Д.Цэцэрлэг: “Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ...” гэж БИД ТАНГАРАГЛАСАН

2018-05-07 13:12
Тавдугаар сарын 15-нд Л. Гаваасүрэн, Д.Цэцэрлэг үр хүүхдүүдийнхээ хамтаар “Ханьсахын жаргал –Уран бүтээлийн хурим” тоглолтоо хийнэ.

        Би рок попын талын сонсогч л доо. Гэхдээ СТА Г.Эрдэнэтунгалагийн “Зангаараа амраг”, “Түвшин баяртай яваарай”, “Хайрлаарай” гээд олон хитийг санаандгүй сонсчихоод  “дурлаж” явсан нь  олонтаа. Үүнээс үүдэн хөшигний цаана уран бүтээлчийн гал тогоондоо шүлэг тэрлэх цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, нотоор өөрийн дураар тоглох  МУУГЗ Д.Цэцэрлэг нартай уулзсан юм. Д.Цэцэрлэг багш товлосон цагтаа хурандаагийн ажлын өрөөнд ирсэн байв. Харин биднийг очиход “Сүлд” чуулгын үүднээ ямар нэгэн киноны зураг авалт болоод хөл хөдөлгөөн ихтэй гэж жигтэйхэн. Чуулгын үүдээр орж хоёр давхарт орших  “Сүлд” чуулгын даргын өрөөнд орлоо. Цонхоор салхи сэвэлзэх атлаа таатай мэдрэмж төрүүлнэ. Хананд өлгөсөн зургууд, ширээн дээр тавьсан сувенирүүд эрхгүй сонирхол татна. Д.Цэцэрлэг багш энэ өдөр оюутнуудтайгаа мантажны зургаа авахуулаад ирсэн сонин дуулгалаа. Ингээд бидний яриа багшийн ажлаар эхэлж, тавдугаар сарын 15-нд болох гэр бүлийн тоглолт “Ханьсахын жаргал –Уран бүтээлийн хурим”-аар өндөрлөсөн юм. 

 

          Хэдийгээр  яриа дуусч диктофон хаасан ч  “залуусын” амттай ярианаас салмааргүй санагдахыг яана. Урлагийн хүмүүс учраас сэтгэл санаа нь  цэл залуухнаар аж. Зургаа авахуулахаар зогсож, элдвийг ярьсаар насны тухай асууж орхилоо. Тэгсэн Цэцэрлэг багш “Хөгшөөн би хэдтэй билээ” гэвэл хурандаа “40 настай” хэмээн цаанаа л дулаахан инээмсэглэнэ. Удалгүй бас яриа хөлбөрч, гавьяатын нот бүхий тэмдэглэлийн дэвтрээс үүдээд хоббины тухай өөр нэг жижигхэн яриа өрнөсөн юм. Би чинь нотод нугасгүй болохоор хүмүүс ноттой бүхнийг бэлэглэдэг юм гэнэ.   Хүүхэд байхдаа л нусны алчуурт их ач холбогдол өгдөг байсныг сануулах мэт нямбайлан эвхсэн нот бүхий алчуур. Бас зээ охин Есүйн гадагшаа тэмцээнд яваад ирэхдээ эмээдээ авчирсан соль түлхүүр бүхий тэмдэглэлийн дэвтэр гээд л. /Энэхүү дэвтэр ихэд хуучирсан ч эмээгийн хувьд хамгийн нандин бэлэг гэдэг нь андашгүй/ Багшийн баллуур ч бас ноттой гээд нотоор өвч “зэвсэглэсэн” байх аж. 



 

    ESA— Мантажны зураг авалтанд ороод гэж байсан. 34 дэх жилдээ багшилж байна. Их олон шавьтай болж байгаа байх даа?

 

    — Төгсөлтийн тоогоо алдсан. Энэ жилийн СУИС-ийг төгсөж байгаа уртын дууны шавь нартайгаа мантажны зургаа авахуулчихаад ирлээ. Багш  байх маш сайхан. Энэ мэргэжилдээ үнэхээр их хайртай.  Яагаад гэвэл олон сайхан шавь нараараа хүрээлүүлсэн баян хүн.

 

    Би 34 дэх жилдээ багшилж байна. Анхны шавь нар маань надаас таван насны зөрүүтэй.  Харахад ялгараад байх юм байхгүй  ээ. 16 настай наймдугаар анги төгсөөд оюутан болж 20 арай хүрээгүй сургуульдаа багшлах болсон юм.Одоо тэр шавь нараас маань надтай хамт СУИС-д багшилж байна.  Ингэж Багшийн сургууль залгуулаад 1990 онд СУИС-ийг байгуулагдахад  орж ажилласнаас хойш хэдийнэ 28 жил болжээ.

 

    ESA— Багш хүний хавар бусдаас өөр  шиг санагддаг?

 

    — Тийм шүү. Багш хүний хувьд төгсөлтийн үеэр бөөн хөөр баяр болно. Дараа нь уйлалдаад салдаг.

 

    Өчигдөрхөн л аав, ээжийн гараас гарч ирсэн  улаан хацартай  хүүхдүүд дөрөв, таван жилийн дараа танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөнө. Урлагийн хүмүүс учраас арга ч байхгүй юм. Өнөөдөр  техник, технологи хөгжөөд оюутнуудаа гэлтгүй бага ангийн нөхөдтэйгээ ч өдөр бүр  цахим ертөнцөөр дамжуулан мэнд мэдээд байдаг болсон. Өдөр бүр өнөө хэдэн шавь нар маань хаана юу хийж явааг харах юм.

 

    ESA— Шавь нартаа юуг чухалчлан захидаг вэ?

 

    — “Хүн байгаарай” л гэж захидаг. Энд их олон юм багтана. Хүнд хүнд шиг хандаж, хэцүү цагт нь туслаж байхаас эхлээд бусдын төлөө хийсэн бүхэн шагналтай. Бас ажил мэргэжилдээ үнэн байгаарай гэж хэлдэг юм. Урлагийн хүмүүс чинь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс. Амархан баярлаж, бас амархан гомдоно. Тэр утгаараа төгсөж гарсан миний хүүхдүүд  чинь өвдөж шаналаад тусламж хүссэн хандивын тоглолтод байнга оролцох жишээний.  Өөрөөр хэлбэл урлаг хүнийг гэгээрүүлж, сэтгэл сайхан хүн болгож хүмүүжүүлдэг.  Тэр утгаараа урлагийн хүмүүс бусдаас ялгаатай. Яг л цав цагаан цаас шиг сэтгэлтэй гээч. Бас их эрч хүчтэй. Хүмүүс урлагийн өтлөхгүй юм гэж ярьдаг. Үүний нууц гэхэд их амархан л даа. Үнэндээ бидэнд муу муухайг бодох зав гардаггүй. Гэхдээ амьдрал л болсон хойно үхэл хагацал, жаргал зовлон тойрохгүй, дайрахад  урлагийнхаа эрч хүчээр давж чаддаг. 

 

 

    Би бас хүүхдүүддээ “Та нар ховорхон мэргэжилтэй, ховорхон хүмүүс шүү” гэж хэлдэг юм. Урлагийн хүн  дээр олны анхаарал төвлөрч байдаг учраас  бүх талаараа л өв тэгш байх ёстой. Өнөөдөр СУИС-д дуучин, бүжигчин, хөгжимчин, жүжигчин  гээд урлагийн бүх салбарт мэргэжилтэн бэлтгэж байна. Тэр дундаа би дуучидтай /дуурь, уртын, ардын дуучин болон хөгжмийн багш гэхчилэн/ ажилладаг. Мэдээж өөр өөрийн мэргэжилт нь тохируулж, амьдралын сургамж их хэлнэ л дээ. Амьдрал дээр гаргаад ийм ийм асуудал гардаг учраас сурч байхдаа анхаарах ёстой гээд эхэлнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг хичээл заах биш амьдралд нь ч чиг зүг болох сон гэж хичээдэг.

 

    ESA— Урлагийн хүн “Оддын өвчин”-ийг заавал дайрах ёстой юм уу?

 

    — Хувь хүнээсээ шалтгаалах учраас бүх хүнийг  хэлж болохгүй. Яах вэ “Оддын өвчин”-өөр өвчлөх нь ч байна. Үгүй нь ч байна. Үнэндээ од гэж байдаггүй юм л даа. Холливудад бол байж болох юм. Би бол хүүхдүүддээ “Хэн байснаа хэзээ ч битгий март”  гэж захидаг юм. Ер нь миний шавь нар дотроос ийм юм олж харахгүй дээ.

 

    ESA— Дуурийн дуучнаар төгсчихөөд нийтийн дуу дуулах нь их олон таардаг. Танд харамсалтай санагддаг уу?

 

    — Өнөөгийн нийгмийн байдал хүүхдүүдийн маань ажил мэргэжилд нөлөөлж байна. Нэгдүгээр курст 20 гаруй оюутан элсүүлж авна. Төгсөхдөө долоо, найм  ч үлддэг. Энэ хооронд нь төлбөрөө төлж чадахгүй сургуулиасаа гардаг. Зарим нь дуучин бол хялбар мэргэжил гэж ойлгож орж ирсэн нь нарийн мэргэжлийн хичээл орохоор шантардаг. Төгсөөд гарсан нь өнөөдрийн түвшинд Ариунбаатар, Амартүвшин шиг болно гэхэд амаргүй. Дуурийн дуучин гэдэг бол тасархай л байх ёстой. Байгалийн өгөгдөлтэй хоолойн дээр тухайн хүний хүч хөдөлмөр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл ингэж цогцоор бүрдсэн нь ховор байна. Дуурьт  бол жилдээ нэгээс хоёрхон хүүхэд л авдаг. Тэгэхээр таван жил  төлбөрөө төлсөн хүүхэд чинь  амьдрал дээр гараад нийтийн  дуу дуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Ер нь ажиглаад байхад төгсөж байгаа хүүхдүүдээс хоёроос гурван хүүхэд дууриар явна. Эхлээд найрал дуунд орно. Сайн бол гоцлол  дуучин болж, саар бол насаараа найрал дуучнаараа л явдаг.

 

    ESA— Нийтийн болон зохиолын дуу хоёр ялгаатай юу?

 

    — Зохиолын болоод нийтийн гээд ялгаад байгааг ойлгодоггүй. Энэ чинь нэг л нэр томъёо шүү дээ. Бүх бүтээлийг хүн зохиодог. Зохиодоггүй бүтээл гэж байхгүй. Миний хувьд нийтийн гэдэг нэр томъёог нь зөв гэж боддог. Харин бүтээж байгаа хүний хувьд мэргэжлийн, мэргэжлийн бус байна уу гэдэг ялгаатай. Сонирхогчийн болоод хөгжмийн зохиолчийн бүтээл асар их ялгаатай. Ард түмэн ч сонсоод ялгадаг.  Өнөөдөр ч жар, далаад оны дуунаас “...Туулын урсгал шөнөдөө сайхан” гээд дуулаад байна вэ. Тэр дууны зохиомж,аялгуу, шүлэг салшгүйгээр нягтарсан байна. Чаддаг бол яг л үүн шиг бүтээл хийх ёстой юм. Тэрнээс хөнгөн “casio”-ны юм хийчихээд тэрийгээ зохиолын гэж нэрлээд байж болохгүй байх л даа.

 

    Дуу гэдэг бол гайхалтай бүтээл. Дуу бол хүний ариусгадаг, уяраадаг, баярлуулдаг, цэнгүүлдэг, бодуулдаг, таашаал авдаг. Хүнд хамгийн ойрхон бүтээл юм.

 

 

 

 

    ESA— Сонсогчийн хувьд  бас хот, хөдөөгийнхөн гэж ялгадаг?

 

    — Нийтийн дуучдыг зөвхөн хөдөөнийхөн сонсдог юм биш. Нэг үе ийм яриа гарсан. Би энд үнэхээр дургүй. Хотынхонд  нийтийн дуу сонсохгүй хэн байгаа юм. Бүгд л сонсож байна. Залуучууд сонсдоггүй байж болно. Бид ч залуудаа  жишээ нь “...Аялан дуулдаг чиний минь хоолойтой ...” гээд л эстрадын дуу сонсдог, дуулдаг байлаа. Тэгэхээр нас насны л онцлог.

 

    ESA—  Та анхны дуугаа 1979 онд бичиж байжээ. Энэ хугацаанд  нас дагаад уран бүтээлд өөрчлөлт гарч байна уу?

 

    — 1979 оноос хойш нэг хэсэг уран бүтээл хийгээгүй л дээ. Анхны дууны тухайд бас их хөгтэй. 1978 онд сургуулиа төгсөөд хөөрхий багш болох гэж ядаж яваа жоохон охин явлаа. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Чинзориг миний хөгжмийн онолын багш байсан юм.  Багш хүн чинь олон жил ажиллахаар бас сэтгэл судлаач болно л доо. Тэгээд намайг “Дуу зохио” гэлээ. Би олон юм бодоогүй. Шууд л би чадахгүй л гэсэн багш нэг шүлэг олж ирээд “Энд ая хий” гээд ангид оруулаад цоожилчихсон. Багш “Би хэзээ ирэх үү” гэсэн “Би чадахгүй шүү” гэдгээ хэлээд л үлдлээ. Багшийн даалгавар учраас зөрж болохгүй шүү дээ. Орой 19:00 цагийн үед хаалга онгойлгоод ороод ирлээ. Тэр хооронд би есөн жороор үзээд нэг юм хийлээ. Багш хийсэн үү гэнэ.  Айгаад “хийгээгүй ээ” гэсэн багш худлаа ярьж байгааг хэдийнэ олоод мэдчихсэн. Тогло, тогло л гэлээ. Ямартаа ч бүдүүн зүрх гаргаад тоглож, хангинатал дууллаа. Манай багш чинь их сайхан хүн л дээ. Олон юм яриад байхгүй. Уяхан, зөөлөн ч гэж жигтэйхэн. Сонссоноо “Тээр энд юм байдаг байхгүй юу. Даанч ашигладаггүй. Гоё дуу болсон байна” гэхэд сая нэг сэтгэл уужирч билээ. Энэ бол маш том шагнал байлаа. Үүнээс хойш юм хийгээрэй гэлээ. Гэхдээ багш маань намар нь Свердловский руу консерватурт явчихсан. Надад шахдаг багшгүй хүн дураараа дургидаг юм байгаа биз дээ. Ингээд би 1983 он хүртэл баян хуурын багш хийсэн.  Ядаж байхад шавь нараасаа ялгарахгүй. Өнөө хэд нь бас надаар тоглоно. Мөнхбат гэж хөгжмийн зохиолч байсан даа, хөөрхий одоо бурхан болчихсон. Миний шавь байгаа юм. Тэр намайг дандаа л “Гоё хүн” орж ирлээ гэж явуулна. Тэр ангид орохоосоо хүртэл айдаг байлаа. Ингэж багшийнхаа шахалтаар хийсэн “Мөнхийн гал өөдөө” гэж ганцхан хуримын дуутай. Гэхдээ одоо болтол хэн ч дуулаагүй л дээ. Нандигнаад хадгалчихаад байгаа юм.

 

 

    ESA— Сонсмоор санагдчихлаа?

 

    — Хуримын дуу л даа. Эхлэхдээ юу гэдэг билээ дээ. Хөгшөөн санаж байна уу. /Гаваасүрэн гуайд хандав/

... Билүүн цэнхэр хадгаа хөө

Аав минь бидэндээ барилаа даа

Бэлзгийн шижирхэн туяа нь хөө

Ашдынхаа жаргалыг зөгнөлөө дөө.

Ай хө, хоёулаа дурсгалынхаа бэлзгийг зүүцгээе ээ.../дуулж үзүүлсэн юм/ Яах аргагүй л хуучны дуу байгаа биз. Бод доо, 1979 оны дуу гэхээс  39 жилийн өмнөх байх нь. Би ч марталгүй яах вэ, тийм ээ.

 

    ESA— Харин ч мундаг санаж байгаа юм биш үү? Ингээд дараагийн дуу хэзээ төрсөн юм бэ?

 

    — Би чинь гадагшаа сургуульд яваад 1987 онд төгсөж ирсэн. Иркутскт сурч байхдаа найзуудынхаа шахалтаар хоёр дахь дуугаа хийлээ. Ангар мөрний хөвөөн дээр сууж байгаад түүхийн ангийн оюутан Төгсжаргалын шүлгээр “Эрхүү минь баяртай” дуугаа хийсэн юм. Ингээд найман жилийн дотор хоёрхон дуутай болчихлоо. Сургуулиа төгсөж ирээд ахиад л Багшийн сургуульдаа гурван жил багшилсан. Харин 1990 онд СУИС байгуулагдахад  энд ирж, уран бүтээлийн ажил маань ч эрчтэй явах болсон. Энд би Монголын урлагийн бурхдын дунд ирсэн. Энэ намайг өөрийн эрхгүй хөглөсөн. АЖ Хайдав, Цэвэлсүрэн, Загдсүрэн, Ичинхорлоо, Найдалмаа нарын гавьяатуудын дунд орсон хүн чинь хийхээс яах билээ. Тухайн үедээ би Хайдав, Ичинхорлоо, Найдалмаа багш нарт концертмейстр хийдэг байсан.Ингээд 1990 онд Данзангийн Алтангэрэл гэж яруу найрагч байлаа. Их олон сайхан дуутай л даа. Тэгсэн нэг өдөр автобусны буудал дээр таарснаа дээлний өврөөс  дөрөв нугалсан цаас өглөө. Дуу хийгээрэй гэнэ. Аваад уншсан “Нуухаас ч аргагүй амраг” нэртэй шүлэг байна аа. Би чинь залуу хүн шүү дээ. Дуу алдаад л ийм муухай үгтэй шүлгэнд ая хийхгүй гэсэн “Чамайг ямар уран бүтээлч гэдэг юм “ гэлээ. Би ч дуугүй байсангүй “Би уран бүтээлч  биш” гэвэл “Уран бүтээлч хүн амьдралд байдаг юм бичдэг. Нууц амрагтай хүн хорвоогоор нэг байдаг юм” гэхээр нь үгүй  гэсэн уурлаад л явлаа. Тэгсэн атлаа маргааш нь ахиад л өнөө шүлгээ бариад ирлээ. Ингэж 1990 онд “Нуухаас ч аргагүй амраг” дуугаа бичсэн юм.  Гэхдээ тухайн үедээ багшийн ажилдаа л илүү анхаарал тавьж байсан болохоор уран бүтээл гэж шимтээгүй л дээ. Хаа нэг ганц хоёр дуу хийдэг байгаад 1999 оноос уран бүтээлийн ажилдаа түлхүү зүтгэх болсон.

 

 

 

 

        АЖ А. Долгор, “Номин талст” хамтлагтай дуулсан  “Сэтгэл мөнхөрсөн эжий” дуу маань хит болж, асар их эрч хүчийг өгсөн.  Долоо хоногийн дотор л хит болсон энэ дуугаараа “Алтан микрофон” наадмын Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг хүртсэн. Энэ шагнал “Хийгээд бай, хийгээд бай” л гэдэг даалгаврыг надад өгч байлаа. Залгаад ханьтайгаа хамтарсан “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүүдэнд уяатай аав”, “Хайрлаарай”, “Түвшин баяртай яваарай”, “Эр хүн шиг эр хүн дээ” гээд олонд хүрсэн дуунууд цуварсан. Одоо бид  200-гаад уран бүтээлтэй. Овоо шүү. Одоо зарим нэг үхмэл хөрөнгө гэдэг шиг хав дарснаа дуунуудаа гаргаж, дуучдад өгнө дөө. Гэхдээ уран бүтээл бол ард түмэнд хүрэх хүртлээ олон шат дамжлагыг давдаг болохоор амаргүй л дээ.  

 

    ESA— Энэ тавдугаар сарын 15-нд тоглолтын  тов гаргасан байна. Энэ та хоёрын хэд дэх тоглолт болж байна вэ?

 

    — Энэ бол бид хоёрын 11 дэх удаагийн тоглолт болох гэж байна. Өмнөх удаад цэвэр өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо хийж ирсэн ард түмэндээ тайлангаа тавьсаар ирсэн уламжлалтай. Харин энэ жилийн тухайд хүүхдүүдтэйгээ ярьж байгаад арай өөрөөр хийж гэж байна. Манай том охин дуучин, хоёр дахь нь жүжигчин, бага нь Москвад Гнесины хөгжмийн академийг төгөлдөр хуурчаар төгссөн. Одоо мэргэжил дээшлүүлэхэд сурч байна. Зээ охин маань ч хөгжимчин болохоор суралцаж байгаа юм. Энэ утгаараа охид маань  гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрлээ. Нөгөөтэйгүүр тавдугаар сарын 15-ныг сонгосон маань ч учиртай. Энэ өдөр бол дэлхийн гэр бүлийн өдөр байгаа юм. Тэр утгаараа уран бүтээлч гэр бүлийн хувьд нийгэмд хандсан ямар нэг бүтээлч ажил хийхээр  шийдсэн. Нийгмийн хамгийн гол суурь бол гэр бүл шүү дээ. Гэр бүлдээ л аз жаргалтай, амар амгалан, эрүүл энх байвал тэр хүн ажилдаа амжилт гаргана. Иймээс монголынхоо мянга мянган сайхан гэр бүл зориулж энэ тоглолтоо бэлдлээ.

 

 

    Өөр нэг шалтгаан бий. Миний аав Довчин намайг зургаан настайд 1964 онд Улаангомд анх удаа гэр бүлийн тоглолтыг санаачлан хийж байлаа. Би чинь Увс аймагт төрж өссөн хүн шүү дээ.  Удмаа ярьвал аав маань мундаг авьяастай хүн байсан. Сайхан барилдана. Өөрөө сайхан дуулна. Аав, ээж хоёр маань морин хуур тоглоно. Эмээ бас дуулна. Надад баян хуурыг заасан хүн бол миний эмээ байгаа юм. Аав бол охиноо урлагийн хүн болгох гэж бурхан болтлоо зүтгэж, бүхнийг хийсэн. Нас хэвийсэн хойноо бодож байхад охиныхоо авьяасыг эртнээс харсан шиг байгаа юм.

     

    Тэгэхээр энэ өдөр бас аав, ээжийгээ дурсаж, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх миний сэтгэл бас яваа юм. Тэд маань тэнгэрийн орноос охиноо харж л яваа гэж боддог. Олон жилийн өмнө энэ тухай бодож байсан ч хүүхдүүд маань нэг дор цуглах боломж тааруу байлаа. Дунд охиныг Америкт сураад ирэхэд, дүү нь зөрөөд явсан.  Харин энэ удаад тохироо бүрдэж байна.

 

    Гэр бүлийн тоглолтын маань найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, СТА Г.Ган-Очир нар ажиллаж байгаа юм. Улаанбаатар паласет болох энэ тоглолтоороо нийтийн дууны тоглолтын өөр нэг өнцгийг харуулахыг зорьж байна. Мэдээж тоглолтод АЖ А.Долгор, МУГЖ Ариунбаатар, Ганзориг. Л.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, Төрмандах, Гансувд, Чулуунбаатар нарын дуучид бас оролцоно. Энэ удаад бүгдийг нь оруулж чадсангүй.

 

 

 

 

    ESA— Тоглолт ямар нэртэй билээ?

 

    — “Ханьсахын жаргал –Уран бүтээлийн хурим” нэртэй байгаа юм. “Ханьсахын жаргал” дуу бол бидний тангаргийн дуу байгаа юм.  Миний хань надад зориулж бичсэн энэ дууны шүлэгт,

 

...Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ .. гэсэн би аялгуу хийж амьдарсан түүхтэй. Гэхдээ тоглолтон дээр өөр дуучид дуулна. Энэ бол тоглолтын бас нэг гэнэтийн бэлэг байгаа юм. 

 

    ESA— Тоглолтын бэлтгэл эхэлсэн их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams /197.211.61.53/

2018-05-09 20:14

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.