ХАМТДАА СОЁЛЖИЦГООЁ-1: Олон нийтийн газарт баримтлах цөөн дүрэм 

2018-05-02 11:04


    “Орк” гэх үгийг олон нийтийн сүлжээгээр төдийгүй, хүмүүс хар яриандаа хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүгээр хэнийг, ямар хүнийг төлөөлүүлж хэлдэгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тийм ээ, яг зөв. Олон нийтийн газарт биеэ авч явах дүрэм, соёл мэддэггүй, олдсон, таарсан бүхнээ хаа сайгүй өмсөж зүүж явдаг эрээ цээргүй нэгнийг хэлдэг. 




    Харин зарим хүмүүсийн ташаардаг шиг орон нутгийнхныг биш шүү. Хаана өссөн, төрснөөсөө үл хамаараад их хотод ажиллаж, амьдрах наад захын соёлыг мэдэхгүй байгаа хүн бүрийг л энэ таагүй үгээр нэрлээд байгаа юм. Хэн ч “орк” гэх ангилалд багтахыг хүсэхгүй. Тиймээс таны мартсан байж мэдэх, соёлч боловсон зангийн зарим дүрмүүдийг эргэн сануулая. 

 

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР: ОРИЛЖ, ХАШГИЧИХ, ХАРААЛ ХЭЛЭХ НЬ “ОРК”-ИЙН ЭХНИЙ ШИНЖ

 

 

    Олон нийтийн газарт чимээ шуугиан гаргалгүй, эргэн тойрны хүмүүсийнхээ амар амгаланг алдагдуулалгүй, хэн нэгнийг бүдүүлэг, хараалын үгсээр дуудахгүй байх ёстой гэдгийг сануулах нь илүүц биш. Түүнээс гадна огцом хөдөлгөөн, бүдүүлэг, ёс бус хөдөлгөөн хийх нь ч зохисгүй. Бүдүүлэг үйлдэлд мэдээж бусдын утсан дээрх мэдээлэл рүү ширтэх, хамар амаа ухах, амаа даралгүй найтаах, бусдын орон зайд нэвтрэх буюу хэт ойр зайд шахаж зогсох зэрэг орно. 

 

    Дэлгүүр бол олон нийтийн газруудын нэг. Тиймээс дэлгүүр рүү орохдоо л олон нийтийн газарт биеэ авч явах энгийн дүрмүүдийг санаж яваарай. Нэн тэргүүнд дэлгүүрээс гарч байгаа хүмүүсийг гаргаад, дараа нь өөрөө орно. Мэдээж таны хажууд хөл хүнд эмэгтэй, ахмад настнууд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явж байвал тэднийг эхэлж оруулахаа мартав аа. 

 

    Тамхи зуугаад, зайрмаг долоогоод дэлгүүр орох гэж санахын ч хэрэггүй. Мөн дэлгүүрт явахдаа бусад олон нийтийн газарт явдагтай адилаар эелдэг боловсон байж, хэрүүл шуугиан дэгдээж болохгүй. Танд бараа бүтээгдэхүүн таалагдаагүй, буцаахыг хүсвэл энэ талаар худалдагч эсвэл дэлгүүрийн менежерт хандаарай. 
Кассан дээр дараалал үүссэн бол жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг урдуураа оруул. Мөн үйлчилгээ үзүүлсэн худалдагч, кассчинд талархлаа илэрхийлэхээ мартав аа. Танд хариу талархал илэрхийлдэггүйд гомдолтой санагдах үе хааяа гарна л даа. Гэхдээ тэднийг өршөө, өөрсөдтэй нь аль болох олон хүн эелдэг хандах тусам тэд дараагийн удаа боловсон занд суралцана. 

 

БАРУУН ГАРЫН ДҮРЭМ

 

 

    Гадаа, гудамжинд явахдаа ч баримтлах хэд хэдэн дүрэм бий. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, хараал, бүдүүлэг үгс хэлэхгүй, хашгирч орилохгүй байх хэрэгтэй. 

 

    Түүнчлэн баруун гарын дүрмийг баримтлаарай.  Явган хүний зам, урсдаг шатаар явахдаа өөдөөс чинь ирж буй хүмүүсийн хөдөлгөөнд саад болохгүйн тулд баруун гар талын дүрмийг баримтлаарай. Өөрөөр хэлбэл баруун талаа баримталж зорчино гэсэн үг. Энэ лифт хүлээхэд ч мөн хамаатай. Олон хүн нэг дор лифт хүлээх үед хоёр талд гарч зогсчихоод, лифтний хаалга онгоймогц хоёр талаас бүчээд дайрах нь элбэг. Тэдний нэг нь та байж болохгүй. 

 

Гудамжидн дуулах, чангаар инээх, амаа даралгүй ханиах найтаах, хамраа ухах, амаа халхлалгүй эвшээх зэрэг нь мөн л бүдүүлэгт тооцогдоно. 

 

    Дараагийн дүрэм бол ХОГИЙГ ЗӨВХӨН ХОГИЙН САВАНД. Сав олдохгүй бол олтлоо хогоо халааслаад яв. 
Хэн нэгнийг санамсаргүй түлхэх, шахах, хөл дээр нь гишгэчихсэн бол уучлалт гуйгаарай. Түүнчлэн зөрөх хэрэг гарвал “Уучлаарай, зөрж болох уу, хажуугаар чинь өнгөрч болох уу” гээд эелдэгхэн асуучихад биднээс юу ч унахгүй. 

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД

 

 

    Дээрх дүрмүүд энд мөн л хэрэгжинэ. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээс хүмүүсийг бууж дууссаны дараа зөрж орно. Аль ч төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл рүү орохдоо эхлээд ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түрүүлж оруулан, ороход нь туслана. Мөн эдгээр хүмүүсийг орж ирэхэд суудал тавьж өгөхөө мартав аа. 

 

    Таксинд суухдаа баруун талын хойд суудалд сууна. Зам заах хэрэгтэй бол урд суудалд суугаарай. 

 

    Галт тэргэнд, купены тасалбар авсан бол орж ирмэгцээ бусад хүмүүстэй мэндлээд суудлаа эзлэнэ. Мөн ахмад настай хүмүүс хамт зорчиж байгаа тохиолдолд таны суудал илүү тухтай бол тэдэнд суудлаа солих санал тавиарай. 
 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.