НЭМҮТ: Тарган ХҮМҮҮСИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 7-12 жилээр бага байдаг 

2018-04-28 12:56

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн онд “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тав дахь удаагийн судалгаа хийж, өнгөрсөн хоёрдугаар сард дүнгээ танилцуулсан. Энэхүү судалгаагаар хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, манай улсын иргэдийн таргалалт хурдацтай өсөн нэмэгдэн үүнийг даган олон сөрөг өөрчлөлт гарч буйг харуулсан юм.


Жишээлбэл, манай улсын 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай буюу энэ насны хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байгаа юм. 


Таргалалтын улмаас чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна. 


Зарим нэг судалгааны тоо баримтаас дурдвал, биеийн жингийн индекс 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчнөөр хэвийн жинтэй хүнээс ес дахин их, биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна.


Мөн цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байсан. Чихрийн шижин өвчин биеийн жингийн индекс 30-34 буюу таргалалтын нэгдүгээр зэргийн үед хоёр дахин, биеийн жингийн индекс 35-39 буюу хоёрдугаар зэргийн таргалалттай үед тав дахин, биеийн жингийн индекс 40-өөс дээш буюу гуравдугаар зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг байна. 


ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин 10 хувиар нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн 11 хувь, эмэгтэйчүүдийн долоон хувьд нас баралт нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна. Таргалалттай хүмүүсийн нас баралтыг эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт дөрөв дахин их, зүрхний шигдээсээр нас баралт тав дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг юм. 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.