Б.Уранчимэг: Монгол охид “Instagram”, “YouTube”- ээс мэйк апп-ын талаар буруу мэдээлэл их авдаг

2018-04-19 13:16
Мэйк апп артист Б. Уранчимэг

          Бельгид амьдардаг найзууд маань Герман улсын Берлин хотод ажиллаж амьдрах монгол бүсгүйн  амжилтыг нэг бус удаа онцлон сонирхуулсан  нь бий. Урнаа Ууний нэрээр олонд танигдаж,  шаардлага өндөр хөгшин европын гоо сайхны ертөнцөд өөрийн “тамга”-ыг дарж яваа түүнтэй цөөн хором чатласнаа хуваалцаж байна. Ирэх зургадугаар сарын эхээр “ICON” болон Герман улсын алдарт ” Die WELT” сэтгүүлийн ажлаар монголд ирэхээр болоод буй бөгөөд сэтгүүлийн зураг авалтад оролцох монгол моделиудын “эрэлд” гараад байгаа сонин дуулгаснаас бидний яриа эхэлсэн юм.



 

Нэр: Болормаа Уранчимэг
Артист нэр: Урнаа Ууний
Мэргэжил: Мэйк апп артист
Ажиллаж, амьдарч буй улс: Герман улсын Берлин хот


ESA— Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Гадаадад амьдраад олон жил болж байна уу?


    — Сайн байна уу. Юуны өмнө www.ekhsurvalj.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болормаагийн Уранчимэг гэдэг. Харин артист нэр маань Урнаа Ууний. Гадаадын олон орны хүнтэй хамтран ажилладаг болохоор дуудахад эвтэйхэн атлаа богиныг нь сонгосон юм. Тэрнээс бүтэн нэрийг маань хэлэх хүн энд лав гарахгүй дээ. /инээв/ Эх орноосоо гараад есөн жил өнгөрсөн байна.

 

    ESA— Бага нас хаана өнгөрсөн бэ?

    — Бага нас Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт өнгөрсөн. Би чинь өвөө, эмээгийн эрх охин байлаа.

 

    ESA— Яагаад  энэ салбарт ажиллахаар сонгосон юм бэ?
 

    — Гоо сайхан гэдэг зүйлийг хүн төрөлхтөн ярьсаар ирсэн. Ярьсаар ч дуусах байх гэж боддог юм. Хүн бүр өөртөө таарсан гоо сайхныг хүсдэг. Миний хувьд багаасаа л энэ талаар сонирхдог байсан шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө ч мэдэхгүй зөн совин энэ зүгт хөтлөөд байсан юм шиг ээ. Дунд сургуульд байхдаа хичээлийн завсарлагаанаар ангийнхаа охидын хөмсгийг засч өгнө. Найз охидынхоо нүүрийг бас будна. Өөрөө бас нүүрээ будчихаад багшдаа загнуулна. “Дэггүй” байсан байгаа биз. Ингээд сургууль төгсөхийн үед нүүр будах гэдэг нь урлаг төдийгүй тийм мэргэжил хүртэл байдгийг мэдээд их баярласан. Уг нь Монголд СУИС-ийн менежментийн ангид суралцаж байсан ч  өнөөх л хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд  төгсч чадаагүй юм.

 

 

    ESA— Мэйк апп артист нь уран зургийн мэдрэмжтэй эсхүл зургийн авьяастай байх ёстой юу?

    — Шаардлагагүй. Гарын эв дүй нүдний хараа, гоо сайхны мэдрэмж  дээр нь хамгийн гол нь дадлага туршлагатай байх хэрэгтэй.


    ESA— Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

    — Өглөө бүр өөр, өөр эхэлнэ. Ихэнх хүний ажлын өдөр оффистоо очоод кофе чанаж уухаас эхэлдэг. Харин минийх чемоданаа цэгцлэхээс  эхэлнэ дээ. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн зураг авалт юм уу үйл ажиллагаанаас хамаарч будаг шунх, багс, үсний хайч, индүү лак гээд хэрэгтэй зүйлээ ялгах бэлтгэлийг хийдэг.


    ESA— Өнөөдөр жишээ нь таны цүнхэнд юу юу байна вэ. Ялангуяа нүүр будалтын ямар бүтээгдэхүүн байна?
 

    — Ажлын цүнх бол юу байх нь мэдээж.  /инээв/  Харин миний “мэдлийн” цүнхэнд уруул өнгөлөгч, тольтой крем, пудр, жижгээр савласан үнэртэй ус, гарын ариутгагч, гоё  үнэртэй тос, тиктак /амны гаа/. Бас тэгээд нүдний шил, түрийвч байна. Ажлын маань онцлог байна. Хүний нүүр, ам хамарт маш ойрхон тулж ажилладаг учраас артист хүн гоё сайхан тааламжтай үнэртэй байх ёстой. Бас гарын ариун цэвэртээ маш их анхаарах хэрэгтэй. Үнэртэй усаа сонгохдоо ч маш зөөлөн бөгөөд үйлчлүүлэгчдээ таагүй мэдрэмж төрүүлэхээргүй байна гээд шаардлага өндөр л дөө. Тэгээд бас өөрөө гоё байх ёстой. Хувцаслалт, үс засалт, нүүр будалт гээд л.


    ESA— Хавар болж байна. Монгол охид бүсгүйчүүдэд маань арьсаа арчлах талаар зөвлөгөө өгөөч?
 

    — Хавар, зуны улиралд нарны тос хэрэглэх нь чухал ч манай монголын нөхцөлд нарны хамгаалалттай хуурай пудр илүү тохиромжтой. Ялангуяа хавар их шуурдаг учраас тос түрхээд гарангуут шороо ирээд наалчихдаг  муу талтай. Харин орой  нь будгаа арилгаж, нүүрээ заавал цэвэрлэж унтах хэрэгтэй.

 

    ESA— Энэ хаврын нүүр будалтад юу моод болж байна вэ. Тухайлбал солонгосууд зэрлэгтэй  мэтээр хөмсгийг будаж, залуу мэт харагдах нимгэн будалтыг илүүд үзэх болсон байна?
 

    — Минийхээр солонгосчудын мэйк апп трэнд өнөөдөр европт маш их дэлгэрсэн гэж бодож байна. Ихэнх фейшн шоуны  нүүр будалтын өнгө аяс нь гялалзсан чийглэг эрүүл арьс, натурал будалт байгаа бөгөөд дээш самнасан үсэрхэг хөмсөг, хайш яаш үс засалт /яг л сайхан амраад сэрж байгаа өглөөний мэт мэдрэмжтэй зүйрлэмээр/ мөн үүнтэй зэрэгцээд наяад оны трэнд неон өнгийн  нүдний будалтууд эргэн ирсэн байна.

 

ESA СОНИРХУУЛАХАД -  Будалтыг ерөнхийд нь ГУРАВ ангилна.


•    Гоо заслын нүүр будалт
•    Тайзны нүүр будалт
•    Дэлгэцийн нүүр хувиргалт


        Гоо заслын нүүр будалт: Өдөр тутмын, гоёлын, үдшийн, байгалийн, багт наадмын, тэмцээн уралдааны, биеийн будалт, шоу рекламны будалт.

          Тайзны нүүр будалт: Драмын, дуурийн, балетын, циркийн гэх мэт тайзны будалтууд


         Дэлгэцийн нүүр хувиргалт: Киноны нүүр будалт, эфирийн нүүр будалт, телевизийн нүүр хувиргалт гэж хуваан үзнэ.

 

 


    ESA— Нүүр будалт, үс засалт тухайн хүнийхээ талаар ямар мэдээллийг өгдөг вэ?

 

    — Нүүр будалт, үс засалт тухайн хүний хэн бэ гэж тодорхойлж чадахгүй. Хүн бүр тухайн үеийн мэдрэмжээрээ оролцож байгаа арга хэмжээндээ зориулж нүүрээ будаж, үсээ янзалсан байгаа шүү дээ. Гоё будалтын ард хэн ч байж болно.


    ESA— Нүүр будалт, үс засалт, хувцаслалтын аль нь илүү анхаарал татдаг бол?

    — Нүүр будалт, үс засалт, хувцаслалт гурав салшгүй холбоотой. Тиймээс мэргэжлийн үүднээс  ч юм уу би бол гурвууланг нь заавал зэрэгцүүлж хардаг. Өөрөө ч гурвууланд нь ижил хэмжээнд анхаарал тавьдаг.


    ESA— Европ будалт ази хүнд хэр зохимжтой вэ?

    — Европ, Ази царай мэдээж өөр учраас бас өөр мэйк апп техник  арга барилыг шаарддаг. Европын мэйк апп артистууд ази царайны учрыг олж будахдаа маш муу. Дээр нь ази нүдийг европ болгох гэж зүтгэхийг яана. Би ийм будалтыг дэмждэгггүй.

 

 


    ESA— Монголчуудын арьсны өнгөнд ямар өнгө илүү зохидог юм бол. Өнгөний тухай ойлголт гэдэг их том сэдэв болсон байна?

    — Яг энэ өнгө монголчуудад тохирно гэж хэлэхэд хэцүү л дээ. Хүн болгоны арьсны онцлог байна. Манайхан их цагаан цайвар харагдах гэдэг. Тэрнээсээ болоод өөрийнхөө үндсэн арьсны өнгөнөөс хоёр бүүр гурав дахин цагаанаар будаад байх шиг харагддаг. Энэ нь заримдаа эвгүй харагдуулах нь бий. Тиймээс өөрийнхөө арьсны өнгөнд тохируулж л нүүр будалтаа хийвэл илүү натурал харагдана.


    ESA—  Пэйж дээр чинь  өөр өөр өнгөтэй гэрэл зураг олон байна. Таны хувьд ажилдаа ямар өнгийг илүүтэй ашигладаг вэ?
 

    — Хийсэн ажлуудынхаа өнгө аясыг нэгэн жигд, уйтгартай болгохгүйн тулд аль болох олон янзын зураг авалт хийж өөрийгөө тал талаас нь харуулахыг хичээдэг. Мэйк апп артист хүн өнгө будгийн өргөн мэдрэмжтэй байх нь  мэдээж чухал. Тиймээс байнга шинийг илэрхийлж, туршихыг хичээдэг. Миний хувьд маш тод, хурц өнгөөр хамаа намаагүй галзуу будалт хийх дуртай.


ESA— Гэхдээ бүхнийг дахин давтагдашгүйгээр будна гэдэг их хэцүү байх даа?

    — Хүнийг дахин давтагдашгүй будах боломжтой. Яагаад гэвэл хүн бүр  дахин давтагдашгүй царайтай байдаг шүү дээ.

 

    ESA— Монголдоо ирж байна уу. Монгол бүсгүйчүүдийн нүүр будалтын сул тал юу вэ?
 

    — Монголдоо жил болгон очихыг хичээдэг. Нэг очоод ирэхэд бөөн эрч хүч аваад ирдэг. Манай монгол охид маш хөөрхөн. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой учраас  цаанаа л нэг өөр харагддаг. Гэхдээ нүүр будалтын тал дээр жаахан хэтрүүлчихээд байна. “Instagram”,  “YouTube” дээрээс маке апп-ын талаар буруу мэдээлэл их авсан нь анзаарагддаг. Ялангуяа өсвөр насныхан. Өөрийгөө толинд хараад танигдахааргүй харагдаж байвал баярлаад байдаг юм шиг санагддаг.


    Мэдээж нүүрээ зөв сайхан будсан, үсээ аятайхан янзалсан бүсгүйг эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд  бид ч “Нүүрээ будаж, үсээ янзалжээ” гэж харахаас илүү ямар гоё эмэгтэй вэ гэж хардаг. Тэгэхээр тунг нь тааруулах хэрэгтэй.

 

 

    ESA— Бүсгүйчүүдийн хувьд арьсны сулрал, нүхжилт толгой өвтгөсөн асуудал болдог.  Үүнийг будалтаар далдалж болох уу?

    — Арьсны янз бүрийн асуудлыг орчин үеийн мундаг мэйк апп бүтээгдэхүүний ачаар далдалж, тухайн өдрөө хэсэгхэн ч хугацаанд сайхан харагдах  боломжтой. Гэхдээ  энэ нь бол түр зуурын арга. Тиймээс энэ талаар илүү сайн зөвлөгөө өгөх мэргэжлийн гоо сайханч гэж тусдаа мундаг хүмүүс байна. Тэднээс асууж, өөртөө таарсан зөв зөвлөгөөг авах хэрэгтэй болов уу.


    ESA— Уруулын будалтаар мэйк апп артистын ур чадварыг үнэлдэг гэлцдэг. Та санал нийлэх үү?

    — Зөвхөн сайхан уруул зураад чадварлаг мэйк апп артист болдог бол амар л сонстож байна. Чадварлаг артист болоход их олон зүйл зэрэг шаардагдана. Гэхдээ хийж үзээгүй хүн бидний зовлон жаргалыг мэдэхгүй л дээ.


    ESA— Нүүрний аль хэсэг хамгийн онцгой нь вэ?

    — Хүний нүүр бүхэлдээ онцгой гэж хэлэх байна. Тиймээс тухайн хүнийг будахаасаа өмнө маш сайн харж хаана нь, юун дээр нь анхаарч ажиллахаа хурдан хугацаанд олж мэдэх нь чухал юм.


    ESA— Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 

 

ТҮҮНИЙ "УРАН БҮТЭЭЛ"-ЭЭС

"Institute" сэтгүүлийн ковер 

 

 

 

 

 

 

 

Германы "Next Top Model"

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /185.225.208.25/

2018-04-19 17:48

Usee ymar sonin unguur budaj sonin huvtsas umsdug huuhen be

Хариулах 0 0
Зочин /185.225.208.25/

2018-04-19 17:48

Usee ymar sonin unguur budaj sonin huvtsas umsdug huuhen be

Хариулах 0 0
Зочин /185.225.208.25/

2018-04-19 17:47

Usee ymar sonin unguur budaj sinin huvtsas umadug huuhwn be

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.