Ч.Ундрахбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “ХАЛАМЖИЙН ХҮН” гэж харж байгаа цагт хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх боломжгүй

2018-04-17 17:21

         2017 оны тоон мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103, 600 иргэн байдаг бөгөөд үүнээс 80,000 нь хөдөлмөрийн насны иргэн байна. Гэвч тэдний ердөө 19 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд “25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангана” гэсэн хуулийн заалт байгаа хэдий ч хэрэгжихгүй байна.





        ESA: УИХ-д өргөн бариад буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, болон Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт санал хүргүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” уулзалт зохион байгууллаа.


Хөдөлмөрийн тухай хууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх тухай олон заалт байдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулсан аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нугалсантай тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг жилд нэг удаа олгодог. Гэвч төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сул байдгаас үүдэн энэхүү заалт төдийлөн хэрэгжихгүй байгааг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул дурьдлаа. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжүүд хуулийн заалтаа төдийлөн мэдэхгүй байгаатай холбоотой. Тиймээс уг заалтыг олон нийтэд  сурталчлан таниулах нөлөөллийн ажил зохион байгуулах шаардлагатай юм байна.

 

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд

 

  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар хангахад төрийн байгууллага идэвхитэй байх ёстой. Гэвч одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа жишээ төрийн байгууллагад хангалтгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлөөс төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад идэвхи, санаачлагатай ажиллах ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ дагуу ХНХЯ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах уриалга, шаардлагыг төрийн байгууллагад хүргүүлсэн”  гэв.  

 

ESA--- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 10 хувь, 20, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай хэмээн ангилдаг. Тэгвэл 25 хүний орон тоотой аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлыг байраар хангах заалтыг дээрх хувьтай уялдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, 25 хүний орон тоотой аж ахуйн нэгж нийт 150 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай хүмүүсийг ажлын байраар хангана гэсэн хуулийн заалт оруулж болно. Ингэвэл тухайн байгууллага 10 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай 15 хүн ажилд авах, эсхүл 50 хувийн бэрхшээлтэй гурван иргэн ажилд авах зэрэг сонголттой болно. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх томоохон боломж болох юм гэдэг саналыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд хэлж байлаа.


Ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түүнийг нэмэгдүүлэх боломжийн талаар “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяртай ярилцлаа.

 

 

       ESA: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагад ажиллах боломж хомс байна. Шалтгааныг юу гэж хардаг вэ?


       Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа төрийн байгууллагад ажиллах бус өөрийн зорилгодоо хөтлөгдөж төрийн бус байгууллагад ажиллах болсон. Сүүлийн үед төрийн байгууллагад нэг, хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч байгаа ч бидний хүссэн хэмжээнд байж чадахгүй байгаа.  Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангая гэдэг боловч үндсэн ойлголтгүй, сэтгэлгээндээ дарагдсан байдаг. Социалист нийгмийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжийн хүн, өвчтэй хүн гэсэн хандлагатай байсан. Одоо ч энэ хандлага байсаар байгаа бөгөөд иргэдийн хандлага өөрчлөгдөхөөс өмнө хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж би боддог.


       ESA: Хууль эрх зүйн орчин хангалттай байна. Гэвч хууль хэрэгжихгүй байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилгүй байна уу?


       Манай улсад хууль эрхзүйн орчин маш сайн. Гэхдээ амьдрал дээр хууль хэрэгжих нөхцөл хомс. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль батлагдаад хоёр жил өнгөрч байгаа боловч өөрчлөгдсөн зүйл байхгүй. Энэ юуг хэлж байна вэ гэхээр миний дээр ярьсан иргэдийн хандлага, хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай суурь ойлголттой л холбоотой. Тиймээс төр, нийгмийн хандлагыг өөрчлөх чиглэлд ажил хийхгүй бол нийгэм тэр чигтэй биднийг халамжийн хүн, өвчтэй хүн гэж харсаар л байх болно.


        ESA: Та “Түгээмэл хөгжил” ТББ-ыг байгуулж үйл ажиллагааг нь явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даасан хөдөлмөр эрхлэхэд тулгарах асуудал юу байна?


        Шулуухан хэлэхэд маш хүндрэлтэй байдаг. Одоохондоо төрийн зарим нэг үүргийг ТББ хэрэгжүүлэх тогтоцлоо дутмаг байгаа учраас энэ чиглэлээр ажиллахад бэрхшээлтэй зүйл олон байгаа. Гэхдээ асуудал байгааг нь мэдэж байгаа болохоор түүнийг засахын тулд манай ТББ ажилладаг.


        ESA: 25 хүний орон тоотой аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлыг байраар хангах заалт байдаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад квот байдаг нь хэр оновчтой зохицуулалт юм бол?


        Квотын тогтолцоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж чадахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд “тохирох хэрэглэгдэхүүн” гэсэн нэр томьёо орж, хуульчилсан. Энэ нь тухайн хүний бэрхшээлийн онцлогт нь ажлын байрыг нь тохируулах ёстой. Өөрөөр хэлбэл, тэргэнцэртэй хүн ажилд ороход наад зах нь ариун цэврийн өрөө, ширээ, шат зэргийг харааны бэрхшээлтэй хүн ажилд ороход зориулалтын зам, баррель ном товхимол гэх мэтээр тухайн ажилтны бэрхшээлд таарсан орчинг бий болгох хэрэгтэй юм. Түүнээс биш үүргээ биелүүлж байна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан ч тэр хүн удаан ажиллаж чадахгүй. Жишээлбэл Мобиком корпорацид тэргэнцэртэй таван иргэнийг ажилд оруулсан. Аль, аль талдаа хичээсэн боловч нөгөө хүмүүс маань жилийн хугацаанд бүгд ажлаасаа гарсан. Ажиллах орчин хангалттай бус, бусад ажилчдын хандлага, цалингаас илүү зардал гаргах, байнгын хүнээс туслалцаа гуйх зэргээс болж тухайн хүмүүс сэтгэлээр унсан нь ажлаасаа гарсан гол шалтгаан болсон.


        ESA: Нөгөө талаасаа аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үүргээ биелүүлэхгүй байгаа боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил олгогчийн шаардлагыг биелүүлж чадаж байна уу?


       Аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Нэг тал нь байгууллагууд хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бол нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадамжийн асуудал маш ихээр нөлөөлдөг. Ажил олгогч нар боловсролгүй хүнийг ажилд авахыг хүсэхгүй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн сурч боловсрох орчин манай улсад ямар билээ. Тэгэхээр энэ нь эргээд боловсролын тогтолцоотой холбогдох гээд байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд нийгмийн дундахь ойлголт, хандлагыг өөрчилж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрлөх, сурч боловсрох эрх нь чөлөөтэй болно гэж би боддог.
 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /193.5.216.100/

2018-05-01 12:25

Төрөөс өгдаг мөнгөн тэтгэмжээрээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээт орчинг бий болгоход нь нэмэрлэчихмээр юм байна доо. Томоор байг гэхэд ариун цэврийн өрөөнөөс эхлээд, сэтгэл гаргахад болно шүү дээ. Ажлаасаа гарсан 5 хүний өмнөөс зүрх өвдөж байна.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.