З.Энхболд: АТГ-ын шинэ дарга нарыг томилохгүй бол УИХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

2018-05-04 17:19

 


    ESA— Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос сэтгүүлчид тодруулга авлаа.



 

    ESA— АТГ-ын даргад нэр дэвшиж буй Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар ямар шалгуур хангасан гэж үзэж байгаа вэ?

 

    — Санал асуулгын дүн мягмар гаригийн орой гарч, лхагва гаригийн өглөө нийтэд зарласан. Д.Даваа-Очир, Ж.Батсайханы нэрийг УИХ-д хүргүүлээд байна. Хамгийн олон санал авсан Д.Даваа-Очирын хувьд ЗХУ-д Дотоод явдлын яамны академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны доктор цолтой. Нийгмийг хамгаалах яаманд болон бусад газарт ажиллаж байсан. Энэ хоёр хүний хувьд шалгуур хангаж байгаа. Хамгийн их санал авсан 10 хүний дотор шалгуур хангахгүй хүмүүс байсан. Тухайлбал, би байна. Сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй гэдэг шалгуураар хасагдаж байгаа юм. Дэд даргын хувьд Ж.Батсайхан гэж хүнийг нэр дэвшүүлж байгаа. Мөн ОХУ-д боловсрол эзэмшсэн, АТГ-д ажиллаж байсан. Энэ хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны вэб сайтаас авч болно.

 

    ESA— Нэр дэвшээд буй хоёр хүнийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Яагаад энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн юм бэ. Энэ санал асуулга шударга болж чадсан уу?

 

    — Би өмнө нь мэдээлэл хийхдээ АТГ-ын даргад тохирох хүн төрийн албанд 15 жил ажилласан, хуульч хүн байна гэдгийг маш сайн анхааруулсан. Мөн гүйцэтгэх ажлын туршлагатай, удирдах алба хашиж байсан хүнийг нэр дэвшүүлнэ гэдгийг маш сайн хэлсэн. Олон нийт хэн нэгний нэрийг дэвшүүлэхдээ шалгуурыг үндэслэхгүй янз бүрийн хүний нэрийг дэвшүүлсэн байгаа юм. Тиймээс бид хаа хамаагүй оруулж ирсэн хүмүүсийн нэрийг хасч байгаад үлдсэн хүмүүсийг тодруулсан. Яаж шалгаруулсан бэ гэдэг нь чухал биш. Хамгийн чухал нь Үндсэн хуулийн 3.1 дэх заалтын дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэ мэдлээ шууд оролцож, эсвэл өөрийн сонгосон төлөөлөгчийн байгууллагуудаараа дамжуулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн бичигтээ “Миний бие АТГ-ын даргад нэр дэвшүүлдэг бүрэн эрхээ дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж, ард иргэдээсээ асууж саналаар шийдвэрлэлээ. Ерөнхийлөгч өнөөдөр Ховд руу явах гэж байна. Ховд, Баян-Өлгий, Увс, Өвөрхангай аймагт ажиллачихвал бүх аймагт ажиллаад дуусах гэж байна. Эдгээр уулзалтуудаар иргэд Ерөнхийлөгчид хандан хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хүнд суртал гаарсныг сануулаад, энэ хууль хяналтын байгууллагыг үр дүнтэй, шударга ажиллуулахыг хүссэн.

 

    ESA— Олон нийтээс энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч АТГ-ын даргаар ажиллаж чадна гэж үзэж байгаа юм уу?

   

    — Ерөнхийлөгч энэ хоёр хүнийг өөрт нь танилцуулахад дэмжсэн.

 

    ESA— АТГ-ын одоогийн даргын үүрэгт ажлын хугацаа дуусаагүй. Тэгэхээр дараагийн хүнийг нь шууд томилох боломжтой юу?

Нөхөн томилогдсон хүний оронд томилогдсон хүн өмнөх хүнийхээ хугацаагаар явна. Хүний оронд томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. 10 гаруй хуулиар ингэж зохицуулсан байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд нэг гишүүн томилогдвол 2020 он хүртэл л УИХ-ын гишүүнээр ажиллана биз дээ. Яг үүнтэй л ижил.
-АТГ-ын даргын чиг үүрэг нь өөр хуулиар зохицуулагддаг гэж зарим хуульч ярьж байна. Та юу хэлэх вэ? 
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж хуулинд заасантай адилхан хүний оронд ажилласан бол өмнөх хүнийхээ хугацаагаар л явна. Хуулийг нэг мөр ойлгох ёстой. Тусгай чиг үүрэг байна уу хамаагүй. Хэрвээ томилогдсон хүн бүр зургаан жилээр ажиллавал Авлигатай тэмцэх хуулийн 21.5 заалт байхгүй байх ёстой юм. Нөхөн томилогдоно гэдэг гарц байхгүй. Хуулийн маргаан огт байхгүй. Ерөнхийлөгч хуулиар хугацаа нь дууссаныг дурдахын зэрэгцээ ажлаа хийхгүй байна гэж дүгнэж байгаа. Х.Энхжаргалыг АТГ-ыг удирдаж эхэлснээс хойш манай авлигын индекс маш олон байраар ухарсан. Энэ бол тэднийг ажлаа хийж чадахгүйг илтгэж байгаа юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа дагуу ажиллаж байна. Ард түмэн төрийн эрх мэдлийг барина гэдэг заалт хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч яахаараа буруудна гэж.

 

    ESA— Нэр дэвшээд буй хоёр хүнийг Ерөнхийлөгчийн ойрын хүн гэж хүмүүс хардаж байна. Хуулийн хугацаа нь дуусаагүй байхад дараагийн хүнийг томилуулах асуудал ярих нь Ерөнхийлөгчийн зөв шийдвэр мөн үү?

 

    — Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын дарга Х.Энхжаргалыг УИХ-ын даргаар ажиллаж байсан надтай зөвшилцөөгүй. Кноп дардаг намын дарга нартай уулзсан байх. Гэхдээ надтай бол энэ асуудлыг ярилгүй оруулж ирж байсан. Мэдээж хүмүүс зөвлөсөн байх. Харин энэ удаад олон нийтийн санал асуулгаас тодруулахдаа тодорхой шаардлага тавиад өгчихөж байгаа учраас олон нийт тэр шаардлагад нь нийцсэн хүнээ дэвшүүлэх нь тодорхой юм.

 

    ESA— Энэ хоёр хүнийг УИХ хүлээж авахгүй бол яах вэ?

 

    — УИХ нэг бол хүлээж авна, үгүй бол хүлээж авахгүй. УИХ АТГ-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, удирдлагуудыг томилох ёстой байгууллага. Олон хүн Ерөнхийлөгчийг томилдог гэж бодоод байгаа. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. Тэгэхээр УИХ л хариуцлагаа хүлээнэ. Авлигын төвшин ямар байгаа билээ. Ил цагаан авлига авчихаад ял шийтгэл авдаггүй. С.Баяр АНУ-д долоон байшин авчихаад зүгээр явж байна. Одоо л нэг сар хоригдож байх шиг байна. Энэ хэрэг 10-аад жилийн өмнө ил болсон. Нэг үгээр хэлбэл, манай хууль хяналтын байгууллагынхан ингэж л ажлаа хийж байна. Ийм байхад АТГ-ын дарга нарыг томилохгүй бол УИХ хариуцлагаа хүлээх ёстой.


 

    ESA— Ерөнхийлөгчөөс санал болгодог Цэцийн гишүүдийн бүрэн эрх дуусна. Дараагийн хүмүүсийг хэзээ нэр дэвшүүлэх вэ?

 

    — Үндсэн хуулийн Цэцийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлдэг гурван хүний хугацаа тавдугаар сарын 9-нд дуусна. Мөн УИХ-аас томилдог нэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр УИХ нэг хүнээ, Ерөнхийлөгч гурван хүнээ нэр дэвшүүлээд хэлэлцүүлнэ.

 

    ESA— Дараагийн томилох хүмүүсийн нэр яригдаж байгаа юу?

 

    — Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Цэцийн гишүүний шаардлага хангасан хүнийг олж дэвшүүлнэ. 40 настай, Монгол Улсын иргэн байна. Голдуу эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүс байдаг. МУИС-ын Хуулийн сургууль Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг бэлтгэж өгдөг талбар болоод удаж байна.

 

    ESA— Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийг санал хураалтаар тодруулах уу?

 

    АТГ-ын дарга, дэд даргын санал асуулгыг анх удаа авсан. Үүнээсээ туршлагажаад дахин санал хураалт явуулах боломжтой. Энэ талаар ярилцаж байна.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.