Бугат суманд ХУУЛЬ ЗӨРЧИН хурдан морины уралдаан зохион байгуулжээ

2018-04-13 16:30

    Малын гоц халдварт шүлхий өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан  Засгийн газраас ирэх зургадугаар сарын  н1-нийг хүртэл хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан.  Энэ нь нэг талаараа малын гоц халдварт өвчинтэй холбогдуулан гаргасан шийдвэр ч гэлээ уяачид өвөл, хаврын морин уралдааныг дур мэдэн зохион байгуулж, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэх олон нийтийн шүүмжлэл их байгаатай ч холбоотой юм. Гэвч зарим аймаг, сумын удирдлагууд, уяачдын хувьд Засгийн газрын энэхүү тогтоол шийдвэр огт үйлчилдэггүй, хэрэгждэггүй  бололтой.




 

    Тухайлбал,  Говь-Алтай аймгийн Бугат суманд энэ сарын 7-ны өдөр тус аймгийн 10 орчим сумын уяач оролцсон хурдан морины “Хаврын бүсийн морин уралдаан”-ыг хууль зөрчин зохион байгуулжээ.  Уралдааны үеэр нэг хүүхэд мориноосоо унасан ч азаар хүнд бэртэж, гэмтээгүй байна. Уг нь хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж өнгөрсөн гуравдугаар сард гарсан юм. Гэвч Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг дарга Я. Мятав, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч. Дашням нарт хууль,  Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж ч үйлчилсэнгүй. Уралдаан зохион байгуулаад бараг долоо хоног өнгөрсөн ч “Говь-Алтай аймгийн Бугат сумын удирдлагуудад хариуцлага тооцлоо гэж сонсогдсонгүй. Эсвэл Засгийн газар тогтоолоо, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм захирамжаа мартчихсан бололтой.

 

    Эргэн сануулахад, 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор зургадугаар сарын 1-н хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Мөн гуравдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн А/81 тоот тушаалаар тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гарсан. Хамгийн инээдтэй нь, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг дарга Я. Мятав гуравдугаар сарын 19-ний өдөр А/22 тоот захирамж гарган, тавдугаар сарын 15 хүртэл тус сумын нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан байдаг юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласан. Гэвч хариуцлагын тогтолцоо уяачдын хувьд тоглоом, шоглоом  болсон бололтой.

 

    Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг дарга Я. Мятав, ИТХ-ын дарга Ч. Дашням нар Засгийн газрын тогтоолоос 11, аймгийн Засаг дарга, өөрийн гаргасан захирамжаасаа 18 хоногийн дараа сумандаа хурдан морины уралдаан зохион байгуулаад, найрлаад явж байна. Энэ бол хариуцлага алдаж буй асуудал биш. Харин хуулийг санаатайгаар зөрчиж буй асуудал. Тэгвэл Засгийн газар, аймгийн Засаг дарга Бугат сумын удирдлагууд болох Я. Мятав, Ч. Дашням мэтийн даварсан дарга нарт хэрхэн хариуцлага тооцохыг ард түмэн чинь харж, хүлээж байна.  
            

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.