Кран унасан хэргийг шалгаж байгаа учраас ТАЙЛБАР хийхгүй

2018-04-17 12:11

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Алтай констракшн компанийн Саруул хотхоны / 12 давхар, 352 айлын энэ орон сууц / барилгын талбайгаас цамхагт кран унаж /дөрөвдүгээр сарын 16-ны 17:40 цагт/ БНАСАУ-ын иргэн 35 настай кранист ослын улмаас бэртжээ.


          Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг очиж ослын нөхцөл байдалтай танилцахад дээрх кран 17,18-р үеэрээ хугарч, зэргэлдээх “Баянмонгол” хотхоны байрны дээвэр нурж, буцаж газар унахдаа приус 20 машин хоёр, приус 30,  вингеурд загварын автмашинууд дээр унажээ.


          Дээрх кран барилгын туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” компанийнх бөгөөд 36 метрийн өндөртэй байжээ. Энэ талаар тодруулахаар “Тольт дэнлүү” компанийн хаяг дээр бүртгэлтэй 9911-тэй дугаарт холбогдоход утас авсан эрэгтэй олон үг ярьсангүй. Шууд л “Дугаар андуурсан” хэмээгээд утсаа тасаллаа.


          Ослын газрын үзлэг, шалгалтыг явуулсан, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас "Алтай констракшн"-ы зүгээс урьдчилж тайлбар өгөхгүй гэнэ.


 
          Энд сануулахад одоогоос таван жилийн өмнө есдүгээр сарын 3-нд гэртээ харих замдаа барилгын компанийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа алдагдсанаас Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгын өргөгч кран хугарч унаснаас  12 настай Б.Е охин алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.


          Түүнээс хойш энэ мэт аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйгээс барилгын салбарын ажилчид эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа алдах тохиолдол тасрахгүй өнөөг хүрээд байгааг  цаг ямагт санаж явахад хэзээ ч илүүдэхгүй юм.

 


          Өөр нэгэн баримт дурдахад өнгөрсөн  2015 оны хоёрдугаар сарын 8-нд "Алтай констракшн" компанийн барилга дээрээс хүн унаж нас барсан хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн, Б унаж, нас баржээ. Хохирогч уг барилга дээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед  есөн давхраас тоосго буулгах гэж байтал лифтний ган татлага тасарч унасанаас ийнхүү амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарч байлаа.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.