Өнөөдөр хүүхдийг ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ байх олон улсын өдөр

2018-04-30 15:49

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30 -ны өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн олон оронд эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодуулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалан сурталчилдаг байна.



 

ESA: Дэлхийн зөн олон улсын байгууллага энэ онд нийт 7000 орчим өсвөр насны хүүхдээс судалгаа авахад гурван хүүхэд тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр бие махбодын шийтгэлд өртөж байсан гэж хариулжээ.  Манай улсад хүүхдэд гар хүрнэ гэдэг бидний уламжлалтай холбоотой гэх хүмүүс байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдийн хатуу гараар өсгөх ёстой гэсэн үзэл монголчуудын дунд одоог хүртэл байсаар байна. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн яаж харьцах өөрсдийнх нь хэрэг мэт ойлгодог боловч үнэндээ тэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх аргаа сайн мэдэхгүй байгаа учраас хүүхдээ зоддог гэсэн судалгааг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас гаргажээ. 

 

Тэгвэл зодуулж шийтгүүлдэг хүүхэд дахин зодуулах вий гэж айх, амархан цочимтгой болох, айдас түгшүүртэй амьдардаг бөгөөд энэ байдал нь удаан үргэлжлэх юм бол хүүхэд түрэмгий зан авиртай болдог байна. 

 

 Хүүхдийг ЗОДОХГҮЙ байх 10 учир шалтгаан

 

  • Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. Хүүхдийг цохиж, өвтгөх амархан. Үүнээс болж харин хүүхдийн хөл гар хөхөрч, яс нь хугарч, сорви үлдэж эсвэл мэдрэлийн систем нь гэмтэж болзошгүй байдаг.

 

  • Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг.

 

  • Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. Улмаар хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохион, дүү эсвэл найз нараа дээрэлхэх, зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог байна.

 

  • Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. Өөрөөсөө жижиг, эсвэл сул дорой нэгнийг зодож, дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд суулгадаг.

 

  • Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. Ингэвэл хүүхэд зөвхөн ойр хавьд, эсвэл дэргэд байгаа томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог, бусад үед нь дураараа аашилдаг буруу зуршилтай болно.

 

  • Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үздээ. Тэд өмнөхөө эргэж дурсах бүртээ гомдолтой, эсвэл ууртай дүр зургийг харах болно.

 

  • Хүүхдүүд ихэвчлэн илүү их анхаарал, эсвэл хоол хүнс, унтах үгүй бол илүү ихийг нээж, судалж, мэдэх гэснийхээ төлөө буруу зүйл хийлээ гэж томчуудаар загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг.

 

  • Хүүхдийг зодож шийтгэснээр томчууд, эцэг эх, асран халамжлагчидд тэднийг хүмүүжүүлэх чухал боломжоо алдаж байна гэсэн үг.

 

  • Хүүхдийг цохиж, зодох нь тэдний буруу үйлдлийг тухайн үедээ зогсоож болох юм. Гэхдээ тэдэнд учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийг зодсоноос илүү үр дүнтэй бөгөөд гарч болох хор уршгаас сэргийлж байгаа хэрэг юм.

 

  • Илүү сайн аргууд ямагт байдаг. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдэнд зааж, тэдэнтэй хэлэлцэж бай. Мөн хариуцлагатай, халамжтай, зарчимтай томчуудыг ажигласнаар хүүхдүүд сайн хүн болдог гэдгийг санаарай.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.