ЗӨВЛӨГӨӨ: Хаврын "брэндүүд"

2018-05-07 10:40

ХАВРЫН ЯДАРГААНД ХАЛГАЙ ТУСТАЙ

 

 

        Халгайнд А, С, К витамин , уураг, эрдэс давс арвин  байдаг.  Дайны үед цэргүүдийн шархан дээрээ халгай тавьж бооход түргэн эдгэрч байсныг Оросын хэвлэлүүд дээр бичдэг. Одоо халгайг цус тогтооход хэрэглэхээс гадна халгайн ханд  нь чихрийн шижин, шамбарам өвчинд сайн нөлөөтэй болох нь мөн батлагджээ.

 

       Цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өөрчлөгдөх, гэдэс гүйлгэх зэрэг олон өвчнүүдийг халгайнаас гаргаж авсан бэлдмэлүүдээр анагааж байна.   Мөн дотор хаван буулгах, шарх эдгээх, усан хаван хөөх, биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх, хамраас цус гарах, цусан суулга, шээс цустай гарах, нойр муудах, зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдахад өргөн хэрэглэдэг.

 

      Хог хаягдалгүй  газар, гуу жалга, зуслангийн орчмоос зургадугаар сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлэх байдлаар хадгалж бүтэн жилийн турш хэрэглэж болно. 

 

ЯРГУЙ "ИХЭДВЭЛ" МОГОЙН ЯР ӨВЧИН ТУСДАГ

 

 

          Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй аж. Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Ихэнх хүн долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хошуурах юм. Нөгөөтэйгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь их болжээ. Ингэж байгаа нь тун харамсалтай юм. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг эртний мэргэдийн ёс уламжлалд бий.

 

          Яргуйг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралд унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг.

 

          Яргуйг харин жирэмсэн, ходоодны ил шархлаа, элэгний хатууралтай (цирроз) хүмүүс хэрэглэж болохгүй.  Харин төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөхийг намжаана. Хавдар эсэргүүцэх үйлчилгээтэй. Яргуй нүдний болор цайх (катаракта), нүд чинэрэхэд (глаукома) тус болж тархины даралт бууруулж, зөнөх өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч сайн гэдэг аж.

 

 

ХУСНЫ ШҮҮС ЯЛГАРАЛТ 18-20 ӨДӨР ҮРГЭЛЖИЛДЭГ 

 

 

         Хусны шүүсийг ардын эмнэлэгт чийг бам өвчнөөс урьдчилан сэргийлэх, шээс хөөлгөх, үе мөчний шархираа, хаван, ангина ялангуяа уушигний мэнгэр бронхит өвчинг анагаах, махбодыг сэргээн тэнхрүүлэх зорилгоор хэрэглэдэг юм байна. Хаврын урь орж газар гэсэн хусны үндэс сэргэж эхлэх үед үндсэнд нөөцлөгдөж байсан шүүс шим дээш хөөрч навч нахиандаа ирдэг аж. Ялангуяа чийг манантай үед хусны шүүс хүчтэй хөөрөх тул “уйлах цаг” хэмээн нэрлэх нь  ч бий. Хусны шүүс ялгаралт нь цас ихээр хайлж буй үетэй давхцадаг гэж байсан. Энэ процесс нь 18-20 өдөр үргэлжилдэг юм байна. Хусны шүүс авах хугацаа навч дэлгэрэхээс өмнө тавдугаар сарын эхний арван хоногоос зургаадугаар сарын 10-ны хооронд багтана гэж заасан байдаг. Энэ хугацаанд тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэлбэлзэлтэй байдаг.

 

        Шүүс ялгарч эхлэх үеийн хоногийн дундаж дулаан дөрвөн хэмтэй байна. Шүүс 12.00-18.00 цагийн хооронд илүүтэй ялгардаг аж. Иргэд хусны шүүс ууна хэмээн  модыг зүсч гэмтээдэг тал бий. Гэтэл үнэн хэрэг дээрээ нэг модноос дээрх хугацаанд 80 л шүүс авч болдог гэдэг нь  нэгэнт  судалгаагаар нотлогджээ. Хусны шүүс нь тухайн модны нарийн бүдүүнээс шалтгаалан их бага гардаг байна. Тэгэхээр мод бүдүүн бол ялгарах шүүс нь их байна гэсэн үг юм. Шүүс авах хугацааны дунд үед чихэрлэг ихтэй шүүс гардаг аж.  Харин шүүс авах хугацааг хус  мод өөрөө  хэлж өгдөг байна. Агаарын дулаан нэмэгдэх үед  модны нахиа идэвхитэй томорч нахиалах үед  шүүс гадагшлахаа больдог. Энэ үед хусны шүүс тунгалаг байхаа больж булингартай гарч эхэлдэг байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.