Оюутны хөгжлийн зээл ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ боллоо

2018-05-01 14:30

    Оюутнууд хүүгүй, барьцаагүй Оюутны хөгжлийн зээлээ өнөөдрөөс авах боломжтой боллоо. Өмнө нь оюутнууд банкаар дамжин хамтран зээлдэгчтэй, барьцаатайгаар зээл авдаг байсан бол шинэ журмаар ЭЕШ-ын оноо 600, бакалаврын 2.8 голч дүнтэй бол  энэхүү зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм байна. 



 

      ESA: Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч таван тэрбумыг л арилжааны банкнаас олгожээ. Энэ нь арилжааны банкны шаардлага хэт өндөр байсантай холбоотой. Энэ жил тус зээлийн санд 75 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь 35-37 мянган оюутанд зээл олгох боломжтой гэсэн үг. 

 

Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгоно. Зээлийг жилд хоёр удаа 4-6 жилийн хугацаатай өгөх бөгөөд сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор хуваан төлөх боломжтой болжээ. 

 

Боловсролын зээлийн сангийнхан их, дээд сургуулиудтай хамтран сургалтын төлбөрийн асуудалтай 50 орчим мянган оюутан байна гэсэн судалгааг хийжээ. Төлбөрөө төлөөгүй оюутнуудын ихэнх нь бүтэн биш, хагас жил, нэг улирлын төлбөрөө хийгээгүй байгаа юм байна. Тиймээс энэ хичээлийн жилийг дуустал буюу зургадугаар сарыг дуустал төлбөрийн асуудалтай оюутнуудын 30 орчим хувьд нь зээл олгохоор төлөвлөж байгаагаа дуулгалаа. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Сангийн  сайдын хамтарсан тушаалаар зээл олгох суралцагчдын хяналтын тоог гаргасан бөгөөд оюутнууд өнөөдрөөс зээлээ авах боломж нь бүрджээ.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

 

Тавигдах шаардлага:

 

  • Элсэгч нь ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх
  • Оюутан голч нь 2.8 ба түүнээс сайн байх
  • Магистрант, докторант ын голч  3.2 ба түүнээс их байх
  • Улиралд 10 ба түүнээс дээш багц цаг судлах
  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн  суралцагч байх
  • Өдрийн ангийн суралцагч  байх

 

Бүрдүүлэх материал

 

  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
  • Сургуулийн тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэх
  • Тухайн сургуулийн улиралд сонгох хичээлийн баталгаажсан жагсаалт

 

Хүсэлт хүлээн авах хугацаа:

 

2018 оны тавдугаар сарын нэгний өдрөөс харьяа сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлтэй оюутнууд 2017 оны намрын хичээлийн жилийн голч дүнгээр  материал бүрдүүлэх боломжтой.  2018-2019 оны хичээлийн жилийн зээлийн материалыг  намар хүлээн авна.

 

Суралцагч нь магадлан итгэмжлэгдсэн их сургуульд сурдаг л бол оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд хөдөө орон нутгийн их сургуулийн салбарт ч хамаатай. 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.