Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүд ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ болно

2018-04-17 14:56


    СХД-ийн 26-р хороо буюу Улаанчулуутын хогийн цэгт 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.



 

      Улаанчулуутын хогийн цэгт 400 гаруй иргэд ажиллах бөгөөд цэцэрлэгийн насны 200 орчим хүүхэд хогийн цэг дээр амьдарч байна. “Нарны хүүхдүүд-2” төслийн хүрээнд барих тус цэцэрлэг ашиглалтад орсноор хогийн цэг даган амьдарч байгаа хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм.

 

   ESA—  СХД-ийн 26-р хороо нь 19000 орчим иргэнтэй бөгөөд 2300 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй юм. Гэвч тус хороо нь хүүхдийн цэцэрлэггүй байсан бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар 253-р цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулаад удаагүй байна. 253-р цэцэрлэгт 26-р хорооны 350 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших бол “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг ашиглалтад орсноор хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүд суралцах юм. Цэцэрлэгийг энэ оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж, Өгээдэй-Ази ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байна.   

 

СХД-ийн 26-р хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг

 

  •     “Нямбаатар сан болон Бээлүү сантай хамтран шинэ цэцэрлэгийг барих бол энэ цэцэрлэгт 100 хүүхэд сурах боломжтой. Мэдээж хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахаас гадна насан хүрсэн иргэдийг ч түр болон байнгын ажлын байраар хангах болно. Цэцэрлэгийн барилгын туслах ажилчдаар Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдээс ажиллуулах болно” гэв.

 

    ESA— Өмнө нь 26-р хороо цэцэрлэггүй байхад эцэг эхчүүдийн ажил хийлгүй гэртээ суух эсвэл хүүхдээ гэртээ цоожлоод явах тохиолдол байсан. Үүний улмаас 26-р хорооны нэгэн өрх галд өртөж байсан гэх харамсалтай мэдээг хорооны иргэдийн төлөөлөл ярьж байлаа. Одоо шинэ цэцэрлэгтэй болж, дахин нэг цэцэрлэг барихаар барилгын ажлыг эхлүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээ.

 

 

    СХД-ийн 26-р хорооны иргэн Н.Гантуяа: Би цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй. Хүүхдүүдээ цэцэрлэгт явуулж чадаагүй байгаа бөгөөд “Нарны хүүхдүүд-2” төслийн хүрээнд баригдах цэцэрлэг ашиглалтад орвол хүүхдүүдээ сургах болно. Мөн ажлын байраар хангана гэж байна. Хэрэв үнэхээр ажлын байр гаргаж өгвөл ажил гололгүй хийхэд бэлэн байгаа.

 

СХД-ийн 26-р хорооны иргэн Б.Ганхуяг

 

  •     Гэртээ цоожтой үлдсэн хүүхэд гал алдаж гэртэйгээ шатсан явдал манай хороонд хэдэн жилийн өмнө гарч байсан. Энэ бол цэцэрлэггүй байсны хөнөөл юм. Манай хороонд нийгмийн эмзэг давхаргын иргэд, орон гэргүй хүмүүс, хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд олон байдаг. Тэгээд л Улаанчулуутын хогийн цэгээ дагаад, хогоо ухаад л амьдарч байна. Тэдний үр хүүхэд сурч хөгжих, залуучууд ажлын байртай болох боломжтой болж байгаад хорооны иргэд бид үнэхээр баярлаж байна.  

 

    ESA— СХД-ийн 26-р хорооны удирдлагууд цэцэрлэгийн туслах багш болон бусад ажлын байранд хорооныхоо ажилгүй иргэдээс сургах авахыг зорьдог гэдгээ дуулгаж байлаа. Энэ хүрээндээ 100 гаруй эмэгтэйчүүдийг цэцэрлэгийн туслах багшийн курст сургажээ. Цэцэрлэгийн үндсэн багшийн тоо хангалтгүй байгаа ч туслах багшийн тоо хангалттай байгаа гэдгийг дуулгалаа. Тодруулбал,  "Нарны хүүхдүүд-1" цэцэрлэгт үндсэн багш , туслах багш 20 хүн ажиллаж байна.

 

Нарны хүүхдүүд боловсрол, сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч А.Баасандорж
  •     “СХД-ийн 24-р хороонд байрлах “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг 2014 онд байгуулж одоогоор 150 хүүхэд хичээллэдэг.  Хогийн цэг дээр амьдарч байсан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байна. “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийн дэргэд оёдлын цех ажилладаг бөгөөд үүнд ажиллах хүсэлтэй хүмүүсийг сургаж, ажлын байраар хангаж байгаа. Мөн Нарны хүүхдүүд гэсэн албан бус сургуультай. Тус сургуульд Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг 60 хүүхдийг суурь боловсрол олгодог” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.