И.Буян-Өлзий: Сүлжээний бизнес иргэдийн ИТГЭЛ дээр тогтож байна

2018-04-24 16:26

 

    2018 он гарсаар сүлжээний бизнесийн улмаас 36 мянган иргэн хохирч, 56.5 тэрбум төгрөгийн хохирол үүссэн байна. Сүлжээний бизнесийн улмаас хохирох иргэдийн 75 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол  45 хувь нь 22-30 насныхан байдаг гэнэ.



 

      ESA: Иргэд сүлжээний бизнес гэдгийг мэддэг ч хялбар аргаар мөнгө олохоор сүлжээнд оролцон улмаар өөрөө хохирдог гэсэн судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Иргэд сүлжээний бизнест оролцоод хохирсныхоо дараа цагдаагийнханд ханддаг. Иймээс  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийгөөс залилангийн гэмт хэргийн талаар тодрууллаа.  

 


       ESA — Сүлжээний бизнес залилангийн төрлийн гэмт хэрэгт багтдаг уу. Багтдаг бол яагаад?


    — Энэ төрлийн бизнес нь Монгол Улсын хуулиар хориотой учраас залилангийн гэмт хэрэгт багтана. Зөвхөн Монголд бус олон улсын түвшинд залиллангийн гэмт хэрэгт багтааж үздэг. Сүлжээний бизнес бол манай улсад үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргийн нэгээхэн хэсэг юм. Жишээлбэл сүүлийн гурван жилд сүлжээний бизнесийн хохирогч болох иргэдийн тоо нэмэгдэж байна. 2018 он гарсаар сүлжээний бизнесийн улмаас 36 мянган иргэн хохирч, 56.5 тэрбум төгрөгийн хохирол үүссэн байна. Энэ зөвхөн сүлжээний бизнесийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ бөгөөд бусад төрлийн залиллангийн гэмт хэргийн хохирлыг нэмбэл маш их хэмжээний мөнгөн дүн гарах болно.

 


     ESA — Иргэд сүлжээний бизнес гэдгийг мэдсээр байж л элсдэг. Дараа нь залилуулсан гэдгээ мэдэхээрээ цагдаад ханддаг шүү дээ. Иргэд яагаад энэ төрлийн бизнест ороод байна?


      — Сүлжээний бизнесийн гол онцлог бол танил хүмүүсийг хохироох явдал байдаг. Нэг бүсгүй сүлжээний бизнест элслээ гэж бодоход ээж аав, ах дүү, хамаатан саднаа элсүүлдэг жишээтэй. Ингээд л хамаатан садангууд бие биедээ итгэхээ болох, маргалдах зэргээр гэр бүлд сөрөг нөлөө үзүүлдэг. Ер нь сүлжээний бизнес гэлтгүй бүх төрлийн залилангийн гэмт хэрэг хүний итгэл дээр тулгуурладаг учраас одоог болтол оршин тогтоод байгаа юм. Нэг хэсэгтээ хошуурч байгаад л залилуулсан гэдгээ мэдээж дахиад сүлжээний бизнес хийхгүй гэдэг хэрнээ хэдэн жилийн дараа дахиад шинэ гарсан бизнест элссэн л байдаг.

 


      ESA — Сүүлийн үед цахим залилангийн гэмт хэрэг гарах болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа?


   — Тиймээ. Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэх тусам цахим залилангийн гэмт хэрэг гарах болсон. Жишээлбэл иргэдийн фэйсбүүк хаяг руу мөнгө гуйсан мэдээллийг чатаар илгээхэд  дөрвөн хүн тутмын нэг нь мөнгө өгдөг гэсэн судалгаа байна. Одоо залилангийн гэмт хэрэг орчин үедээ нийцэж, хэлбэрээ өөрчилж байгаа. Тухайлбал тендерт авч өгнө, виз гаргаж өгнө, машин жуулчлал гэх мэтээр залиллах ямар л арга байна тэр бүрээр нь залиллангийн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

 


     ESA — Цахим залиланг үйлдэгч нь Монголчууд байна уу эсвэл гадаадынхан байна уу?


     — Аль аль нь байна. Монгол иргэд бие биенээсээ мөнгө гуйх замаар залилах тохиолдол гарч байсан. Мөн гадаадын иргэд “Өв залгамжлалаа авах гэсэн чинь урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. Өв залгамжлалаа авсныхаа дараа таны мөнгийг эргүүлээд өгье гээд 60-70 ам.доллар нэхсэн” тохиолдол гарсан. Үүнээс гадна гэрлэх санал тавих, аялал жуулчлалд хамруулах гэх мэтээр олон төрлөөр залилж байна.  

 


      ESA — Хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх вэ?


     — Монгол Улсад олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны аргаар мөнгө олохыг Эрүүгийн хуулиар хуульчилж,  15 хүртэлх жилээр хорих ялтай болгосон. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.6-д Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх гэсэн заалт байгаа. Үүнээс гадна Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн 8.1-д олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны замаар хууран мэхлэх, ашиг олохыг хориглосон байдаг. 

 


     ESA — Цахим залилангаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


   — Иргэд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа цахим орчинд хангаж байх ёстой. Өөрийнхөө хувийн мэдээллийг илэн далангүй оруулах нь бүү хэл ганц нэгхэн мэдээллийг чинь олж авсан л бол таныг мэхлэх, залилах бүрэн боломжтой. Ер нь сүлжээний болон цахим залилан гэлтгүй бүх төрлийн залилах гэмт хэргийн гол онцлог нь хүний итгэл дээр тулгуурлаж байдаг гэдгийг дээр дурдсан. Энэ бол залилангийн гэмт хэргийн суурь бөгөөд иргэн тухайн залилагчид итгэсний үндсэн дээр мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм.

 


     ESA — Энэ төрлийн гэмт хэрэгтний илрүүлэлт ямар байдаг бэ?


     — Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд алба хаагчаас илүү ур чадвар, авьяас шаардахгүй. Яагаад гэвэл иргэн залилуулж байгаа мэдсэн учраас цагдаад хандана шүү дээ. Гэхдээ мэргэшсэн буюу хуурамч бичиг баримт ашиглах, нэр хаяг зэргээр өөрийгөө нууж залилах гэмт хэрэг үйлдэгддэг. Ийм тохиолдолд илрэхгүй байх тохиолдол байдаг ч маш цөөхөн байдаг. Ер нь залилах гэмт хэргийн хэрэгтэн болон хохирогч нь хоорондоо харилцдаг, бие биенээ таньдаг байдаг. Хамгийн гол нь тухайн этгээд таньд итгэл төрүүлэхийн тулд таньтай харилцдаг. Тийм болохоор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өндөр байдаг шүү.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-10 19:55

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээс дээш жилийн тохиромжтой 3% хүүгийн түвшинд хүрэх боломжтой. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.