НИСВАНИС: Өнөөдөр чи тэднийг дарлаж л бай дээрэлхэж л бай, гэхдээ цаг цагаараа байдаггүй ....

2018-04-18 13:30
П.УНДРАА

энтертаймэнт, монгол ахуй, нийгэм

             Хавар хачин дөө. Янз янзын ааш гаргаж, тэрийг нь  дагаад энэ сэтгэлд өөр өөр бодол хөвөрнө.
 
Гитарын аялгуу эхэлнэ. Цааш нь,

 

...Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Эмзэг ариун, уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг
Балмад араншин, худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ, хэвээрээ..
.  /Нисванис”-ын 2005 оны "Маргааш Надад Ирнэ" цомгоос/  

 

             Ийнхүү дуу сонссон шигээ ажлаа хийж суутал, нүүрномоор лайв явж байна. Сайхан сэтгэлт санаа нийлсэн бүсгүйчүүд лайвыг хөтлөх аж. Амтнаас нь салж чадахгүй кино шиг “орох” нь хаашаа юм.  Гэхдээ чих тавьсан шигээ суув.  

 
             Лайв: Багануур дүүргийн ах дүү хоёр галын улмаас гэр оронгүй болчихоод цахим хуудсаар дамжуулан тусламж хүслээ. Ах нь 18-тай бол дүү охин 17 настай. Охин саяхан ээж болсон бөгөөд “Төрөхдөө гурван жилийн өмнө өөд болсон ээжийгээ хамгийн ихээр санасан. Төрж байгаа ээжүүд дээр хайртай дотны бүх хүн нь ирсэн байхад миний муу ах л  ганцаараа торойтол эмнэлгийн үүд сахьж зогсоолоо” хэмээн нулимстай өгүүлнэ. Хөөрхий хүү одоо охин дүүгээ болон бас түүний хүүхдийн төлөө илүү хөдөлмөрлөх ёстой болжээ. Сэтгэгдэл бичих хүмүүс “Хүүхдийн аав ийм хэцүү амьдарч байхад яагаад туслахгүй байгааг” асуух ч охин түүний тухай ярихыг хүсэхгүй байгаа гэнэ. Гэхдээ “Охиноо төрүүлсэндээ хэзээ ч харамсаагүй ээ. Тэртээ тэргүй эмэгтэй хүний хувьд үзэх амьдралаа бусдаас жаахан эрт л үзсэн байгаа биз ээ. Өнөөдөр хэцүү амьдралаасаа болоод үр хүүхдээ хаядаг ээжүүд зөндөө л байна” гэнэ.


             Хэдийгээр өсвөр насны  болон залууст бэлгийн боловсрол дутуугаас “да да да ...” гээд олныг нуршиж болох ч илүүц биз ээ. Нэгэнт ярьсаар үр дүнд хүрэхээ байсан сэдэв мэт санагддаг юм.

 

             Харин түүний ярианаас үүдэн “ХӨХӨӨ ЭЭЖ” нарын тухай өөрийн эрхгүй бодол хөвөрч бас үзэж байх чинь ээ.


             Мэдээ: ...Төрүүлсэн охиноо хаяж алга болсон эмэгтэйг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж Д гэдэг эмэгтэй болохыг олж тогтоов. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хөхөө өвлийн хүйтэнд охиноо орцонд хаясан Д-д таван жил хорих ял оноон, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. / Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлд “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, мөн “Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан байдаг/


             Хаягдсан бяцхан охины сэтгэлийн үг: “...Би таны өмнө ямар буруутай гэж намайг орхиод явсан юм бэ? ингэж асуумаар санагддаг. Би тэр газар хэнийг ч олж харж чадахгүй тас харанхуйд ямар их айж , уйлж, ямар их хөхөө амлахыг хүссэн гээч” хэмээсэн захидал “Энэхүү тэмцээнд захидал илгээхийг хүссэн үе тэнгийн асрамжийн газарт байгаа найзууд болон мянга мянган өнчин хүүхдүүдийн дуу хоолой нь болж ирээдүйн ээж болох охид бүсгүйчүүд болон амьдралдаа ийм алдаа гаргаж байсан бүх ээжүүддээ зориулан бичлээ” гэжээ. Энэ бол МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааны тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн Орхон сумын VIII сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Чулуунцэцэгийн захидал. Нүүрном, твиттерт олон хүн шейрлэж, бас сэтгэгдлээ хуваалцсан байхтай олонтаа “таарсан” юм.

 

Сэтгэлийн бүтнийг ЖАРГАЛ, хүлээхийн цөхрөлийг ЗОВЛОН  гэлтэй

 

             Уншаад өнөө үрдээ нүдээ ухаад өгөхөөс ч эмээдэггүй ээжийн сэтгэл сэтгэл  хаачсан байдгийг гайхаад, хэзээ ч хариу олох ухаан хүрдэггүй юм аа.  Дэмий л өнгөрсөн зууны хоцрогдсон эд “Хүүхэд хүлээн авах хайрцаг” буюу “Бэби-бокс”-ын тухай уншсанаа ч санах шиг. 


             ...Тэртээ 1198 онд Италид нөхөргүй эмэгтэй жирэмслэх, хүүхэд төрүүлэхийг христийн шашны ёс зүйд нийцэхгүй гэж үздэг учраас ихээхэн хавчлага шахалтад ордог байж. Иймд тэр үеийн Европын нөхөргүй эмэгтэйчүүд, биеэ үнэлэгчид хүсээгүй жирэмслэлттэй тулгарвал төрүүлсэн хүүхдээ голд живүүлэх зэргээр амийг хөнөөх болсон нь нийгмийн олонхийн зүгээс шүүмжлэл, үзэн ядалтыг дагуулжээ. Иймээс Ромын пап III Инокенти нь “гологдсон” хүүхдүүдийг аврахын “Бэби-бокс”-ыг албан ёсоор зөвшөөрчээ.  Хүрд хэлбэртэй уг хайрцгийг байшингийн хананд байрлуулах бөгөөд ээжээс татгалзсан эмэгтэй хайрцагт хүүхдийг хийгээд хонхыг татаж мэдэгдэнэ. Мэдээж өөрөө зугтаана. Ийм хайрцаг Италийн зарим газар 19-р зууны дунд үе хүртэл ажиллажээ. Энэ жишгээр Европын олон орон тухайлбал, Германы Хамбург хотод 1709 онд худаалдаачид буяны ажиллагаа явуулан “Хүүхдийн хүрд” нэртэй “бэби-бокс” “ажиллуулах” болсон ч гуравхан жилийн дотор хүрдэнд орхисон хүүхдийн тоо нэмэгдэж, буяны байгууллагуудын санхүүд хүндрэл учруулах болсон учраас хаажээ. Харин 1638 онд Францад “Хүүхдийн хүрд”-ийг байгуулан ажиллуулах болж,  хүүхдүүдийг “тэнгэрт” илгээхээс өмнө аврах болсон ч мөн л санхүүгийн асуудлаас болж, нэр, хаягаа хэлэлгүйгээр үлдээдэг хүлээн авах тасгийг нээжээ. Энэчлэн Британи, Ирланд, Португаль зэрэг орнуудад “Хүүхдийн хүрд”-ийг нээж хаасаар орчин үед иржээ.


             Харин өнөөдөр энэ талаар талцагчид  хоёр хуваагддаг. Эсэргүүцэгчид бол ирээдүйд эх болох гэж байгаа охид, бүсгүйчүүдийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл жирэмслэх, жирэмслэлтээ төлөвлөх, төрүүлсэн хүүхдээ өсгөх хариуцлагаас зугтан, хөнгөн амьдрал хөөцөлдөх, хүүхэд өсгөхтэй холбоотой бүх л зардал, хариуцлагыг төрийн нэртэй байгууллагуудад тохоод, ямар ч хариуцлага, шийтгэл хүлээхгүй зугтана. Хоёрдугаарт, нь хүүхдээсээ хэдэн ч удаа хамаагүй дараалан татгалзаж “ХӨХӨӨНИЙ АМЬДРАЛ”-аар амьдрах боломжийг хариуцлагагүй, нийгмийн ухамсар дутмаг эмэгтэйчүүдэд олгож байна. Нөгөө талаар эхчүүдийг нялх үрээсээ татгалзахад хүргэж байгаа нийгмийн, эдийн засгийн гэхчилэн хүчин зүйлсийг засахгүй байх, үл тоомсорлох боломжийг зохих чиглэлийн төрийн албадад өгч байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл охид, бүсгүйчүүдийн дунд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, үнэ төлбөргүй мэдээлэл ба боловсролоор хангах үйл ажиллагаа явуулахын оронд бэби-бокс байршуулсан гэдгээрээ олны амыг таглах боломжийг хариуцлагагүй улстөрчид, нийгмийн ажилтнууд ба албан тушаалтнуудад олгож байна гэж үздэг гэж байгаа юм.


             Арай урт нуршчихав уу.  За манайд бол хийдийн хүрдэн дээр тавиад “бултдаг” байсан бол өнөөдөр хаана таарсанаа л хаяж орхино. Тэгээд ийм нярай, тийм хүүхдийг орцонд хаяжээ. Нас барсаныг оллоо гээд мэдээгээр явахыг яана. Ийм тохиолдолд ээжид ямар ял оноодогийг дээр дурдсан бол олон улсад эрүүгийн хэргээр 5-6 жил хорих ялаар шийтгэдэг байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгааг албаныхан ярьдаг. Ихэвчлэн бага сартай хүүхдээ хаясан байх бөгөөд шалтгаан нь тун энгийн гэнэ. “Би хүсээгүй, тэжээж чадахгүй. Ар гэрийнхнээсээ айсан. Аав нь хүлээн зөвшөөргүй”...


             Ингэхэд хүн болж төрнө гэдэг хүссэнд нь заяадаггүй гээ биз дээ. АНУ-ын нэгэн эрдэмтэн  хүн болж төрөх нь 400 их наядад нэг гэдгийг жишээгээр тайлбарласан нь бий.  Өөр нэг нь 700 тэрбумд ч нэг болохыг судалгаагаар харуулсан. Харин монголчууд “Эрдэнэт хорвоод хүн болж төрөх нь эгэлгүй их хувь завшаан. Зүүний торгон үзүүр дээр ганц ширхэг будаа тогтох мэт ховорхон олддог хувь тохиол” хэмээсэн нь яав ч жирийн үг биш. Тэгэхээр яах нь уу хүн  байх хэрэгтэй байх нь.

             Харин ХҮН ХҮНЭЭ хаячихвал хэн болох бол оо? Гэхдээ энэ үг зөвхөн ээжид ч биш ААВ-д ч бас хамааралтай. Хүүхдийн нүдээр аав хэн юм бол?

 

             Дөрвөн настай хүү: Аав бол энэ дэлхийн хамгийн том хүн. Аав ээж, дүү бид гурвыг аймаар юм тохиолдвол хамгаалдаг. Ганцхан аав л намайг өндөрт өргөж чаддаг.

 

             13 настай охин: Би аавдаа маш их хайртай. Аавгүй бол  амьдрал яаж өрнөхийг мэдэхгүй ээ. Аав бол яг л ШИДТЭН шиг. Миний хүссэн бүхнийг биелүүлдэг юм аа.  Мэдээж энд муу аавын тухай /архи ууж гэр бүлийн хүмүүсээ зоддог, дагавар хүүхдээ хүчинддэг / дурдахгүй.  Тэгэхээр аавууд “муу, сайн” аль нь байх нь ялгаагүй ХҮН байх ёстой л гэж бодсоор өдий хүрсэн хүн л дээ, би.  

 

             Ахиад  бодол өөр тийш салаалав. Хойд аавдаа хүчиндүүлсэн охид, хойд ээжийн зодуураас болж гэмтсэн хүүхдүүдийн тухай сонсоод ахиад л УХААН дутдаг юм аа. Аав таны үргэлжлэл ээждээ гологдож, хойд аавд “шоглуулж”, идэх хоол, өмсөх хувцас гуйж  ХҮНИЙ ОРЧЛОНД  харцандаа гунигтай, сэтгэлдээ шархтай  алхалж явна. Харин та бүтэн нойртой хонож, тавагтай хоолоо   жаргалтай идэж чаддаг болов уу.

 

 “Нисванис” Амгаагийн дуу арай л “хурцаар” намайг уруу татчихав уу даа.

 

....Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээж минь миний эхлэл эгч минь миний эхлэл
Өнөөдөр чи тэднийг дарлаж л бай дээрэлхэж л бай

Гэхдээ цаг цагаараа байдаггүй ....

 

Тийм ээ, цаг өөр болсон. Хүүхдүүдээ хаядаг ААВД ч  хариуцлага тооцох хэрэгтэй.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.166.229/

2018-04-18 13:35

Үнэхээр таалагдлаа

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.