ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ПАРК БАЙГУУЛАХ БОЛОМЖГҮЙ

2017-06-19 12:05

Хаалгаар нь ормогц л шорлогны үнэр хамар сэтэлж, “Хоёр мянгаар 12 сум шидээд тоглоом аваарай”, “Зургаан сум шидээд оновол 10 мянган төгрөг ав, онохгүй бол зургаан мянган төгрөг ав”, “Хүүхдийн тоглоом зарж байна”, “Хөөсөн чихэр аваарай, амттай шүү” гэх дуу хадаж, хажуугаар өнгөрсөн нэгнийг барьж авах нь холгүй авирлах худалдагчид, төв хаалганаас эхлэн намхан тавиур дээр өрсөн нүд эрээлжлэм, өнгө өнгийн тоглоомнууд задгай зах гэж андуурам энэ газар бол нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Хэрэглэгч хаана байна тэнд үйлчилгээ дагадгийн жишгээр энэ бүх худалдаа, үйлчилгээ төвлөрсөн ч орчин бохирдуулж, тавтай амрах нөхцлийг алдагдуулж байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг энэ асуудал хүрээлэн анх байгуулагдсан цагаас л эхтэй.

Харин энэ байдлыг өөрчлөхийн тулд энгийн нэгэн иргэн санаачилга гарган, олон нийтийн сүлжээгээр ихээхэн дэмжлэг авсан юм. Тодруулбал, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат ҮЦХ-д өөрийн хөрөнгөөр дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах санаачлага гарган, энэ талаарх хүсэлтээ хотын даргад олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргүүлсэн. Тоглоомын талбайг байгуулахын тулд хотын дарга газар эзэмших зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэсэн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан нийтэлж байлаа.

Иргэн Л.Чинбат 14 хоногийн өмнө цахим хуудсандаа нийтэлсэн хүсэлтээ нийслэлийн холбогдох төр захиргааны байгууллагад албан ёсоор тавиагүй байна. Үнэхээр парк байгуулах хүсэлтэй бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд албан хүсэлтээ бичгээр өгөх ёстой. Улмаар шат шатны байгууллагуудад хүсэлт хүргэгдэж, цэцэрлэгт хүрээлэнд парк байгуулах боломжтой эсэхийг ТӨРИЙНХӨН гаргана.

УНДНЫ УСНЫ НӨӨЦӨД АЮУЛ УЧРАХ ТУЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ПАРК БАЙГУУЛАХ ЭСВЭЛ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд парк байгуулах боломжтой эсэхийг тус хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Г.Чинзоригоос тодрууллаа.

Хариулт маш ойлгомжтой буюу парк байгуулах боломжгүй.

Учир нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр дээр байрладаг, мөн хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр цэвэр усны нөөцийн худаг байдаг. Үүнийг Зэвсэгт хүчний …дугаар анги хамгаалж байдгаас гадна гүний ус тэр дундаа ундны ус маш “эмзэг” байдаг тул парк байгуулах эсвэл томоохон барилга угсралтын ажил хийх боломжгүй юм байна.

Тус хүрээлэнд томоохон байшин барилга баригддаггүй, цөөн хэдэн карказ байшин байдгийн учир нь энэ. Парк байгуулахын тулд бүтээн байгуулалт хийлээ гэхэд зайлшгүй газар ухаж, суурь цутгах шаардлагатай. Гэвч энэ газарт 50 см-ээс доош газар ухахыг хориглосон байдаг юм байна. 50 ба түүнээс доош хэмжээнд газар ухвал гүний ус гарах учраас томоохон барилга угсралтын ажил хийдэгггүй байна.

Парк байгуулах яриа олон нийтийн дунд багагүй дэмжлэгийг авч байгуулахыг шаардсан ч боломжгүй шийдэл гэдэг нь эндээс харагдаж байна. Харин зундаа тоос шороонд, өвөлдөө утаанд дарагдсан Улаанбаатарт ногоон байгууламж хэрэгтэй гэдгийг иргэн бүр ухамсарлаж, цэцэрлэгт хүрээлэнгийн эко байдлыг хадгалах хэрэгтэй гэдгийг сануулж байна.

ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУДАЛДААЧИД ХОРМОГЧ, МАЛГАЙ ЗЭРГИЙГ ӨМСӨЖ БАЙНА

Бид энэхүү мэдээллээр нөхцөл байдал ямар байгааг үнэн бодитоор харуулахыг зорьж 21:00 цаг орчимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очсон юм.

Хүн их цугласан газарт борлуулалт сайн байна гэсэн бизнесийн зарчмаар хүрээлэнг зорих худалдаачдын тоо буурахгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг гэр бүлээрээ тав тухтай орчинд амаръя гээд зориод ирэхээр “Нарантуул” зах руу орсон мэт сэтгэгдэл төрдөг болсон гэх хүн ч байлаа. Үдшийн 20:00 цаг болмогц худалдаа үйлчилгээ улам олширч эхэлсэн юм.

Хүүхэд, залуучууд, иргэдийн чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэхэд хилсдэхгүй. Гэвч өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэн хэсэг нь хараа хяналт сул, баталгаагүй гэхэд буруудахааргүй хоол хүнс, жижиглэн худалдаа хөвөрнө.

ҮЦХ-ийн захиргаа зохих журмын дагуу дөрөвдүгээр сарын 10-ны дотор худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдэд зөвшөөрөл олгож, ХБИ-дийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс зөвшөөрлүүдийн зохих хувийг тэдэнд олгожээ.

Гэтэл зөвшөөрөл аваагүй, хууль бусаар хоол хүнс, бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа иргэд улам бүр нэмэгдэж, тэдэнд шаардлага тавьдаг ч үл тоомсорлодог гэнэ. Хүрээлэнгийн захиргаанаас тогтмол хяналт тавьж, зөвшөөрөлгүй наймаачдыг явуулдаг боловч тэд эсэргүүцсээр өнөөдрийг хүрчээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болж “жүжиглэх” тохиолдол их гардаг гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Г.Чинзориг ярьсан юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа эрхэлж байгаа иргэдийг буруутгах аргагүй. Түүнчлэн хүүхдээ салхилуулах гэж яваа иргэд бухимдангуй, ийш тийшээ сортолзон харсан байдалтай алхална. Учир нь нялх балчир үрс дугуйнд дайруулчих гээд нэг хором ч тайван алхахад бэрх.

Аливаа олон нийтийн газарт худалдаа үйлчилгээний ажил эрхлэх зөвшөөрөл, тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг боловч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол харицсан орлогчийн эрхлэх асуудал шууд хамаардаг гэж УБХЗЗА-ны Т.Гантөмөр хэллээ.

Амьдралаа залгуулж, тав гурван төгрөг олохоор их хөлийн газрыг зорьж байгаа худалдаачдыг буруутгах аргагүй. Гэсэн ч өнөө л байнга ярьдаг ч шийдэл нь тодорхойгүй хүнсний аюулгүй байдал энд мөн л гарсаар байна. Гэр бүлээрээ амрах гол газар болсон энэ хүрээлэнгээр өдөрт зочлох хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд. Бага насны хүүхдүүд элдэв эрээн мяраан тоглоом, чихэр, амттан бүрт дурлана. Харин тэдний анхаарлыг татан гялалзан, гялтганаж, элдэв дуу авиа гаргах “Эрээний” тоглоомууд хэр найдвартай бол? Гар дээрээс худалдаалагдсан хүнс эрүүл аюулгүй байдаг гэдгийг хэн батлах вэ? Энэ бүх асуудлыг ҮЦХ-г хариуцан ажилладаг холбогдох хүмүүс нэн даруй анхааралдаа авах хэрэгтэйг үүгээр дуулгахад илүүдэхгүй биз.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /27.123.214.118/

2017-07-31 16:40

Яармагт замын урд газар өгөөч дэмий баахан ха[хориотой үг] хатгасан байгаа

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.