Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-6

2018-04-19 09:17
Судалгаанаас үзэхэд 12-17 насны 1613 хүүхэд амаржиж ээж болсон  бол, 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлсэн байна

 

    “Жинхэнэ шарх сэтгэл зүйд үлддэг” цуврал энэ удаад Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн албан өрөөнөөс уншигчиддаа хүрч байна. 



 


“Найман настай охиныг ХЭЭР АВААЧИН ХҮЧИНДЭЭД
нүүр амыг нь сэглээд ХАЯЧИХСАН БАЙСАН”

 

 

    ESA— “Эх сурвалж” агентлаг хүчингийн хэргийн хохирогчдын сэтгэл зүйд туслалцаа өгдөг тогтолцоог бий болгох нөлөөллийн ажлыг эхлүүлж, энэ хүрээнд “Жинхэнэ шарх сэтгэл зүйд үлддэг” цувралыг уншигчиддаа хүргэж буй. ХЭҮК-т хүчингийн хэргийн хохирогчийн, ялангуяа бага насны хохирогчийн сэтгэлзүйд учирсан гэмтэлтэй холбоотой гомдол хэр их ирж байсан бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?


    —2015, 2016 онд 198 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тухай албан ёсны тоо баримт  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод болчихоод буй.  Бид өнгөрсөн 2017 оны эхээр энэ талаар Үндэсний аюулгүй байдлийн зөвлөлд мэдээлэл хүргүүлсэн юм. ХЭҮК-ийн хүний эрхийн төлөв байдлын ээлжит 16 дахь илтгэлдээ энэ асуудлыг нэлээн өргөн дэлгэр гаргаж тавьсан. УИХ-ын гишүүдэд гуравдугаар сарын 30 гэхэд хүргүүлээд, дөрөвдүгээр сарын эхээр илтгэлээ хэвлэж олон нийтэд ил болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал бүгд л чимээгүй байсан.


    Харин намрын чуулган эхэлснээс нэлээд хойно нэг хүүхэд эцэгтээ хүчиндүүлснийг шүүх шинжилгээний газарт байж таарсан нэг залуу фэйсбүүк дээрээ мэдээлсний дараа сая сөхөө авцгаасан. Манай илтгэлийг хэлэлцэж эхэлсэн. Тэгэхэд л илтгэлд байсан мэдээлэл олон түмэнд хүрсэн. Харин аз болоход тэрнээс хойш хүүхдийн хүчирхийллийн талаар бүх нийтээрээ дуугардаг болжээ. Манай иргэний нийгмийн нэг байгууллага “Нүдээ нээе” хөдөлгөөнийг санаачилсан нь  их зөв арга хэмжээ болсон. Үнэхээр монголчууд нүдээ нээж байна. 


     Энэ асуудалд хэвлэл, мэдээллийнхнийг нийгэм  хоёр янзын байдлаар хүлээн авч байна л даа. Нэг хэсэг нь “Та нар болохгүй зүйлийг сурталчилж байна” гэж буруутгадаг. Харин нэг хэсэг нь “Сэрэмжлүүлэх нь зөв юм байна” гэдэг. Минийхээр бол сэрэмжлүүлэх нь зөв. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг илрэх явц илт олширсон. Илрэхгүйгээр өчнөөн үлддэг байхгүй юу. Яагаад үлддэг вэ гэхээр, энд ихэвчлэн нэг гэр бүлийн гишүүд холбогддог учраас тэр. Одоо харин хөршүүдээс авахуулаад иргэд мэдээллийг шууд өгдөг боллоо шүү дээ.

 

    “Эх сурвалж” агентлаг маш чухал сэдвийг хөнджээ. Өнөөдөр огт яригдахгүй байгаа зүйл  нь, “Хохирчихлоо, одоо яах вэ?” гэдэг асуудал. Хэрэгтэн бол ялаа эдлээд явчихаж байгаа. Харин тэр үлдсэн асуудлыг яах вэ гэдэг л байгаа юм. Тэдгээр нялх хүүхдүүд биологийн болон сэтгэл зүйн талаасаа маш хүндээр хохирч байгаа. Би нэг жишээ ярья. Найман настай охиныг дөрвөн настай дүүтэйгээ гэртээ хоёулханаа байхад нь 19 настай нэг залуу авч гараад хээр аваачин хүчиндээд нүүр амыг нь сэглээд хаячихсан. Охин үүрээр ухаан орсон байгаа юм. Тэмтчиж явсаар гэртээ ирж, тэгээд шүүх сэргийлэх болсон, хэрэгтэнг барьж, шийтгэсэн. Хохирогч охин тэр газраа  сурах ямар ч боломжгүй болсон учраас Улаанбаатарт ирж амьдарсан.


    Улаанбаатарт сургуульд нь охидын үзлэг хийсэн. Эмч нар нь “Энэ жаахан охин бэлгийн харьцаанд орчихжээ” гээд ангийн багшид нь хэлчихэж. Ангийн багш нь орж ирээд “Чи яасан ичдэггүй юм, ийм жаахан юм байж” гээд хүүхдүүдийн дунд загначихсан. Одоо тэр хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Тэр хүүхэд хоёр удаа монголын нийгмээс цохилт авч, хохирч байгаа юм. Хүчиндүүлж бие сэтгэлийн, сүүлд нь томчуудын гаргасан болчимгүй үйлдлээс болоод сэтгэцийн өвчтэй болж хохирсон. 

 

    Миний бие үүний дараа эрүүл мэндийн болон боловсролын сайдтай уулзаж охидын үзлэг гэдэг зүйлийг зогсоох шаардлагыг тавьсан. “Заавал хийх ёстой юм бол бүх хүүхдийг хамруулдаг эрүүл мэндийн үзлэг болго” гэж. Нууцлалыг ангийн багш болоод бусад хүнд хэзээ ч битгий хэл гэж шаарддаг. 


     Энэ асуудлыг би сүүлийн 4- 5 жил хөөцөлдөж байгаа ч ажил хэрэг болохгүй байна. Багшид нь битгий хэл, шаардлагатай бол хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь мэдээллийг өгөх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Зарим эцэг, эх нь мэдэхээрээ хүүхдээ өрөвдөхөөсөө илүүтэй “Чи заваарлаа” гээд л нэмж дарамт үзүүлдэг тохиолдол ч  байдаг.

 

 

      ESA— Хохирсон дээр нь нэмж хохироодог үзэгдэл илүү аюултай байдаг байж мэднэ?

 

  — Монгол цөөн хүн амтай. “Тийм аймгийн тийм суманд тэдэн настай хүүхэд хүчирхийлүүллээ” гээд хэлэхэд л ойлгомжтой болоод явчихдаг. Тэр суманд хэзээ ч дахиад амьдрах боломжгүй болдог. Гэтэл сэтгэл зүйн болоод бусад заслын аргуудыг үнэхээр сайн хийж байж тэр хүүхдийг эргээд нийгэмдээ оруулж ирнэ шүү дээ. Хүүхэд маш эмзэг. 


     Түүнчлэн хүчингийн гэмт хэргийг мөрдөхдөө, шүүх хурал хийхдээ хохирогчид маск өмсүүлсэн, дуу хоолойг нь өөрчилсөн байх ёстой шүү дээ. Хохирогчийг нууцлах ёстой. Шүүх хурал нь хүртэл тэр хүний сэтгэл зүйд нөлөөлөх нөхцөл бүрдүүлээгүй байх ёстой. Хохирогч нар яалт ч үгүй давхар хохирдог. Хүчиндүүлчихээд л байнга цагдаа дээр очиж өдөр, шөнөгүй байцаалт өгөхөөс эхлээд. Байцаалт авалгүй л яахав, гэхдээ бас тэрэнд чинь учир байх ёстой шүү дээ.

 

 

    ESA— Хүүхдийн жирэмслэлтийн нас их доошилсон гэсэн баримтыг ХЭҮК-ийн илтгэлд дурьдаж байсан? 


    — Хүүхдийн төрөлтийн нас үнэхээр  доошилсон. Би таньд ноцтой тоо баримт хэлье. 11-тэй төрсөн хүүхэд ч байна. Тэгэхээр 10-тайдаа бэлгийн харилцаанд орсон байна шүү дээ. Маш олон хүүхэд үр хөндүүлж байна. Эцэг, эхдээ мэдэгдэж байна, мэдэгдэхгүй нь ч байна. Эмнэлгүүд үр хөндөлтийг  ямар нэгэн бүртгэлтэй, бүртгэлгүйгээр хийж байна. Зөвхөн бүртгэлтэйг нь авч үзэхэд л асар их тоо гарч ирж байсан. Бидний улсын хэмжээнд хийсэн хоёр жилийн судалгаанаас үзэхэд 12-17 насны 1613 эмэгтэй хүүхэд амаржиж ээж болсон  бол, 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлсэн байна. Энэ юуг хэлээд байна гэхээр, охид эмэгтэйчүүдийнхээ төлөө Монголын төр арай өөр өнцгөөс харахгүй бол болохгүй нь гэсэн үг. 

 


“Дахиад ЖИШЭЭ ярья. Жишээ л ярихгүй бол

ХҮМҮҮС ОЙЛГОДОГГҮЙ юм”

 

 

    ESA— Ялангуяа хохирогчийн сэтгэл зүйг эмчлэх, засал хийх ажил бол хугацаа их ордог,  хөрөнгө мөнгө их шаарддаг зүйл. Үүнд ямар зохицуулалт хийх ёстой гэж та үздэг вэ?

 

     —Би сэтгэл засал гэдэг зүйлд үнэхээр их ач холбогдол өгдөг. Хүний эрхийн үндэсний комисст ирсэн цагаасаа эхлээд, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдыг сэтгэл зүйчтэй болгооч ээ” гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Овоо нэг байгуулж байснаа татан буулгаад л, заримдаа байлгаад л байна. 


    Цагдаагийн албан хаагч ямархуу янзын хүмүүстэй харилцаж, ямар үйл ажиллагаа явуулдаг билээ. Яг тэр сэтгэлийнхээ орчинтой гэртээ очихдоо гэмгүй байсан эхнэр, хүүхэд,  ах дүүдээ тэр уур амьсгалыг бий болгож байгаа юм шүү дээ. Тэгвэл дэлхий өнөөдөр яаж байна вэ? Тэр сэтгэл зүйн өөрчлөлтийг засаад гэрт нь хүргэдэг. Гэртээ сэтгэл зүйн орчин нь эвгүй байсан бол ажил дээрээ ирэхэд тэрийг нь засаад ажилд нь оруулдаг. Хохирсон хүүхдийн хувьд бүр илүү хэрэгтэй байгаа юм, энэ сэтгэл заслын үйлчилгээ. Тийм учраас сэтгэл зүйч, сэтгэл заслын үйл ажиллагааг зайлшгүй явуулах хэрэгтэй. Үүний өмнө хамгаалах байрыг үнэхээр шаардлагын хэмжээнд байгуулах ёстой. 

 

    Дахиад нэг жишээ хэлье. Жишээ хэлэхгүй бол хүмүүс ойлгохгүй. Нэг аймагт хойд эцэг нь дагавар охиноо олон удаа хүчиндсэнийг хохирогч өөрөө цагдаад мэдэгдсэн. Мэдээж, нөгөө хойд эцгийг хорино биз дээ? Ингээд л гэртээ очиход ээж нь үглээд, “Чи юун сүртэй юм. Бид яаж амьдрах юм?” гэж дарамталсаар байгаад нөгөө хүүхэд буцаад цагдаа дээр ирсэн. “Ээж намайг ингээд дарамтлаад байна. Манай энэ хойд эцгийг суллаад өгөөч” гээд уйлаад гуйсан гэж байгаа юм. “Тэгвэл чи өөрөө хүнийг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт орно шүү дээ, миний дүү” гээд цагдаа хэлж. “Хамаагүй, хамаагүй” гээд өргөдлөө буцаачихсан байгаа юм. Тэр мөрдөн байцаагч надад, “Бямбадорж гуай, би тэр хүүхдийг хохирсон, хүчиндүүлснийг мэдсээр байж эрүү үүсгэж чадахгүйдээ гар салгалж байсан” гэж ярьж байгаа юм. Энэ бол 3-4 жилийн өмнө болсон явдал. 


    "Тэгэхээр гэр бүлийнхээ гишүүнд хүчиндүүлсэн хүүхдийг хэсэгтээ ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүйгээр тэр хүний хэргийг бүрэн дүүрэн нотолсны дараа хүргэж өгч байгаач” гэсэн шаардлагыг бас тавьж байгаа. 


    Сүүлийн үеийн судалгаанаас харахад ихэнхи тохиолдолд хойд эцэг хүчингийн хэрэг хийж байна. Гэхдээ 18 төрсөн эцэг ийм хэрэг үйлдсэн гэж гарсан юм шүү, манай тэр судалгаагаар. Хүчингийн хэргийн хохирогч болсон нийт 198 хүүхдийн 49 нь хойд эцэг байсан. Бас ах дүү, төрөл төрөгсөд нь ч байдаг.

 

 

     ESA—  Хүчингийн хэргийн хохирогч болсон хүүхдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан тохиолдол шүүхийн практикт хэр олон байдаг вэ?


    —Монголын шүүх сэтгэл санааны хохирол гэдгийг ерөөсөө гаргадаггүй юм. “Аргачлал байхгүй” гээд байдаг. ХЭҮК илтгэлдээ удаа дараалан “Сэтгэл санааны хохиролыг тооцдог болооч” гэж бичээд явуулж байна.

 

 

    ESA— Сэтгэл санааны хохирлыг тооцдог аргачлалыг бий болгоход тийм хэцүү гэж үү?

 

    — Би нэг удаа 570 хоног хоригдсон эмэгтэйг төлөөлөн 50 сая төгрөгийг сэтгэл санааны хохирол нэхэмжилж, 25 сая төгрөгийн нөхөн олговор олгуулсан. Эмэгтэй шүүгч нар байсан юм.  Би “Сэтгэл санаа гэдэг чинь ямар байдаг билээ. Та нар бүгдээрээ эмэгтэй хүмүүс байна” гэж байж тэр. Шүүхэд уг нь эрх мэдэл нь бий. Үүнээс гадна хийх ёстой зүйлс олон бий л дээ. Монголд шийдэж чадаагүй маш олон зүйл байна. 


    Өнөөдөр хүртэл би нэг гомдол хүлээж авлаа. Хүний хашааг машинаараа дайраад, цаана нь явж байсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь нас барчихсан юм байна. Үүнд ямар ч хэрэг үүсгээгүй, тэр машин наад талын хашааг л мөргөсөн, хүүхэд бол зүгээр л өртчихсөн гэж үзсэн байна.  Эндээс юу харагдаж байна гэхээр, Монголд хохирогч нас барсан бол хохирол гаргуулж авч чадахгүй байна. Харин гэмтсэн бол эмчилгээний зардлыг нь  баримт үндэслэж гаргуулж байна. Тэгээд “Хүний амийг ямар үнэлэлтэй нь биш дээ” гэдэг. Тэгээд л бүр үнэгүй болгочихож байгаа юм. Тийм биз дээ, үнэгүй байгаа биз дээ?


    Энэ бүгдийг яаралтай засах л хэрэгтэй. Сэтгэл санааны хохирол гэдэг бол бодит хохирлоосоо долоон дор зүйл шүү дээ. Дахиад жишээ хэлье. Намайг хүний эрхийн комисст ирээд жил гаран болж байтал нэг эмэгтэйгээс гомдол ирсэн. Тэр гомдол нь юу байсан бэ гэхээр, “Би Хэнтийд амьдардаг хүн. Ээжийн минь бие муудаад Улаанбаатарт хүрч ирсэн. Бидэнд мөнгө байхгүй учир ээжийнхээ өгсөн алтан ээмэг, бөгжийг аваад ломбардад тушаачихаад эм авах гээд гарсан. Ломбардад өгчихөөд мөнгө авах гээд байж байтал цагдаа намайг барьж аваачаад “Ганц худаг”-т аваачаад хорьчихсон. 13 хоног хорьсон. 


     “Би ээжтэйгээ уулзаад намайг бариад явлаа гэдгийг хэлье л дээ. Ээж минь өвчтэй байгаа шүү дээ. Намайг очихгүй болохоор санаа нь зовно” гээд л байхад ер тоогоогүй. Ингээд 13 хоногийн дараа  сулласан. 


    Яасан гэхээр, ломбардны эзэн цагдаад намайг “Хуурамч алт ломбардаж зардаг хүн байна” гээд хэлчихсэн юм билээ. Тушаасан алт нь жинхэнэ, иргэний үнэмлэх нь минийх гэдгийг нотлох гэж 13 хоног болсон” гэж байгаа юм. 


    Уг нь  24 цагийн дотор хийх ажил шүү дээ. Тэр эмэгтэй хорих газар зовсондоо биш ээжийнхээ төлөө шаналсаар байгаад 32-хон настайдааүсэнд нь буурал суусан байсан шүү дээ. Комиссын нэг гишүүн төлөөлөн нэхэмжлэл шүүхэд гаргаж, тэр эмэгтэйд нөхөн төлбөр болгож 3 сая төгрөг олгуулсан юм. 

 

 

    ESA— Хохирогчийн сэтгэл зүйтэй ажиллая, төр энэ дээр анхааръя гэхээр нэг бэрхшээл ярих байх. “Төсөв, мөнгө байхгүй” гэж. Үүнийг зохицуулж болох ямар гарц байж болох бол. Хүчингийн хэрэгтнийг албадан хөдөлмөр эрхлүүлж, хөлсийг нь тодорхой санд төвлөрүүлэх байдлаар шийдэх боломжтой юу?

 

    —Товчхондоо хэлэхэд тийм боломж байхгүй. Яагаад гэхээр, тухайн хүн өөрөө зөвшөөрөхгүй бол албадан хөдөлмөр эрхлүүлж болдоггүй. 

 

 


“Ой зургаан сартай охиныг хүчиндсэн НАГАЦ АХАД НЬ
 12 жилийн ял оноосон”

 

     ESA— Саяхан ой найман сартай хүүхдийг хүчиндлээ гээд л нийгэм даяараа жигшин зэвүүцсэн. Зарим нь эхэндээ итгэхгүй, “Худлаа мэдээлэл” гэж үзсэн.  Түүнээс өмнө ой зургаан сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан байна гээд та нэгэн ярилцлага дээрээ цухас дурьдаж байсан. Тэр хэрэг чухам яаж шийдэгдсэн бэ?


    — 2017 оны гуравдугаар сарын 11-нд ой зургаан сартай эмэгтэй хүүхдийг нагац ах нь хүчиндсэн. Хэрэгтнийг 12 жил хорих ялаар шийтгэсэн. 


    Сунжирч, сунжирч арван сарын дараа хэрэг шийдэгдсэн. Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээр хэрэг шийдэж нагац ах нь 12 жил хорих ялаар шийтгүүлсэн байдаг. 


    2017 оны аравдугаар сарын 19-нд Төв аймгийн Баянцогт суманд  гурван настай хүүхдийг бас хойд эцэг нь хүчиндсэн. Хэрэг нь шийдэгдээгүй, мөрдөн байцаалтад байгаа. 2017 оны аравдугаар сард мөн таван настай хүүхдийг хүчиндсэн. Хэрэгтэн  18 жил хорих ял авсан байна лээ.

 

 

     ESA— Хохирогчийн асуудлыг Төр яагаад сонирхохгүй байна гэж та үзэж байна?


    — Сонирхож байна, анхаарч байна. Гагцхүү, таны түрүүний хэлсэнчлэн “Мөнгөгүй” гэдэг л шалтгаан бий. Нэг үеэ бодвол хүүхдийн эрхийн хамгаалалд таван тэрбум төгрөг төсөвлөж байна гэдэг жаахан ахиж байна л гэсэн үг. Болоогүй байна, нэг дор шийдчихгүй л байх л даа. Яваандаа энэ асуудал иж бүрнээрээ шийдэгдэх байх гэж бодож байна. 

 

 

     ESA— Хэрэв яг энэ асуудал дээр хууль санаачлах ёстой бол тэр хуулийн гол агуулга нь ямар байх ёстой гэж та үзэж байна вэ?


    —Хохирогчийг сэтгэл гутралгүйгээр амьдралаа дахин шинээр зохиох нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хохирогч насан туршдаа сэтгэлийн толботой байна аа л гэсэн үг. 

 

 

     ESA— Ийм толботой хүн нийгэмдээ ч хортой байх талтай. Яагаад гэхээр, хохирогчоос гадна тэдний гэр бүлийнхний сэтгэл зүй давхар гэмтэж байна. Ийм олон сэтгэлийн гэмтэлтэй хүнтэй нийгэм өөрөө ямар байх билээ?


     — Дээр нь 1990-ээд оны шилжилтийн үед эрэгтэй хүүхдүүдийг их сургуулиас олноор нь завсардуулсан явдал өнөөдөр нийгэмд ийм хар толбо үүсгэж байгаа юм. Боловсролгүй хүн орчин үеийн нийгэмд янз бүрийн мэдээллийг авахдаа биологийн талаас нь тусгана уу гэхээс ухамсрын талаас тусгахгүй байна, ихэнхдээ. 


    Хүн юугаараа амьтнаас ялгаатай юм бэ? Хүн чинь нийгмийн амьтан биз дээ? Нийгмээ таньж, мэдэж, сэтгэж, бодож, нийгэмдээ байр сууриа олж амьдардгаараа  л ялгаатай шүү дээ. Орчин үеийн хүний хувьд боловсрол гэдэг чинь мэдлэг, мэдээлэл юм байгаа биз дээ. Нийгэмд болж байгаа үйл явдлын зөв, буруу талыг нь  ялгах чадвар юм байгаа биз дээ. 


     Тэгвэл энэ чадваргүйгээс болж элдэв гэмт хэргийг үйлдэж байна, ихэнхдээ. Энэ бол томоохон нөлөө үзүүлж буй хүчин зүйл шүү. Тэдэнд ажил,  орлого байхгүй учир тэрэндээ бас гутардаг. Гутралаа юугаар тайлдаг вэ гэхээр архиар тайлдаг. Боловсролгүй, ажил мэргэжилгүй, тэгээд архиддаг.

 

    ESA—Ярилцсанд баярлалаа. 

 

Жинхэнэ шарх СЭТГЭЛ ЗҮЙД үлддэг-5
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.