“Титаник”-ийн сүйрлээс амьд үлдсэн зорчигчдын ХУВЬ ТАВИЛАН хэрхэн эргэв? 

2018-04-15 15:11

   “Титаник” хөлөг онгоцны гунигт тавилангийн талаар мэдэхгүй хүн бараг л үгүй. Энэ хөлөг онгоцны сүйрлийн шалтгаантай холбоотой олон домог, таамаглал бий. Аюулгүй бүсэд нэвтэрсэн, байгалийн хүчин зүйлээс болсон эсвэл бүр санаандгүй тохиолдол байсан гээд хүн бүр янз бүрээр л ярьдаг.  Харин тухайн үед чухамхүү юу болсон гэдгийг “Титаник”-ийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүс л мэднэ. 


   1912 оны дөрөвдүгээр сарын 12-ны тэр аймшигт өдөр, эхний бөгөөд сүүлийн аялалдаа гарсан Титаник хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн хүмүүсийн түүхийг Адме.ру эх сурвалжтайгаар хүргэж байна. Энэ хөлөг онгоцыг аялалд гарах өдөр онгоцонд 2000 хүн суусан бөгөөд дөрөвдүгээр сарын 14-15нд шилжих шөнө хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөн, осолдож сүйрэн юм. Энэ сүйрлээс 700 хүн амьд үлджээ. 



Өнчин хүүхдүүд 

 

   Мишель (3 настай ) болон Эдмонд Навратиль (2 настай) нар аавынхаа хамтаар Луис болон Лото гэх нэрээр зорчиж явжээ. Тэдний эцэг том Мишель хүн бүрт өөрийгөө бэлэвсэн, эхнэр нь нас барсан гэж ярьж байсан гэдэг. Үнэн хэрэгтээ тэрбээр эхнэрээсээ салж, эхнэртээ мэдэгдэлгүй хүүхдүүдээ авч явжээ.

 

  Хөлөг онгоц живэхэд том Мишель хүүхдүүдээ завинд суулгасан байна. Энэ үедээ “Хүү минь, ээж чинь та нарыг авахаар ирвэл, мэдээж тэр ирнэ. Түүнд намайг өөрт нь маш их хайртай байсан, одоо ч хайртай гэдгийг хэлээрэй. Тэр бидний хойноос ирж, бид хамтдаа Шинэ Гэрлийн ертөнцөд амар амгалан амьдрана гэж би хүлээж байсан гэдгийг хэлээрэй” хэмээн хэлсэн гэдэг.

 

  Эцэг нь амиа алдаж, хүүхдүүд жаахан, дээр нь англиар ярьдаггүй байсан тул ар гэрийнхнийг нь олох гэж чамгүй хугацаа зарцуулжээ. Хүүхдүүдийн ээж тэдний зураг сонинд хэвлэгдсэн байхыг хараад, сарын дараа буюу тавдугаар сарын 16-ны өдөр хөвгүүдтэйгээ уулзаж чадсан гэнэ. 


  Тэд өсч том болоод , бага Мишель хамт сурдаг байсан бүсгүйтэйгээ гэрлэн, сэтгэл судлалын профессор болж, Монпельед үлдсэн амьдралаа өнгөрүүлж, 92 насандаа өөд болжээ. Харин Эдмонд гэрлэн, архитектор, барилгачнаар ажиллаж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Францын армийн эгнээнд нэгдэн, хожим нь өвчний улмаас 43 насандаа бие барсан байна. 

 


Киноны Молли буюу Маргарет Браун   

 


 

  Маргарет Браун “Титаник”-ийн сүйрлээс ч өмнө алдартай байлаа. Тэрбээр эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болохоос 8 жилийн өмнө улс төрийн албан тушаалд горилсон, АНУ-ын анхны эмэгтэйчүүдийн нэг байв. Түүнийг Европд байхад ач хүү нь өвдсөн гэсэн мэдээ авсан тул Нью-Йорк руу яаралтай буцахаар болсон байна.

 

   Тэрбээр маш хурдан хугацаанд шийдвэр гаргасан тул Маргаретыг Титаникт суусан гэдгийг маш цөөн хүн мэдэж байв. Хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсний дараа Маргаретыг №6 завинд суулгажээ. Тэрбээр энэ завинд суух үедээ бусад хүмүүсийг удирдан зохион байгуулж байсан гэх. 


  Маргарет хөлөг онгоцны сүйрэлэс амьд гарсан хүмүүсийн хорооны даргаар сонгогдон, тусламж хэрэгтэй хүмүүст зориулан 10 мянга орчим долларын хандив цуглуулж чаджээ.  


  Түүнийг “Титаник”-аас амьд гарсан хүмүүст тусласных нь төлөө одонгоор шагнасан бол хожим нь Дэлхийн нэгдүгээр дайны үед Францыг чөлөөлөх хороонд ажиллаж байсных нь төлөө Хүндэт легионы одон хүртжээ.  Тархины хавдрын улмаас 65 насандаа Нвю-Йорк хотноо таалал төгссөн байна. Түүнийг Молли гэж дууддаггүй байсан, энэ нэр нь уран сайхны киноныхны өгсөн нэр юм.

 


Гурван ослоос амьд гарсан бүсгүй 

 

  Вайолетт Констанс Жессоп White Star Line тэнгисийн зорчигч тээврийн  компанийн үйлчлэгч байв. Тэрбээр 1911 онд “Хоук” хөлөгтэй мөргөлдсөн “Олимпик” хөлөг онгоц, 1912 онд живсэн “Титаник”,  Дэлхийн нэгдүгээр дайны үед минанд өртөж живсэн “Британник” цэргийн эмнэлгийн хөлөг онгоцонд ажиллаж байжээ. 


  Гурвын гурван осол харж, үүнээс золоор мултарсан ч Вайолетт хөлөг онгоцон дэр ажилласан хэвээр л байсан гэнэ. Тэрбээр 83 насандаа зүрхний шигдээсийн улмаас таалал төгсчээ. 

 


Жүжигчин бүсгүй “Титаник”-аас аврагдсан хувцастайгаар кинонд тогложээ 

 

 

  Жүжигчин Дороти Гибсон ээжийнхээ хамт нэгдүгээр зэрэглэлийн өрөөнд зорчиж явжээ. Хөлөг онгоц живэх үед №7 завинд сууж амь аврагдсан байна.

 

  Түүнийг Нью-Йорк хотноо ирэхэд менежер нь түүнийг хөлөг онгоц сүйрч байгаа тухай кинонд тоглохыг ятгасан байна. Улмаар Дороти кино зохиолыг өөрөө бичиж, Титаникаас аврагдах үедээ өмсөж байсан хувцсаа кинонд тоглохдоо өмсчээ. “Титаникаас амьд үлдсэн бүсгүй” нэртэй кино сүйрэл болсноос хойш сарын дараа гарсан байна. 


  Удалгүй Дороти кино салбараас гарч, дуурийн театрт ажиллах болжээ. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед тэрбээр Италинд амьдарч байсан бөгөөд энэ үеэр түүнийг фашизмын эсрэг үзэлтэй гэж буруутган Миланы Сан-Виттор шоронд хорьжээ. Тэрбээр энэ шоронгоос оргож чадсан бөгөөд үлдсэн амьдралаа Парист өнгөрүүлж, 65 насандаа зүрхний шигдээсээр нас барсан байна. 

 


Осгосон ч хөл дээрээ босч чадсан залуу 

 


  Ричард Норрис Уильямс Титаник хөлөг дээр аавтайгаа хамт зорчиж явсан бөгөөд сүйрэл болох үед айж мэгдээгүй гэдэг. Тэд даарч осгохгүйн тулд бааранд суухаар очсон ч онгоцны үйлчлэгч хаалга онгойлгож өгөөгүй тул тэдн спорт танхимд хоргоджээ. Улмаар онгоц бүрэн живэх үед эвхэгддэг завь олж, түүндээ суусан байна. Гэвч эцэг нь онгоцны янданд цохиулан амиа алджээ. 


   “Титаник”-ийн сүйрлийн дараа зорчигчдыг аврахаар ирсэн “Карпатия” хөлөг онгоцны эмч Ричардын хөл хөлдсөн тул тайрахаас аргагүй гэж байв. Гэсэн ч Ричард зөвшөөрсөнгүй.

 

  Түүний ч зөв байв, тэрбээр хөл дээрээ босч чадсан төдийгүй теннисчний карьераа үргэлжлүүлж, Олимпийн алтан медальтан болж, Дэлхийн нэгдүгээр дайны фронтод тулалдсан төдийгүй Филаделььфийн хамгийн амжилттай хөрөнгө оруулалтын банкир болжээ. Тэрбээр 22 жилийн туршид Пенсильванийн түүхийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласан гэнэ. Ричард Норрис 77 насандаа өвчний учир таалал төгсчээ.

 

 
Сүйрлийг тод санаж үлдсэн, хамгийн сүүлчийн залуу зорчигч 

 


 

  “Титаник”-ийн хөлөгт аав ээжтэйгээ суух үед Ева Мириам Харт ердөө 7 настай байв. Ээж нь хөлөг онгоцоор зорчих үедээ ямар нэг зүйлд түгшиж, муу совин татаад байсан тул шөнө унтдаггүй байсан гэнэ. Титаник живэх үед аав нь Еваг хөнжилд ороон, ээжийнх нь хамт завинд суулгажээ. “ЭЭЖИЙНХЭЭ ГАРААС САЙН БАРЬ, САЙН ОХИН БОЛООРОЙ”. Энэ бол аавынх нь сүүлчийн үг байв. Сүйрлийн дараа ч аавынх нь цогцос олдоогүй гэдэг.  


  Ева өсч том болон, дуучин болж, мөн Британийн консерватив намын зохион байгуулагч болжээ. Тэрбээр “Титаник”-ийн сүйрэлтэй холбоотой бүхий л дурсамжийг тодоос тод санаж үлдсэн байв. 


    Ева 91 насандаа өөд болжээ. 

 


Хөлгөөс зугатсан дарга 

 


 

  Жозеф Брюс Исмей бол White Star Line компанийн дарга байсан бөгөөд чухамхүү тэрбээр “Титаник”-ийн угсралтанд хариуцлага хүлээх ёстой нэгэн байв. Эвхэгддэг завин дээр гарч амьд үлдсэн тэрбээр мэдүүлэг өгөхдөө, сүүлийн мөчид буруу харсан тул “Титаник” хэрхэн живж байгааг хараагүй гэжээ. 

 

   Сүйрэл болсны дараа Исмей хэвлэлийнхний дайралтад өртөв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хөлгийн тавцан дээр аврал эрэн үлдэж байхад Исмей хөлгөөс зугатсанд хүмүүс буруутгаж байлаа. 


   Тэрбээр хожим нь худалдааны флотын офицерүүдийг бэлтгэх “Мерси” нэртэй өсвөр үеийнхний хөлөг онгоц нээж, амиа алдсан далайчдын сан болон Дэлхийн нэгдүгээр дайны үеийн худалдааны флотын санд асар их хэмжээний мөнгө хандивласан байна. 


   Үлдсэн амьдралаа олон нийтээс холхон өнгөрүүлж, 74 насандаа таалал төгсчээ. 

“Титаник” сүйрсний дараа авсан ховор гэрэл зургууд 

 


Аврагдсан хүмүүс 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.