зээлд Эрдэнэт үйлдвэр зээлийн баталгаа гаргахдаа 51 хувийг барьцаалсан гэж Ардчилсан намын гишүүд тайлбарлаад байгаа энэ үнэн юм уу?
 

    Аливаа компани зээлийн баталгаа гаргахдаа компанийхаа тодорхой хувь зааж баталгаа гаргадаггүй юм. Өөрөөр хэлбэл Стандарт банкнаас авсан зээлд батлан даалт хийхдээ зөвхөн 51 хувиа л барьцаалж зээл авсан гэсэн үг огт биш. Тэгэхээр манай сөрөг хүчнийхний ярьж байгаа шиг 51 хувийн баталгаа гаргасан зүйл байхгүй. Зээлийн баталгаа гаргавал 100 хувиа бүрэн төлөөлж л гаргана шүү дээ. 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.