Б.Баярсайхан: Хусыг савх шиг нимгэлээд МОДОН БИЙРЭЭР 45 хоногт бичиж дуусгасан

2018-04-16 16:45

       Өөрийнх нь хэлснээр хүмүүст “Лхам бурхны ундааг тарааж буй буянтай ажилтай” нэгэн бол Сүхбаатар дүүргийн 15-р хороо Архустайн өндөр настан Б.Баярсайхан гуай юм.


      Түүний суудаг худгийн ханан дээр нарийвчлан зурсан хүснэгт бүхий монгол бичгийн цагаан толгой, тооны хамт ярайна. Бас нэгэн ангир зурсан байх агаад монгол бичгээр “Хоёр ангиртын рашаан худаг. Ус бол чандмань эрдэнэ. Монгол бичгийн цагаан толгой” хэмээн тодотгожээ. Биднийг очиход өвөө байсангүй. Цагийн хуваарийг нь харвал эрт хаасан байх агаад утас цохивол “Яваад очъё” гэв. Түүнээс их удсан ч үгүй. Хар хүрээтэй харааны шил зүүж, хар малгай, хар куртик өмсөж, таяг тулсан хүн  ирлээ.  Уулзангуутаа  малгайн доогуур цухуйх шингэн атлаа сураар боосон буржгар үсийг хараад шүлэг найрагтай ойрхон нэгэн бололтой хэмээн өөртөө таамаглав. Харин яриа эхлэхэд таамаг зөрсөн л дөө. Ингээд оршлыг ард үлдээж түүнтэй ярилцсанаа хуваалцаж байна.



 

ESA – Энд амьдраад хэдэн жил болж байна вэ?


       - 1996 оноос хойш амьдарч байна. Анхандаа чацарганы мод тарьж, дарсны үйлдвэрлэл эхлэх гэж үзээд бүтэлгүйтсэн. 2001 онд тархинд цус харваад үйлдвэрээ тараачихсан юм. Дараа нь биеийн байдал сайжраад зүгээр сууж чадахгүй сурсан зангаараа олон нийтийн ажилд “хошуу дүрээд”  20 шахам жил болсон байна уу даа. Тухайлбал, 2010 онд энэ замын улаан шугамыг тавиуллаа. Энэ чинь хуучин хайрган замтай байсан юм. Бас газраа авч чадаагүй хүмүүсийн өргөдлийг нь бичиж өгнө. Ажилгүй байгаа залуучуудыг сургуульд ороход туслана. Ажил эрж сурна гээд наддаа л ажил мундахгүй. Тухайн үед чинь эндхийнхээ хэсгийн даргаар ажиллаж байхад айлууд цөөхөн байсан. Одоо бол жил ирэх тусам нэмэгдээд л байна.


        Энд ирэхээсээ өмнө 10-р хороололд хүүхдүүдтэйгээ амьдардаг байлаа. Тухайн үедээ Монголын анхны дарсны үйлдвэр “Хөлөг”-т санхүүг нь хариуцдаг байсан юм. Манай дүүгийн компани л даа. Зөвхөн монгол жимсээр / чацаргана, үхрийн нүд, долоогоно гэхчилэн 5-6 төрлөөр/ “Хөлөг” нэрийн ликёр, дарсыг үйлдвэрлэнэ. Даанч бие муудаад үргэлжлүүлж чадаагүй ээ.


ESA – Геологч мэргэжилтэй гэсэн үү?


        - Үгүй ээ, үгүй. Би чинь 1973 онд тухайн үеийн санхүүгийн техникумыг үйлдвэрийн нягтлан бодогчоор төгссөн. Одоо дээд сургууль болчихсон. Сургуулиа төгссөн жилээ Дорноговь аймгийн  барилга угсралтын конторын нягтлангаар очоод, дараа нь Улаанбаатар хотын барилга трестэд нягтлан хийж байгаад цэрэгт явсан. Тухайн үедээ хугацааны ахлагч 70 төгрөгний цалинтай цэрэг нягтлангаар гурван жил алба хаагаад 1977 онд халагдсан. Тэгээд барилгын цэргийн удирдах газрын генарал Бавуу гуай “73 -р ангид хүнгүй боллоо. Тэнд нягтлан хий” гэдэг даалгавар өгсөн. Энд бас хэсэг хугацаанд ажиллаад Толгойтын нефть хангамжийн баазад орж, энэ салбарт 20 хэдэн жил ажилласан. 1982 онд тээврийн яам өөрийн хөрөнгөөр хурдавчилсанаар их сургуульд сургасан. Худалдааны эдийн засагч, нягтлан бодогчоор 1985 онд төгсөөд тээврийн яамны даалгавраар Дорнодод гурван жил ажиллахаар очоод 1990 онд хотод ирсэн. Би энэ нефтийн салбарт анхан шатны маягтаас нь эхлээд л санхүүгийнх нь тал дээр нэлээн ажлыг цэгцэлсэн. Монголд улсад надад очоогүй аймаг, яваагүй сум байхгүй. Яагаад вэ гэхээр улирал бүрт  талон хэвлээд устгадаг. Тэгэхэд бүх аймагт очиж хүчингүй болсон талоныг устгаж акт гаргана. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын албаны даргаар ажилладаг байлаа.

 

 

 


ESA – Энэ худаг хэдэн онд ашиглалтад орсон юм бэ?


        - Ашиглалтад ороод найман жил болж байна. Нийтдээ 14 сая төгрөгөөр боссон худаг байгаа юм. Би яг долоо хоног сахиж суугаад бариулсан. Өөрөө явж  хамгийн сайн насосыг нь авч тавьсан. Ус 75 метрийн гүнээс гарч байгаа шүү дээ. Ингэж худаг барьсан нь ганц надад биш энэ ард түмэнд хэрэгтэй. Энэ замын урд талыг “Хоёр ангиртын тохой” гэж байгаад рашаан ундардаг байлаа. Даанч айл ирж буугаад усаа татчихсан юм. Тэгэхээр нь рашааны судал дээр худгаа гаргасан. Ямар тунгалаг ус байдаг гэж санана. Мэргэжлийнхэнд шинжлүүлж байгаагүй л дээ. Гэхдээ ходоод, гэдсэнд сайн болохыг мэдэх хүмүүс нь ярьдаг юм.


ESA – Худгаа та өөрөө л ажиллуулах уу?


        - Хүнд даатгаж чадахгүй ээ. Хүүхдүүд “Аав даарна” гээд болж өгвөл байранд аваачиж "хорьчих" гээд л байгаа юм. Даанч би чадахгүй юм билээ. Саяхан цагаан сараар хүргэнийдээ очиж хоносон. Шөнө диван дээр унтаж чадахгүй, шалан дээр унтчихлаа. Өглөө охин харж сандраад “Аав аа та орноосоо уначих аа юу” гэж асууж байна лээ.  /инээв/ Тэгэхээр чаддагаараа эндээ  дураараа орж гараад амьдрах таатай санагддаг юм. Нөгөө талаас худгаа өөр хүнд шилжүүлчихвэл бохирдуулж мэднэ. Ундны ус бол хамгийн цэвэр орчин, ариун байх ёстой юм шүү дээ. Муухайгаар бодоход янз бүрийн юм орогнуулбал яах билээ. Тэгэхээр өөрөө эхэлж бариулсан. "Дээшээ явтлаа" өөрөө л ажиллуулна гэж  боддог.


        Өвөлдөө өглөө орой нэг нэг цаг, зундаа хоёр цагаар ажилладаг. Яг цагтаа  л онгойж, цагтаа хаана. Нэг ч  минутын “найраа” байхгүй. Ингэж байгаа маань учиртай. Өнөөдөр цаг барьдаг хүн ховор болсон байна. Цаг барьж сурна гэдэг маш том соёл, бас хүндлэлийг багтааж байдаг. Тэгэхээр энэ хавийнхан маань миний цагт баригдаад цаг барьж сураад байгаа юм. Амралтын өдөр гээд үд хүртэл унтахгүй. Усаа авахаар эртлэн босохоос аргагүй болох жишээний. Өглөө эрт босвол их ажлыг амжуулдаг юм шүү дээ. Яах вэ хоол,  цайгүй хоцоръё гэвэл унтаж л байг. Би хаагаад л явчихдаг.


ESA – Ус авъя гээд залгах уу?


       - Залгана аа. Би цагийн хуваарь хар л гэдэг юм. Мэдээж хүндэтгэх бас шалтгаан байна. Жишээ нь хурим, найр гэхчилэн. Тэр тохиолдолд  харж үзнэ ээ. /инээв/


ESA – Ханан дахь монгол бичгийг өөрөө бичсэн  гэсэн байх аа?


       - Тийм ээ, өөрөө бичсэн. Харагдаж байгаагаасаа хэцүү байсан шүү. Уг нь Мендлеевийн үелэх систем бичихээр бодсон ч сүүлийн  үеийн номон дээр эквалентууд тав, зургаан оронтой болчихож.  Орон хасаад биччихвэл буруудана шүү дээ. Тэгэхээр монгол бичгийн цагаан толгойгоо бичье гэж бодсон. Хүүхэд, залуучууд ус авахаар ирэхдээ нэг үсэг ч цээжлээд аваг. Ингэж бодоод ноднин дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд, зургаадугаар сарын 1-нд дуусгасан. Нийт 45 хоног энд өнжсөн. Хусыг савх шиг нимгэлээд модон бийрээр бичсэн. Дээд хоёр эгнээгээ бичих  гэж Бонго машинаа авчирч зогсоогоод “зүтгэсэн” дээ. Уг нь уран бичээчээр бичүүлье гэсэн хамгийн хямд нь нэг үсэг 250 төгрөг гэнэ. Өнөөхөө нийт үсгэндээ үржүүлэхээр нэлээн тоо гарч байна. Тэтгэврийн хөгшин надад тав, зургаан зуун мянган төгрөг нь байхгүй шүү дээ. Тэгээд улсаас мөнгө нэхвэл өгөхгүй нь тодорхой. Ингээд өөрөө бичээд, хүүхдийн баяраар “Өвөө нь та нартаа ухаан бэлэглэе гэж бичлээ" гээд эндхийн багачууддаа хүлээлгэж өгсөн. Одоо нөгөө нүүрэндээ кирилл цагаан толгойн үсгээ, зарим нэг хэрэгтэй томъёотой биччихнэ дээ.  Энэ бол ганц худаг байх юм биш.

 

 

 

         Цогцолбор болох учиртай. 250 мод, 4*6 харьцаатай усан бассейн буюу өвөлдөө коток, 6*6  харьцаатай номын сан  багтана.  Хэрвээ номын сангаа барьчихвал монгол уламжлалын хичээл орно. Өнөөдөр уяа уяж чадахгүй, хөвөрхий уячихна. Тооно тушаад уя гэхээр мэдэхгүй. Тэгэхээр эндээ тараг бүрэх, өрөм загсаах, ээзгий чанахыг гаргаж авахыг зааж өгнө гэж бодоод байна.

 

 

НЕФТЬ МЭДДЭГ, ТООЦОО МЭДДЭГ УЛС ҮХЭЭГҮЙ ШҮҮ

 

 

 

ESA – Ямар төсөвтэй цогцолбор юм бэ?


      - Энэ худгаа барьснаас хойш найман жил хөөцөлдөж байна. 2015 онд дүүргийн төлөвлөгөөнд орсон тохижуулна гэсэн байдаггүй. Энэ он гараад өвөл ахмадуудыг хүлээж авахад хэлсэн “Баярсайхан гуай та худгийнхаа талаар ярих гэж байна уу. 2018 онд хийнэ” л гэсэн. Тэгээд сая хорооны иргэдийн хурлын үеэр очиж асуусан “Төлөвлөгөөнд байхгүй байна”  гэдэг хариу өгдөг байгаа. Энэ нь жараад сая төгрөгийн төсөвтэй. Хуучин номын сангийн оронд ахмадуудын нарлах талбайтай байснаа номын сан болгочихсон юм. Арай өгөөжтэй санагдаад. Тэгээд энэ жил архитектур хүүхэд гуйж байгаад 300 мянган төгрөгөөр шинэ зургаа зуруулсан. Тэр хүүхэд л  тэтгэврийн өвгөн гэж харж үзээд хямд зурж өгч байхгүй юу. Тэтгэврийн талаас илүү хувийг энэ зурагт зориулчихаад л сууна.


ESA – Тэтгэврээ  өгчихөөр яаж  амьдрах уу?


      - Сайн санааны үзүүрт сайхан юм л хүлээдэг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг ч төгрөгийн цалингүй, ганц шуудай нүүрс ч үгүй л ажиллаж ирлээ. Манайх усаа нэг литрийг нь хоёр төгрөгөөр зардаг. Найман жилийн хугацаанд үнээ өөрчлөж байгаагүй. Харин хойшоо худгууд 3,4,5 төгрөгөөр зардаг юм билээ. Эндээс орсон орлогын ихэнх хувь нь цахилгааны төлбөртөө явчихдаг юм.  Үлдсэн нь надад тамхины мөнгө болж ирдэг. Гэхдээ би улсад хийсэн юмтай хүн учраас бусдаас гуйхгүй тэтгэвэр авдаг хүн л дээ

.
      Сая өнгөрсөн өвөл худгийн хажуугийн шон дээр 95 мянган төгрөгөөр прожуктор авч тавилаа. Өвөлдөө эрт харанхуй болчихоор ус авч байгаа хүүхдүүдэд хэцүү шүү дээ. Бас цагаан сарын өмнө нэг точил авч тавьсан. Энэ хавийнхнаа Долоон  буудал явж хутга цаазуураа ирлүүлж байхаар эндээ ирлээд өгье гэж бодсон юм. Үүнийг энэ хавийн хүмүүсээс гаргуулна гэхээр талхны мөнгөнөөс нь л хороосон хэрэг болно. Манай энэ хавийн дэлгүүр гэхэд Дамба, Долоон буудлын арай үнэтэй байх жишээний. Би эдийн засагч хүн. Нэг хэсэг ТҮЦ ажиллуулж ч байлаа. Ашиг, орлогыг нь  мэдэж л байна. Энэ чинь хүний төлөө юм хийхгүй байгаагийн л шинж юм. Би энэ худгийн тохижилтыг ч өөрийнхөө төлөө хийгээгүй .Би хөгшин хүн. Энэ ондоо багтаагаад энэ ажлаа эхлүүлчих юм сан гэж яарч байна. Олон жил ярьж байна шүү дээ.

 

ESA – Бусад цагт нь юу хийж байна вэ?


      - Зурагттай “хэрэлдээд” л сууна шүү дээ. Бас хааяа тоо бодож тооцоо гаргана. Саяхан хамгийн өргөн хэрэглээний 23 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харьцууллаа. Өнгөрсөн хугацаанд /30 орчим жилийн хугацаанд/ дизелийн түлш 3889 дахин нэмэгдсэн байна. 83 мөнгө байсан авто бензин 1988 дахин нэмэгдсэн бол хоёр төгрөгийн молоко 2000 гараад явж байна. Гэтэл хүмүүсийн цалин 741 дахин  нэмэгджээ. Харин архи 307, янжуур 450 дахин нэмэгдсэн байх жишээний. Энэ бол цалингийн өсөлтөөс бага байгаа биз. Тийм учраас тэр рүү хошуураад байна.

 


     Өөр нэг зүйл хэлэхэд би нефтэд олон жил ажилласан гэсэн дээ. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд нефтийн үнэ нэмэгдэх ёсгүй юм. Би Хаваровск, Ангарскаас ирсэн нефть бүтээгдэхүүний тооцоог гаргаж явлаа. Нэг баррель нефть бүтээгдэхүүн нь 147 кг болдог. Тэгэхээр нэг баррель нефть 147 гэхээр нэг тонн  нь 6,8 баррель  болно. Манайд нэг хоёр сард нэг баррелийг нь 65 доллараар авч байгаа гэсэн. Үржүүлээд үзэхээр 442 доллараар авч байгаа юм. Энийг төгрөгт шилжүүлэхээр 1 сая 82 мянгаар нэг тонн бензин авч байна. Нэг литр бензин чинь 730 гр байдаг юм. Нэг литр түлш 0,830 гр.  Тэгэхээр бид 270 граммд нь гадаадынханд мөнгө төлөхгүй оруулж ирчихээд литр болгоод зараад байна. Намайг улсад ажиллаж байхад литр, кг-ын зөрүүгээр их мөнгө төлдөг байлаа. Тэр зөрүүг нь гаргаад үзэхэд 10 тэрбум 956 сая төгрөг болж байна. Тийм учраас л нефтийнхэн уул нүхэлж ШТС бариад байгаа юм. Тэгээд ашиггүй гэж яриад байхыг яана. Болоогүй зарим улстөрчид “Нефть импорлогчид хөөөрхий, ядарч байна” гээд дэмжих маягтай. Үнэндээ тэд ядраагүй л дээ. Энэ тухай “Монгол коммент”-ийн хоёрт бичих гээд бэлдчихээд байгаа нь энэ. Нефть мэддэг, тооцоо мэддэг улс үхээгүй шүү.

 

БИ 50 МЯНГАТЫН ХҮҮХЭД

 

 

 

 

ESA – Нээрээ л тоогоо бодоод суугаа юм байна даа?


      - Тийм шүү. Худаг дээр сууж байхдаа ус авахаар ирсэн хүүхдүүдээс томъёо асууна. Ганц нэг хошин бодлого бодуулна. “За гурван тоо саначих. Араас нь гурван тоо залгуулаад бич. Тэгээд санасан гурван тоондоо хуваачих” гэгээд хариуг нь хэлэхээр мэл гайхана. Тэгэхээр нь “Ангидаа очоод онгироорой. Ангийнхан чинь бүгдээрээ 1001 гаргана” л гэдэг юм. Бас 1089 гаргадаг нэг бодлого бий. Өөр монгол бичиг мэдэхгүй залуус ирвэл гурван удаа ус аваад нэрээ бичдэг болоод ирээрэй гэдэг юм. Болоогүй ээж аавуудтай бас “хэрүүл” хийнэ. Ес эхэлчихээд байхад хүүхдээ бээлий, малгайгүй усанд явуулчихна. “Хүүхэд ханиад хүрчихлээ” гээд эхэлдэг юм. Заримынх нь усны савыг угаалгана. Оройдоо бол NТВ, РТВ, телеканал “Звезда  үзнэ. Дэлхий дахины мэдээг монголын телевизүүдээр гаргахаас өмнө мэдчихээд хүмүүст ярина. Өнөө хэд яаж мэдчих вэ л гэдэг юм. Мэдээж бас ном уншина.Өмнө нь ганц нэг үнээтэй. Зундаа ач зээгээ ирэхээр тараг бүрж, сүү хөөрүүлж өгдөг байлаа. Тэгсэн энэ жил хотын дарга С.Батболд хөөгөөд. Хажуугаар л урт гарт нэг үнээг маань алаад арьсыг нь энэ голын эрэг дээр хаяад явсан байна лээ. Үлдсэнээ тараагаад дууссан.


ESA –  Үсээ ургуулсан байхаар чинь урлагийн хүн гэж бодсон?


      - Үлдсэн нь энэ шүү дээ. /малгайгаа авч толгойгоо харуулав/ Тээврийн яамны нефтийн тоо бодсоор байгаад  толгойтой үс байхгүй болсон. /инээв/ Энэ цөөхөн үс маань буржгар талдаа. Авахуулчихъя гэхээр ач “Битгий авахуул” гээд  уурлах маягтай. Манай энэ хавийн найзууд бас ургуулаад сураар боочих гэнэ. Ингээд бусдын зөвлөгөөгөөр гоёчихоод байгаа нь энэ юм.


ESA –  Та хэдэн хүүхэдтэй юм бэ?


      - Гурав байгаад нэгийг нь 1982 онд алдчихсан. Одоо хүргэн, бэр, ач зээ арав гаруй хүн байна. Ач зээ нар маань өвөөгөө бас их дэмжинэ. Ноднин энэ монгол бичгээ бичээд дууссан ач охин “Өвөө та их цэвэрхэн бичжээ” гээд урам өгч байна лээ. Даанч одоо хөмсөг хийгээгүйгээс түрүүчээсээ үсгүүд маань бүдгэрээд байна. Энэ жил ахиад тодруулна даа.


ESA –  Таны хүүхэд нас хаана өнгөрөв?


      - Би 50 мянгатын хүүхэд. Мэргэжилтний 20-ийн баруун талд 21-р байранд амьдардаг байлаа. Хүүхэд насны дурсамжид тод үлдсэнээс сонирхуулахад  бидний багад Мали улсын төлөөлөгчид  ирсэн юм. Зурагт гарчихсан байсан 1967 оноос хойш болж байна уу даа. Манай байрныхан "Аймаар өндөр, хар хүмүүс"  гээд л яриад байна. Тэгсэн байрны хажуугийн мэргэжилтний 20-р дэлгүүрт ирэхтэй таарчихдаг байгаа. Нээрээ л их өндөр улс байсан. Бал даргаас бүүр тохой илүү өндөр харагдсан. Болоогүй өнөөдүүлээс нэг нь бидэнтэй гар барилаа. Нэг их том, айхтар улаан алгатай байж билээ. /инээв/ Доромжлоогүй шүү.  Тэр үед тэгж санагдсан юм. Энэчлэн мэдээлэлд их ойр өссөн. Одоо энэ дөрвөн зам дээрх Үйлдвэрчний суурин дээр нүүдлийн кино театр гэж байсан. Энд бас их кино үзнэ ээ. Би, миний хүү, ач гээд 11-р сургуулийг төгссөн. Миний үед чинь сургууль дээр амьдрах ухааны хичээл их орно. Тухайлбал, сургуулийн ногооны талбайдаа ажиллана. Хөдөлмөрийн хичээл дээр гутлын тах, алчуур, охид нусны алчуур оёод зарна. Цуглуулсан мөнгөөрөө ангидаа 9-ийн бөмбөг авах жишээний.


ESA –  Удам судраа хөөвөл хаанахын улс вэ?


      - Миний аав 1947 онд Держинскийн академийг төгссөн н.Бадарч гэж хүн байлаа. МУ-ын анхны гаалийн хороон дарга байгаа юм. Аав минь энэ улсад их ч юм хийсэн дээ. Үүнийг гэрчлэх ганц нэг баримт одоо ч надад бий. Сонирхуулбал, гаалийн даргын ажлаа хүлээлгэж өгсөн баримт бичиг. 1966 оны үеэрээр 100 хэдэн айл болон үйлдвэрийг усны үерээс аварсан акт. 1936 онд цэрэгт 12-уулаа яваад хоёр нь Баянтүмэнд  нас  барж, арвуулаа буцаж ирсэн түүхэн баримт гээд л.


      Бид чинь эцэг эхээс  14,15 уулаа. Одоо долоо нь амьд байна. Олуулаа болохоор тусад их эрт орцгоосон. Амьдралын амтыг ч  эрт мэдэрсэн. Ахыгаа хичээлээс ирэхэд том таван хошуу оёсон цэнхэр даавуун цүнхийг нь зөрүүлээд аваад гарна. Тэгэхгүй бол цүнх авч чадахгүй. Тэгсэн 1967 онд би хашаажуулалтаар Дундговь руу явдаг юм. Тухайн үед их ч олон сургуулийн хүүхдүүд явсан. Тэндээс 300 хэдэн төгрөгийн цалин авч ирлээ. Тэгээд ээждээ “Хоёр төгрөгийн союз галстук, 15-ын ширэн цүнх, 48-ын форм  авч өгөөрэй” гэж захиж билээ. Маргаашнаас нь их ганган нөхөр хичээлдээ очиж байлаа.


      Эцэг эх маань Сэлэнгийн Ерөөгийн улс л даа. Аавыг 1919 онд төрөхөд нь гамингууд хотонд орж ирээд манайхан Тужийн нарс руу дүрвэсэн байгаа юм. Ингээд сандарч явахад аав уйлаад. Өнөө  явсан хүмүүс хөөрхий сандраад өвөөгөөс асууж л дээ. “Энэ хүүхэд уйлаад байвал бид амь насаа алдах нь яах уу” гэсэн өвөө “Амыг нь сайн таглаад явахты. Хүн болог” гэжээ. Хэрвээ хаясан бол би өнөөдөр ингээд суухгүй л байхгүй юу. Хүний амьдрал гэж сонин байгаа юм шүү. Би 2001 онд харвалт өгчихөөд долоо хоног сэхээнд байгаад 18 хоноод эдгэрсэн. Тэгсэн III эмнэлгийн сэхээний эмч намайг үхчихсэн гэж бодоод “Баярсайхан гуайн историйг аваад ир. Би гарын үсэг  зурна “ гэсэн сувилагч нар “Ухаан ороод биднийг загнаад сая тасаг руу орсон” гэж хэлсэн байгаа юм.  Түүнээс хойш 18 жил өнгөрчээ.


ESA –   Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.