Сангийн сайд нарын СӨРСӨН БАЗАА буюу Чойжоо 5:0 Хүрэлээ

2018-04-17 14:45


    УИХ-ын Төсвийн байнгын хорооны мягмар гаригийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болж  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж олонхийн саналаар дэмжлээ. Одоо хүүхдийн мөнгийг Монгол улсын бүх хүүхдийн 60 хувьд олгож байгаа бөгөөд  энэ тоог 80 болгож нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан билээ. Уг тогтоолын төслийг ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжвэл хэрэгжиж эхлэх юм. 




    ESA— Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх асуудал ихээхэн маргаан дагуулах нь анхнаасаа ойлгомжтой байсан. Учир нь ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан Засгийн газар аль болох гэрээний хэрэгжилтээ сахиж хатуу байр суурьтайгаар асуудалд хандах нь тодорхой байсан. Тиймдээ ч өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гурван гишүүн оролцсон. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хамгаалж, цаг тухай бүрт нь байр сууриа илэрхийлж , сөрөг хүчний гишүүд болон, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын даргад няцаалт өгч байсан нь Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох Засгийн газрын бодлогыг дэмжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн. Харин нөгөө талд Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн бөгөөд Ж.Батзандан, З.Нарантуяа нарын Ардчилсан намын гишүүд, “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох нь халамж биш харин Монгол Улсын хүн амыг өсгөх бодлого” гэж хэдэнтээ тайлбарлаад ч аргагүй цөөнхийн зовлонг мэдэрлээ. Харин хүүхдийн мөнгө олгох эсэхтэй холбоотой уг маргааныг хурцдуулсан явдал нь Сангийн сайдын албыг ээлжлэн хашиж буй Увсын хоёр гишүүний дунд өрнөсөн мэтгэлцээн байлаа.    


    Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

    Надад нэг асуулт байна. Засгийн газар, Сангийн яамнаас асуумаар байна. Хүүхдийн мөнгийг 2018 оны төсөвт Засгийн газар 60 хувиар өргөн барьж УИХ-аар батлуулсан. Одоо 80 хувь болгох юм байна. Тодотгол хийхгүйгээр зөрүү мөнгө 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг төсвийн зарлагыг нэмэгдүүлж олгох гээд байна уу? Эсвэл ямар нэг төсөл хөтөлбөрийг зогсоож байж нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох гээд байна уу? Энэ гаргалгааг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр тодорхой тайлбарлаагүй байна. Энийг нэгдүгээрт асуумаар байна. 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

    Ямар нэгэн нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр олгох боломжтой. Өөрөөр хэлбэл төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй. Төсөв тодотгохын тулд Төсвийн тухай хуулийн 34-р зүйл дээр тусгагдсан нөхцлүүд бүгд бүрдэх ёстой. Энэ нөхцлүүд бүрдэхгүй байна. Хоёрдугаарт 2017 оны 4 сард ОУВС-тай тохирсон бодлогын маркетинг дотроо 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд Азийн хөгжлийн банкнаас шинээр нэмэлт халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар тусгасан байгаа. Үүнд ойролцоогоор 40-өөд тэрбум төгрөгийг зарцуулахаар тавигдсан юм билээ. Яг энэ үед хүүхдийн мөнгө олголтын 60 хувь байсныг 80 хувь болгон өсгөх гэрээ хэлцэл явагдаж байсан. Халамжийн олон бодлого дундаас хүүхдийн мөнгө олгох нь хамгийн шалгарсан сайн бодлого гэж үзээд тухайн хөтөлбөрт зарцуулагдахаар төсөвлөсөн 40 тэрбум гаруй төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл бусад хөтөлбөр төслийг зогсоохгүйгээр хэрэгжинэ гэсэн үг.

 

    Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

    Тэгэхээр Хөгжлийн хангамжийг нэмэгдүүлэх талаар 40 тэрбум төгрөгийг 2017 онд оруулж ирсэн. Энэ хөтөлбөрөөс татгалзаад тэр төсөвт суусан 40 тэрбумыг хүүхдүүдэд олгох гэж байна гэсэн үг үү? Хоёрдугаарт, Төсвийн тухай хуулийн 6.2-т нэг заалт байдаг. Төсвийн жил дундуур зарлага нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн  төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалт бий. 2018 оны төсөв батлагдаад 49 хоног нь дуусаагүй байхад таван хууль өөрчилж УИХ-аар батлуулсан. Мөн Гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар чөлөөлөх хуулийн төсөлд 7.4 тэрбум төгрөгийг Та 49 хоногийн дотор төсвийн орлогоос бууруулсан. Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж 40 орчим тэрбум төгрөгөөр Төсвийн орлогыг бууруулсан байна. Ийм хуулийн төсөл санаачилж батлуулсан байна, Та! Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор импортолж байгаа тоног төхөөрөмжийн гаалийн татвараас 1.2 тэрбум төгрөгийг бууруулсан. Тавдугаарт тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого буулгасан. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн   6.2-ын 5 гэдэг заалтыг мөрдөх юм уу, мөрдөхгүй юм уу? Хууль дээдлэх ёсыг баримтлах юм уу баримтлахгүй юм уу? Энэ удаагийн хүүхдийн мөнгийг Хүнс тэжээлийн хөтөлбөрийг зогсоож байгаад олгох юм байна гэж ойлгож байгаа. Төсвийн орлого тогтвортой байх тал дээр Төсвийн байнгын хороо санаа зовж байна. 

 

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    Хүнсний талоны хөтөлбөр хэрэгждэгээрээ хэрэгжээд явна. Ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Зарлага нэмэгдэхгүй. Дараагийн төсвийн орлого буурах асуудалд хариулъя. Хүн амын орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгоод нэмчихсэн. Энэ нь нийгэмд асар их дургүйцэл авчирсан учраас хэлэлцээр хийж хуучнаар нь хэвээр үлдээсэн. Энэ бодлогын алдаагаа би зассан гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт нь Тэтгэврийн насыг нэмсэн. Нийгэм яаж дургүйцэж байлаа. Үүнийг бас зассан. Төсвийн орлого буурч байна гэж хэллээ. Үгүй орлого буурахгүй харин нэмэгдэж байгаа. Яагаад вэ гэхээр Хүн амын орлогын албан татварыг нэмчихсэн чинь хүмүүс татвар төлөхөөсөө бултаж эхэлсэн. Хоёр гурван тайлан гаргадаг арга барилруугаа явж эхэлсэн. Тэгэхээр эндээс орлого нэмэгдэх арга хэмжээ болж эхэлсэн гэж үзэж байна. Тийм учраас Төсвийн тухай хуулийн 6.2-ын 5 дугаар заалт зөрчигдөхгүй. Аливаа атвартай холбоотой хуулийг Ч.Хүрэлбаатар ганцаараа батлахгүй л дээ. УИХ батласан. 

 

    Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

    Тодруулъя. Ч.Хүрэлбаатар сайдаа Төсвийн тухай хуулийн 6.2-5 дээр Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг төсвийн дараагийн жилээс хэрэгжүүлдэг байна гээд биччихсэн байна. Та Сангийн сайд болоод энэ хуулийн заалтыг хэд хэдэн удаа зөрчлөө шүү дээ. Ингэж зөрчиж байгаа таны зургаадахь тохиолдол нь энэ болж байна. “Бяр байхад ухаанаар яахав” гэгчээр 65-ын бүлгээр хүч түрж хуулийг ингэж зөрчиж болох юм уу? Би үүнийг л асуугаад, сануулаад байна. Харин би Сангийн сайд байхдаа гаргасан шийдвэрүүдийнхээ ял ямбыг өөрөө үүрнэ. 

 

     Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    Засгийн газар хууль батладаггүйг мэдэж байгаа байлгүй дээ. Хууль зөрччихөөд хууль баталж бас болохгүй шүү дээ. Маш энгийн бөгөөд ойлгомжтой тайлбар энэ л байна.Би батлаагүй УИХ батласан.

 

    ESA— Өөрийг нь Засгийн газартай нь огцруулж Сангийн сайдынх нь суудлыг булаасан Ч.Хүрэлбаатараас Б.Чойжилсүрэн гишүүн энэ удаад хариугаа тун сайн авах шиг боллоо. Ер нь Ж.Эрдэнэбатын кабинетын гишүүд боломж л олдвол одоогийн Засгийн газрын гишүүдийн хэрэгжүүлж буй бодлогыг хурцаар эсэргүүцэж шүүмжилж байгаа. Үүний нэгэн жишээ нь өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан болов. Сангийн хоёр сайдын мэтгэлцээнд оноо өгвөл ялагч нь яах аргагүй Б.Чойжилсүрэн байлаа. Тэрбээр хуулийн заалт барьж давшилт хийсэн нь өрсөлдөгчөө МАДЛАХ оновчтой алхам болов. Харин Ч.Хүрэлбаатар “Би хууль батладаггүй. Засгийн газар хууль батладаггүй” гэх хариултаас өөрөөр биеэ хамгаалж чадсангүй.  

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.