“Хот хотынхон”-ыг үзээд ХҮҮХЭД НАСАНДАА очсон

2018-04-22 13:01
П.УНДРАА

энтертаймэнт, монгол ахуй, нийгэм

         Хотын “үнэртэй” үзэсгэлэн. Зүгээр ийм нэрийдмээр санагдаж байна. Уг нь ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын хоёр дахь бие даасан үзэсгэлэн “Хот хотынхон” нэртэй л дээ.

 

         Дөрөвдүгээр сарын 20.12:00 цагт Театрын музейд нээлтээ хийх “Хот хотынхон” үзэсгэлэнг зорилоо. СТӨ-ийн гуравдугаар давхарт гарвал хийл хөгжмийн тансаг аялгуу эгшиглэнэ. 

 

         Дотогш орвол жижигхэн энэ зааланд  хөл гишгэх газар олдох янзгүй. Хананд өлгөсөн 80 зураг эрхгүй анхаарал татна. Бүгдийг нь бушуухан үзэхсэн гэж яагаад ч юм адгана. Учир нь хүүхэд насандаа киноноос заримыг нь өөрийн биеэр “үзсэн” хэзээний танил хотын минь төрх ингэж догдлуулсан хэрэг л дээ. Тийм ээ, би энэ л хотын иргэн. Энд ирсэн зочид ч ихэнх нь хотынхон. Тэртээ 60,70,80-аад онд цог зальтай залуу насаараа гоёж, өнөөдрийг бидэнд авчирсан үе үеийн цэмцгэр сэхээтнүүд. Хэдийгээр ихэнх нь буурал толгойтой ахмадууд болсон байх ч тэднээс хотын соёлыг эрхгүй мэдэрнэ.

 

       Ер нь хүний амьдралаас хүүхэд нас хамгийн тод агаад гоё дурсамжуудыг үлдээдэг бололтой. /Магадгүй эднийхээ насанд ирэхэд залуу насныхаа дурсамжаар гоёх байх л даа/  Яг л эмээ, өвөөтэйгээ уулзах мэт санагдаж, хайр, амттанд бялуурсан танхил насаа эрхгүй санагалзсан юм. Болоогүй бүр нулимс хүртэл дуслуулсан гээч.

 

 

 

Тодорхой тооны фото зургуудыг дуудлагаар худалдах аж.

 

 

 

 

 

 

 

 

 

         Хананд өлгөсөн зураг бүхэн түүхтэй аж. Магадгүй залуус заримыг нь танихгүй ч байж мэдэх биз ээ. Ардын жүжигчин Л.Жамсранжав, Н.Сувд, Г.Мягмарнаран, жүжигчин Д.Сэдэд, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, найруулагч, орчуулагч Э.Оюун, П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгийн гол дүрд тоглож буй Ардын жүжигчин Ю.Оюун, жүжигчин П.Оюунбат нар болон “Есөн гудамж”-ны сүүлчийн өдрүүд, Жанрайсагийн орчны гэр хороолол, Хуучин хороолол дахь шинэ эмнэлэг, Улаанбаатар хот дахь дулааны цахилгааны анхны станц, Богд хааны ордон музейн цогцолбор, XII микрорайон, Барилгачдын талбай, Монгол телевизийн цамхаг, Энхтайвны гүүрний эргэн тойронд гээд л.

 

 

 

 

 

 

 

         Уригдсан зочид бүхэнд эдгээр зураг өчигдрийг сануулж, залуу насанд нь өртөөлсөн юм.  Харин үзэсгэлэнгийн “эзэн” “Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Улаанбаатар хот маань үнэхээр сайхан хөгжжээ. 1960-аад онд зураг авч байсан гэрэл зурагчид өнөөдөр тэр газраа эрээд олохгүй байна. Зарим газар өндөр барилгын ард ороод, зарим нь олдохоо больжээ. Энэ үзэсгэлэндээ 1960-аад онд авч байсан гэрэл зургаа өнөөдрийн зурагтай харьцуулан харуулж буй юм” хэмээнэ. Мэдээж их олон юм асуумаар байвч “олдох” янз байсангүй. Хамтдаа зургаа татуулж, бэлэг сэлтээ өгөх гэсэн олон нэг л мэдэхэд буурал зурагчинu “суйлаад” одохыг яана.

 

         Гэрэл зурагчин Л.Санжмятав гуай энэ өдөр 80 насыг зооглож байгаа юм.

 

 

         Энд өөрийн талбар дээр өөртөө “дугараа” тааруулж хэдэн үг хэлмээр санагдлаа. Тийм ээ, нас бол ердөө л тоо болохыг түүнээс эрхгүй харж болно. Хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. Өмссөн хар лакан гутланд нь нүүрээ тольдож болохоор гялалзах бол саарал хослолын индүүдлэг хуруу исгэмээр. Ер тэгээд хүзүүндээ зүүсэн алчуур, нүдний шил, буурал үс бүгд зохисон  гэж жигтэйхэн.

 

         Ууган охин С.Баярмаагийнх нь хэлснээр “Яг хэдэн настай вэ гэдгийг хүний сэтгэлийн хөг л тодорхойлдог болов уу” гэлтэй. Тэрээр цааш нь аавынхаа тухай ийн ярьж байна.  “Энэ өдөр аавын маань 80 насны ойн баяр тохиож байна.Аав ээж минь  долоон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн жирийн л нэг сэхээтнүүд билээ. Өнөөдөр хоёр буурай маань 11 ач зээ, дөрвөн  гуч хүүгээ тойруулсан буянтай буурлууд болжээ. Аав маань гэрэл зургийн сэтгүүлч хүн. Өнөөдөр  80 нас хүрч байгаа ч хүзүүнээсээ зургийн аппаратаа тайлаагүй л үнэнч хэвээр явна. Мэргэжил нь хобби нь болж  үргэлжилж явна гэх үү дээ. Тэр ч бүү хэл 70 гарсан хойно компьютер сурч, өөрийн фото аппарат шиг өдөр тутмын хэрэглээгээ болгосон. Ер нь бид аав ээжийнхээ үеийнхнээр их бахархдаг. Тэд үнэнч шударга, зарчимч, туйлбартай хөдөлмөрч, хичээнгүй сайхан хүмүүс юм.  Залууд тогтсон сайхан чанаруудын нэг нь аав минь өдий насандаа ч зураг дарж, интернэтээр “тэнэж” элдэв сонин хуваалцана. Заримдаа хүүхдүүдийнхээ  захиалгаар монгол бичгээр дурсгалын зүйл бичиж, бийр янтай болчихсон сууна. Дээр нь сайхан хоол хийдэг. Сүүлд “Хотын хүний зураг” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан бол өнөөдөр хоёр дахиа дэлгэж байна. Бас “Монгол бичигтэн” болон “Эх оронд нь тулгарсан чухал асуудлууд” сэдэвтэй шог зургийн уралдаануудад амжилттай оролцсон. “Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт” нэртэй гэрэл зургийн уралдаанд явуулсан зураг нь гуравдугаар байранд орсон. Ийм сайхан идэвхитэй амьдардаг нь эргэн тойрныхондоо ч үлгэр дуурайлал болдог. Нас бол зүгээр л тоо гэдэг. Яг хэдэн настай вэ гэдгийг хүний сэтгэлийн хөг л тодорхойлдог болов уу. Бид багадаа аавынхаа зурсан шог зургийг үзэх их дуртай байлаа. Багахан бидструпын ном шиг санагдана. Бас дуурайж зурах гэнэ. Одоо бодоход аав маань хошин шогийн мэдрэмжтэй, нэг хуудас зурганд томоо сэдэв хөндчихдөг, агууламж сайтай  зурдаг байжээ. Урлаг, гоо сайхны мэдрэмж бас сайтай. Урлаг гэснээс аав маань  их сайхан дуулдаг. Аав авсан зургаа угаахад бид хажуунаас нь салахгүй ээ. Хүүхдийн сониуч зангаар элдвийг асууна.Энэ зурагнууд хожим түүх өгүүлнэ гэж хэлдэг нь саяхны мэт санагдана. Үнэхээр гэрэл зургийн сэтгүүлч хүн түүхийг үнэнээр нь, өнгөтөөр нь, түүхийг үнэнээр нь бичдэг юм байна. Энэ үзэсгэлэнг гаргахад тусласан бүх хүмүүст баярлаж байна. Хайрт аав минь харахад жижигхэн ч хангай шиг түшигтэй. Сайхан аавдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Ингэхэд энэ цэмцгэр эрхмийн ажлын түүхээс цухас дурдвал 1958 оноос “Найрамдлын зам” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ. Улмаар МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. 1966 оноос МРТУХ-ны МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ерөнхий редакцид гэрэл зурагчнаар 1982 оныг хүртэл, 1982 оноос ҮСУХ-ны чанарын удирдлагын төвд, 1986 оноос Монголын Урлагийн ажилтны холбоо, 1991 оноос Монголын Урчуудын эвлэлийн хороонд гэрэл зурагчнаар ажиллаж байжээ. Гэрэл зурагчнаар тасралтгүй 60 жил ажиллаж буй тэрээр энэ удаагийн үзэсгэлэнгээ өөрийн 80 насны ойдоо зориулан гаргаснаараа  онцлог болохыг журмын нөхөд нь онцолж байлаа.

 

 

         Харин нэрт гэрэл зурагчин, МУСГЗ Э.Цацралт: Санжаа ахдаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Та 80 настай гэхэд найман настай хүүхэд шиг л харагдаж байна. 80 насныхаа  ойн өдөр 80 гэрэл зургаараа үзэсгэлэн гаргана гэдэг үнэхээр сайхан хэрэг юм. Энэ олон ахмадууд байхад би ярих вэ. Бидний гэрэл зурагчид ярьдаг юм. Санжаа ахын зурагнаас зургийг ямар  уран сайхны болоод мэдрэмжтэй авсныг харж болно гэж. Өөрөөр хэлбэл Санжаа ах ямар зураг авбал түүхэнд үлдэх вэ, яаж авбал монголын тэр үеийн амьдралын үнэн бодит түүхийг  хойч үедээ өвлүүлэх вэ гэдгийг “Хот хотынхон” үзэсгэлэнгээс нь харж болно. Санжаа ах 75 настай бүүр “нялх хүүхэд” байхдаа Улаанбаатар хотын музейд “Хотын хүний зураг” үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Харин энэ удаагийн 80 зураг бол Санжаа ахын авч  үлдээсэн 8000 зурагны өчүүхэн нэг дээж нь юм.

 

        

      Энэ үеэр гэрэл зурагчдын холбооны дэд Ерөнхийлөгч Э.Цацралт, гэрэл зурагчдын нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн МУСГЗ Н.Бөхдамбий ахмад зурагчин нар  Л.Санжмятавт  МУ-ын СТА тэмдгийг гардуулан өгсөн юм.

 

      Баяр хүргэх зочид “Одоо л гэж үү “хэмээн дор бүрнээ уулга алдсан гээч. Үүнээс үүдээд МУ-ын СГЗ, нэрт сэтгүүлч Г.Жамьян: “Бид монголын сэтгүүл зүйн салбарт нэг нь зургийн аппараттай, нөгөө нь үзэгтэй орж байснаас хойш 60 гаруй жил  өнгөрчээ. Энэ удаад нөхрийнхөө гоё үзэсгэлэнд уригдаад сэтгэл их өндөо байна. Гэхдээ энд олон юм нуршаад яах вэ. Ганц л санал тавъя, эрх мэдэл бүхий дарга нарт. Манай үеийн гэрэл зурагчид ямар хүнд нөхцөлд ажиллаж өчигдрийн түүхийг өнөөдөр бидэнд авчирсан билээ. Л.Санжмятавт маань МУ-ын СГЗ цолыг олгож өгөөч гэж гуйж байна” гэж сэтгэлийн үгээ дайлаа.

 

 

         Ард Цэргийн ансамблейн хөгжимчид Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны алдарт “Уран Хас”-ыг эгшиглүүлсээр нээлт өндөрлөө.  

 

“Хот, хотынхон” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал болно.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.