М.БАТЗОРИГ:Төрийн албан тушаалтнуудын гаргасан ХУУЛЬ БУС АКТУУД 2017 оны төсөвт 497 сая төгрөгийн дарамт учруулсан

2018-05-07 11:33



    Албан тушаалтны учруулсан хохирол, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар Захиргааны ерөнхий хуульд ямар шинэлэг зохицуулалтууд тусгагдсан талаар Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч М.Батзоригтой ярилцлаа.



 

    ESA— Албан тушаалтны учруулсан хохирлын талаар Захиргааны ерөнхий хуульд ямар шинэлэг зохицуулалтууд туссан бэ?

   — Уг хуулийг зарим зохицуулалтуудын агуулгыг аль болох энгийн, хуулийн албан ёсны нэр томъёогоор бус, иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлая.


    Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдаж   2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдсөн.


    Эрх зүйт төр буюу эрх зүйт ёс, хуулийн засаглалын үндсэн үзэл санаа бол төр, иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх явдал бөгөөд иргэн нь ч төрийн өмнө, төр нь  ч иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг,  манай улсын Үндсэн хуулийн үндсэн үзэл санаа ч энэ юм.

 
    Төр иргэнийхээ өмнө буюу нийтийн албан тушаалтан иргэний өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох, төлөвшүүлэхэд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтууд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ийм ач холбогдолтой хууль болсон.


    Захиргааны ерөнхий хуулийн 10, 11 дүгээр бүлэг буюу 100-107 дугаар зүйлд энэ талаар зохицуулсан байгаа.


    Тухайлбал Албан тушаалтны иргэнд учруулсан хохирлын хувьд түгээмэл, нийтлэг тохиолддог маргаан бол төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсан, чөлөөлсөнтэй холбоотой  маргаан шүүх дээр түгээмэл шийдвэрлэгдэж байгаа. 


    Ганцхан төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсан, чөлөөлсөнтэй холбоотойгоор үүссэн ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гэж албан тушаалтны иргэнд учруулсан хохирлыг явцуу утгаар ойлгож болохгүй, нийтийн албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учруулсан хохиролтой холбоотой олон төрлийн маргаан практикт үүсдэг.


    Энэ нийтлэг тохиолдог төрийн албаны маргаан дээр жишээ авч ярихад шүүх төрийн албан хаагчийг буюу нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон нөхцөлд ажилгүй байсан хугацааны  хохирол буюу цалин хөлсийг төрөөс буюу улсын төсвөөс гаргуулахаар  шийдвэрлэдэг.  

 

 

    ESA— Танай  шүүхийн хувьд албан тушаалтны учруулсан хохиролтой холбоотой маргааныг шийдвэрлэж байна уу, төрийн албаны маргаан дээр ажилгүй байсан хугацааны  цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэх тал дээр олон маргаан шийдвэрлэгдэж байна уу?


   — Судлан үзэхэд Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд Төрийн албаны маргаан буюу төрийн албанаас халсан, чөлөөлсөн, шилжүүлсэн, албан тушаал бууруулсантай холбоотой нийт 411 нэхэмжлэл ирсэн байна.  


    2017 онд тус шүүхийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн төрийн албаны нийт маргааны 62 хувь нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан, 11 хувь нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангасан байна. 


    Үүнээс үзэхэд тус шүүхээр шийдвэрлэгдсэн төрийн албаны маргааны 70 гаруй хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзсэн байна.   


    Тус шүүхийн хувьд Төрийн албанаас халсан, чөлөөлсөн, шилжүүлсэн, албан тушаал бууруулсантай  холбоотой маргаанд нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэгтгэн авч үзвэл 2017 онд иргэд нийт ажилгүй байсан хугацааны 2.089.478.711 төгрөгийг нэхэмжилсэн ба тус шүүхээс  496.098.260 төгрөгийн цалин хөлсийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байх жишээтэй, ийм хэмжээгээр улсын төсөвт дарамт учруулж байна.


    Дээрх судалгаа нь зөвхөн манай шүүхийн хувьд хийсэн судалгаа бөгөөд улсын хэмжээнд авч үзвэл өөр дүн гарна. 

 


    ESA— Албан тушаалтны учруулсан хохирлыг албан тушаалтнаас өөрөөс нь гаргуулах асуудал дээр ямар шинэлэг зохицуулалт Захиргааны ерөнхий хуульд тусгасан бэ? 


     —Энэ асуудал дээр Захиргааны ерөнхий хуулийн шинэлэг зохицуулалт бол үндэслэлгүй хууль бус захиргааны акт гаргаж ажлаас халсан тогтоогдсон нөхцөлд ажилгүй байсан хугацааны хохирол буюу цалинг эхлээд тухайн төрийн байгууллагаас буюу улсын төсвөөс гаргуулна, харин төрийн байгууллага нь эргээд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас өөрөөс нь гаргуулахаар, буруу, хууль бус шийдвэр гаргасан  албан тушаалтан өөрөө буцаан төлөх ёстой гэсэн  агуулгатай зохицуулалт хууль тусгагдсан байгаа юм. 


    Ийм агуулагатай зохицуулалт өмнө Иргэний хууль болон Төрийн албаны тухай хуульд байсан л даа гэхдээ Захиргааны ерөнхий хуулиар уг харилцааг тусгайлан, нарийвчлан зохицуулсан бөгөөд эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтнаас өөрөөс нь учруулсан хохирлыг  хэрхэн, яаж гаргуулах арга замыг тодорхой зохицуулж өгсөн нь уг хуулийн давуу тал юм.

 


    ESA— Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас өөрөөс нь ямар арга замаар учруулсан хохирлыг нь төлүүлэх вэ?


  —Хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан албан тушаалтнаар яаж буцаан төлүүлэх вэ гэдэг арга замыг уг хуулиар нарийвчлан хэрхэн зохицуулсан бэ гэхээр албан тушаалтнаас ямар арга замаар буцаан төлүүлэх асуудлыг хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтны дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна, дээд шатны байгууллагад ийм дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх аудитын газар  хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлэх асуудлыг хариуцахаар байгаа.


    Жишээ татаж ярья, салбарын сайдын тушаалаар томилдог агентлагийн дарга  байя гэж бодъё,   уг агентлагийн дарга ажилтнаа хууль бусаар халсан нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд  уг хэлтсийн даргаас өөрөөс нь хувиас нь төлүүлэх үүргийг харъяалах яамных нь дотоод аудитын газар, хэлтэс хариуцахаар байгаа.


    Ингэж хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтны учруулсан хохирлыг албан тушаалтнаас өөрөөс хэрхэн, яаж, ямар арга замаар гаргуулах вэ гэдгийг нарийвчлан, тодорхой зохицуулсан нь уг хуулийн дэвшилттэй тал юм.

 


    ESA—Хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан албан тушаалтан ямар хариуцлага хүлээх вэ энэ талаар уг хуульд  юу гэж заасан бэ?


  —Эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус, үндэслэлгүй захиргааны акт гаргасан нь шүүх болон бусад байгууллагаар тогтоогдсон нөхцөлд  албан тушаалтанд ямар шийтгэл хүлээлгэх вэ гэдгийг уг хуулиар зохицуулж өгсөн. 


    Тодруулан хэлбэл хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасныхаа төлөө өөрөө сахилгын шийтгэл хүлээхээр болсон. 

    Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан /агентлагийн даргын хувьд  салбарын сайд нь,  дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын хувьд дүүргийн Засаг дарга нь/нь хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хаалттай болон нээлттэй сануулах, цалингийн хэмжээг бууруулах буюу хасах, ажлаас халах, нийтийн албанд 1-10 жил хүртэл хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах зэрэг шийтгэлийг ногдуулахаар хуульд заасан.


    Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлаас нь шалтгаалаад ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулахаар байгаа.


    Мөн албан тушаалтан хууль бус актаа өөрөө хүчингүй болгосон тохиолдолд уучлалт гуйх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх гэх мэт тусгайлсан зохицуулалтууд тусгагдсан байгаа.

 


    ESA—Албан тушаалтны хууль бус, үндэслэлгүй шийдвэрийн улмаас хохирсон иргэнд ямар эрх, боломжийг уг хуулиар нээж өгсөн бэ?


    —Эрх зүйн зөрчилтэй буюу үндэслэлгүй, хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтанд дээд шатны байгууллагын албан тушаалтан нь шийтгэл ногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй гэж үзвэл уг хууль бус, үндэслэлгүй шийдвэрийн улмаас хохирсон иргэн, хуулийн этгээд шийтгэл ногдуулж өгнө үү гээд   Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг нээж өгсөн нь албан тушаалтны гаргасан шийдвэр үндэслэл бүхий байх, албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, шинэ зохицуулалт болж чадсан.


Нөгөө л жишээн дээрээ ойлгомжтой байдлаар тайлбарлая. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхээр тогтоогдсон иргэн энэ тохиолдолд намайг халсан албан тушаалтанд буюу манай даргад шийтгэл ногдуулж өгнө үү, намайг хууль бусаар халсан албан тушаалтанд ажлаас халах шийтгэл ногдуулж өгнө үү, эсхүл цалин хасах шийтгэл ногдуулж өгнө үү гэх мэтээр шүүхэд хандах боломж нь нээлттэй болсон. 


    Жишээ татаж ярихад, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ажилтнаа үндэслэлгүйгээр халсан нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Тамгын газрын даргын дээд шатны албан тушаалтан болох Засаг дарга нь тамгын газрын даргадаа шийтгэл ногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй гэж үзвэл халсан шийдвэрийн улмаас хохирсон иргэн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлоод шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болсон гэсэн үг.


    Ер нь Захиргааны ерөнхий хууль нь хуулийг дээдэлсэн эрх зүйт төрийг бий болгоход, хуулийн засаглалыг илүү сайн төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй, ийм зорилготой, албан тушаалтныг хүний эрхийг дээдлэн, хариуцлагатай ажиллуулах зорилго, агуулга бүхий, ийм үзэл санаагаар батлагдсан хууль гэж ойлгож болно.  Хууль тогтоогчийн хүсэл зориг буюу уг хуулийн үзэл баримтлал ч энэ юм. 

 

    ESA—Ярилцсанд баярлалаа. 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.