У.Хүрэлсүх:  Манай улсын 1 сая орчим хүн БАТАЛГААГҮЙ УСЫГ УНДАНДАА ХЭРЭГЛЭЖ байна

2018-05-04 17:23

    УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийлээ.




Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэлдээ:

 

    Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд 608.3 сая шоо дөрвөлжин метр ус бүрэлдэн бий болдог байна. Усны нөөцийн 34.6 сая шоо дөрвөлжин метр нь гол мөрний, 500 сая нь нуурын, 32.9 сая нь мөнх цаст оргил, мөсөн голынх, 10.8 сая шоо дөрвөлжин метрийг газрын доорх ус эзэлдэг. Харин манай улс жилд 500 сая шоо дөрвөлжин метр ус ашигладаг бөгөөд үүний 80 хувийг газрын гүний, 20 хувийг гадаргын ус эзэлдэг аж. Тухайлбал, хүн амын унданд 79.8 сая, хөдөө аж ахуйд 264.7 сая, уул уурхайд 81.1 сая, үйлдвэрлэл, барилгад 8.9 сая, цахилгаан станциуд 44.7 сая шоо дөрвөлжин метр ус ашигладаг байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд нэг хүн хоногт 100-105 литр ус ашигладаг байна. Харин манай улсын орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 160-200 литр буюу дэлхийн дунджаас хоёр дахин их ус хэрэглэдэг байна. Харин гэр хорооллын иргэд хоногт 8-10 литр ус ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Цаашдаа хүн амын тоо өсч, үйлдвэрлэл, бизнзес өргөжин хөгжихийн хирээр усны хэрэглээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулсан усны нөөцийг нэмэгдүүлэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон түүнийг дагалдан гарах дүрэм, журмыг яаралтай батлах, Туул, Орхон голыг цэвэрлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Эг, Орхон, Туул голд усан цогцолбор байгуулах, уул уурхайг дагалдан бий болж буй суурин газруудын хангамжид газаргын ус ашиглах, “Ус” үндэсний хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, усны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, газрын доорх усны нөөцийг төрийн мэдэлд авах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

    Мөн  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” болохыг тунхагласан. Энэ чухал эрхийг хангах нэг чухал үндэс бол ус билээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2020 он гэхэд хүн амынхаа 80 хувийг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усаар хангах зорилт тавьсан. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлснээр Монголын хөрсөнд ургасан эрүүл, аюулгүй хүнсний ногоо, буудай, жимс жимсгэнээр хүн ардаа хангана. Мөн мал аж ахуйг таваарлаг болгох үндсийн үндэс бол усалгаатай газар тариалан, бэлчээр, хадлан, малын тэжээлийн усалгааг шийдсэнээр хангаж чадна гэж үзэж байна. Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.

 

    Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын нэг сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гэсэн үг юм. Монголын усны салбар 1938 оноос эхлэн усалгаатай газар тариалан, бэлчээрийн ба төв суурингийн ус хангамж, бохир ус татан зайлуулах томоохон дэд бүтцийг байгуулж чадсан. 1990 он гэхэд 40 мянга гаруй худаг уст цэг гаргаж, 90 мянган га талбайг услах инженерийн хийцтэй 157 услалтын систем байгуулж байсан. Тухайн үед Монгол Улс нийт 22 сая  толгой малтай байхад бэлчээрийн 60 хувийг усжуулж байжээ. 2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байна. Бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан  мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна. Өнгөрсөн жилүүдэд төрөөс усны талаар баримтлах бодлого олон баримт бичиг боловсруулан гаргасан. Тухайлбал усны бодлоготой холбоотой 22 хууль, 20 гаруй тогтоол, Засгийн газрын 20 гаруй шийдвэр, 30 гаруй дүрэм журам хэрэгжиж байгаа. Бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан  мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа. Тиймээс гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх зайшгүй шаардлагатай байна” гэснээр түүний мэдэгдэл өндөрлөв. 
 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /112.72.14.123/

2018-05-15 08:44

Hujitr ra[хориотой үг]naa heregleed bval sn ..

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.