Дэлхийн шилдэг “БРАВО” шагналын эзэн Э.Амартүвшин “Травиата”-д тоглоно

2018-04-16 11:23

          УДБЭТеатр тоглолтын 55 дахь тоглолтын улиралд түүхэн ач холбогдол бүхий тоглолт арга хэмжээг онцлон ажиллаж байна.

 

          Энэ сард онцлох тоглолтуудын нэг бол Камелийн “Цэцэгт хатагтай- зохиолоос сэдэвлэн бүтээсэн Ж.Вердийн “Травиата” дуурь  юм. 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд УДБЭТ-ын тайзнаа тоглогдох уг дуурийн гол дүрүүд болох Виолеттад-Б.Эрдэнэтуяа /МУГЖ/, Альфредод-Б.Батжаргал /СТА/, Жермонд-Э.Амартүвшин /МУГЖ/ нар дуулна. Сонгодог урлаг үзэгчдийн дунд хундагын дуугаараа овоглосон Ж.Вердийн “Травиата” дуурийн 106 дахь удаагийн тоглолтонд МУГЖ, Монгол улсын соёлын элч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин дуулна. Тэрээр дэлхийн нэр хүндтэй том театруудад уригдан, дэлхийн шилдэг сонгодог дууриудад тоглож, сонгодог дуучдын нэг гэдгээ баталсаар ирсэн билээ.

 


          Гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин нь 2018 оны 03-р сарын 11-ны өдөр Москва хотноо “Большой” театрын тайзан дээр зохион байгуулагдсан дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн "Браво” ёслолд уригдан Евро Азийн 15 улсын сонгодог урлагийн мэргэжлийн уран бүтээлчдээс шалгаран шилдэг "Браво” шагналын эзнээр тодорсон билээ. Тэрээр хүндэт “Браво” шагналын эзэн болсоноосоо хойш анх удаагаа УДБЭТ-ын тайзнаа Ж.Верди “Травиата” дууриар сонгодог урлагийн үзэгчидтэйгээ уулзах гэж байна. УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2018 оны 01 сарын 12-21-ний хооронд Итали Улсын Режио ди Парма хотын театрт Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг хил хязгааргүй талын Монголын дуучин дэлхий даяар сонгодог дуурийг гайхамшигтайгаар дуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэгнэлээ. Э.Амартүвшин нь Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны “Мөнгөн” шагнал, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдгийн шилдэг дуурийн дуучны шагналт, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт гээд түүний гавьяа шагналыг дурдаад баршгүй юм. Түүнийг дуурийн эх орон Итали улс даяар дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байсан. Режио ди Парма театрт Маэстрогийн тоглолтыг дуулж эхэлсэн мөчөөс эхлэн дуурийн сүүлчийн мөч хүртлээ чимээ намдаж үзэгчид амьсгалаа хураан үзэж дуусгажээ. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид Монгол залуугийн дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэх мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнөөр мэдэрч чадсаныг бишрэн шүтэж байсан. Тэрээр дэлхийн “Сонгодог урлагийн шилдэг” гэдгээ ийнхүү баталсаар яваа агуу дуучин билээ.

 

 

 


          Энд нэмэхэд, 160 гаруй жилийн түүхтэй Ж.Вердийн “Травиата” дуурь анх Монголын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр тавигдаж, өдгөө 41 дэх жилтэйгээ золгож байна.

 


          Монголын хамгийн анхны эмэгтэй найруулагч УГЗ Ё.Цэрэндолгор дөнгөж төгсч ирээд монгол хэлээр найруулан тавьсан бөгөөд удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллажээ. 2000 онд найруулагч УГЗ Ё.Цэрэндолгор Итали хэлээр шинэчлэн тавьж, УГЗ Н.Туулайхүү нар удирдсан юм. 2015 онд БНСУ-ын найруулагч СТА Ан Ху Вон дахин шинэчлэн найруулж, тайз, хувцсыг дахин шинэчилсэн бөгөөд тайзны зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байлаа.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.