Н.Сарангуа: Хүн энэ хорвоод ирээд буцахдаа хоёр га газар ЭКОЛОГИЙН УЛ МӨРӨӨ үлдээдэг

2018-04-25 11:35

Бизнесийн нэр: Enaru
Үйл ажиллагааны чиглэл: Ахуйн болон арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан он: 2016
Үүсгэн байгуулагчийн нэр: Б.Оюумаа, Н.Сарангуа
Веб сайт: www.enaru.mn

Худалдаалах газрууд: Төв салбар /Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд Сант асрын хажууд/ E mart-ийн хоёр салбарт, Эрдэнэт хот, Азифармын салбарууд, онлайн худалдааны www.apm.mn сайт

 

 

ОРШИЛ: Ярианы эхэнд "Enaru"-тай танилцсан түүхээ хуваалцахыг хүслээ.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр /өнгөрсөн мартаар/ ээждээ бэлэг авахаар хотын төвөөр “эс мэдэх зүгт, үл мэдэх бэлэг”-ний эрэлд гарсан юм. Мэдээж эрүүл мэндэд хэрэгтэй, бас шинэлэг, “овортой” биш чамин зүйлийг хүсч  хэд хэдэн газраар ороод гарлаа. Ингээд их дэлгүүрээс цирк тийш явсаар  олны мэдэх 50-р дэлгүүрийн замын урд орших "Enaru" брэндийн дэлгүүрийн хаалгыг санамсаргүй татлаа. Жижигхээн хэрнээ таатай мэдрэмж төрүүлэх орчин угтан авав. Шар эмжээртэй, черниллэн ягаан өнгийн монгол дээлтэй худалдагч бүсгүй мэнд мэдээд баярт зориулж, бэлгийн багц гарснаа танилцуулав. Хайрцаг савны баглаа боодлоосоо эхлээд чамин атлаа "монголжуу" хэд хэдэн бүтээгдэхүүн нүдэнд тусаж, хайж явсан бэлгээ олсон юм.  Энэ бол хэрэглэгчийн хувьд  үндэсний эко брэндтэй танилцсан бяцхан түүх юм.

 

          Харин энэ удаад хэрэглэгчээс үүдсэн түүхийг Үндэсний эко брэнд ENARU-гийн гүйцэтгэх захирал Н.Сарангуатай ярилцаж үргэлжлүүлсэнээ хуваалцаж байна.  

 

    ESA— Бизнесийн санаагаа хаанаас олж байсан бэ?

 

    — Тухайн үедээ бид импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнээ танилцуулж олон улсаар явдаг. Ингэж явахдаа өөрийн гэсэн монгол брендтэй болох сон гэж  битүүхэн мөрөөдөж, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах хүсэл төрсөн. Тэгж байтал хоёр жилийн өмнө ээж болоод химийн  хортой бодисууд хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар илүү судлах болсон. Хүн чинь ээж болохоороо аливаа юманд их эмзэг  ханддаг  болчихдог юм билээ. Ингээд олон ч юм уншиж, судлаад органик, эрүүл бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх ёстойг ойлгосон. Улмаар өнөө мөрөөдөлтэйгөө холбож, монгол түүхий эдээр монголдоо ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гэж үзээд хоёр жилийн хугацаанд судалгаа хийсэн. Ингээд 2016 онд компаниа байгуулж байлаа. Мэдээж шууд байгуулагдаад л нээлтээ хийгээгүй. Эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл бүтэлтэй, бүтэлгүй олон туршилтын ард гарсан. Тэгээд 2017 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн юм. Өнөөдөр бид монгол  брэндээ илүү олон хүнд таниулах. Хоёрт зөвхөн монгол гэхгүй эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх эрхтэй аль ч орны хэрэглэгчдэд хүргэхийг хүсч байна.

 

    ESA— Аливаа   бизнесийг эхлүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал толгой өвтгөдөг. Үүнийгээ  яаж зохицуулсан бэ?

 

    — Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тухайд судалгаа, хүний нөөцөө бэлтгэх, түүхий эдээ татахад  өндөр зардал гардаг. Тэрнээс тоног төхөөрөмжид өндөр үнэ төлөхгүй. Учир нь гар аргаар   хийдэг учраас  гал тогоондоо ч хийж болно. Тэгэхээр энэ  төрлийн бизнесийг эхлүүлэхэд  айхтар өндөр хөрөнгө гарахгүй. Энэ бол органик үйлдвэрлэл учраас маш энгийн. Харин “бэлтгэл ажил”-д их хугацаа, мөнгө ордог.

 

 

    Тухайлбал, түүхий эд гэхэд усан үзэмний болон эферийн тос гэхчилэн монголд байхгүй бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Олон кг навч, цэцэгнээс жишээ нь ердөө 10-хан мл эфирийн тосыг гарган авах учраас их хэмжээгээр авах жишээний. Мэдээж дуслаар хэмжиж хэрэглэнэ л дээ. Дараагийн зардал бол тосны боловсруулалт байна. Тосоо тусгай төхөөрөмжөөр боловсруулна, тэгээд цэвэршүүлнэ.  Мэдээж нээлтээ хийсний дараа бас урсгал зардал нэмэгдэнэ. Гэхдээ энэ төрлийн бизнес нь ашгийн төлөө бус байдгаараас бусад бизнеснээс ялгаатай. Хүн  мөнгөтэй болъё гэвэл хэзээ ч энэ төрлийн бизнесийг сонгохгүй. Би  энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг маш их хайрладаг. Яагаад гэвэл тэд энэ байгаль эхийн төлөө, хүний эрүүл мэндийн  төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байгаа юм.

 

    Өнөөдөр Европт гар аргаар хийсэн бүтээгдэхүүнийг маш их үнэлдэг. Бидний хувьд бүтээгдэхүүн болгоныг гараар  хийдэг. Тэр утгаараа сэтгэл шингэдэг учраас хийж байгаа бүтээгдэхүүн бүртээ хайртай. Үйлдвэрээсээ хүнд өгөөд явуулахдаа “Сайн хүний гар дээр очоорой” гэж хүртэл  залбирна гээч. /инээв/ Шошго наалт бүрийг нь гараараа хийдэг болохоор бараг хүүхдээ хувцаслаж байгаа юм  шиг нандигнадаг.  Яах вэ, техник хөгжөөд юм болгоныг их амархнаар шийддэг болчихож л дээ. Манай саван гэхэд ахин давтагдашгүй. Үүнийг хийж байгаа орчинд амьд харилцаа өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн бүрийн цаана хайр дүүрэн гэр бүлүүд байдаг  юм.

 

    ESA— Галын өрөөнөөс “мэндэлсэн”  Enaru шошготой анхны бүтээгдэхүүн юу байна вэ?

 

    — Анх саван туршиж үзсэн. Тухайн үед ийм монгол брэндүүд гараад ирчихсэн байсан болохоор “гарын авлагатай” болчихсон байлаа. Өөрөөр хэлбэл, анхны хүмүүс  салхийг нь амжилттай хагалсан учраас араас нь олон хүн хүч түрэн гарч ирсэн. Гэхдээ зөвхөн “Enaru”-гийн нэрийн саванг гаргахын тулд хэдэн арван удаа туршилж хийж байгаа юм. Үүний тулд монгол өөх, эсхүл хонины сүүл найрлагад нь оруулахад өөр өөрийн онцлогтой болох жишээний. Тэгээд үнэр, хөөсрөлт, өнгө, хэв гээд л.

 

 

 

    ESA— Enaru гэж ямар утгатай нэр юм бэ?
 

    — Энэ бол гэр бүлийн эхлүүлсэн бизнес учраас ээж маань үүсгэн байгуулагчийн хувьд алсын харааг нь атгаж явдаг. Харин би гол ажлаа нугалах жишээний. Мэдээж үүнийг ганцаараа хийхгүй шүү дээ. Олон чадварлаг бүсгүйчүүд биднийг хүрээлж байдаг юм. Ээж маань олон жил бизнесийн салбарт ажиллаж байгаа хүн. Үндэсний үйлдвэрлэлээ их дэмжинэ л дээ. Тэр утгаараа бид заавал үндэсний үйлдвэрлэлийг эрхлэх ёстой. Бараа бүтээгдэхүүндээ заавал монгол түүхий эдээ оруулах ёстой. Энэ нь хамгийн багадаа 60 хувиас доошгүй байна гэхчилэн хатуу шаардлага тавьдаг. Энэ нь компанийн төлөвшил, соёлыг бий болгодог юм. Бараа бүтээгдэхүүний шошго, өнгө дизайн  дээр ч их удаан бодсон. Мөн л туршина, буцаагаад задлана. Өнгийг нь сольж үзнэ гээд л. Ингээд олон туршилтын дараа бор, нил ягаан өнгийг сонгосон юм.  Захирал өлзий хээ, инару нэрийг өөрөө сонгосон.  “Алтан дээд гэрээ” буюу Сорхагтун хатны бичсэн судраас өлзий хээ болоод инару нэрийн тухай уншиж, санаа авсан юм. Энэ бол хэдэн зуун жилийн өмнөх монгол хатдын бичиж үлдээсэн том өв соёл.  Энэчлэн нэг зүгт харж хамтран ажиллаж байгаа хүн болгоны гоё санаа нэг цогц болдог.

 

    ESA— Өнөөдөр үндэсний эко брэндэд хэчнээн төрлийн бүтээгдэхүүн багтаж байна вэ?
 

    — Бид ахуйн болон арьс арчилгааны есөн нэр төрлийн 22 бүтээгдэхүүн хийж байна. Тун удахгүй эмэгтэйчүүдэд зориулсан нүүрний сирумээ худалдаанд гаргана.
     

    Үнэндээ бидний нүүрэндээ түрхэж байгаагаас илүү гэр орондоо хэрэглэж байгаа ахуйн бүтээгдэхүүнүүд “чимээгүй аюул” дагуулдаг. Энэ ахуйн бүтээгдэхүүн бол гэр бүлийн хэрэгцээний зүйл. Өөрөөр хэлбэл манай хүүхдэд, манай нөхөрт ч хамаатай учраас сонголтоо хийхэд анхаарахаас өөр аргагүй юм. Тэр утгаараа бид Монголдоо анх удаа ахуйн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Тухайлбал, бүх төрлийн цэвэрлэгээ хийдэг гангатай органик  цэвэрлэгч  /шингэн  саван/-ийг үйлдвэрлэж байна.

 

 

    ESA— Эко бүтээгдэхүүн ямар онцлогтой юм бэ?

 

    — Энд маш чухал тайлбар хийх хэрэгтэй. Химийн бодис гэж ярьвал өрөөсгөл болно. Жишээлбэл, арьс ч химийн элементүүдээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр синтетик химийн бодисыг хортойд тооцно. Тодруулбал, байгалийн бус аргаар гаргаж авсан химийн нэгдлүүд гэсэн үг юм. Тэр нь хүний биед шингэхгүй. Амьсгалын замаар орлоо гэхэд хортойгоор нөлөөлдөг. Харин органик бүтээгдэхүүнд зөвхөн зөвшөөрөгдсөн химийн бодисыг хэрэглэдэг. Тэр нь олон улсад зөвшөөрөгдсөн натурал аргаар  гаргаж авсан байх жишээний. Манай бүтээгдэхүүнд зөвхөн калийн гидроксид буюу саванжих  урвал явуулдаг шүлт л орж байна. Цаашдаа зөвшөөрсөн химийн бодисыг ашиглаад эмульсэн болон кремэн бүтээгдэхүүнийг гаргаж болох юм.   
         

    Тэгэхээр хэрэглэгч энэ талын мэдлэгтэй  байхыг амьдрал харуулж байна шүү дээ. Ганцхан жишээ татахад, триклазан гэж арьсанд түрхэхийг хориглосон хортой бодис бий. Гэтэл өнөөдөр шүдний ооны найрлагад орчихсон, бид амаа угаагаад л явна. Бас шампунь, нүүр угаагч, биеийн савангийн найрлага дахь хөөсрүүлэгч бодис нь нүдний хараанд муугаар нөлөөлж, арьсыг хуурайшуулан, арьсны өвчин үүсгэдэг. Гэтэл манайхан арьсанд ямар нэг өөрчлөлт гарахгүй л бол зүгээр гэж бодоод явдаг. Ер нь нэг айлын гэрт 30,40 төрлийн химийн бодис бүхий бүтээгдэхүүн байна. Нойлдоо ороод л үзээрэй. Энэ нь өвөл бүр толгой өвтгөдөг утаанаас илүү гэрийн агаарыг бохирдуулж байдаг юм. Бүүр гурав дахин илүү хортой. Тэгэхээр жишээ нь гарын дорх содаг ашиглаад ваннаа угаачихаж болно шүү дээ.  Манай гангатай органик цэвэрлэгч, саван, тос өрсөлдөхүйц сайн үр дүнтэй. Жишээлбэл  манай гарын давирхайтай тосыг псириазтай хүмүүс  байнга хэрэглэдэг болсон. Гангатай органик цэвэрлэгчийг гэхэд шингэлээд олон төрлийн  цэвэрлэгээ хийж болно. Бас шингэлж найруулдаг учраас эдийн засагт  хэмнэлттэй. Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас хямд үнэтэй гээд олон давуу талыг би нэрлэнэ ээ. Ер нь байгалийн түүхий эд болгон өөрөө аминдэмтэй. Бас өөр өөрийн онцлогтой. Синтетик, органик бүтээгдэхүүний гол ялгаа нь найрлагатай холбоотой. Манайхан органик саван авчихаад  хөөсрөхгүй байна гэдэг. Үнэндээ адилхан үйлчилгээтэй атлаа химийн бодис орсон бүтээгдэхүүнтэй харьцуулах ямар ч аргагүй л дээ. Бид сүүг хурдан гашилахаар жинхэнэ сүү байна гэж ярьдаг шиг байгалийн юм байгалиараа л байна. Жишээ нь сүүл орсон л бол үнэртэхгүй байхаас өөр аргагүй. Сүүл түрхэхээр гоё халдаг даа. Хэрвээ тэгж халахгүй л оруулахыг ч хэрэггүй  юм. Манай 60-80 хувь нь монгол түүхий эд, үлдсэн 20-30 хувийг нь гаднаас / Герман, Франц, Энэтхэг, Тайланд/ авдаг.

 

 

    ESA— Хадгалалтын хугацаа арай богино байна, тийм ээ?

 

    — Тийм ээ, органик бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломжгүй. Манай  бүтээгдэхүүн тосон учраас бактери үржих нөхцөл байдаггүй. Яваандаа эмульсэн  бүтээгдэхүүн хийгээд эхэлбэл тодорхой хэмжээний хадгалах бодис хийж эхэлнэ. Гэхдээ органикт бүтээгдэхүүнд зөвшөөрөгдсөн бодис байна.
     

    Энд сонирхуулахад монголд 2017 оноос органик бүтээгдэхүүний сертификатыг өгдөг болсон. Тэгэхээр хэрэглэгч уг гэрчилгээг хараад бүтээгдэхүүнийг сонгож авна. Бид бол орц болгоноо хэрэглэгчдэдээ тайлбарлаж хэлдэг. Бүүр үйлдвэрээр маань зочилж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг газар дээрээ нь харж болно гэж урьдаг.

 

    ESA— Яагаад байгальд ээлтэй хэмээн онцолдог юм бэ?

 

    — Хүн энэ хорвоо дээр ирээд дундажаар хоёр га газар экологийн ул мөрөө үлдээгээд буцдаг. Өөрөөр хэлбэл, хоёр га газар нөхөн сэргээгдэх боломжгүйгээр гэмтээд үлддэг байх нь. Бидний хэрэглэж байгаа бензин, ус, цахилгаан, усны сав, бүүр кофе шоп ороод уусан аяга  гээд  маш их хог хаягдлыг байгальдаа үлдээдэг. Америкт бол хоёр га ч биш тав, есөн га байна. Гэтэл нүүдэлчин түмэн байгальдаа, хөрсөндөө хоргүйгээр амьдардаг байжээ. Харин өнөөдөр дэлхийн нөөц дуусч, 2035 он гэхэд ахиад нэг дэлхий бүтээхгүй л  бол ямар хэцүү байдалд орох тухай эрдэмтэд ярьж байна. Энэ их хогийг, энэ их хоолыг гаргаж чадахгүй, боловсруулж чадахгүй дэлхий өөрөө үхэж байна. Энэ бол факт. Ямар нэгэн таавар биш. Мэдээж 2035 он гэхэд гал  асаад, кинон дээр гардагчилан дэлхий сөнөхгүй.
       

    Жишээ нь генетикийн өөрчлөлттэй маш олон бүтээгдэхүүн гарч байна. Алим байлаа гэхэд дотор  тал нь гаднахаасаа өөр байгаа юм. Ургах эрүүл хөрс, цэнгэг ус дутаад тэр. Хүн бүр л гэрээ цэмцгэр байлгахыг хүсдэг. Үүн шиг дэлхийгээ аврах, байгаль эхээ хамгаалах зайлшгүй цаг ирсэн байна. Энэ тухай уншаад миний өр өвдөж, нулимс урсдаг. Үнэхээр энэ байгаль дэлхийдээ хүн төрөлхтөн хайр гамгүй ханддаг. Өөр нэг жишээ татъя. Би  химийн өндөр орц найрлага бүхий аяга угаагчийг хэрэглэлээ. Угаасан ус хоолойгоор дамжаад усанд орж, хөрсөндөө бохирдол болдог. Улмаар мод ургамал, амьтад ч нөлөөлдөг. Мэдээж бид үүнийг санаатай хийдэггүй ч цаана ийм сөрөг нөлөөтэй байх нь. Манай бүтээгдэхүүн гэхэд синтетик химийн бодис ороогүй учраас цэцгээ услаж, уруулын бальзамыг идэж болно. Бид яагаад гангатай цэвэрлэгчээ шингэлж хэрэглэхийг зөвлөөд байна вэ. Бид ашгаа бодвол шингэлээд зарж болно. Гэхдээ хүсээгүй. Пластик савны хэрэглээг багасгаж, эх дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулахыг хүссэн. Нөгөө талаас хэрэглэгч савыг хаяж байхаар нэг аваад байнгын найруулаад хэрэглээд байвал эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Сүүлд нь хэлэхэд органик, эко бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь бол байгаль эх өөрөө юм.

 

 

    ESA— Эзэгтэй нар маань гэртээ хийж болох ахуйн бүтээгдэхүүний жороос хуваалцана уу?

 

    — Гэрийн нөхцөлд ваннын бөмбөлөг хийж болох юм. Бөмбөлөг хийх арга youtube-ээр дүүрэн байгаа учраас залхуурахгүй бол төрөл бүрээр туршиж болно. Бид ч  дэлгүүр дээрээ ийм сургалт явуулах боломжтой. Харин савангийн тухайд шүлттэй харьцдаг учраас шүлт дэгдэж, арьсыг түлэх аюултай учраас мэргэжлийн орчинд хийх хэрэгтэй.

 

    ESA— Та “Enaru”-гийн бүх бүтээгдэхүүнээ хэрэглэдэг үү?

 

    — Тэгэлгүй яах вэ. Савангаа, ваннын бөмбөлгөө хэрэглэнэ. Ванн цэвэрлэгч нунтгаараа ариун цэврийн өрөөгөө цэвэрлэнэ. Гангатай органик цэвэрлэгчээ шингэлээд аягаа угаана. Бас  паркетан шалаа угааж, тавилгын тоосоо арчина. Хивсээ ч гангатай органик цэвэрлэгчээрээ угаачихдаг юм. Паркетийг ямар гоё өнгө оруулдаг гээч. Тэгээд хөлийн мөрийг багасгадаг. Байгалийн сайхан үнэр үнэртээд цаанаа л таатай байдаг юм аа. Өөр өвлийн цагт хүүхдүүдээ адууныхаа тосоор иллэг хийчихнэ. Гарандаа давирхайтай гарын тосоо түрхээд арьс хуурайших зовлонг амсахгүй гээд л. /инээв/ Энд нэмэхэд манай адууны тосыг үе мөчиндөө түрхэхээр настай хүмүүс их авдаг юм.

 

    ESA— Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-09 20:11

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.