Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгө авах ШААРДЛАГАГҮЙ амьдарч байгаа айл өрх олон бий

2018-04-27 14:57

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "Сангийн сайд худлаа яриад байх юм. Төсвийн хуулийг давж гардаг тогтоол байхгүй. Төсвийн хуулийг бид их хурлаар хийчихсэн. Энэ тооноос нэг тоо зөрвөл төсвийн тодотгол хийх ёстой гэж би харж байна. Хоёрдугаарт зорилтот бүлэг гэж ярьж болохгүй. Монголд хүүхдийг баян ядуугаар ялгаж болохгүй. Зорилтот бүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, монгол хүүхдүүд байна. ОУВС бидний хүүхдийг яаж амьдрахыг заадаг газар биш. Энэ яриагаа боль. Хүүхдүүддээ 100 хувь мөнгийг нь олгоход Монгол Улс дампуурчихгүй.  40 тэрбумын л асуудал байгаа гэсэн биз дээ. Хэдэн зуун тэрбумаар нь гувчуулж байгаа биз дээ" 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  "Эрдэнэ ээ, гишүүн ээ та худлаа ярьж байна, гүтгэж байна. Төсвийн санхүүгийн хууль хүчингүй болсон. ОУВС-г та удаа дараа шүүмжлээд байх юм. Хүнд хэцүү үед орж ирж тусалсан. Их өрийг тулахын тулд хандивын арга хэмжээ зохион байгуулж байсан цаг саяхан. Валютын нөөц өнөөдөр гурав дахин нэмэгдлээ. ОУВС-г үгүйсгэж хэрэггүй"

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн: "Бид 2006 оноос хойш хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. Бидний тараасан 2 их наяд төгрөг хүүхдийн боловсрол хөгжилд хүрч чадсан уу гэдгийг бид эргэж харах хэрэгтэй байна. 20 мянган төгрөг авдаггүй хүмүүс ч байна. Тэгэхээр тэр мөнгийг хамгийн хэрэгтэй хүмүүст нь 40 мянган төгрөг болгож өгвөл яасан юм бэ? Бид хэрэгжүүлсэн бодлогынхоо араас улс төржихгүйгээр эрүүл ухаанаар судалж үзэх хэрэгтэй" 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Л.Энх-Амгалан гишүүнтэй санал нэг байна. Хүүхдийн 20 мянган төгрөг авах шаардлагагүйгээр амьдарч байгаа айл өрхүүд зөндөө бий. Тэр мөнгөөрөө сургууль цэцэрлэгээ засаж, хүүхдийн боловсрол хөгжилд илүү анхаарсан зүйлд зарцуулах хэрэгтэй гэж бодож байна" гэв

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: "Хүүхдийн мөнгийг олгож байна. Ингэхдээ  хүнсний талоныг зогсоох уу"

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:  "Хүнсний талоны дэмжлэгийг зогсоохгүй. Одоо 250 мянган өрх хүнсний талонд хамруулсан. Нэг хүнд ногдох тэтгэмжийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ эх үүсвэрээс гадна миний багцад Нийгмийн халамжид тусгах нэмэлт хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлээд явж байна"

 

ESA: Хүүхдийн мөнгийг одоогоор 684 мянган хүүхдэд өгөхөөр болсон. Ингэснээр хамгийн бага хэрэглээтэй өрхийн 100 хувь, дундаж хэрэглээтэй өрхийн 20 хувь нь хүүхдийн мөнгө авахаар болж байгаа юм. Хүүхдийн мөнгийг өгч эхэлснээс хойш авах ёстой өрхүүдийн 10 хувь нь огт аваагүй судалгаа байдаг ажээ. Хэрвээ нийт хүүхдүүдэд буюу 100 хувьд өгвөл 266 тэрбум төгрөг төсвөөс зарцуулах юм.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.