АУТИЗМЫН ЭМГЭГИЙГ олон нийтэд таниулах “Балетын үдэш” гала тоглолт энэ сарын 29-нд болно 

2018-04-27 10:30

      УДБЭТ-ынхан “Дэлхийн бүжгийн өдөр”-т зориулсан тоглолтоо тавихад бэлэн болжээ. Энэ сарын 28-ны өдөр Ф.Шопен ”Щопениана”,  Л.Минкус “Пахита” балетын 25 жилийн ойн тоглолт, дөрөвдүгээр сарын 29-ны өдөр “Балетын үдэш” гала тоглолтоор Дэлхийн бүжгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 




       ESA: УДБЭТ-ын хамт олон “Балетын үдэш” гала тоглолтоороо дамжуулан сайн үйлсийг дэмжин ажиллах бөгөөд “Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа” уриаг зорилгоо болгож аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд урам зориг өгөх, тус эмгэгийг уран бүтээлээрээ дамжуулан таниулан мэдээлэл өгөх, үйлсэд нэгдэн ажиллах гэж байна. 


Ф.Шопен ”Щопиенана”, Л.Минкус “Пахита” балет  нь 1908 оны дөрөвдүгээр сарын 06-нд Петербургийн Маринский театрт анх тоглогдсон. Харин УДБЭТ-ын тайзнаа 1993 онд тоглогдож, удирдаачаар УЗГ Н.Туулайхүү, ерөнхий зураач АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байжээ. Энэ жил ”Щопениана”, “Пахита” балет  УДБЭТ-ын тайзнаа тоглогдсоны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ сарын 28-ны өдөр дахин тоглогдох гэж байна. Тус балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон, СТА Б.Саруул, СТА О.Анужин, СТА Э.Эрдэнэболд нар тоглох юм. 

 

Тоглолтын талаар УДБЭТ-ын Уран сайхны удирдагч, СТА Б.Түвшинбат

 

  • “Сонгодог урлаг дотор балетын урлаг маш том байр суурь эзэлдэг. Энэ урлагт бие бялдар, гоо сайхан, хөдөлгөөн, дотоод сэтгэл, жүжиглэлт тэр бүхэн хөгжимтэй уялдаж байж бүжгэн жүжиг үүсдэг юм. Тэр утгаараа дэлхийн бүжгийн өдрийг Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөрт тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулсан Балетын гала тоглолтыг хийхээр бэлгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд УДБЭТ-ын бүжигчид, хөгжимчид гээд театрын бүх бүрэлдэхүүн оролцох болно. Мөн тоглолтын орлогын тодорхой хувийг аутизмтай хүүхэд болон тэдний гэр бүлийн дэмжих зорилгоор хандивлах болно гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.  

 

УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон

 

  • ”Щопиенана”, “Пахита” жүжиг 1993 анх тавигдахад миний бие тоглож байлаа. Дэлхийн алдарт хоёр бүжгэн жүжгийг өндөр түвшинд авч явж байгаа баярлаж явдаг. Өнөөдөр Монголын бүжигчид дэлхийн сонгодог бүтээлийг хэрхэн амьлуулж, Монголын сонгодог урлагийн түүхэн бүтээл болгож буйг үзэгч та бүхэндээ сонирхуулахад бэлэн боллоо. Сонгодог урлаг сонирхдог, дэмждэг, хайрладаг үзэгч та бүхнийгээ манай тоглолтыг хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. 

 

Аутизм Монгол – Анд ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнх-Оргил

 

  • Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиодог бөгөөд үүнтэй холбоотойгоор манай ТББ-аас дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгож зарлаж, аутизмын тухай мэдээллийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Манай байгууллагын үйл ажиллагаа дэмжиж, аутизмыг олон нийтэд таниулах үйлсэд оролцож, уриалга дэвшүүлж байгаа УДБЭТ-ын хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Урлагийн хүмүүс аутизмын эмгэгийг олон нийтэд таниулах ажилд гар бие оролцоно гэдэг нь нийгэмд биднийг хүлээн зөвшөөрөхөд чухал нөлөө үзүүлнэ.     

 

Энд сонирхуулахад,  дөрөвдүгээр сарын 29 бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг. Энэ агуу хүний төрсөн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн бүжгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. 

 

 УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон, СТА Б.Саруул, СТА О.Анужин, СТА Э.Эрдэнэболд нар

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.