О.Самбуудорж: Латин үсгийг хэрэглэж болох ч АЛБАН ёсоор ашиглана гэсэн үг биш 

2018-04-30 09:20


    Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан  доктор, проффесор О.Самбуудоржтой Монгол хэл дэх Латин үсгийн хэрэглээний талаар ярилцлаа. 



 

     ESA— Монгол хэл бичигт латин үсгийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Кирилл үсэгтэй латин үсгийг хольж хэрэглэх боломж байгаа юу. Энэ талаар хийсэн судалгааны ажил байдаг уу? 

 

    — Монголчуудын соёлд бичиг үсгийн хэрэглээ ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо үед латин үсгийн хэрэглээ ч ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа шинжлэх ухаан, технологийн хөгжил, хувьслыг дагаад латин үсгийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ кирилл үсгийг латин үсэгтэй хольж хэрэглэнэ гэсэн ойлголтыг буруу гэж болно. 

 

    Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж буй кирилл үсэгтэй зэрэгцүүлээд тусгай нэр томьёог тэмдэглэх зорилгоор хэрэглэж болно. Түүнээс биш тухайн үгээ зарим үед кирилл үсгээр, зарим үед латин үсгээр бичээд байж болохгүй. Ер нь аливаа үсгийн хэрэглээний асуудлыг төр засгийн хэмжээнд хууль журам гаргаагүй л бол янз бүрийн үсгийг хольж хэрэглэх юм бол  соёлын уламжлал, үндэсний эрх ашигт нийцэхгүй юм. 

 

    Зарим улс оронд хос бичиг юм уу хэд хэдэн үсгийг зэрэгцүүлэн хэрэглэх тохиолдол байдаг. Энэ ойлголт бол бичиг үсгийг хольж хэрэглэх гэдэг ойлголтоос өөр гэж болно. Манай улсын хувьд уламжлалт монгол бичиг болон кирилл бичгийг зэрэгцүүлэн хэрэглэж байгаа. Гэхдээ өмнө өгүүлснээр тухайн эхийг бичихдээ уламжлалт монгол бичиг болон кирилл үсгийн аль алинаар хольж бичдэг гэж ойлгож болохгүй. Бид одоо зарим сонин хэвэлийг монгол бичгээрээ хэвлүүлж байгаагаас гадна хаяг, төрсний гэрчилгээ, дипломат харилцаанд монгол бичгээ хэрэглэж байна. Мөн талархлын болон дурсгалын зүйл бичихэд монгол бичгийг хүмүүс өргөн хэрэглэж байгааг бид мэднэ. Үүнтэй холбоотой монгол бичгийн уран бичлэг ихээхэн хөгжиж, энэ талын мастерууд ч бий болоод байна. Үүнээс үзвэл бичиг үсгийг хольж хэрэглэнэ гэсэн ойлголт буруу байгаа юм.
           

 

    ESA— Тэгэхээр латин үсгийн шинжлэх ухааны зорилгоор болон иргэд интернет орчны хэрэглээнд ашиглаж болно гэсэн үг үү? 


    Интернет орчинд латин үсгээр мэдээлэл дамжуулахад ашиглаж болно. Түүнээс бус албан хэрэглээнд хэрэглэнэ гэсэн үг биш. Ер нь монголчуудын хувьд латин үсгийн хэрэглээний уламжлал байсан уу гэвэл байсан. 1920, 30-аад онд тухайн үеийн нийгэм, улс төрийн шалтгаанаар манай улс латин үсэгт шилжих зорилго ч  агуулж ном, сонин ч хэвлүүлж байсан. 


    Сүүлийн үед цахим техникийн хөгжилтэй холбоотой кирилл үсгээр бичсэн үгийг латин үсгээр, латин үсгээр бичсэн үгийг кирилл үсгээр бичих, эсвэл бичсэн зүйлээ өөр өөр үсэг рүү хөрвүүлэх шаардлага хүчтэй болсон. Ер нь бид интернет орчинд мэдээлэл дамжуулахдаа латин үсгийг ихээр хэрэглэж байна. Энэ шаардлагын улмаас 2002 оноос монгол үгийг латин үсгээр хэрхэн бичих стандартыг мөрдөж эхэлсэн билээ. Иймд мэдээллийн орчинд латин үсгээр бичих шаардлага гарвал энэ стандартыг хэрэглэж сурвал илүү сайн. Миний ажигласнаар латин үсгийн хэрэглээнд хүмүүс кирилл үсгийн я, е, ё, ю үсгийг ихэнхдээ буруу бичдэг. Иймд тухайн үет үсгийн үндсэн гийгүүлэгчийг латин үсгийн “у” гийгүүлэгчээр бичээд түүний араас дуудагдах эгшгийг, хэрэв эгшиг дуудагдахгүй байвал зөвхөн “у” гийгүүлэгчийг бичвэл илүү зөв гэж болно. Жишээлбэл, ямаа, юүдэн, ёроол, ерөөл, үлээе гэх мэт үгийг yamaa, yuuden, yorool, yorool, uleey  гэж бичиж болно. Энэ бол энгийн арга. Түүнээс гадна компьютерийн гар дээр латин ө, ү үсэг байхгүй учир өмнө дурдсан үгсийн ө, ү үсгийг у, ү үсэгтэй адил бичээд утга ялган уншиж болохоос гадна ө, ү үсгийн дараа зартиг тавьж, юүдэн, ерөөл, үлээе гэх үгсийг yu’uden, yo’rool, u’leey  гэж бичиж болдог. Бас бичих аргаа хөнгөвчлөөд олон оронд байдаг шиг үгийн эхэнд ө үсгийг ео гэж, ү үсгийг еu гэж бичээд дараа үеийн үсгийг ингэж бичилгүй o, u гэж бичиж болно. Түүнчлэн кирилл үсгийн зөөлний тэмдэг болон и, ы үсгийг латин үсгээр бичихдээ зөвхөн i үсгээр бичиж болно. 

 

    ESA— Монгол хэлний дуудлага латин үсгийн дуудлагатай тохирдог уу?  
 

    — Монгол хэлний дуудлага латин үсгийн дуудлагатай тохирдог, тохирдоггүй гэсэн яриа байж болохгүй. Хамгийн гол нь аль ч хэлний авиаг болзмол тэмдэг болох үсгээр зөв тэмдэглэж дамжуулах арга чухал юм. Иймд хэл хэлэнд тухайн хэлний авиаг өөр өөр тэмдэгтээр, эсвэл тэмдэгтүүдийг нийлүүлж  тэмдэглэх арга нэлээд түгээмэл дэлгэрсэн байдаг. Иймд орчин цагийн монгол хэлний үгийн утга ялгах 50 гаруй авиаг латин цагаан толгойн 26 үсгээр яаж тэмдэглэх вэ гэдэг арга чухал гэж болно. Бидний сайн мэдэх кирилл үсгийн цагаан толгойн 35 үсгээр орчин цагийн монгол хэлний үгийн утга ялгах 50 гаруй авиаг тэмдэглэхдээ урт эгшгийг давхарлаж, хос эгшгийг бичихдээ үндсэн эгшгийн дараа бидний хагас й гэж дууддаг үсгийг бичдэг. Гэвч кирилл үсгийн цагаан толгойн үсгийг бүгдийг авах гэсэн шалтгаанаар зарим гийгүүлэгч үсгийг буруу оноосон гэх шүүмжлэл байдгийг бид мэднэ.
           

 

    ESA— Таны өмнө өгүүлснээр латин үсгийн хэрэглээ Монгол улсад 1930-аад оноос эхэлсэн гэж ойлгож болох уу? 

 

    — Үндсэндээ тэгж ойлгож болно. Ер нь тухайн үед ЗХУ-ын харьяанд байсан Бүгд найрамдах улсууд латин үсэг хэрэглэх зорилго агуулж байсан. Манай улс тухайн үеийн нийгэм, улс төрийн шалтгаанаар 1941 оноос кирилл үсэгт суурилсан бичгийн хэлийг хэрэглэж эхэлсэн. Кирилл үсгийн зөв бичих дүрэмд зарим сул тал байдаг гэсэн ч монголчууд бүх нийтээр уншиж бичиж сурахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Иймд уламжлалт монгол бичиг болон кирилл бичгийн аль аль нь монголчуудын оюуны соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэж буй бичиг үсэг гэж ойлгож болно. 

 

    ESA— Манай улст хүүхдийг багаас нь англи, хятад гэх мэт хэлний цэцэрлэг сургуульд явуулах тохиолдол байна. Гэтэл тухайн хүүхэд Монгол үсгээ сураагүй байж гадаад бичиг сурч байх жишээтэй. Энэ байдал даамжирвал Монгол хэлд нөлөө үзүүлэх үү? 

 

    — Бүх нийтээрээ монгол хэлээ хоёрдугаарт тавиад гадаад хэл сураад байх юм бол үндэсний соёл, тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй. Монголчууд цөөхүүлээ учраас бүгд гадаад хэл сураад байвал хамгийн түрүүнд үндэсний дархлаагаа алдана. Эх хэлээ сайн сурч, үндэсний соёлын дархлаатай болсны дараа гадаад хэлийг сурвал мэдээж сайн хэрэг. Нөгөө талаар монголчууд дэлхийн зах зээлд гарахын тулд, дэлхийд өөрийгөө танилцуулж харилцан ашигтай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд гадаад хэлний хэрэгцээ байна уу гэвэл байна. Тухайлбал шинжлэх ухааны байгууллагын судлаачдад олон улсын нэр хүндтэй сэтгүүлд өөрийнхөө бүтээлийг хэвлүүлэх, дэлхийн шинжлэх ухааны ололтыг өөрийн эх орондоо нутагшуулах, үр шимийг нь хүртэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад гадаад хэлний мэдлэг чухал уу гэвэл чухал байгаа юм. Иймд эх хэлний болон гадаад хэлний мэдлэг ажил мэргэжлийн зорилготой юуны өмнө холбоотой гэж болно. Үүнээс үзвэл гадаад хэл сурч болно, сурч болохгүй гэдэг нь харьцангуй ойлголт болж байгаа бөгөөд бодлогоор зөв хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.