ЗАСГИЙН ГАЗАР: Гашуунсухайт боомтод Амралт, Авто зогсоолын цогцолбор байгуулна

2018-04-18 13:12

 

    Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нарт Амралт, Авто зогсоолын цогцолборыг 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.



 

    Нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нар олон хоног автомашиндаа байрладаг, усанд орох, амрах хооллох газар байдаггүй зэрэг нийгмийн асуудал маш хүндрэлтэй, эрүүл мэндийн талаас ч тун хүнд нөхцөлд ажилладаг. Эдгээр жолооч нарын бодит байдалтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнгөрөгч долоо хоногт биечлэн танилцаж, ойрын хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жолооч нарт зориулсан Амралт, зогсоолын цогцолборыг байгуулах шийдвэр гаргалаа. 
 

 

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн өгсөн мэдээллээр,

    “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар Монгол Улсаас экспортолж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар ярилцсан. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийж буй жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулж, тэдний амрах бололцоог хангах чиглэлээр Авто зогсоолын цогцолборыг бий болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах томоохон ажлын эхлэл тавигдаж байна. Нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд болон нүүрс худалдан авч байгаа аж, ахуй нэгжүүд хоорондоо ярилцаж, тохироод ложистикийн асуудлаа шийдэх ёстой гэсэн зарчим, шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа. Энэ бол тээвэрлэлтийн үндсэн зарчим. Нөгөөтэйгүүр тээврийн байгууллагууд өөрсдийн мэдлийн зогсоол талбайтай, жолооч нарынхаа цалинг нь тогтмол өгдөг байх ёстой. Жолооч нарын амралтын цогцолборыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих тооцоолол байна. Гэхдээ энэ тооцооллыг илүү нягталж, шалгана. Уртын болон богины тээвэрлэлт болон тээврийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж байршлыг тогтооно” гэлээ.

    Амралтын цогцолбор нь авто зогсоолтой, дулаан байр, эрүүл мэндийн болон бусад амралтын үйлчилгээг үзүүлдэг болох юм байна. 

    Засгийн газарт ойрын хугацаанд Таван Толгойн ашиглалтыг сайжруулах талаарх цогц асуудлыг тээвэрлэлтийн хамт оруулж ирж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын 320 дугаар тогтоолыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.