Хотын ТЕНДЕРҮҮДИЙГ Хотын дарга ба түүний команд “ТУУДАГ” гэв үү?!

2018-04-27 17:59

    Нийслэлийн авто замын хөдөлгөөнийг зүүн эргэхийг хориглож, автомашины дугаарын хязгаарлалтын өдрийг дахин нэмэх шийдвэрлэсэн нь олон нийтийн эсэргүүцэл, эгдүүцлийг зэрэг төрүүлж, Хотын удирдлага өөртөө оноогоо тавиулчихаад байна. Орон нутгийн сонгуулийн дүнгээр нийслэлийг багаараа удирдаж байгаа Су.Батболд албаа авснаас хойш нийслэлчүүдэд хэрэгтэй ажил санаачлахаас илүү, хориглосон, боомилсон галзуу гэмээр шийдвэр гаргасны хоёрхон жишээ л дээрх юм.  Товчхондоо хотыг хамгийн муу удирдаж байгаа хүнээр олон нийт түүнийг нэрлээд байна. 



 


    Тэгвэл сүүлийн өдрүүдэд Хотын дарга Су.Батболдтой холбоотой маш ноцтой баримт цахим орчинд түгээд байна. Нийслэлд явагдсан тендерүүдийн ард хэн нэгэн даргын бас даргад хамаатай хүний нэрийг бичсэн жагсаалт байна. Энэ жасгаалт 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөр огноологдсон байна. Тэгэхээр аль нэг хуулийн байгууллагад мэдээлэл болон хүргэгдсэн байж болзошгүй байгаа юм. Уг жагсаалтад хамгийн ихээр бичигдсэн нэр нь Ариунбаяр гэж байна. Мөн ажил бүрийн ард Ариунбаяр гэснээс гадна Хотын дарга, Хотын даргын эгч, Баярсайхан, Анар, Гүндсамбуу, Чинзориг, Отгонбаяр дарга, Батбаясгалан орлогч, Дэлгэрэх, Ганбаатар, Энхболд, Авирмэд гэсэн нэрнүүдийг бичжээ.

 

 

    Тендерийг хэн авдаг вэ, тендерийг хэн авахуулдаг вэ гэсэн хачин асуултын хариултыг бид дор бүрнээ л өгдөг. Өөрөөр хэлбэл, тендер шударга явагддаг гэдэгт итгэдэг хүн тун ховор. Олон нийтийн энэ хардлага оргүй зүйл биш болохыг эдгээр баримтаас бэлэхнээ харж болох. 

 

 

    Эдгээр баримтын дийлэнхэд нь буюу нийслэлд эрх нь шилжиж ирсэн ажлын бараг 70 хувийнх нь ард Ариунбаяр гэх хүний нэрийг бичжээ. Эх сурвалжууд энэ хүн Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын туслах байсан, одоо НХОГ-ын дарга Ц.Ариунбаяр гэцгээж байна. Мөн Су.Батболд дарга Ц.Ариунбаяр хоёр зөвхөн дарга, цэргийн хамааралтай хүмүүс биш. Ц.Ариунбаяр Су.Батболдын хадам эгчийнх нь хүүхэд гэжээ. Тиймээс Хотын дарга Су.Батболд Ц.Ариунбаярыг 2016 онд НХОГ-ын даргаар томилсон хэмээн “ургийн бичиг” зурсан байгаа юм.

 

 

    Ийм дэмжлэгээр дээрх албан тушаалд очсон гэх Ц.Ариунбаяр энэ жагсаалтаар бол баллаад өгчээ. Тухайлбал, Багахангай дүүргийн 40 ортой эмнэлгийн барилгын ажлын тендерийг будлиантай болсон хэмээн “Тэнүүн чансаа” компани шүүхэд хандсанаар гомдлоо барагдуулж, тендерийн эрхийг авсан гэжээ. Ингээд тус компани НХОГ-тай гэрээ байгуулах болоход Ц.Ариунбаяр дарга шантаажилж байгаад таван хувийг нь авахаар болсон гэж энэ жагсаалтын ард тодруулан бичсэн байгаа юм. 

 

 

    Хотын дарга Су.Батболдын нэр, бас түүний төрсөн эгч гэсэн нэр хүртэл тендерүүдийн ард бичигдсэн байна

    Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нурууны хамгаалалт, төрөл бүрийн чиг ортопедийн бусад хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх 340 сая төгрөгийн төсөвтэй ажлыг “Отгонбуянт” компанийн нэрээр Засаг дарга Су.Батболд авсан гэсэн байна. Мөн түүний эгчийг “Голенхоул” компанийн нэрээр 100 сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, агаар цэвэршүүлэгч худалдан авах ажил, 105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг авсан гэжээ. 

 

 

    Түүнээс гадна тендерүүдийн ард жагсаасан хамаарал бүхий эзэд болох Баярсайхан, Анар, Гүндсамбуу, Чинзориг, Отгонбаяр, Батбаясгалан, Дэлгэрэх, Ганбаатар, Энхболд, Авирмэд зэрэг нэрсийг хэвлэлүүд Су.Батболдтой хамааралтай гэж бичиж байна.

 

 

    Тодруулбал, Ариунбаяр гэсэн нэрнээс дутахааргүй олон бичигдсэн нэр бол н.Энхболд гэж бий. Энэ хүн Ц.Ариунбаярын дотны найз гэнэ. Бас Баярсайхан гэдэг нь НИТХ-ын төлөөлөгч. Тэрээр нэг тендер гүйцэтгэхээр авсан. 

 

    Гүндсамбуу гэдэг нэр бас нэлээд бичигдсэн. Энэ хүн бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга. Тэрээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа газруудын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх 13 тендерийн ард нэрээ бичүүлжээ.

 

    Н.Анар гэдэг нэр бол Су.Батболд даргын туслахынх гэнэ. Тэрээр Аврах гал унтраах ангийн 3.1 тэрбум төгрөгийн төсөв бүхий барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр авсан гэж жагсаалтад дурдагджээ.

 

    Түүнчлэн Су.Батболд даргын орлогч Батбаясгалангийн нэр агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа зорилтот бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангахаар зарлагдсан 11 тендерийн нэгийнх нь ард байна.  

 

    Бас Нийслэлийн агаарын чанарыг бууруулах газрын дарга Дэлгэрэхийн нэр агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа зорилтот бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах 11 тендерийн дөрвийнх нь ард байгааг хэвлэлүүд “хэлж” байна. 

 

    Ийм маягаар Су.Батболдыг тойрсон олны ярьдгаар хэдэн “хурган дарга”-ын нэр, бас өөрөө ч баахан тендерийн ард бичигдсэн байна.
Энэ жагсаалт ямар учиртай, хэн үүнийг нэгтгэсэн бэ гэдэг бас анхаарал татна. 

 

    Хэрвээ энэ жагсаалт үнэн баттай бол Монгол Улс, Улаанбаатар хотын түүхэнд Су.Батболд дарга маань  “Тендер Батболд” гэсэн хочтой үлдэх нээ, янз нь. 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочинb /59.153.115.75/

2018-04-27 20:24

Unen bhoo

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.