Г.Эрдэнэбилэг: “Яллагч” уран сайхны киног Андрей Каравайкинийн хэргээс СЭДЭВЛЭН ХИЙСЭН

2018-05-01 16:28
“Яллагч” уран сайхны кино нээлтээ хийнэ

       Найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны  кино тавдугаар сарын 2-ноос Улаанбаатар хотод бүх кино театруудаар гарч эхэлнэ.

 

        Энэ тухай  тус кино багийнхнаас жүжигчин Д.Мөнхзул, ерөнхий найруулагч, оператор Б.Баатар, киноны хөгжмийн зохиолч Оки буюу Б.Одбаяр, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар мэдээлэл хийсэн юм. “Яллагч” уран сайхны  киноны эсрэг дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмэнийн дүрийг бүтээсэн аж. Харин киноны гол дүрд тоглосон Г.Маргад-Эрдэнийг УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин гэдгээр нь сайн танина. “Цэнхэр нүдэн бүсгүйн” Сванильдад гоцлосон бол “Дурлах санал” уран сайхны кинонд тоглож байсан тайз, дэлгэцийн туршлагатай бүжигчин, жүжигчин юм. Киноны бусад дүрүүдэд Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тогложээ. Жүжигчин Ц.Доржсүрэнгийн дүрээр хүн хэчнээн дордсон ч үр хүүхдээ, охин үрээ гэх сэтгэл ямар ч эцгийн дотор нуугдан байдгийг үзүүлсэн аж.

 

 


Киноны үйл явдал:  Солонгост 10 жил “хараар” ажиллаж, гэр бүлдээ, охин  Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирснээр эхэлнэ. Түүнийг онгоцны буудал дээр цовоо, хөөрхөн охин нь биш харин уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаараа угтана. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх эцэг хүний өвдөг нь сөхөрсөн ч сэтгэл сөхрөхгүйгээр бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, шийтгэнэ.

 

Найруулагч Б.Баатар


        Найруулагч Б.Баатар: Бид энэ кинон дээрээ ганцхан хүчирхийлэл биш өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа авилга, архидалт гээд ямар л асуудал  байна. Тэр бүгдийг тусгахыг оролдсон. Кинонд аймшигтай зураг авалтууд байхгүй. Энэ бүхнийг уран сайхны аргаар харуулсан.
Энд нэмэхэд, “Яллагч” уран сайхны  киног хоёр жилийн өмнө ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байна.

 


Галт бол  уг киноны “Яллагч” бас “Ялагч” юм

 

Найруулагч Г.Эрдэнэбилэг


    ESA— Яагаад "Яллагч" нэрийг сонгосон юм бэ?

    — Зохиогчийн өгсөн нэр нь “Зүрхэнд мандсан нар” нэртэй юм. Бид нар ярилцаж байгаад олон нэрээс “Яллагч”-ийг нь сонгосон. Эцэг хүн хувийн зүгээс яллаж байна. Энэ постероос харж байгаа биз ээ. Ял гэж тасраад Ялагч гэсэн байгаа. Трейллэр дээр ч ялгаагүй. Яллагч & Ялагч гэж харагдана. Товчхондоо  аав бол шударга бус зүйлийн төлөө  хувийн зүгээс яллах гэж зүтгэнэ. Хамгийн сүүлд ялагч болно гэсэн санаагаар ийн нэрлэсэн.

 

      

    Өнөөдөр хэчнээн гэр бүлд эцэг, эх нь хол ажиллаж байхад тэднийгээ үгүйлэн, харж хамгаалах хүнгүй өсөж байгаа хүүхдүүд байгаа бол оо? Манжийн дарлалд байхдаа ч манайхан ийм харалган байгаагүй. Бид киногоороо өнөөгийн нийгмийн хамгийн асуудалтай байгаа сэдвүүдийг хөндсөн. Хэдийгээр ОХУ-д болсон бодит явдлаас сэдэвлэсэн ч энэ асуудлууд дэлхий нийтийн тулгамдсан, шийдэж чадахгүй асуудлууд юм. Уран бүтээлч хүний үүргээ гүйцэтгэлээ.

 

    ESA— Кино бол бодит явдлаас сэдэвлэсэн нь онцлог гэлээ. Ямар хэрэг болсон юм бол?

 

    — Тийм ээ, “Яллагч” уран сайхны кино маань бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл юм. 2016 онд ОХУ-д Андрей Каравайкин гэж Афганд байлдаж явсан эрд тохиолдсон явдал. Фейсбүүкээр нэг хэсгийг орчуулсныг олон хүн уншсан байх аа. Орост үүний талаар баримтат кино, нэвтрүүлэг маш олон зүйл хийсэн. Шүүхийн танхимд охиныг нь хүчирхийлсэн этгээд рүү нууж орсон хутгыг шидэж амийг нь хөнөөсөн. Учир нь 14 настай охиныг нь  хүчирхийлсэн этгээд танил  талтай, мөнгөтэй нөхөр байсан.  Эцэг шүүх, цагдаагийн бүхий л байгууллагаар хөөцөлдөж  явсан ч мөнгө, эрх мэдлийн өмнө давж заалдаад ч дийлэхгүйгээ ойлгоод  Андрей Каравайкин сөхөрсөн. Энэ хооронд охин амиа хорлохыг оролдож, их хэмжээний эм уусан. Улмаар сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бөгөөд үхлийн ирмэгт тулж ирээд байлаа. Хөөрхий аав охиндоо туслахын тулд яах ёстойгоо мэдэхээ байгаад эцэст нь  дээрх арга хэмжээг авсан байдаг юм. Андрей Каравайкин өөрийнхөө хийсэн хэргийг хүлээж, шоронд орсон.  

 

    ESA— Харамсалтай, бас аймаар юм аа. Тэр аавын хувь тавилан  өнөөдөр хэрхэн эргэсэн  бол. Та чих тавив уу?

 

    — Би өнгөрсөн жил ОХУ-д очихдоо тодруулсан. Жирийн ард иргэд, сэтгүүлчид, шүүх хуулийнхан хүртэл “Хэрвээ түүний оронд байсан бол өөр аргагүй”  тухай ярьцгааж байсан. Сүүлд сонсохнээ Путинийн өршөөлөөр суллагдах шийдвэр гарч магадгүй гэсэн яриа гарч байгаа тухай сонссон  шоронгоос гарсан үгүйг мэдэхгүй байна. Үүнээс үүдээд кино хийхээр шийдсэн юм.
     

      Монголд ч өнөөдөр ялгаа алга. Сошиал  ертөнц идэвхитэй болоод ингэж их цацагдаад байна уу. Өмнө нь хүчирхийллийн хэрэг гарч байсан. Одоо ч гарч байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрт  гардаг таагүй хэргүүдийн нэг. Гэхдээ сүүлийн үед арай л хэрээс хэтэрч байна. Ой, найман сартай эрэгтэй хүүхдийг ч хүчирхийлсэн хэрэг гарлаа. Эрүүл хүний ухаанаар бодоход төсөөлөх аргагүй жигшүүрт хэргүүд гарч байна. Иймээс энэ сэдвийг хөндөөд кино  хийе. Гэхдээ хүмүүс зөв  мессэжийг хүргэж, эерэг  зүйлийг ойлгуулахыг хүсч “Яллагч” хэмээх уран сайхны киног Андрей Каравайкинийн хэргээс сэдэвлэн хийсэн юм.

 

Жүжигчин Д.Мөнхзул

 

Киноны хөгжмийн зохиолч Оки буюу Б.Одбаяр

 

    ESA— Нээлт маргааш болно. Та эмээж байна уу?

 

    — Кино маань өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн яригдаж байгаад зохиолч н.Эрдэнээд санаагаа хэлж, хоёр сарын хугацаанд бичиж  дуусгасан. Харин бид кино бүрэлдэхүүнээрээ нэг, хоёрдугаар сард зураг авалтаа хийж дуусаад, өнгөрсөн  хоёр сард “Пост” продакшн техникийн  ажиллагаан дээрээ ажиллаад одоо бэлэн болж, маргаашнаас кинотеатруудаар нээлтээ хийнэ.  Албан ёсны нээлт маань тавдугаар сарын 3-нд  болно.
       

    Кино хийх гэж жил зургаан сарын хугацаанд олон нийтэд үзүүлэх үү, байх уу, аль өнцгөөс харуулах уу гэж ямар их шүүн тунгаав аа. Кинонд маань хууль хяналтын мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласан. Мэдээж  олон ч тоо баримттай нүүр тулсан. Гэхдээ энд дэлгэж болохгүй. Асар болгоомжтой хандах сэдэв л дээ. Иймээс уран сайхны кино гэдгийг  ойлгох хэрэгтэй гэж ахин хэлмээр байна. Үүнийг хэзээ ч бодит  амьдралтайгаа зүйрлэж болохгүй. Өнөөдөр хүүхэдтэй холбоотой сэтгэл эмзэглүүлсэн зүйл их байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал халамж  тавихгүй байна. Галт  гэхэд солонгост 10 жил хараар ажилласан. Мэдээж эцэг хүн гэр бүлээ тэжээх ёстой. Тэрний л төлөө зүтгэж яваа.  Тэр хооронд  бид хамгийн үнэтэй зүйлээ алдаад байгаа юм биш биз. Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн дотно харилцаа  алдагдаж байна. Энэ санааг ч тусгасан. Дээрээс нь сошиалаар болсон болоогүй, үнэн худал нь мэдэгдэхгүй баахан мэдээллээр бусдыг байхгүй болгож байна.  Бүүр амиа хорлоход хүргэдэг. Энэ бол цөөхөн монголчуудын хувьд хэрээс хэтэрлээ.

 

    ESA— “THREE FLAMES pictures”-ийнхнээр сонин сайхан юу байна вэ?

 

    — “Яллагч” кино бол “THREE FLAMES pictures” болон “Belgutei pictures, “Mana Gal cinema”-гийн хамтын бүтээл юм. Монгол Америкын хамтарсан “THREE FLAMES pictures” маань 2017 онд миний бие, Trevor Morgan Doyle,  Дөлгөөн гурван  хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдсан. Энэ удаад Төрийн соёрхол зохиолч Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн  морь” найраглалаас сэдэвлэж  “Хийморь” хэмээх монгол морины тухай уран сайхны  киног хятад, казакстан, АНУ, ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтран хийж байна. Одоо зураг авалт 60 хувьтай явж байна. Энэ зун үлдсэн зураг авалтаа хийгээд дуусна.  Хийморь группийн хамт олон маань “Яллагч” кинон дээр ч ажилласан. Энэ удаад “THREE FLAMES pictures” маань “Хийморь”, “Яллагч” хоёр кинон дээр хамтран ажиллаж байгаа юм.  THREE FLAMES pictures” нь Монголын киног дэлхийн зах зээл рүү гаргах зорилготой. Үүний эхлэл нь өнгөрсөн 2015 онд хийсэн “Аав” кино боллоо. Хятад улсад гаргах гэж нэг жил, зургаан сарын туршийн хугацаанд өндөр шалгуурын дамжиж явсаар 25,26 хүний  гарын үсэгтэйгээр гарах эрхийг авдаг юм билээ. Тэгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Хятад улсад гаргах эрхтэй болсон. Энэ бол монголын киноны түүхэнд том алхам болсон гэж бодож байгаа юм. Дараагийн удаад “Яллагч” кино маань  гадны  кино фестивальд оролцох, дистербьюшн компаниудтай хамтарч ажиллах эхний гэрээ хэлцэл яригдаж байна. Гэхдээ энэ удаад  үүнээс илүү ярих боломжгүй. Цаг тухайд нь хэлнэ ээ.

 

 

    ESA— “Яллагч” уран сайхны  кино нь бол найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь бүтээл бөгөөд үүнээс өмнө “Академи авардс 2015” – ын шилдгийн шилдэг уран бүтээлээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулж байсан юм. Тодруулбал, “Аав” киноны гол дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглодог. Уг кино нь “Mongolian Academy Awards-2015” наадмын “Шилдэг кино”-гоор шалгарч, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг тус тус хүртсэн.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.160.88/

2018-05-03 13:54

eba ch goyo hiideg shuu bi suuliin uyed alaan hyadaantai kino uzehee bsan iim aimar niigmed ali boloh eyereg kino uzej baiya gej gehdee medeej zohih hemjeegeer emzeg sedeviig hundulgui yahav amjilt hisie

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.