Ц.Нямдорж: 5000 малтай малчин хүүхдийн 20 мянган ТӨГРӨГӨӨР ЯАХ ЮМ?

2018-04-18 11:01

    Өчигдөр болсон УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Монголын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байнгын хороонд танилцуулсны дараагаар хэлэлцэх эсэх дээр гишүүд санал хэлсэн. 



 

    Байнгын хорооны гишүүдийн асуулт, тодруулгад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулахдаа:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна.

2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 1079730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөвүү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа.

Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн. 100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой. Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

 

    Харин З.Энхболдын энэ хариултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ихэд бухимдаж ийн хариу барив.

     “УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдгаа болчихмоор байгаа юм. Ч.Сайханбилэг 2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 40 хувьд олгоно гэж батлуулсан. Тэр үед одоо танилцуулга хийсэн З.Энхболд УИХ-ын дарга байсан. Он гарсны дараа хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоно гэж хэлээд төсөвт тодотгол хийлгүй хүүхдүүдэд мөнгө олгосон. Дараагаар нь дахиад хүүхдийн мөнгийг тодорхой хувьд олгосон. Түүх нь ийм юм. Өнөө маргаашаа бодож худлаа ярьдагаа болчих. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан.  Өнөөдөр 5000 малтай малчин 20 мянган төгрөгөөр яах юм. Яадгаа алдатлаа баяжсан баячууд энэ мөнгөөр яах юм. Хаана хаанаа худлаа хэлдгээ больчих. Та нар ой санамжаа больчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний ой санамж хэвээрээ. Улс төрийн зорилгоор ард түмнээ басамжлахаа боль” хэмээн З.Энхболдыг зандарсан.

 

    ESA— Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол аль аль талдаа бодолцож үзэхүйц санал хэлсэн нь "Улс орны эдийн засаг сайжрах үед хүүхдийн мөнгийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэхүү мөнгийг олгож эхэлснээс хойш нийт хүүхдийн 13 хувь мөнгөө огт аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж сайдын хэлээд байгаа баячууд энэ мөнгийг авах гэж хөөцөлдөөд явдаггүй.  Үүнээс улбаатай зарим албан тушаалтнууд үлдэгдэл мөнгийг буруу зарцуулсан тохиолдол гарч байсан. Арилжааны банкууд тэр мөнгийг эргэлдүүлж, угааж байсан ч тохиолдол гарч байсан удаатай" гэсэн дүгнэлт байв.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.